ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

НУТГАА ГЭСЭН ИРГЭДИЙН БУХИМДЛЫГ БОХИР УЛСТӨРИЙН ХОНЖОО БҮҮ БОЛГО. / буух хаягтай буцах эзэнтэй байцгаая /

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 160

Төрж өссөн нутагтаа уул уурхайн техник оруулж, байгаль дэлхийгээ сэндийчэх атгаг сэтгэл, өвөг дээдсийнхээ ариун газрыг хөндөх мулгуу бодол надад алга. Нутгаасаа ширхэг хадаас хувьдаа зориулахгүй, Нутагтаа наалдчих хөрөнгө оруулалт юу байна тэр бүхнийг татахын төлөө зүтгэж ирснийг нутгийн олон минь гадарлах байх. Миний бие Хөвсгөлчүүдийн улс төржилгүй нэг тийшээ харах ганц бодлого бол уул уурхайгаар бус аялал жуулчлал, мал аж ахуй, үндэсний үйлдвэрлэлд түшиглэн хөгжих гэж төсөөлдөг. Би өөрөө ч энэ байр суурийг хатуу баримтлан, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. 2011, 2013 онд Хөвсгөл аймгийн ИТХ-тай хамтран Хөвсгөл аймгийн 50 дугаар өргөргөөс хойших газар нутагт хайгуулын болон олборлохыг хориглосон тогтоол гаргаж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хөвсгөл далайн эзэд ТББ-тай хамтран Бүрэнхааны фосфоритийн ордыг ашиглах лиценз бүхий компанийн үйл ажиллагааг шүүхээр зогсоох, Хөвсгөл нуур, ойн сангаа хамгаалах чиглэлээр олон ажил эхлүүлсэн. Үр дүнгээ ч өгч байна. Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар хуралдаанаар 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөв хэлэлцэхдээ “50 дугаар өргөргөөс урагш талбайд геологи хайгуулын судалгаа хийнэ” гэж тусгасныг надтай холбож, гүтгэлгийн чанартай мэдээлэл цацаж байгаад харамсаж байна. Аймаг орон нутаг дотроо үл ойлголцох байдлыг үүсгэж, эх нутгаа гэсэн иргэдийнхээ бухимдлыг ашиглан улстөртэй хутгах хорон санаа хол явахгүй гэдгийг зарим улс төрийн намыг аймагт төлөөлж байгаа хүмүүс, мөнгөөр гүтгэлэг тарааж буй хэвлэлийн нэр барьсан зарим нэгэнд хариуцлагатай мэдэгдье. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт хугацаатай албан бичиг хүргүүлж цаашид Хөвсгөл аймагт уул уурхайн хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгуулахгүй байх, одоо байгаа зөвшөөрөл, лиценз эзэмшдэг компани, хувь хүн, байгууллагын судалгааг ил тод болгох, ИТХ-аас гардаг ашигт малтмалтай холбоотой тогтоол шийдвэрт хяналт тавьж, цуцлуулах талаар ЧИГЛЭЛ өглөө. 

УУЛ УУРХАЙГҮЙ ХӨВСГӨЛИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