A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Л.Энх-Амгалан: Эрдэнэт гэх мэт ашигтай ажилладаг ХК-ийн л хувьцааг иргэдэд өгөх ёстой
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Л.Энх-Амгалан: Эрдэнэт гэх мэт ашигтай ажилладаг ХК-ийн л хувьцааг иргэдэд өгөх ёстой

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 2029

Даваа гараг бүрийн өглөө та бүхэнд хүргэдэг Gogo Cafe буландаа бид УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг урьж оролцууллаа. Түүнтэй нэг цаг хагасын турш ярилцахдаа улс төр, эдийн засаг, Тавантолгой, Буддын шашны үүргийн талаар ярилцсан юм.

АРДЧИЛАЛ БҮХ МОНГОЛЧУУДЫН 20 ДУГААР ЗУУНД БҮТЭЭСЭН ТОМООХОН ҮНЭ ЦЭНЭ                

-Та 11 хүүхэдтэй айлын 10 дахь хүүхэд болж төрсөн юм байна. Одоогийн зарим залууст 11 хүүхэдтэй айл гэхээр санаанд багтахгүй байх. Тэгээд жижигхэн гэрт бүгд хамт амьдарч байсан гэхээр гайхах байх даа.
-Би Мөрөн хотын гэр хороололд өссөн. Би хүү, охинтой. Хүүгээ бага байхад нь төрсөн ах эгч нарынхаа нэрийг чээжлүүлдэг байсан юм. Орой болохоор шалгана. Тэгсэн нэг орой манай хүү надад “Та нар 13-уулаа байсан байж олон өрөөтэй, модон байшин бариад амьдарч болоогүй юм уу” гэсэн юм. Хэдийгээр гашуун ч үнэн үг байсан. Үе үеийнхний бодол сэтгэлгээ өөр өөр байдаг.

Тэр үед айлууд 5-8 хүүхэдтэй байсан. Бид нар их тэрсхэн төрсөн болохоор бүгд л нэг дор амьдарч байсан. Өглөө хэн эрт сэрсэн нь ах эгчийнхээ гайгүй гэсэн форм, гутлыг өмсөөд явдаг байлаа. 

-Танай гэрийнхэн бүгд ийм өндөр хүмүүс үү?
-Тийм. Манай аав их өндөр хүн байсан. Манай удмын овог Өндөр. Хөвсгөл аймгийн Их-Уул, Рашаант сумдад манай аавын ах дүү нар бий. Манай аав эхээсээ 16-уулаа байсан. Дандаа өндөр нуруутай хүмүүс.      

-Таны намтрыг уншаад л сэтгүүлч гэж мэдлээ. Та дандаа эдийн засгийн чиглэлээр ярьдаг хүн. Хөдөөний сурагч хэрхэн ЗХУ-д оюутан болсон бэ?
-Би 1987 онд аравдугаар ангиа төгссөн юм. Тэр үед улаан шугам татна. Шугамны дээрх хүүхдүүд конкурс өгдөг байсан. Би сургуулиа төгсөөд хотод ирж, шалгалт өгсөн. Ингээд Ленинградын олон улсын сэтгүүл зүйн  ангид суралцахаар явсан. Надад ховор боломж олдсон юм. Одоо бодоход тэр үед Монгол Улс хүний нөөцийн бодлоготой байжээ. Хөдөөгийн малчид, ажилчдын хүүүхдийг хотод авчраад, бодлогоор гадаадад сургуульд явуулдаг байжээ. Ингэж нийгмийг тэнцвэржүүлдэг, дундаж давхаргыг бүрдүүлдэг байсан байна. Үүний үр шимийг л хүртсэн. Түүнээс би гавал, тасархай сурлагатай хүүхэд байгаагүй. Хөдөөний хүүхдийг гадаадад бодлогоор явуулдаг хүний нөөцийн энэ бодлого одоо ч манайд дутагдаж байна.

Би багадаа их идэвхтэй, “Пионерийн үнэн” сонинд шүлэг, мэдээ бичдэг идэвхтэн бичигч байсан. Наймдугаар ангиасаа сарын 50 төгрөгийн цалин авдаг байв. 30 төгрөгөө ээждээ өгдөг. Тэр үед бол дунд  сургуулийн сурагч цалин авна гэх ойлголт байгаагүй.

-Нэг талх төгрөг 20 мөнгө байсан гэхээр их цалин байна.
-Тийм шүү.

-Төгсөж ирээд хаана ажилласан бэ?

-Эндээс “Үнэн” сонины захиалгаар явсан юм. Л.Түдэв гуай биднийг хүлээн авч уулзсан.

1987 онд нийгэм солигдоогүй үе байв. Ленинградын их сургуулийн сэтгүүл зүйн ангийг Ц.Ганболд, генерал Энхбаатар, Сонинтогос нар төгссөн.

Одоо их хуралд Г.Уянга, Ө.Энхтүвшин, Сарангэрэл гэсэн сэтгүүлч гишүүд байна.

Надтай нийлээд сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан 4 хүн. 1987 онд намайг очиход Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Львовт цэргийн сургуулийн төгсөх ангийн оюутан байсан.

ӨНӨӨДРИЙН ПАРЛАМЕНТЫН ӨНГӨ, ДУУ ХООЛОЙ БОЛ АРД ТҮМНИЙ Л ТУСГАЛ

-Төгсөж ирээд “Үнэн” сонинд ажилласан уу?
-1992 онд ирэхэд нийгэм задарчихсан байсан тул МОНЦАМЭ агентлагт ажилд орж, эндээс ажлын гараагаа эхэлсэн. 1995 он хүртэл МОНЦАМЭ-гийн дэргэдэх “Ил товчоо” сонинд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилласан. Тухайн үедээ хамгийн их нэртэй, нөлөөтэй, чухал үүрэг гүйцэтгэсэн сонин байлаа.

