A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/enkhamgalan/public_html/en/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

 Улс төргүйгээр байгаа боломжоо ашиглах нь бидний хамгийн зөв зам
MNG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Улс төргүйгээр байгаа боломжоо ашиглах нь бидний хамгийн зөв зам

Нийтэлсэн: 5 years ago Үзсэн: 597

Сайхан өвөлжиж байна уу. Таныг УИХ-ын шинэ гишүүн гэхэд асуудалд нилээд ул суурьтай дуугардаг, улстөрждөггүй цөөн гишүүдийн нэг гэж олон нийтийн зүгээс үнэлдэг болсон шүү.

Сайхан өвөлжиж байна. Тавлаг сайхан өвөлжиж байна уу. Би одоо шинэ цэрэг биш. 3 жилийн нүүр үзсэн хал цэрэг болчихлоо шүү дээ. Үнэнийг хэлэхэд бид улс төржилтөөс болж олон боломжуудаа алдаж байна. Миний хувьд орж ирж байгаа хуулиудын үндэслэлийг сайн судалж байж л дуугарахыг хичээдэг. Гол нь УИХ-ын гишүүдийн дарж байгаа кнопны цаана иргэдийн амьдрал байгаа гэдгийг байнга бодох хэрэгтэй.

Шинэчлэлийн засгийн газар байхдаа инфляци хэвийн байгаа, хямрал нүүрлэсэн гэж үзэхгүй байна гэдэг тайлбарыг их өгсөн л дөө. Шуудхан хэлэхэд сөрөг хүчин маань гөрдөөд байна гэх ухааны юм хэлдэг байсан. Шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайд томилогдсон өдрөө хямрал нүүрлэснийг хүлээн зөвшөөрсөн. Та үүнийг хувьдаа яаж дүгнэж байгаа вэ.

Нэг үгээр хэлбэл манай эдийн засаг сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа өвчтөн
шиг болчихлоо. Миний бие яг жилийн өмнө “Эдийн засагт гал гарчихлаа, өрийн асуудал чинь хүндэрчихлээ шүү” гэж хэлсэн л дээ, бас зарим хэвлэлд ярилцлага өгч байсан ч үүнийг Шинэчлэлийн засгийн газар зөвөөр хүлээж авалгүй “Галын дүгнэлт 1, 2, 3, 4” гээд нэр төр гутаах хэлбэрийн цуврал нийтлэлүүд тараасан. Энх-Амгалан бидний зөв зүйтэй ажлыг үгүйсгэж

байна. Гал гарах хэмжээнд эдийн засаг очоогүй гээд л. Гэтэл одоо эдийн засагт гал гарах нь битгий хэл түймэр асчихсан. Манай улсын валютын нөөц хасах дүнтэй болчихлоо.

Таны үгэнд Шинэчлэлийн засгийн газар юунд нь тэгж эмзэглэсэн юм бол.

Мэдэхгүй ээ. Яагаад тийм олон цуврал юм бичүүлснийг нь одоо ч гайхаад байгаа. Тийм захиалгатай юмыг чинь зүгээр тавихгүй ш дээ. Тэр үед бондны мөнгө нь дуусаагүй байсан юм болов уу. (Инээв)

Хэрэв таны үгийг авч ажилдаа тусгасан бол эдийн засгийн хямралыг хүндрүүлэхгүй байх боломж байсан уу.

Хэрэв тухайн үед улс төргүй, зөвөөр ойлгож, цөөнхийн үгийг сонсож хамтран шийдсэн бол эдийн засаг арай ч сэхээний тасагт очихооргүй байж болох байсан гэж би хувьдаа үзэж байгаа. Төсвийн алдагдал ихэссэн. Хөгжлийн банкны бонд, Дотоодын засгийн газрын өрийн бонд, Монгол Улсын төсөв гэсэн 3 төсөвтэй болж, Гадаад өрийн эргэн төлөлт, дотоод бондын хүүнийхээ боол болчихлоо. Энэ бол хүнээр цусаа гадагш нь юүлээд л байна гэсэн үг.

