ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөлийг хөгжилд хөтлөх Сацын булангийн гүүр нээлтээ хийв

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 268

Хөвсгөл аймгийн Их-Уул, Рашаант сумдыг заагласан Сэлэнгэ мөрний Сацын булангийн гүүр нээлтээ хийж, ашиглалтад орлоо. Нийт 253,3 уртааш метр энэ төмөр бетон гүүр дан монгол инженер ажилтнуудын ур ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн манай улсын хамгийн урт гүүр гэдгээрээ онцлог юм. Энэ гүүр Хөвсгөлийн аялал жуулчлалыг эрчимжүүлж, эдийн засгийн эргэлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Олон жил яригдсанСэлэнгэ мөрний Сацын булангийн гүүр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн зүтгэл санаачилгаар 2013 оноос ажлаа эхэлж хоёр жилийн дараа ийнхүү нээлтээ хийлээ. МУ-ын хэвтээ болон босоо тэнхлэгийн авто замуудтай шууд холбогдож, аялал жуулчлалын тулгуур төв, гол бүс нутаг болсон Хөвсгөл аймгийн иргэд, аялагч жуулчид цаг мөнгөө хэмнэх, аймаг орон нутгийн хөгжилд чухал тустай энэ гүүрийг "Эрдэнэт Суварга" компаний хамт олон барьж гүйцэтгэсэн юм. 

Сацын булангийн гүүрийн нээлтэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оролцож монголчууд том хэмжээний бүтээн байгуулалтыг өөрсдөө гардан хийж чаддаг болсноор бахархаж байгаагаа илэрхийлсэн юм. 5,8 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ гүүрийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас шийдвэрлэсэн. Гүүрийн бүтээн байгуулалтын ажилд 250 гаруй хүн оролцсоны 80 гаруй хувь нь орон нутгийн ажилчид байжээ. Үүний үр дүнд дам байдлаар 3 тэрбум орчим төгрөгийн үр ашиг орон нутагтаа үлджээ. 

Энэхүү гүүр ашиглалтад орсноор Дашинчилэн-Өлзийт-Хайрхан Рашаант чиглэлийн хатуу хучилттай авто зам дээрх гүүртэй холбогдож Хөвсгөл аймаг хоёр маршрутаар Улаанбаатартай шууд холбогдох боломжтой болж байна. Ингэснээр цаг зав, мөнгө санхүүгээ хэмнэж, эдийн засаг, аялал жуулчлалын шинэ маршрут бий болох нь дамжиггүй юм.