ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөл аймгийн Малчин эмэгтэйчүүд чууллаа

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 631

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ивээл дор “Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулах талаар Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарын 05 тоот захирамж гарсны дагуу 2 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод амжилттай зохион байгуулагдлаа. Хөвсгөл аймагт малчин эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, үүргийг нэмэгдүүлж, туршлага солилцох, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсон дуу хоолойг нь төрийн хэмжээнд хүргэх зорилготойгоор  зохион байгуулагдсан юм.

            УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгийн Малчин тариаланчдын нэгдсэн холбооны тэргүүн  Л.Энх-Амгалан чуулганд оролцогч эмэгтэй малчиддаа хандан хэлсэн үгэндээ Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, Монгол мал үндэсний хөтөлбөр хэрэгжиж, малын ноос, арьс ширэнд урамшуулал олгож, цаашид эрүүл баталгаатай малын мах, сүүнд урамшуулал олгох журам боловсруулагдаж байна. Малчдынхаа нийгмийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт оруулж хүнд хортой нөхцлийн ажил мэргэжлийн жагсаалтад Малчдыг оруулах, ажилласан нэг жилийг нь 1.5 жилээр тооцох, эрт тэтгэвэрт гарах боломжийг судлан нэр бүхий гишүүдийн хамт хуулийн төсөл өргөн барьснаа малчин эмэгтэйчүүддээ хэллээ. Алслагдсан сум, багийн иргэдэд УИХ-аас батлагдсан хууль, тогтоол, ЗГ-ын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл муу хүрч байгааг УИХ-ын гишүүн онцолж байлаа.

Малын гаралтай хүнсний гол үйлдвэрлэлийг нуруундаа үүрч, мал маллагааны арвин баялаг туршлагатай олон мянган  Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэх цаг нь болсныг ч онцолж байсан юм.

            Мөн хууль журмыг сурталчилах үүрэг бүхий төрийн албан хаагчид маань шинээр батлагдсан хуулийн тогтоомжийн талаарх мэдээллийг таниулан сурталчилах ажлыг хийхгүй байгаагаас ард иргэдийн хуулийн мэдлэг муу байна.

Чуулганд сум бүрээс мал малладаг 3 эмэгтэйг төлөөлөгчөөр оролцуулж Удирдлагын академи болон эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл сургалт хийсэн бөгөөд малчин эмэгтэйчүүд өөрсдийн туршлагаа хуваалцан санал бодлоо солилцож чуулганаас нэгдсэн уриалгыг гаргав. Чуулга уулзалтын дараа эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд оруулж, Аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид уран бүтээлээ дээжлэн барьлаа.