-Шилжилтийн тэр цаг үед сэтгүүлчид ямар үүрэгтэй байсан бэ?
-Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг Монголд анх ахмад сэтгүүлч Г.Аким болон “Өдрийн сонин”-ы захирал Ц.Мягмарсүрэн бид нэвтрүүлсэн юм. Тэр үед хаалттай байсан сэдвүүдийг хөндөн, бичдэг байлаа. Иймд “Ил товчоо” сонин  25000 хувь хэвлэгддэг байсан нь хамгийн олон хувиар гардаг сонин байв. Г.Аким, Д.Батбаяр, МҮОНРТ-ийн УЗ-ийн дарга, генерал Л.Пүрэвдорж, Баясгалан багш, С.Эрдэнэ гээд мундаг хүмүүс “Ил товчоо” сонинд ажилладаг байсан юм. Тэр  үеийн сэхээтнүүдийн үүрлэдэг, цугладаг газар нь байсан. Сэтгүүл зүйн салбарт энэ сонин хувьсгалын чанартай үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.

-Хариуцлагатай нарийн бичгийн дарга гэхээр юу хийх вэ?
-Өөрөө нийтлэл бичихийн сацуу бусдынхаа мэдээ, нийтлэлийг уншина, засна. Ингэхэд шүүхэд дуудагдсан монголын анхны сэтгүүлч би шүү дээ. Тэр үед Ц.Мягмарсүрэн эрхлэгч, Ганболд сэтгүүлч намайг өмөөрч дуугарсан юм.   

-Яагаад шүүхэд дуудсан юм бэ?
-Генералууд алтан аяганаас архи ууж байна гээд биччихсэн юм. Нууц мэдээллийг ил болгосон гэх үү дээ.  Тугны оройг алтдах ёстой байтал БХ-ын генералууд өөрстөө алтан аяга хийлгэсэн байсан. Энэ талаар бичтэл Батлан хамгаалах яам намайг шүүхэд өгсөн. Гэхдээ миний зөв байсан нь батлагдсан. Зарим генерал албан тушаалаасаа огцорсон. “Эмчилгээ тэжээлийн цех дэх тураалын цэргүүд” гэдэг нийтлэл бас бичсэн. Цэргүүдэд өгөх ёстой хоолыг нь өгдөггүй, дэглэдэг байсныг дэлгэн бичсэн юм.

-Ингээд бичээд эхлэхээр таныг ил далд дарамталж байсан уу?
-Манай эхнэр хуульч хүн. МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Энэ сургуульд олон жил багшилсан. Сургуулиа төгссөний дараа ажилд орох гэхэд нь “Танай нөхөр “Ил товчоо”-гийн Л.Энх-Амгалан юм байна. Тийм болохоор ажилд авахгүй” гээд явуулсан байдаг. Энэ мэт шахалт дарамт ирдэг л байсан.    

-Та Майдар бурхныг эрж хайх ажилд УГЗ О.Мэнд-Ооёотой хамт оролцсон байдаг. “Ил товчоо”  сонинд ажиллаж байхдаа энэ санаачлагыг гаргасан уу?
-Үгүй. 1990 онд Ленинградын их сургуульд байхдаа энэ санаачлагыг гаргасан. 1989 онд Монголд ардчилсан хувьсгал өрнөж байхад би ЗХУ-д сурдаг оюутнуудаа төлөөлөн ирж, МОХ-ны анхдугаар хуралд үг хэлсэн юм. Чехээс П.Цэнгүүн захирал ирж оролцсон. Тухайн үед гадаадад байсан Монголчууд ч ардчилсан хувьсгалд шилжих үйл явцад идэвхтэй оролцсон. Тийм болохоор энэ хувьсгал нэг холбоо болон нэг намын өмчлөх зүйл биш. Ардчилсан хувьсгал болж, цаашид бэхжин торниход Монголын бүх ард түмэн хувь нэмрээ оруулсан. Ардчилал бүх Монголчуудын 20 дугаар зуунд бүтээсэн томоохон үнэ цэнэ.

-Тэр үед та индэр дээрээс юу гэж уриалсан бэ?

-Саяхан ардчилсан хувьсгалын 25 жилийн ой болж, анхны хуралд үг хэлсэн хүмүүсийн илтгэлийг нэгтгэн ном гаргасан байналээ. Тэнд миний хэлсэн үгийг оруулсан байсан. Эрдэмтдийг оруулсан, томоохон зөвлөгөөн хийх хэрэгтэй, социализмаас капитализм руу шилжиж байгаа учир ямар хөгжлийн бодлогоор явахаа шийдэх хэрэгтэй гэж хэлсэн байсан. Одоогийнхоор эдийн засгийн форум зохион байгуулъя гэсэн санаа юм. Одоо ч бид 2020, 2025 он хүртэлх хөгжлийн бодлогогүй л байна. Дандаа нэг хоёр жилээр төсвөө харж баталдаг, урт хугацааны төлөвлөлтгүйгээс өнөөдөр ингээд гацчихлаа.

-Майдар бурхны асуудал руу эргээд оръё.
-Жанрайсаг, Майдар гэж хоёр том бурхан байсан. Соёлын маш чухал өвүүд. Эх орны дайны үед Оросын буриад руу хүргээд, цааш нь Ленинград хот руу авч явсан юм билээ. Ленинградын Казанын сүмд хадгалж байгаа гэсэн мэдээллийг бид авсан юм. Энэ дагуу Соёлын сангийн тэргүүн О.Мэнд-Ооёо ЗХУ-д ирж, оюутнуудын төлөөллийн хамт тэр сүмийн архивт орж шалгасан. Гэвч тодорхой зүйл олдоогүй.

Ленинград хотод Буддын сүм гэж бий. Тэр сүмийн лам Буриад хүн бидэнд Казанын цогчин дуганд Майдар бурхныг хадгалсан байж болзошгүй гэсэн болохоор манай зарим оюутнууд тэр сүмийг тойрон жагсаж байлаа. Харамсалтай нь үр дүнд хүрээгүй.

Орост манай түүхтэй холбоотой маш их зүйл хадгалж байгаа. Ленинградын Эрмитаж болон Күнсткамер гээд уламжлалын музейд бидэнтэй холбоотой маш их дурсгал бий. Миний сонссоноор Эрмитажын архивт хэд хэдэн чингэлэг дүүрэн Монголын дурсгалууд байдаг ч тэднийг нээж олон нийтэд үзүүлээгүй, музейн сан хөмрөгтөө ч бүртгээгүй байдаг гэсэн.

