ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Миний сум 10 жилийн дараа

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 663

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн МАН-ын хороо хамтран Хөвсгөл аймгийн бүх сумын сургуулийн ахлах ангийнханы дунд “Миний сум 10 жилийн дараа” зохион бичлэгийн уралдааныг зарласан байна. Сурагчид энэ уралдаанд маш идэвхтэй оролцож байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын сургуулийн сурагчдаас ирүүлсэн зохион бичлэгийг дүгнэж эхний гурван байрыг шалгаруулжээ. Тус уралдаанд шалгарсан Төмөрбулаг сумын сургуулийн 11А ангийн сурагч Одгэрэлийн Саранзул сумын төвийнхөө ирээдүйг “ Сумын маань өрхүүд бүгд жимс жимсгэний мод тарьж, малчид маань малынхаа бүтээгдэхүүнийг боловсруулж, санаачлагатай ажиллаж манай сум ядууралгүй сум болно” гэжээ. Хоёрудгаар байр эзэлсэн 12А ангийн сурагч Бямбадоржийн Цэндээмядаг “ Арван жилийн дараа гэхэд манай сум гэрэлтүүлэгтэй, шинэ сургуультай, шинэ заалтай, шинэ цэцэрлэгтэй, хүн ам нь одоо байгаагаасаа илүү нэмэгдэж, сум маань өргөжин тэлж, засмал замтай болж, такси болон микро автобус явдаг болж, бага хэмжээний мэс заслыг сумандаа хийх хэмжээнд хүрнэ”,  Гуравдугаар байрт шалгарсан 11А ангийн сурагч  Заяа овогтой Ганзориг “ Тоосгоны үйлдвэр, вакум цонх, модны үйлдвэр байгуулснаар ажилгүй тоо багасч, яваандаа бүх бараагаа сумандаа үйлдвэрлэдэг болох хэрэгтэй” гэсэн санаануудыг дэвшүүлжээ. Хүүхдүүдийн зүгээс сумынхаа хөгжлийн төлөө бодож, сэтгэж, төсөөлж, нөгөө талаас өнөөдрийн сумын төвийн нийтлэг дүр төрх, амьдралыг өөрчлөх хүсэлтэй явдаг нь уралдаанд ирүүлсэн зохион бичлэгүүдээс харагдаж байлаа. Уралдааны шалгаруулалт тус аймгийн сум бүр дээр явагдаж 2014 оны 10 дугаар сарын 1-нд Хөвсгөл аймгийн Рашаант суманд өндөрлөх юм .