A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Монголын төр нийгмийн бодлого явуулахгүй гэдэг асуудлыг УИХ-д оруулж ирж байгаад харамсаж байна.
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Монголын төр нийгмийн бодлого явуулахгүй гэдэг асуудлыг УИХ-д оруулж ирж байгаад харамсаж байна.

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 614

Монгол улсын их хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы

2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр /баасан гараг/-ийн

Нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс...

 

 

            З.Энхболд: Гишүүдэд өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэх: 2.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл хэлэлцэх эсэх… Хуралдаанаар хэлэлцэх асуудал өчигдрийн зогссон газраасаа үргэлжилнэ.

 

            З.Энхболд: Энх-Амгалан гишүүн асууя.

 

            Л.Энх-Амгалан: Би Төсвийн байнгын хороон дээр анх Төсвийн хүрээний мэдэгдлийн хэлэлцэх эсэх дээр саналаа гаргаж байсан. Одоо бид нар маш чухал бичиг баримтууд, маш чухал, хариуцлагатай тоонуудыг батлах гээд сууж байна. Би нэг зүйл дээр их харамсаж байна. Манай эрх барьж байгаа намын гишүүд өнөөдөр бараг үндсэндээ гуравны нэг  нь ирчихсэн байж байна. Бид нар 2015, 2016, 2017 онд Монгол Улс ер нь ямар эдийн засагтай байх вэ?  Эдийн засгийн өсөлт нь яг хэд байх вэ? Энэ эдийн засгийн өсөлтийг яг ямар ямар төсөл арга хэмжээ хэрэгжүүлээд ийм эдийн засгийн өсөлтөд хүрэх вэ гэдгийг хэлэлцэж байна. Гэтэл энэ асуудалд ийм үл тоомсорлосон байдлаар хандаж болохгүй.

 

Өрийн босгыг  70 хувьд хүргэнэ гэж байгаа бол энэ нь ДНБ-ний өсөлттэй  шууд холбоотой байх ёстой. Тэгэхээр төсвийн хэмжээнүүдийг өнөөдөр  8-9 хувиар бид нар баталж өгч байна. Гэтэл 2015 онд төрийн болоод хувийн хэвшлийн гадаад зээлийн эргэн  төлөлтүүд эхэлнэ.  Тодруулбал 2015 онд  1.2 тэрбум долларын зээлийн эргэн төлөлт эхэлнэ.  2016 онд зээлийн эргэн төлөлт, 2017 онд нөгөө авсан Чингис бондын чинь зээлийн эргэн төлөлтийн эхний  600 сая долларын эргэн төлөлт эхэлнэ.  580 сая долларын. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдэл дээр ач холбогдол өгч, олон талаас нь нухацтай сууж  энэ танхимд ирээпүйн бодитой тоо ярих ёстой шүү дээ. Үндэслэлтэй.

 

            Миний бодлоор 2015 он бол өнгөрсөн бодлогын алдаагаа засах, өнөөдөр энэ улс оронд үүсчихсэн байж байгаа нөхцөл байдалд зохицож хэмнэлтийн горимд шилжих ийм жил байна. Тэгтэл Засгийн газар өнөөдөр инфляцийн түвшинг  2015 онд 7 хувь байна,  2016 онд 7 хувь байна,  2017 онд 7 хувь байна гээд хий тооцоо тавьчихсан байгаа юм. Энэ яг ямар үндэслэл тооцоогоор  7 хувь байна гэж тавьсан юм бэ. Үүнийг би Мөнгөний бодлоготой уялдуулж асууя гэж бодож байна.  2013 оноос авахуулаад  үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж маш их өндөр өртөгтэй үнэ хөтөлбөр хэрэгжүүлсэн. 3 их наядын өндөр өртөгтэй. Энэ нь дандаа инфляцийг онилж чадсан уу гэвэл үгүй шүү дээ. Гол инфляцийг үүсгээд байдаг тээвэр ложистикийн энэ зардлуудыг бууруулах чиглэлээр маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарсан. Жишээ нь одоо энэ шатахуунтай холбоотой, мах нийлүүлэлттэй холбоотой,  гурилын нийлүүлэлттэй холбоотой зардлуудыг асууж байна. Энэ зарсан хөрөнгө оруулалтын өгөөж чинь энэ  2015 онд,  2016,  2017 ондоо инфляцийн тоон дээр уялдахгүй юм уу. Үүнийг өнөөдөр яагаад энэ Монгол банкныхан хариуцлагатай тоо баримтаар хэлэхгүй байгаад байна вэ? Төсвийн хүрээний мэдэгдэл бол төсвийн бодлого, мөнгөний бодлоготой уялдсан ийм тоонууд байх ёстой.  Тэгэхээр энэ тоонуудыг би хариуцлагатай асуумаар байна.