Намайг хойно оюутан байхад П.Очирбат Ерөнхийлөгч 1990 онд Москвад айлчилсан юм. Тэгэхэд нь бид хилийн чанадад суралцдаг гадаад оюутнууд сонгуульд оролцон, саналаа өгөх хүсэлтэй байна гэсэн өргөх бичиг өгч байлаа. Мөн бид оюутнууддаа зориулан “Хөх туг” гээд сониныг монгол бичгээр гаргаж байв.                                                           

-Та тэгвэл уйгаржин бичгээр сайн уншиж бичих үү?
-Тэгнэ. Тийм учраас л саяхан Монгол хэлний тухай хуулийг батлуулахын төлөө байлаа. Энэ хуулийг хэлэлцэх явцад чуулганд хатуу үг ч сонслоо. Монгол бичиг бол Монголчуудын бүтээсэн түүхэн соёл. Энэ соёлыг тээгчид нь ард түмэн. Тодорхой бэлтгэл ажлуудыг хийн, 2025 он гэхэд бид монгол бичгээ төрийн болон бүх шатны хэрэглээнд нэвтрүүлэх учиртай.    

-Энэ хуулийг хэлэлцэхэд чуулганд их сонирхолтой маргаан өрнөсөн.
-Тэгсэн. Монгол бичиг бол араб бичиг, араб соёл гэсэн хүн ч бий.  

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үзэхээр заримдаа арай ч дээ гэх үе байх юм.
-Уг нь төрийн түшээ болоход босго нь их өндөр байх ёстой.   

-Та ангийнхнаасаа хэнийг хамгийн их хүндэлддэг вэ?
-Манай намаас Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, М.Энхболд, Су.Батболд, Ч.Хүрэлбаатар байна. АН-аас гэвэл Р.Амаржаргал, С.Баярцогт, Ц.Баярсайхан, М.Батчимэг байна. Энэ хүмүүст төрийн түшээ болох шинж чанарууд бүрдсэн. Бид тэднийг идеал гэж харж болно. Чуулганы үеэр би энэ хүмүүсийн үгийг сонсчих юмсан гэж боддог.      

-Аллергитэй гишүүн бий юу?
-Бид чинь нэг ангийнхан. Парламентэд 3 жил хамт суулаа. Хүн бүхэнд сул болон давуу тал бий. Бие биеэ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ямар ард түмэн байна, тийм төр байдаг гэж үг бий. Гишүүд заримыгаа эх оронч, популист гэх мэтээр янз бүрээр дууддаг. Гэхдээ өнөөдрийн парламентын өнгө, дуу хоолой бол ард түмний л тусгал.  

-Таны суурь боловсрол сэтгүүлч. Таны бодлоор өнөөгийн сэтгүүлчид хөндөх ёстой сэдвээ зоригтой хөндөж чадаж байна уу?
-Өнөөдрийн сэтгүүл зүйг 2000 онтой харьцуулахад өдөр шөнө шиг болчихлоо. Тэр үед цөөн хэдэн телевиз, сонин байлаа. Одоо бол өдөр тутмын 30 гаруй, 100 давсан телевизтэй болчихлоо. Энэ бол эрүүл зөв үзэгдэл биш. Өнөөдөр сошиал медиа хэвлэл мэдээллээс илүү чухал үүрэг гүйцэтгэж байна. “Өдрийн сонин” 10 мянган хувь хэвлэгдэж байхад Facebook, Twitter-тээ 100 мянган дагагчтай хүмүүс маш олон боллоо. Тэд илүү нөлөөтэй байна. Олон нийтийн медиа хувь хүнийх болчихлоо. Үүнд сайн тал ч бий, муу тал ч бий. Facebook-ийг 1.3 тэрбум хүн хэрэглэдэг. Энэ бол Хятад, Энэтхэгийн дараа орох том улс. Нэг дижитал улс бий болчихлоо.      

-Та сэтгүүлчээрээ  ажиллаж байгаад АНУ явсан уу?
-Freedom forum гэж Америкийн сангийн урилгаар АНУ-д 10 сар суралцах завшаан тохиолдсон юм. Хэвлэл мэдээллийн салбарт ажилласны буян л даа.

-Та яагаад эдийн засаг руу “урвачихсан” юм бэ?
-Бизнес хийж эхэлсэн. АНУ-д сурч байхдаа бизнес эрхлэх ёстой юм байна гэж бодсон. MCS-ийн анхны компани нь Интерпрэсс. Энэ компанийг удирдах санал ирсэн юм. Удалгүй MCS группын дэд захирал болсон. Энэ группыг үүсгэн байгуулагчдын нэгт тооцогддог. Бизнест орохоор эдийн засгийн ухаанд суралцахаас өөр замгүй.

АРД ТҮМНИЙ НЭРИЙГ БАРИН, АРД ТҮМЭН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИД ХУВЬЦАА ЭЗЭМШИХ ЁСТОЙ ГЭХ ХАНДЛАГА БУРУУ

-Та Ж.Оджаргал, Ж.Од захирлуудтай хэзээнээс танил болсон юм бэ?-1995 оноос. Одоо Скай резортын захирал Ж.Батсуурь бид хоёр хойно хамт сурсан юм. Батсуурь MCS байгуулагдахад ажиллан, намайг урьсан. Бид хэвлэлийн бизнест хөл тавих гэж байна гээд надад итгэл хүлээлгэсэн. Бизнест анхдагч байх нь их давуу тал олгодог. Зах зээлд хурдан байр сууриа олж авна, хурдан танигдана. Өндөр ашиг хүртэнэ. Тийм болохоор би залуучуудад нэгэнт өрсөлдөөн ихтэй зах зээл рүү битгий ор, монголд байхгүй, шинэ юм руу ор гэж зөвлөдөг.       

MCS-ийг маш олон тендер авсан гэж буруутгадаг. Хэрэв АХБ, Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн эрчим хүчний тендерийг MCS аваагүй бол өөр гаднын компани авах байсан. Мэдээллийн технологийн хувьд компьютер 1500-2000 ам.доллар байхад Packard bell, Dell компьютеруудыг Монголд оруулж ирснээр үнэ нь буурч, 250 ам.доллар болсон. Сингапур, Солонгост ч ийм үнэтэй байгаагүй. Монголын интернэтийн эцэг гэгддэг Датакомын Д.Энхбат, одоо Юнителийн захирлаар ажиллаж байгаа Г.Ганболд, Мэдээллийн технологийн газрын анхны дарга, одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бид нар хамтран “Цахим монгол” хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлснээр интернэт хэрэглээний үнэ хэд дахин буурсан. Өмнө нь сансраас өндөр үнэтэй интернэт авдаг байсан бол ОХУ, БНХАУ-тай төмөр замын шилэн кабелийг холбосноор үнэ нь 10 дахин буурсан. Одоо нэг мега интернэт 20 ам.доллар байна. 