Тэгвэл бид энэ цусыг эргүүлж биедээ шингээх эргэлтийн зөв менежмент хэрэгтэй. Үүний
тулд төрийн зүгээс мөнгөний бодлогодоо маш хариуцлагатай хандах, ирэх 2 жилд Улсын төсвөөр хийгддэг шаардлагагүй хөрөнгө, санхүүжилтийг даацтайхан танах, Стратегийн томоохон уул уурхайн төслүүдийн үйл ажиллагааг жигд явуулах, бодлогоор дэмжиж Валютын урсгалыг Монгол руу оруулах нь зөв. Ямар ч улстөргүйгээр байгаа боломжоо ашиглах нь бидний хамгийн зөв зам байх болно.

2015 оны Улсын төсвөө батлаад удаагүй байна. Төсвийн төслийг анх орж ирэхэд таны зүгээс нилээд шүүмжлэлтэй хандаж байсан санагдаж байна. Үнэхээр тийм түүхий төсөл байсан уу.

Түүхий төсөл байсан. Шүүмжлэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн л дээ. Төсвийн алдагдлаа татвар нэмж нөхнө гэдэг байдлаар оруулж

ирэхээр нь эсэргүүцсэн. 2015 оны Улсын төсвийн тухай хуулийг Засгийн газраас оруулж ирэхдээ 5 төрлийн татварыг нэмэгдүүлэх, эдгээр татварыг орон нутаг бие даан шийдвэрлэхээр тусгагдаж орж ирсэн нь маш буруу алхам гэж үзсэн.

Жишээлбэл ямар татваруудыг нэмэгдүүлэхээр орж ирсэн юм бол. Хэрэвээ Улсын төсөвт хэрэгтэй гэж үзвэл татвар нэмэхэд нааштай үр дүн гарахгүй байсан гэж үү.

Нааштай үр дүн гарахгүй. Харин ч
иргэддээ илүү дарамт авчрах байсан. Жишээ татъя л даа. Үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэгдүүлснээр жижиг аж ахуй нэгжүүдэд
маш хүнд дарамт ирнэ. Одоогийн хуулиар Үл хөдлөх хөрөнгийн татварт 1 хувь ноогдуулж байсныг 2 хувь болгоно гэж. 100 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй аж ахуй нэгж жилдээ 1
сая төгрөгийн татвар төлж байлаа гэж бодоход 2 хувь болгосноор 2 саяыг төлөхөөр болж
байх жишээтэй. Ингэж Улсын төсвийн орлого тасраад ирэхээр татвараа нэмдэг байж хэрхэвч таарахгүй. Татварын орчин тогтвортой байж жижиг аж ахуй нэгжүүд хөл дээрээ зогсоно. Баялаг бүтээнэ. Ажлын байр нэмэгдэнэ л гэж
би үздэг. Эдийн засгийн хямралд жижиг аж ахуй нэгжүүд ямар ч буруугүй шүү дээ. Улсын төсвийн тухай хуулиар улсын төсөвт тусгагдаж байгаа тоо болгон vнэн, бодит байх ёстой. Гэтэл хоёр жил худлаа тоо батлаад явсан. Тvvний vр дvн нь өнөөгийн эдийн засгийн хямралын үндэс болсон.

Та сая худлаа тоо оруулж ирдэг гэж хэллээ. Жаахан дэлгэрүүлээд тоо баримт хэлж болох уу. Иргэдэдээ энэ мэдээлэлийг бодитойгоор хүргэх хэрэгтэй гэж бодож байна.