 

            2015 онд инфляци  7  байна гэж тавьсан нь ямар үндэслэлээр тавьсан юм. Тэгвэл яагаад  2016 онд тэр инфляци чинь буурахгүй байна.  2017 онд тэр инфляци чинь яагаад  7 байгаад байна. Энэ бусад макро эдийн засгийнхаа үзүүлэлттэй ямар хамааралтай тооцоо судалгаанууд дээр тавьсан бэ гэдгийг би асуух гээд байгаа юм.  Монголбанкны Ерөнхийлөгч байна уу энд.  Өнөөдөр Ерөнхий сайд  2016, 2017 он хүртэл энэ Засгийн газрыг тэргүүлэх гэж байгаа юм бол хариулт өгмөөр байна. Ерөнхий сайдаас энэ макро эдийн засгийнхаа тооцоон дээр хариулт сонсоё.

 

            З.Энхболд: Сангийн сайд хариулъя.

 

            Ж.Эрдэнэбат: Сүүлийн жилүүдийн хувьд манай улсын гол экспортын чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш бол дэлхийн зах зээл дээр байнга унаж байгаа. Тийм учраас бид нар хэтэрхий өөдрөгөөр төсөөлөөд эдийн засгийнхаа өсөлтийг дандаа 2  оронтой тооноос дээш байна гээд бодоод яваад байдаг. Харамсалтай нь энэ маань огт ийм зүйл байдаггүй. Өнөөдөр бол төсвийн бодлогын хувьд ч гэсэн, мөнгөний бодлогын хувьд ч гэсэн төсвийг бодит байдал дээр нь аваачихын тулд өмнөх төсвүүдээс жаахан чангаруулж байгаа. Хумиж байгаа. Дээр нь мөнгөний бодлого ч гэсэн жаахан хумигдаж байгаа. Энэ цаг үед эдийн засаг уруу тодорхой хэмжээнд мөнгөний урсгал багаар орно гэсэн үг. Тэгээд ийм цаг үед бид нар ямар ч байсан инфляцийнхаа түвшинг энэ мөнгөний бодлоготойгоо уялдуулаад бариад яваад байх нь зүйтэй юмаа л гэж үзэж байгаа юм. Түүнээс биш эдийн засаг маань тэлээд дахиад тодорхой хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ маань сэргээд эхлэх юм бол магадгүй үүнээс доошоо буухыг ч үгүйсгэх арга байхгүй. Тэгэхдээ өнөөдөр бас ийм аль аль талдаа хатуухан бодлогуудыг хэрэгжүүлж байгаа энэ цаг үед аль болох эдийн засаг дээр инфляцийн төвшин бол тогтвортой байдаг. Энэ тогтвортой байлгах нөхцөл бололцооны үүднээс бид нар инфляцийн түвшинг  7 хувь дээр баръя. Эдийн засгийн өсөлтөө бол яг ойрын нэг, хоёр жилдээ тэгж огцом өмнөх жилүүдийнх шиг 5-10 хувиар, өмнөх жилүүдийнхээс өндрөөр өсгөх ийм нөхцөл бололцоо бүрдээгүй байгаа гэж үзэж байгаа. Үүнийг бүрдүүлэхийн тулд Засгийн газраас, Монголбанкнаас тодорхой ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, авч хэрэгжүүлэх томоохон төслүүдээ хөдөлгөх, дээр нь саяны энэ өрийн босготой холбоотой асуудлаар бизнес эрхэлж байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсын нэр хүнд гадаадад унаснаас шалтгаалаад өнөөдөр төрд нь болоод бизнес эрхлэгчдэд итгэхээ больчихсон байгаа энэ итгэлийг бага ч гэсэн төрүүлэх зорилгоор баталгааг нь гаргаж өгөөд явах энэ бололцоо, боломжийг бүрдүүлэх ийм л санаатай оруулж ирсэн Төсвийн  хуулийн төсөөлөл байгаа юм.

 

           

            З.Энхболд:  Энх-Амгалан гишүүн тодруулъя.