Ер нь манайд төр хамгийн бага оролцсон салбар нь мэдээллийн технологийн салбар байдаг. Ийм учраас л Мобиком, Скайтел, Юнител хурдан хөгжсөн. Төр бага оролцохоор тэр бизнес амжилттай хөгждөг юм байна. Төрийн оролцоо аль болох бага байх ёстой. Төр зохицуулалт, лиценз, татвар хураалт, стандартад л оролцоно. Цөөн үүрэгтэй байх ёстой. Төр өөрөө шилэн кабелийн компани байгуулаад, хувийнхантай өрсөлдөөд байж болохгүй. Эрчим хүч 100 хувь төрөөс хамаарч байна.

Төрийн өмчит компаниуд дандаа ашиггүй ажилладаг. 100 гаруй компаниас ганц Эрдэнэт л ашигтай ажиллаж байна. МИАТ заримдаа алдагдалтай, заримдаа ашигтай. Ашигтай ажиллавал тэр нь маш бага. Төрийн өмчит нийт компаниудын зах зээлийн үнэлгээ нь ДНБ-ийн (нийт 24 их наяд төгрөг) 50 хувь л байна. Иймд төрийн өмчит компаниудыг хувьчлан, төр аль болох бага оролцох ёстой. Ард түмний нэрийг барин, ард түмэн хувьцаа эзэмших ёстой гэх хандлага буруу. Төрийн өмчит компани байвал хувийн компани шиг л засаглал нь нээлттэй, өгөөж нь өндөр, үйл ажиллагааны зардал бага, ашигтай байх ёстой.

БИЗНЕС ХИЙЖ ЯВААД САЙД БОЛСНЫХОО ДАРАА ТӨРИЙН ЭРХИЙГ АШИГЛАН, ӨӨРӨӨ БИЗНЕСТ АМЖИЛТ ОЛООГҮЙНХЭЭ ӨШӨӨГ ӨРСӨЛДӨГЧ КОМПАНИУДДАА ТООЦООД ЭХЭЛДЭГ

-Буянгийн Б.Жаргалсайхан саяхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярих боллоо. Гэнэт гарч ирсэн нь өөрийнх нь  санаачилга уу, өрөөлийн захиалга уу мэдэхгүй юм. Энержи Ресурсын толгой компани болох ММС Монголд бүртгэлгүй, гаднын компани гэж байна. 
-Нууж хаах юм байхгүй. ММС бол хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани. Ммс.com  гээд хаяг руу нь ороод харах хэрэгтэй. Энэ компанийн 60-аад хувийг MCS, Шунхлай, Петровис, ХХБ гээд үндэсний компаниуд эзэмшдэг. Бүгдээрээ Монгол компаниуд. Санаатайгаар буруу ойлгуулах гээд л зүтгээд байна. Миний эмзэглэдэг зүйл бол бизнес хийж яваад, төрийн сайд болсны дараа эрх мэдлээ ашиглан, өөрөө бизнест амжилт олоогүйнхээ өшөөг өрсөлдөгч байсан компаниуддаа тооцдог улстөрчид юм. Ийм хүмүүс мэр сэр бий. Бусдад атаархдаг, бизнесийнхний нийгэмд гүйцэтгэсэн үүргийг хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс байна. Ийм учраас л Оюутолгой, Тавантолгой гээд том төслүүд явахгүй байна.          

Цахилгаан станц, төмөр замын төслүүд бол улстөржих шалтгаан биш.  Цэвэр эдийн засгийн, бизнесийн төслүүд. Ямар хөрөнгө оруулалт хийх, ямар хугацаанд түүнийг нөхөх, ашиг нь хэд байх вэ, татвар хэд үү гэдэг тоог л харж бид маргалдах ёстой. Түүнээс одоогийнх шиг ард түмнээ хоёр хуваах хэрэггүй.      

Төрийн өмчит компаниуд татвар их төлж байна уу эсвэл ноогдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараасан мөнгө нь илүү их байна уу гээд харъя. 2006-2012 онд Эрдэнэт, Монросцветмет компаниудын төсөвт төвлөрүүлсэн мөнгөний 87 хувь нь татвар байна. Нийт төлсөн мөнгөнийх нь 13 хувь нь л ноогдол ашиг байж. Өнөөдрийн Тавантолгойн маргаан хувьцаа эзэмшигчдэд ашиггүй гэдгээс үүдлээ. Гэтэл Эрдэнэт, Монросцветметийн байдал ийм байна.

Бид Оюутолгойгоос хэзээ ашиг авахаа мэдэхгүй л байна. 25 уу 30 жил үү бүү мэд. Хөрөнгө оруулалт өсөөд, бидний зээл өсөөд л байна. Бид 34 хувиа зээлээр эзэмшдэг. 15-20 жилийн дараа ноогдол ашгаа хүртэнэ. Гэтэл уул уурхай хөгжсөн Канад, Австралид хөрөнгө оруулалтыг төр биш хувийн хэвшил хийдэг. Төр татвараа ахиухан аваад л явдаг.

Тавантолгойн хувьд бид нүүрсээ 30 доллараар түүхийгээр нь зарах уу эсвэл боловсруулаад 80 ам.доллараар борлуулах уу гэдэг л сонголт байна. Бас нэг буруу ойлголт байна. Энэ гэрээ 30 жилийн хугацаатай. Лицензийг төр 100 хувь эзэмшинэ. Гэтэл АН-ын Гүйцэтгэх зөвлөл хачин шийдвэр гаргаж, 100 хувь төрд байх ёстой ордын 51 хувь нь төрд үлдэнэ, 49 хувийг нь хувьчилна гэснээр ойлгомжгүй байдал үүсчихлээ. УИХ-ын дарга З.Энхболд их буруу тайлбарласан. 6 тэрбумын нөөцтэй ордыг авах гээд байна гэсэн. Консерциумтай хийх гэрээнд зааснаар 30 жилд энэ ордоос дөнгөж 900 саяыг нь л ашиглана. 1/6 гэсэн үг. Угаагаад боловсруулахаар 600 сая тонныг борлуулна. Нүүрсэндээ нэмүү өртөг шингээж худалдсанаар Монгол Улс хожно. МАК-ийн нүүрс үү, жижиг Тавантолгойн нүүрс үү, Эрдэнэс Тавантолгойнх уу, Энержи Ресурсын нүүрс гэх биш юм. Хятадын зах зээлд Монголчууд боловсруулсан нүүрс зарж чадах уу л гэдэг асуулт.