Манай улсын нийт гадаад өр 19.8 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 14 хувь буюу 2.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн гэсэн үзүүлэлт гарсан л даа.. Үүний 4.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр. 2014 он гарснаас хойш эхний хагас жилд долоон хувь буюу 277 сая ам.доллараар нэмэгдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрын баталгаатай “Самуурай” бонд уг өр нэмэгдэхэд хүргэсэн гэж үзэж байгаа. Засгийн газрын болон түүний баталгаатай өр манай улсын ДНБ-ий 36 хувьтай тэнцэж байна. Хувийн хэвшлийн өрд банк болон бусад салбар, хөрөнгө оруулагчийн зээлийг хамруулан тооцдог. Тэгвэл хувийн хэвшлийн гадаад өр өнгөрсөн оныхоос 1.6 тэрбум ам.доллараар нэмэгдэж 14.2 тэрбум гаруй ам.доллар болжээ. Үүнээс банкны салбарын гадаад өр 1.4 тэрбум гаруй ам.доллар буюу 160 сая ам.доллараар нэмэгдээд байна. Уг зээлийг төлөлтийн 33 хувь нь урт, 15 хувь нь богино хугацаатай.

Аж ахуй нэгжийн өр 12.8 тэрбум ам.доллар байгаа юм. Аж ахуйн нэгжүүдийн энэ өрийн 83 хувь нь гадаадын хөрөнгө оруулагчаас авсан зээл. Засгийн газар ч, хувийнх ч бай энэ өрийг дарахад улсын эдийн засгийн байдал, экспортын орлогоос шууд хамаарна.

Төсвийн зарлагыг нэмэгдүүлж буй гол эх үүсвэрүүд хямрал дээр хямрал үүсгэж байна гэж та хэлэх гээд байна уу.

Яг тийм. Орлого буурч эдийн засаг хүндэрч буй өнөө үед зарлага нэмэгдүүлж буй гол эх үүсвэр нь өрийн эргэн төлөлт болж байна. Тухайлбал, Чингис бондын хүү. Тэгээд 2017 оноос Чингис бондын үндсэн өр, хүүг нь давхар төлж эхэлнэ. Ганц энэ бонд биш Хөгжлийн банкны 500 сая, Самуурай бонд гээд зээлийн эргэн төлөлт нэмэгдэх нь гарцаагүй. Иймд одооноос улсын төсвийг сахилга баттай

болгож илүү зардлаа танаж өрөө төлөх мөнгөн хуримтлал үүсгэх хэрэгтэй болж байгаа юм. Дампуурлаа зарлаж хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүдийн тоо олширсоор байгааг бодолцох ёстой. Үүнийг Татварын ерөнхий газарт энэ
онд гарган өгч буй Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаас тодорхой харж болно. Манай улсад 90 гаруй мянган аж ахуйн нэгж бий. Гэтэл эдгээрийн 30.8 хувь нь Х тайлан буюу үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлан гарган өгч байна. Мөн 14.4 хувь нь алдагдалтай ажилласан тул татвар төлөх боломжгүй. Дөнгөж 26.8 хувь нь л ашигтай ажилласан дүн мэдээ гарч байгаа юм. Улсын гадаад валютын орлого хомсдож төгрөгийн ханш суларсаар. ханшийн энэ өөрчлөлт нь өрийн дарамт үүсгэх бас нэг
гол шалтгаан болно. Зарим эдийн засагчдийн үзэж буйгаар төгрөгийн ханш жилд 10-15 хувиар унаж ирсэн гэсэн тооцоо гарсан. Тухайлбал, Монгол банкны судалгаанаас үзвэл өнгөрсөн онд төгрөгийн ханш 18.2 хувиар унасан үзүүлэлттэй байна. Энэ чинь иргэдийн хоол хүнс, хувцас хэрэглэлдээ зориулдаг цалин, тэтгэврийн хэд хүрэлцэхээ болиод байгааг хэлээд байгаа юм.

Шийдлийн засгийн газарт МАН хамтрах талаар яригдаж эхлэхэд та болон танай намын цөөн хэдэн гишүүд эсрэг байр суурьтай байсан гэж үнэн үү. Яг УИХ-ын чуулган дээр дэмжсэн гэдэг дээр кнопоо дарсан байсан л даа.