 

            Л.Энх-Амгалан: 2016, 17 онд эдийн засгийг  10 хувийн өсөлтөд хүргэхийн тулд яг ямар ямар ажил хийх гээд байгаа вэ гэдэг төлөвлөгөө хөтөлбөр хаана байна.  Шийдлийн Засийн газрын хөтөлбөр, дунд хугацааны хөтөлбөр гэж хаана байгаа юм бэ?  Энэ хөтөлбөртэйгээ хамт,  энэ төсвийн хүрээний мэдэгдлийг, эдийн засгийн З жилийн зорилтыг бид нар ярихгүй юм уу? Ингэж Улсын Их Хурал харанхуй тоо баталж болох юм уу, энэ тооны ар талд Улсын Их Хурал Засгийн газрынхаа өмнө ямар хариуцлага хүлээх гээд байна вэ гэдгээ хариуцлагажуулмаар байна.  Ер нь Засгийн газрыг яг ямар ямар бодлого дээр нь бид нар дэмжиж байж энэ эдийн засгийн өсөлтүүдийг бий болгох вэ? Хадгалж үлдэх вэ, энэ хямралаас ямар өртөг зардал багатай гарах вэ гэдэг бодлогын сонголтыг өнөөдөр Улсын Их Хурал хийх ёстой. Тэгэхээр өнөөдөр хямрал боллоо гээд байна. 2008-2009 оны хямрал бол дэлхийн эдийн засагтай холбоотой хямрал байсан. Монгол Улсын ДНБ 7 триллион төгрөг байсан.  Тэгэхэд  7 триллион төгрөгтэй харьцуулахад гадаадын нийт хөрөнгө оруулалт 800 сая долларын хөрөнгө оруулалт гадаадаас орж ирдэг байсан. Энэ нь Оюу толгойгүйгээр байсан тоо шүү. 800 сая доллар. Гэтэл 2014 оны гүйцэтгэлээр манай ДНБ 21 триллион төгрөг болсон байна. ДНБ-тэй харьцуулахад гадаадын нийт бүтээгдэхүүн чинь 800 сая доллар. Яг 2008 оны тоотой харьцуулсан харьцаа байж байгаа. Тэгэхээр энэ  800 сая долларын  50 хувь нь өнөөдөр Оюутолгойгоос орж ирж байгаа ийм хөрөнгө оруулалт  байж байна. Бид нар ярьсан шүү дээ. Сүүлийн хоёр жил ярьсан. Монгол Улсад төлбөрийн балансын хямрал нүүрлэчхээд байна гэж. Төлбөрийн балансын хямрал гэдэг бол валют дутсаных. Валютын хямрал. Одоо үндсэндээ яг өнөөдрийг хүртэл Монгол Улсын эдийн засгийг агшаахгүйн төлөө Монголбанк хангалттай арга хэмжээгээ авлаа гэж бодож  байгаа юм. Үүнээс цаашаа хязгаар гэж байхгүй ээ. Аливаа юманд хязгаар байгаа. Энэ юугаар хэмжигддэг вэ гэхээр валютын нөөцөөр хэмжигдэнэ. Бид нар ингэж валютынхаа нөөцийг ингэж үрж болохгүй.

 

            Одоо Засгийн газар, Улсын Их Хурал хийх ёстой ажлаа хийх ийм цаг үе нь болсон байна. Тэгээд энэ дээр Засгийн газар яг энэ  16, 17 оныхоо хийх ажлаа танилцуул. Яг ямар ямар төслүүдийг хөдөлгөж, одоо хэдэн зуун мянган ажлын байрыг хадгалж үлдэх гээд байгаа юм, хэдэн зуун мянган ажлын байрыг нэмэх гээд байгаа вэ гэдэг бодит тоонуудаа Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулах ийм зайлшгүй шаардлага байна гэж бодож байна.

 

            Түүнээс биш өнөөдөр нийгмийн бодлогоо халамжийн бодлого гэж тайлбарлаад хэзээ ч хямралаас гарахгүй. Төр засаг байгаа цагт нийгмийн бодлого хэзээ ч байна. Эдийн засаг хямарчихлаа гээд Монголын төр халамжийн бодлого явуулахгүй, нийгмийн бодлого явуулахгүй гэдэг ийм асуудлыг Улсын Их Хуралд оруулж ирж байгаад би харамсаж байгаа юм.  Цаашдаа төр засаг байгаа бол нийгмийн бодлого байна. Төр засаг байгаа бол халамжийн бодлого байна. Тийм учраас өнөөдөр бид нар эдийн засгаа яаж өсгөх юм, яаж тэлэх юм бэ гэдэг энэ хөтөлбөрүүдээ ярья гэж бодож байна. Ингэж яриад нэгдсэн ойлголтод хүрсэн цагт бид нарын нөгөө өрийн босго, бид нарын ДНБ-ний өсөлт, энэ инфляцийн хувь хэмжээ, төсвийн алдагдал гэдэг энэ макро тоонуудаа илүү ойлгомжтой,  логиктой батлах ийм л үндэслэл байгаа шүү дээ.