БИД 8 ЖИЛ ХЭРЭЛДЛЭЭ. НЭГ КМ ТӨМӨР ЗАМ БИТГИЙ ХЭЛ НЭГ МЕТРИЙГ Ч ТАВЬСАНГҮЙ

-Бороо гоулд компани тогтвортой байдлын гэрээ байгуулсан ч маш богино хугацаанд алтаа ухаад алга болсон гашуун туршлага бидэнд бий.
-30 жилээ байг, 3 жилийн дараа гэрээгээ дүгнэе. 30 жил бол урт хугацаа. Би 45-тай гэхээр 75 хүрнэ. Одоогийн улстөрчид тэтгэвэрт гараад, хариуцлага үүрэхээргүй болно. Бид ирэх оныхоо эдийн засгийн үндсэн чиглэл, 2017 оны төсвийн төсөөллөө хийж чадахгүй байгаа улс. Яаж 30 жилээр төсөөлөх гээд байгаа юм бэ? Иймд эхлээд гэрээгээ хийгээд, 3-5 жилийн дараа дүгнээд явах нь зөв. Хөрөнгө оруулалт хийхийг нь харж, жилд 250-600 сая ам.долларын татвар төлнө гэснийг нь харах хэрэгтэй. Яагаад ингэж болохгүй гэж? Гэтэл бид 8 жил хэрэлдлээ. Нэг км төмөр зам битгий хэл 1 метрийг ч тавьсангүй. 30 жилийн цаадахыг харж маргах биш, ажлыг нь хийлгээд үр дүнг нь хэлэлцье.      

-Засгийн газар консерциумтай гэрээ байгуулах дээрээ тулсан байтал гэв гэнэт энэ консерциумд Энержи Ресурс биш Эрдэнэс Тавантолгой байх ёстой гэх боллоо.
-Тэгвэл Н.Алтанхуягийн Засгийн газар энэ тендерийг яах гэж зарласан юм бэ? Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын даргаар нь ажиллаж байсан. Монголын тал 51 хувь байна, гадаадын хөрөнгө оруулагч нь 49 хувь байна гэсэн нөхцөлтэй байсан. Нээлттэй зарласан энэ тендерт жижиг Тавантолгой, МАК гээд нүүрсний салбарт ажилладаг бүх компани орох нь нээлттэй байсан. Америкийн Пибоди, жижиг Тавантолгой орсон. Тендерт  хамгийн сайн нөхцөл амласан, нэг л компани шалгарах ёстой биз дээ. Анхнаасаа л төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой 51 хувийг эзэмших нөхцлөөр тендерээ зарлах ёстой байсан. Тийм биз дээ? Хамгийн харамсалтай нь төрийн гурван өндөрлөг гурвуулаа өөр байр суурьтай байна. УИХ-ын даргын ярьж байгаа тоо нь тооцоогүй, судалгаагүй.

Оюутолгойн асуудлаар УИХ-ын гишүүд С.Баярцогт гишүүнтэй маргалддаг. Маргалдах эрх нь бий. Гэхдээ манай улстөрчид, 76 гишүүнд том төслийн талаарх ойлголтын зөрүү бий. Энэ их чухал. Тухайн төслийн талаар маргалдахдаа бүх гэрээнүүдийг бүгдийг уншдаг юм уу? ТЭЗҮ-г уншиж ойлгох нь тодорхой мэргэжил шаардана. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр том сэдвийн талаар дуугарах бол маш их мэдээлэл цуглуулах, унших, судлах ёстой. Нэг долгион дээр байж л бид бие биеэ ойлгоно.

Гадаадад элчин сайд нарыг томилохдоо нэг сарын сургалтад хамруулдаг шиг парламентын шинэ гишүүдийг давтан сургах ёстой. Надаас өгсүүлээд микро түвшинд ажилаж байсан хүмүүс төрийн түшээ болж байна. Тодорхой хэмжээний мэдлэг, чадвар, мэдээлэл дутагдана. Иймд бусад улсуудад шинэ гишүүддээ төсөв гэж юу вэ, төрийн удирдлага, төрийн байгууламж, засаглал, төсөв болон мөнгөний бодлого гэж юу вэ гээд л заадаг. УИХ-ын Тамгын газар өөрөө эсвэл Удирдлагын академитэй хамтран энэ ажлыг хийх ёстой. Тэгвэл манай гишүүдийн ойлголт, хандлага цэгцэрнэ. Зөв шийдвэр гаргаж чадна. Гэтэл өнгөрсөн 25 жилд бид ямар нийгэмд амьдрах гээд байгаагаа иргэддээ ойлгуулж, соён гэгээрүүлж чадаагүй. Одоо Оюутолгой, Тавантолгойг дандаа сөрөг талаас нь хардаг.

Сүүлийн 25 жилд Монголчуудын хийсэн хамгийн том бүтээн байгуулалт бол Эрдэнэт, Энержи Ресурс, үндэсний арилжааны банкууд. Номин, BSB, Таван богд, АПУ, Гачуурт компаниудыг монголчууд л бүтээсэн. Тэгвэл бид цаашдаа хөгжлийн ямар түвшинд хүрэх гээд байгаагаа иргэдэд ойлгуулах хэрэгтэй байна. Алсын хараагаа тодорхой болгох хэрэгтэй. Одоо нэг хүнд ноогдох ДНБ 4000 орчим ам.доллар байна. 5 жилийн дараа 10 000 болно гэх мэтээр төлөвлөх хэрэгтэй. Үүний тулд ийм ийм ажил хийнэ гэдгээ зарлах хэрэгтэй. Тэгвэл иргэд биднийг дэмжинэ. Ингэж  л хөгжилд бэлддэг. Эргээд бодоход бид сонгосон нийгмийнхээ талаар бүрэн ойлголт, мэдээлэлтэй гэдэгт би маш их эргэлздэг. Монгол мөрөөдөл гэж юу вэ гэдгээ л тодорхойлмоор байна.

