ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

“БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД” ТӨСЛИЙН БАГИЙНХАН ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 411

Мөнхчулуун сангийн санаачилгаар “Бидний цөөхөн Монголчууд” төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн багийнхан энэ өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаж байна.  

 

Оны эхэнд нээлтээ хийсэн уг төслийн хүрээнд Монгол орны 21 аймаг, 550  сум, сууринд нэг бүрчлэн хүрч, нутаг нутгийн зан заншил аж байдлыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баримтжуулж, мэргэжлийн өндөр түвшний цогц архив бий болгоно. XXI зууны Монголчууд хэрхэн аж төрж байсан хийгээд өнөөгийн Монголчуудын ахуй амьдрал, онгон дагшин байгаль, харилцан  шүтэлцээ, уламжлалт ёс, зан заншил зэргийг түүхэнд тэмдэглэн үлдээхэд төслийн ач холбогдол орших юм. Төслийн баг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Багт зурагчид, зураглаачид, сэтгүүлчид багтаж байгаа бөгөөд баримтат кино, цуврал нэвтрүүлгүүд, хэд хэдэн ном 3-5 жилийн хугацаанд бүтээнэ.

 

3 дугаар сарын 2-нд Хөвсгөл аймгийн Ханх сумаас энэ төслийн эхний аялал эхэлсэн юм. 20 орчим хоногийн хугацаанд “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийнхан Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрх, Арбулаг, Алаг-Эрдэнэ сумдад ажиллаж ганзага дүүрэн буцжээ. Өнөөдрөөс аялал Мөрөн хотод үргэлжилнэ. Дахиад 50 хоногийн аялал байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 23 сум, 1 тосгоноор орох юм.

 

“Тайгын доктор”, “Нүүдэл” нэртэй хоёр ч том баримтат киног багийнхан төлөвлөж байна. Бүтээлээ Каннын кино наадамд сойхоор болжээ. Мөн зуданд 10 орчим км уруудахдаа найзыгаа үүрсээр амь гарсан хүү, мөсөнд цөмөрсөн машинаас багшийгаа аварсан шавь,   тэтгэврийн зээл авч нутагтаа гүүр барьсан өвгөний тухай нэвтрүүлгүүд удахгүй үзэгчдийн хүртээл болно. МҮОНРТ-тэй төслийн багийнхан хамтарч байгаа бөгөөд өвөлжилт хүндэрсэн Хөвсгөл аймгийн хойд сумдын тухай мэдээ мэдээллийг ч цаг тухай бүрт нь дамжуулж байгаа юм.

 

Цаашид төсөл аймаг бүрт хүрнэ. Хоймор нутгийн удирдлагууд, энэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Л.Энх-Амгалан нар санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлсэн учир эхний аймаг нь Хөвсгөл болсон юм.