Засгийн газарт хамтрахын эсрэг байр суурьтай байсан минь үнэн. Нэгд эрх баригч нам маань өнгөрсөн хугацаанд хэт улс төрийн соёлгүй загнасан, хоёрт эдийн засгийн муу бодлого явуулсан, бас аль аль намд нь сонгогчдын хүлээлгэсэн итгэл гээд хувь хүний хувьд дэмжихгүй байх шалтгаан байсаан.
Гэхдээ МАН-ын бага хурлаас Улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн үед хамтрах шийдвэр гаргах нь зөв гэсэн шийдвэр гарсныг хүндэтгэж, бодолцож үзсэн. 

Ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилж таны сонгогдсон тойргийн сонин сонсоё. Хөвсгөлчүүд улирч байгаа оноо ямар үр бүтээлтэй үдэж байна. Таны хувьд сэтгэл хангалуун байгаа юу.

Ер нь дажгүй шүү. 2014 онд манай аймагт бүтээн байгуулалтын ажил боломжийн хийгдсэн гэж бодож байна. Бас хийж амжаагүй, шүүмжлэлтэй, анхаарах зүйлүүд ч байгаа. Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо. 2012 онд Ерөнхий сайдын зөвлөх байхдаа Уньтаас ирж байгаа замыг тосож Мөрөнгөөс замын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргуулж, замын ажлыг эхлүүлж байсан бол 2014 онд нийслэл хоттой бүрэн холбогдсон замын нээлтэд тууз хайчлаад зогсоход үнэхээр сайхан байсан. Засгийн газар, тэр дундаа зам тээврийн  яамныхан, нөгөө талаас замын компаниудад Хөвсгөлчүүдийнхээ өмнөөс дахин баярласнаа илэрхийлье. Үе үеийн засгийн газруудын үйл ажиллагааны залгамж чанар замын ажилд тусгалаа олсон гэж хэлмээр байна.

Эдийн засаг хямралтай гээд шинэ ажлуудыг төрөөс санхүүжүүлэхгүй гэсэн бодлогоор 2015 оны төсөв батлагдсан. Хөвсгөл аймагт шинэ бүтээн байгуулалт хийгдэх үү.

Манай аймагт 2015 оны улсын төсөвт 30 тэрбум 600 орчим сая төгрөг тусгагдсан. Ихэнх нь өмнөх жилүүдэд ажил нь эхлээд санхүүжилтгүй зогссон ихэнх сургууль, дотуур байр, эмнэлэг, цэцэрлэг, соёлын төвийн барилгуудын үлдэгдэл санхүүжилтийг байнгын хороонд санал оруулж УИХ-ын чуулганаар батлуулж чадсан. Шинэ бүтээн байгуулалтын хувьд хоёр гүүр шинээр тавигдана. Их–Уул сумын нутаг Сэлэнгэ мөрний Дөрөө хангинуурын гарам, Баянзүрх сумын Дэлэгмөрөнд гүүр тавигдах хөрөнгийг тусгуулсан. Мөн Мөрөн сумын дунд тойргийн 9.8 км хатуу хучилттай авто зам, Ханх-Моондын 23 км хатуу хучилттай авто замын хөрөнгүүдийг тусгуулсан байгаа. 

Таны аймагтаа хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн явц хэр байна.

Хөвсгөл аймгийн хөдөөгийн 88 багийг холбоожуулах, цахим эмнэлэг, цахим боловсрол, цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор санаачилсан “Цахим Хөвсгөл” хөтөлбөрийн хүрээнд холбоожуулах ажил хийгдэж бүх хөдөөгийн багууд үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбогдсон гэдгийг хэлмээр байна. Мөн ихэнх суманд шилэн кабель орсон. Аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын шийдвэрээр сумдад байгаа төрийн албан байгууллагуудаа интернэт орчинд холбох хөрөнгө тавигдаж ажлууд эхэлсэн. Үүнийг дээд доод шатандаа бие биенийхээ ажлыг дэмжиж, уялдаатай ажиллаж байгаагийн нэг хэлбэр гэсэн бодолтой байгаа.

Шинэ Мөрөн гэдэг хороолол хэзээ баригдах юм болоо гэсэн хүлээлт Мөрөнчүүдэд их байдаг бололтой юм билээ.