1000 хүний дунд хийсэн Дэлхийн банкны судалгааг харлаа. Монгол Улс зөв замаар замнаж байна уу гэхэд 40 хувь нь буруу замаар замнаж байна, 25-28 хувь нь мэдэхгүй гэжээ. Тэгэхээр 60-70 хувь нь зөв замаар явж байгаа эсэхээ мэдэхгүй байна. Тэгэхээр энэ хүмүүс яаж Оюутолгой, Тавантолгойг дэмжих юм бэ? Зөв мэдээлэл, төсөөлөл, ойлголт алга.

Томоохон төсөл хэрэгжүүлэхэд бид боловсрол, сэтгэлгээ, эдийн засгийн хувьд бэлэн үү гэдгээ асуух хэрэгтэй.

-Бизнест олон жилээ зарцуулсан хөрөнгөтнүүдийг УИХ-ын гишүүнээр сонгох нь буруу гэж би боддог.
-АНУ, ИХ Британи, Тайвань, Японд бизнес нь тодорхой хэмжээнд тогтоод, амжилт олчихсон хүмүүс бусдын төлөө ажиллахаар, буяны ажил хийхээр парламентын гишүүн болох нь элбэг байдаг. Одоо эзэд бизнесийн үйл ажиллагаандаа өдөр тутам оролцохоо больсон. Тухайн салбартаа мэргэшсэн, чадварлаг залуус компани удирдаж байна. Харин эзэд сангууд байгуулан, бусдын сайн сайхны төлөө ажиллах боллоо. Тэр хүмүүс тодорхой гэгээрэлд хүрч байна гэсэн үг. Хүний хэрэгцээ хязгаартай учир тодорхой түвшинд ирээд хүн шуналгүй болдог. Шунал нь бусдын төлөө амьдрах зорилгоор өөрчлөгддөг. Ийм чиг хандлага байна.

Таванбогдын Ц.Баатарсайхан, Номингийн Г.Баярсайхан, Гачууртын Л.Чинбат, MCS-ийн Ж.Од, Ж.Оджаргал нар мөнгөний төлөө биш бүтээн байгуулалтын төлөө л адгадаг хүмүүс.

-Хөрөнгөтнүүд бүх насаараа босгосон баялгаа хамгаалах, мэдээллийг түрүүлж олж авснаар бизнесээ өргөжүүлэхээр гэж л УИХ-д нэр дэвшдэг гэж боддог.
-Тэр маш буруу ойлголт. Хэрэв тийм зорилгоор орж ирдэг бол энэ бидний байх газар биш. Бизнест 20 жил ажиллана гэдэг бол хүнд. Энэ амар ажил биш. Тодорхой хугацааны дараа хүн өөрчлөгддөг шүү дээ. Нийгмээс, найз нөхдөөсөө, орчин тойрноосоо авдаг кайф гэж байдаг даа. Энэ нь 20, 30 настай хүнийх өөр өөр байх жишээний. Хүний философи нас насаар өөрчлөгддөг. Бидний хувьд үргэлж бизнес хийнэ гэж байхгүй. Зарим нь буяны сан байгуулж байна. Зарим нь улстөрд орж байна. Гэхдээ бусдын төлөө ажиллая гэсэн үедээ л нэр дэвшдэг гэж би боддог. Энэ бол миний л бодол.

Гэхдээ парламентэд байгаа бизнесмэнүүд баялаг бүтээгчдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Одоо парламентад олон бизнесмэн байна. Тэдний тоо өсөх тусам бизнесийн орчин сайжрах ёстой атал тийм байдал ажиглагдахгүй байна. Төрийн дарамт буурахгүй байна.   

-Тийм болохоор л хардаад байгаа юм.
-Хүн бүхэн хардах эрхтэй.         

 

-Та 2012 онд анх удаа нэр дэвшээд л гишүүнээр сонгогдсон. Хөвсгөлчүүдэд та ямар амлалт өгсөн бэ?

-Үүнийг Хөвсгөлчүүдээс асуух хэрэгтэй байх.

2010 онд би Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилласан.

Нутаг руугаа ойр ойрхон очих болсон. Тухайн үеийн удирдлагуудтай хамт олон ажил хийсэн.

Эндээс л цаашид Хөвсгөлчүүдийн эрх ашгийг хамгаалан ажиллах ёстой юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн.

ХӨВСГӨЛД БУЦАЖ ОЧИХ НҮҮРТЭЙГЭЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА

-Та 2016 онд нэр дэвших уу?
-Дэвшинэ. Хөвсгөлд буцаж очих нүүртэйгээ гэж бодож байна

100 хувь биш ч хэлсэн үгээ ажил болгосон. Хөвсгөлийн ард түмнээр дахин нэг удаа дүн тавиулахыг хүсч байна.  

-Таны ямар амлалтууд биелсэн бэ?
-Манай нам сонгуульд ялагдсан учраас намын хөтөлбөр бүрэн хэрэгжиж чадаагүй. Хувь хүний хувьд амласнаа бүгдийг нь ажил хэрэг болгосон. Хөвсгөл аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон. 1996 оноос хойш Хөвсгөл аймгаас сонгогдсон бүх гишүүд, аймгийн засаг дарга нарын хийсэн ажил. Гэхдээ Ц.Даваасүрэн гишүүн бид хоёр УИХ-ын гишүүн байхад зам дууссан нь бас л үр дүн. Аймгийн бүх сумыг эрчим хүчээр холбох ажил дууссан. Хөдөөгийн 88 багаа гар утасны сүлжээнд холбосон. Шилэн кабелиар холбох ажил 2-3 сумаас бусдад нь дууссан. Цахим Хөвсгөл гэж хөтөлбөр хэрэгжээд дуусаж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль байна. Эмнэлгийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун хүн алга. С.Эрдэнэ, С.Ганбаатар гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд ажилласан. Иргэд өөрсдөө эмнэлгээ сонгодог, даатгалаас өндөр үнэтэй эмчилгээ оношлогоог санхүүжүүлдэг боллоо. Гэр бүлийн гишүүдийн ашиглаагүй мөнгө эхнэр эсвэл нөхөр рүү нь гүйдэг болсон гэх мэт. Энэ хууль сүүлийн 4 парламентаар дамнасан.

