ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөл аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдлоо

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 902

Хөвсгөл аймгийн төвийг улсын нийслэлтэй холбох Мөрөн-Уньт чиглэлийн замын нээлтийн ажиллагаа болж, Хөвсгөлчүүд сайхан замаар тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж хөгжил авчрах замтай боллоо. Ийм замтай болох нь үе үеийн хөвсгөлчүүдийн мөрөөдөл байсан. Мөрөн-Улаанбаатар, Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд нийтийн тээврийн автобус 20 цаг явдаг байсан бол энэ хугацаа өнөөдрөөс хоёр дахин багасч байна гэж нутгийн иргэд баяртай байлаа.  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2012 онд Ерөнхий сайдын хөдөөгийн хөгжил, дэд бүтцийн салбар хариуцсан зөвлөх байх даа нийслэлээс ирж байсан замыг Мөрөн сумаас тосгуулж тавих Засгийн газрын тогтоол гаргуулж байсан бөгөөд Мөрөн-Тосонцэнгэлийн 71 км авто зам 2013 оны намар бүрэн ашиглалт орсон байна.  Энэ хугацаанд Хөвсгөл аймгийг нийслэлтэй холбох ажлыг гүйцэтгэсэн замын компаниудын удирдлагууд, Зам тээврийн газрын дарга нартай уулзаж мэдээлэл авах, замын компаниудын гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг зогсоохгүй байх, зам дагуух карьер, газар шорооны ажил хийгдсэн газруудын нөхөн сэргээлт хийсний дараа замын ажлыг хүлээж авах, замын арчилгаа, баталгаат хугацаа гэхчилэн зам тойрсон асуудлуудад анхаарал хандуулж ирснээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан замын нээлтийн үеэр хэлж байсан. Мөн замтай болсноор худалдаа эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчид, тээвэр, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэдэд эдийн засгийн томоохон хэмнэлт гарч, цаг хугацхх хожих сайхан боломж бүрдсэнийг онцолсон юм. Мөрөн-Уньт чиглэлийн 253,3 км хатуу хучилттай автозамын ажил нийт 115,5 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд Чингис бондоос 66,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Автозамын энэ бүтээн байгуулалтын ажилд  270  орчим машин механизм, тоног төхөөрөмж ашиглаж, 700 гаруй инженер, техникийн ажилтан, туслах ажилчид оролцжээ.Цаашид улсын комиссоос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлж, тухайн замын засвар, арчилгаа, үйлчилгээний ажлыг эхний 1-3 жилийн хугацаанд гэрээнд заасны дагуу зам барьсан компаниуд болон тус аймгийн АЗЗА компани хариуцаж ажиллахаар болсон байна.