ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

ХҮЧТЭЙ БОРООНЫ УЛМААС ХӨВСГӨЛ АЙМАГТ БАГАГҮЙ ХОХИРОЛ УЧИРЧЭЭ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 173

Урьд шөнө буюу зургадугаар сарын 28-ний 21.30 цагийн орчимд хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд аваарь гарч, зургаан аймгийн 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй болоод байна. Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа тухай салбарын яам нь мэдээлж байна. Хүчтэй салхи, усархаг борооны улмаас Хөвсгөл аймаг өчигдөр 22.00 цагаас 15 цагийн турш гэрэл цахилгаангүй байгаа бөгөөд "Хөвсгөл Эрчим хүч" компаниас резеров дизель станцаар Нэгдсэн эмнэлэг, Удирдлагын ордон зэрэг шаардлагатай 1-р зэргийн хэрэглэгчдийг цагийн хязгаарлалттайгаар цахилгаанаар хангаж байна. Борооны улмаас Хөвсгөл аймгийн Түнэл сумын үндсэн сүлжээний систем унаж, гурван шулуутгагчийн модуль аянганд өртжээ. Мөн Тариалан сумын мобикомын станц аянганд өртөж, сүлжээ тасарсан учраас Хөвсгөл аймаг дахь Мэдээлэл холбоо сүлжээ компанийн шуурхай ажлын хэсэг  дээрх газруудад ажиллаж байна. Харин тус аймгийн Жаргалант сумын дөрөвдүгээр багийн нутаг Мухар харганы Хуурай гэдэг газар малчин н.Батмөнхийн хашаатай байсан 800 гаруй бог мал үерт урссан байна. Сумын засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг шуурхай ажилласны үр дүнд 530-аад богийг уснаас гаргасан ч 270 нь хорогджээ. Мөн борооны улмаас  Тосонцэнгэл сумын Улаан Үзүүр гэдэг газар уулын үер бууж Тахилтын зам дагуух үерийн ус зайлуулах хоёр хоолой бөглөрч,  нэг км гаруй замын хоёр талын шороо усанд идэгдэн, том оврын машин явбал цөмрөх эрсдэл үүсчээ. Иймээс 20 тонноос дээш даацтай машины хөдөлгөөнийг хориглоод байна. Одоогоор бусад машин замын голоор хэвийн зорчиж байгаа бөгөөд авто зам засвар арчлалтын  Хөвсгөл  АЗЗА компанийн шуурхай хэсэг ажиллаж байна. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын тухайд Нисэх багийн 25 айл үерт автаж, үерээс хамгаалах зарим далан сэтэрсэн байна.