-Та гишүүнээр сонгогдохоосоо өмнө Булган-Хөвсгөлийн цахилгаан дамжуулах  шугамын хөрөнгийг компаниасаа гаргуулсан. Энэ ажлыг гүйцэтгэснээр Хөвсгөлийн бүх сум эрчим хүчинд холбогдсон. Энэ нь таныг гишүүнээр сонгогдоход нөлөөлсөн үү?
-Хамгийн их нөлөөлсөн нь энэ. Төсөв хүндрэлтэй байсан учир төрөөс мөнгө гаргаагүй. Анх УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Хөвсгөлийг эрчим хүчний нэгдсэн системд холбох санаачлагыг гаргасан. Гүйцэтгэсэн хүн нь би. MCS компани өөрийн хөрөнгөөс төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан. Цаашаа сум руу холбосон хүн нь Эрчим хүчний сайд асан Б.Эрдэнэбат. Хүмүүсийн хийсэн ажлыг би хэлдэг. Түүнээс бүгдийг би хийсэн гэх нь утгагүй.

-Энэ нь бусад нэр дэвшигчдийн дунд тэгш бус өрсөлдөөн бий болгоогүй юу?
-Яагаад боломж нь байхгүй байсан гэж? Б.Эрдэнэбат сайд Эрэл компанийн захирал, хөрөнгөтэй хүн. Л.Гүндалай, Ц.Сэдванчиг бас л чинээлэг хүмүүс. Юм хийх сэтгэл байвал шийдэл байдаг.

-Одоо Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Энэ төсөлд нэр дэвшигчид өөр хоорондоо хөрөнгө мөнгөөрөө өрсөлдөхийг хязгаарласан заалт оруулсан болов уу?
-Та намайг давуу талаа ашиглаад сонгуульд ялсан гэх гээд байна уу. Тийм юм байхгүй. Угаасаа л төлөвлөж байсан ажил. Тендер зарлан, Оросын компани орж ирсэн байсан. 2008 онд хувийн Монгол компани 6 тэрбум төгрөг гаргана гэдэг амаргүй. 2008 оны ажил 2012 оны сонгуульд надад давуу тал олгосон гэж бодохгүй байна.

-Та 2012 оны сонгуулийн сурталчилгаандаа ямар хэмжээний мөнгө зарцуулсан бэ?
-Хуульд заасан хэмжээнд л зарцуулсан. Бид дараа нь СЕХ-нд тайлангаа хүргэдэг.

-2016 онд Хөвсгөлчүүд яагаад таны төлөө саналаа өгөх ёстой вэ?
-Хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт би амласан ажлуудаа бүгдийг дуусгасан. Цөөн ажил дутуу байна. Эхлүүлсэн ажлууд ч бий. Хэнийг төлөөллөөрөө сонгохыг иргэд л шийднэ. Хөвсгөлийн ард түмэн тэр үедээ л дүнгээ тавина. Хууль болж гарсан төслүүд гэвэл Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай, Ойн тухай хуулийн төслүүд, Ойн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг дээр ажилласан. Ойн тухай өмнөх хууль их хатуу хууль байсан. Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай болон Татварын тухай хуулийн төслүүд дээр ажилласан.      

УЛС ТӨРИЙН НАМ АЖИЛ ОЛГОГЧ БИШ

МАН-ыг сонгосон нь таны өөрийн шийдвэр байсан уу эсвэл MCS-ийн шийдвэр байв уу? 
-Цэвэр хувийн шийдвэр байсан. МАН зүүний чиглэлийн нам. Би энэ намын Удирдах зөвлөлийн гишүүн. Бидний АН-аас ялгарах гол ялгаа нь боловсрол, эрүүл мэнд, баялгийн тэгш хуварилалт санал болгодог.  Үзэл баримтлалын ийм зөрүү бий. Баялгийн тэгш хуваарилалт гэхээр зөвхөн ноогдол ашиг тараах биш, сайн боловсрол олгох, эрүүл  мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэх тухай юм.   

-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг та батлах ёстой гэдэг. Гэтэл энэ хуульд өршөөлд хамрагдсан иргэн, албан тушаалтны ХОМ-ийг нь устгана гэсэн маш ноцтой заалт бий. 
-Тэр бол болохгүй. Тийм заалттайгаар энэ хуулийг батлуулж болохгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний ААН-үүдэд зориулсан хууль байж болохгүй. Бид өмнө нь нь нэг удаа татварын өршөөл зарласан. Тэгэхэд өршөөл эдэлж чадаагүй, үндэсний жижиг ААН-үүдээ л хамруулах ёстой. Түүнээс төрд орчихсон, гэхдээ хувьдаа компанитай, тэр хөрөнгөө мэдүүлээгүй байтал өршөөлд хамрагдаад, үүний улмаас ХОМ-ийг нь устгах нь буруу.         

Монголын төрийн алба үндсэндээ дампуурчихлаа. Уг нь дороосоо дээш өгсдөг атал одоо кранаар өргүүлээд л төрийн албанд орж ирдэг.

-Сантмаралаас хийсэн хамгийн сүүлчийн судалгаагаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар хамгийн өндөр рейтингтэй улстөрчөөр шалгарчээ. Та хэдэд орсон бэ. Энэ судалгааны дүн гарсны дараа АН, МАН нийлээд ч Фэншүйг гүйцсэнгүй гэх боллоо.
-Би эхний 10-т багтаагүй. Хэдэд байгаагаа мэдэхгүй байна. Эн судалгааг хийхдээ тодорхой аймгуудыг сонгосон байна лээ. Эндээс нэг чиг хандлагыг бид харах ёстой. Олон нийтийн улс төрийн намуудад итгэх итгэл улам буурсан байна. Бусад улс орнуудад ч яг ийм хандлага байна. Иймд улс төрийн намууд өөрчлөгдөх ёстой.

Улс төрийн нам ажил олгогч биш. Гишүүдийнхээ тоогоор өрсөлдөж болохгүй. Одоогийн тогтолцоо ард түмнийг 2 хуваачихлаа. Улс төрийн нам хөгжлийн бодлого боловсруулдаг газар, оюуны цөм байх ёстой.  Гэтэл одоо хажуудаа баахан ТББ-тай, түүгээр нь дамжсан залуус төрийн албанд шургалдаг. Ийм байж болохгүй. Төрийн албаны завхрал эндээс эхэлж, сонгуулийн бялуу хуваалт гэж хүртэл ярих боллоо. Энэ бол аль ч намд хамаатай.

