ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөл аймгийн МСҮТ шинээр ойн мэргэжлийн ангитай боллоо.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 576

Германы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Ойн ангийг шинээр нээж мэргэжлийн боловсон хүчнийг үе шаттайгаар бэлтгэхээр боллоо. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын бичиг баримтыг батлан гаргасан энэ үед Монгол Улсын ойн нөөцийн 3-ны 1 хувийг агуулдаг Хөвсгөл аймагт Ойн мэргэжилтнүүдийг бэлтгэх болсон нь чухал үр дүн өгнө гэж тус нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан онцоллоо. Ойг хортон шавьжаас хамгаалах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, ойг нөхөн сэргээж шинээр мод тарьсан тохиолдолд Төрөөс урамшуулал олгох эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөөд байгаа юм. Л.Энх-Амгалан гишүүний санаачлан өнгөрсөн оны 7 дугаар сарын 9–ний өдөр батлуулсан Ойн тухай хуулинд 1 га-д мод тарьж заасан шалгуур үзүүлэлтийн хүлээлгэн өгвөл га тутамд 600-800 мянга орчим төгрөгийн урамшуулал авахаар заагджээ. Энэ нь модоо тайрч биш иргэд модоо тарьж, ургуулан мөнгө олон боломжийг нээж өгсөн гэж БОНХ-ийн яамны Ойн хэлтсийн дарга Ц.Банзрагч тодотгож хэллээ. Өнөөдөр ойтой аймгуудад байгаа ойн анги, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байдаг. Заавал мэргэжлийн байгууллага, ойн ангиар модоо бэлтгүүлэх нь  модны үнийг хөөргөдөх, иргэдэд өндөр үнэтэй очих нөхцөл байдал үүссэн гэж хөдөөгийн иргэд шүүмжлэлтэй ханддаг байсныг дээрх хуулинд “Иргэд зөвхөн ойн мэргэжлийн байгууллагын талбай тусгаарласан газраас модоо огтлуулах” гэж өөрчлөлт оруулжээ. Ингэснээр мод огтлуулахаас бусад үед иргэд өөрсдөө цагаалах, тээвэрлэх, банзлах бусад хэлбэрээр ашиглах эрхийг нь нээж өгсөн байна. Мөн ойн анги, ойн мэргэжлийн байгууллага гэсэн нэртэй боловч яг ойн мэргэжлийн боловсон хүчин байдаггүй, энэ тал дээр учир дутагдалтай байдгаас ой нөхөн сэргээлт, ойн ашиглалт буруу хийгдэх үндсэн шалтгаан болж байгаа. Тиймээс Хөвсгөл аймагт ойн мэргэжлээр төгссөн оюутнууд Ойн салбарын орхигдсон орон зайг нөхөх сайхан боломж ийнхүү нээгджээ.