ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөвсгөлийн Атарчид ургацын баяраа тэмдэглэв.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 602

Монгол Улсад Атар газар эзэмшсэн явдал бол Өнгөрсөн 20 дугаар зууны Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт, хүнсний үйлдвэрлэлд эргэлт болсон түүхэн үйл явдал гэдэгтэй маргах хүн гарахгүй ээ. Үүнийг 5  үндэслэлээр газар тариалангийн мэргэжилтнүүд, эдийн засагчид баталдаг. Атрын анхдугаар аян бол зөвхөн гурилынхаа дотоодын хэрэгцээг хангах болон малын тэжээл үйлдвэрлэлийг шийдээд зогсоогүй тэр үед онгон зэлүүд байсан хөдөө хээр нутагт олон арван төв суурин газар цоо шинээр бий болж, хөдөөд суурин амьдралын хэв загвар тогтож хөгжих эх суурийг тавьж өгсөн юм. Энэ нь хөдөөгийн нүүр царайг үндсээр нь өөрчилсөн нийгмийн чухал ач холбогдолтой томоохон арга хэмжээ болсон билээ.Атрын II аян газар тариалангийн үйлдвэрлэлийн материаллаг баазыг цоо шинээр бий болгон бэхжүүлж, энэ салбар эрчимтэй хөгжих эх суурийг тавьсан. Монгол Улсад газар тариалан хүчээ авч хөгжин, жилд 650-860 мянган тонн тариа хураан авч, улс орныхоо дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, гадаадад гарган, будаа тариагаар бялхаж байсан. Харин 1990-ээд оноос газар тариалангийн үйлдвэрлэлийг зах зээлд шилжүүлэх оновчтой бус бодлогоос голлон шалтгаалж энэ салбар жилээс жилд уруудан доройтож, будаа, гурил, төмс, ногоогоо гадаад орнуудаас гуйж, царайчилж, гуйхын гутамшгийг амсаж, энэ салбар мөхөх үү, сэхэх үү гэдэгтээ хүрсэн билээ. Энэ бол гунигт үе байв. Олон зуун хүн ажилгүй болж, сангийн аж ахуй, барилга байшингууд эзэнгүйдэж, балгас болж байлаа. Атрын 3 дугаар аянаар эзэшихээ байсан олон мянган га газруудыг эргэлтэд оруулж, үр тарианы аж ахуй нэгжүүдэд техникийн шинэчлэл хийх боломжууд нээгдэж, улаан буудайн тариалалт, га гаас авах ургацын хэмжээ илт дээшилж, тариаланчдын идэвх сэргэсэн юм. Гэтэл иргэдээ эх орны цэвэр эколгийн хүнсээр хангаж байгаа Атарчдын 55 жилийн ой болж байхад Төр Засаг нам жим, чимээгүй өнгөрүүлж, Нийслэлийн ойг тэрбум тэрбум төгрөгөөр тэмдэглэсэнд газар тариалангийн салбарынхаа сэтгэл дундуур байгаа юм. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  Атарын 55 жилийн ойг Хөвсгөл аймгийн үе үеийн тариаланчидынхаа хамт тэмдэглэх санаачлага гаргаж, атарын анхдагчид, дунд залуу үеийн 300 орчим тариаланчдыг хамарсан арга хэмжээг зохион байгуулжээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан байна. 10 гаран хүн анхны Атарын шанг татаж,  анхны 10 мянган га-д үр тариа тарьсныг баталгаажуулахаар Мориор хэмжиж явсан түүхээс ярьлаа. Гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг Атарчид Төрийн одон медалийн зарлиг гарах болов уу хэмээн битүүүхэн хүлээж, Төр засаг минь бидний олон жилийн хөдөлмөрийг мялаах ганц сайхан үг хэлчих болов уу гэж битүүхэн горьдож суусан нь Хөвсгөл атар ургацын баярын үеэр ажиглагдаж байсаан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Атарын 1, 2 дугаар аянд оролцож явсан 46 ахмадад хүндэтгэл үзүүлж, олон жил уулзаагүй ахмадуудыг нүүр тулан уулзах боломжоор хангасанд тариаланчид маань сэтгэл хангалуун харагдсан. Монгол Улсад атар газар эзэмшсэний 55 жилийн ой Улс даяар нам жимхэн өнгөрснийг эдийн засгийн хямрал гэж тайлбарлах эсэх нь тодорхойгүй. Гэтэл эдийн засгийн хямралаас аврах нэг тулгуур нь талх үйлдвэрлэдэг тариачид маань юм шүү гэдгийг энэ удаа төр ойлгосонгүй ээ.