Уг нь сонгуулийн дараа 300 хүн л өөрчлөгдөх ёстой байтал сая 30 мянган хүнийг халж сольсон талаар ярьлаа. Эдгээр хүний талыг нь халж, тал нь өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна. Ийм тогтворгүй, ой санамжгүй төрийн алба байж болохгүй. Монголын төрийн алба үндсэндээ дампуурчихлаа. Уг нь дороосоо дээш өгсдөг атал одоо кранаар өргүүлээд л төрийн албанд орж ирдэг.

-С.Ганбаатар гишүүний хувьд?
-Би судалгааны дүнг хараад гайхаагүй. Энэ хүний хөдөлмөрч чанарыг хүндэтгэдэг. Түүн шиг Монголын бүх аймаг, сумдаар явсан өөр УИХ-ын гишүүн байхгүй. Энэ хүн хөдөлмөрлөж, иргэдтэй уулзаж байна. Үүний үр дүн нь гарч байна.            

БИД ХҮНТЭЙ МУУДАХААРАА Л ГАНДАН ОРЖ НОМ УНШУУЛДАГ. УГ НЬ ШАШИН ДААТГАЛЫН КОМПАНИ БИШ       

-Та бизнэсээ Сингапураас эхэлсэн. Сингапурын Темасекийн загварыг нэвтрүүлнэ гэж их ярьж байна. Энэ нь ямар үүх түүхтэй компани гэдгийг олон нийт мэддэггүй.  
-Энэ бол хөрөнгийн менежмент хийдэг компани. Манайхаар бол ТӨХ гэхээс илүү төрийн өмчит компаниудыг яаж ашигтай болгох, үнэ цэнийг нь өсгөх, яаж нээлттэй компани болгон хувьцааг нь арилжих уу  гэдэгт л анхааран  ажилладаг. Мөн энэ компани томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. Би буруу санаагүй бол ТЕМАСЕК 170 орчим тэрбум долларын хөрөнгийг удирддаг. Жил бүр төсөвтөө 3 тэрбум ам.долларын ашиг өгдөг. Энэ нь манай улсын төсвийн бүтэн нэг жилийн орлоготой тэнцэнэ.  Тэгэхээр төрийн өмчит компаниуд ашиггүй ажилладаггүй л байгаа биз дээ.     

1072 ширхэг хувьцааг жинхэнээсээ амилуулж болно. Ашиггүй компанийн хувьцааг иргэдэд өгч болохгүй.       

Манайд яагаад ашиггүй ажиллаж байгаа Эрдэнэс Тавантолгойн хувьцааг иргэдэд өгч байгаа юм бэ. Яагаад Эрдэнэт, Монросцветметийн хувьцааг өгч болохгүй гэж? Эрдэнэтийн 51 хувь, Оюутолгойн  34 хувь, Монросцветметийн 51 хувь, Багануурыг 100 хувь, Эрдэнэс Тавантолгойн 85 хувийг эзэмшиж байгаа толгой компани болох Эрдэнэс Монголын хувьцааг өгч болно шүү дээ. Тэгвэл бид ашигтай ажиллаж байгаа компаниудаасаа ноогдол ашиг хүртэнэ. 1072 ширхэг хувьцааг жинхэнээсээ амилуулж болно. Ашиггүй компанийн хувьцааг иргэдэд өгч болохгүй.       

-Та Буддын шашинд сүсэг бишрэлтэй учраас асууж байна. Саяхан манай зүүн аймгуудад түймрийн гамшиг боллоо. Гэтэл лам нар таг. Уг нь тэд хамгийн түрүүнд хүмүүнлэгийн ажил зохион байгуулах ёстой биз дээ. Хүүхдүүд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдаж байна. Өнөө лам нар гэр бүлийн ёс зүй, эцгийн эрх үүргийн талаар сургаалиа айлдахгүй байна. Бүлх залгисан юм шиг л таг. Бүгд л дор бүрнээ бизнес хийгээд, айл айл хэсээд л ном уншаад явдаг болж.
-Би бас яг ийм бодолтой явдаг. Монголын буддын шашинтнууд маш идэвхгүй байна. Нийгэмд гүйцэтгэх ёстой үүргээ дутуу гүйцэтгэж байна. Христомсын шашинтнууд Библиэ уншаад, ням гараг бүр сүмдээ очдог. Исламын шашинтнуудын хувьд мөн адил. Тэд эх хэл дээрээ бүрэн ойлголт авч байна. Гэтэл бид буддын сургуулиа эх хэл дээрээ авч чадахгүй байна. Сая л орчуулж байна.

Буддын соёл хүнийг оюуны хувьд хүмүүжүүлэх үүрэгтэй. Гэтэл манайд ахуйн шашин болчихсон. Бид хөдөө явахдаа л аян замын ерөөл уншуулдаг. Хүнтэй муудахаараа л Гандан орж ном уншуулдаг. Уг нь шашин даатгалын компани биш.         

Манайд шашны боловсрол туйлын бүдүүлэг байна. Төвдөөр ном уншиж байгаа болохоор бид ойлгодоггүй. Иймд итгэл үнэмшил төрөхгүй байна. Уг нь монгол хэл дээр уншин, гол номлолуудаа хүмүүст тайлбарлах учиртай. Дундад зуунд Европын соён гэгээрэл юунаас эхэлсэн бэ гэхээр Библийг эх хэл дээрээ уншсанаас л эхтэй.    

Би энэ талаар лам нартай маргалдаж байсан. Тэл Төвдөөр номоо уншихад тарнийн ид шид нь илүү хүчтэй нөлөөлдөг гэдэг юм.  

-Төгсгөлд нь танаас бид хөгжлийн замд хурдан гарахын тулд юу хийх ёстойг асууя.
-Юуны өмнө улс төрийн тогтолцоогоо өөрчлөх ёстой. Өнөөгийн улстөрчид Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа болж байна. Иймд улс төрийн намын одоогийн тогтолцоог өөрчлөх ёстой. Үүний тулд Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Мөн би түрүүн дурдсан. Алсын хараа буюу хөгжлийн бодлогоо тодорхой болгох ёстой.        

-Цаг гарган, ярилцсанд баярлалаа.