Шинэ Мөрөн хорооллын инженерийн шугам сүлжээний ажил 3.7 тэрбум төгрөгөөр хийгдсэн. Ирэх хавраас барилгын ажлууд эхлэнэ. Ер нь Шинэ Мөрөн хөтөлбөр бол дан ганц орон сууцны хороолол биш л дээ. Мөрөнчүүд тав тухтай амьдрахад юу саад болж байна. Мөрөнг юу муухай харагдуулж байна энэ бүхнийг л шинэчлэх хөтөлбөр гэж ойлгож болно. Жишээлбэл Мөрөн сумын зах дээр наймаа эрхлэдэг 3-4 мянган хүнийг яаж тохиолог ажлын байртай болгохов. Яавал хүйтэнд даарч, халуунд халж зогсоохгүй байхав гэдэг үүднээс шинэ битүү худлалдааны төв баригдаж ашиглалтад орох дөхлөө. Утаа ихэслээ гэж ярьдаг. Энэ дагуу Шинэ дулааны станц ашиглалтад бараг орчихлоо. Гэрэлтүүлэг, камержуулалт, замын ажлууд сайн хийгдсэн. Мөрөн сумын засаг даргатай хамтраад хямд үнэтэй түлшний цэгүүдийг Мөрөн сумын гэр хорооллуудын дунд байгуулсан. Нэг үе цэцэрлэгт хүрээлэнг хувийн зардлаар барьж байгууллаа. Инженерийн шугам сүлжээний ажлууд хийгдэж байна гээд хийсэн ажил бол байна. Харин Мөрөн сумын хүн амыг үндэслэн хотын статустай болгочих юмсан гэдэг хүсэл их байдаг. Энэ асуудал шийдэгдвэл өөрийн гэсэн эмнэлэгтэй болж, багуудад хүрч ажиллах төрийн үйлчилгээ сайжрана гэж хардаг. Өнөөдөр Хөвсгөл аймгийн бүх сум гэрэл цахилгаантай, бүх сумын төв, хөдөөгийн багууд нь гар утасны сүлжээтэй, бүх сумд шилэн кабель орж цахим орчин бүрдэж байна. Зам харилцаа илт сайжирлаа. Миний хувьд энэ бүх бүтээн байгуулалтын ажилд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө болсноосоо хойш ч хувийн хөрөнгө гаргаж гар бие оролцож явсан. Улсын төсөвт тусгуулах, ажлыг урагшлуулах талаар ч үе үеийн Засгийн газар, холбогдох яамдуудад хүсэлт тавьж ажиллаж байсан. Гэхдээ Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүд, тухайн үед сайд хийж байсан, шийдвэр гаргахад нөлөөлж байсан хүмүүсийн оролцоог заавал хэлэх хэрэгтэй гэж бодож явдаг шүү. Өнөөдрийн байдлаар Ханхаас бусад сумд маань төвийн эрчим хүчинд холбогдчихлоо. Одоо хүн амтай ихтэй томоохон багуудаа эрчим хүчинд холбох юмсан гэдэг бодол бий. Гэхдээ санхүүгийн хямрал, эдийн засгийн нөхцөл байдал яаж эргэх вэ гэдгээс шалтгаална. 2014 онд Тариалан сумын Артархи баг дээр 104 сая төгрөгийн хөрөнгөөр эрчим хүчний агаарын шугам татаж ажил нь 100 хувь хийгдсэн. Мөн Шинэ-Идэр сумын Баяннуур баг эрчим хүчинд холбогдоод байна. Төмөрбулаг сумын Тээл, Баянзүрх сумын 3 дугаар багийн эрчим хүчний шугамтай холбогдоход анхаарч өгөөрэй гэсэн хүсэлт ирсэн.  Хөвсгөл аймаг бусад аймгуудаас давуу талууд олон байдаг. Хүн ам, мал сүрэг, аялал жуулчлал гээд. Монголын томоохон үндэсний компанийг удирдаж явсан хүний хувьд улстөрчийн бус эдийн засагчийн өнцгөөс хардаг зүйл олон л байдаг байх даа.

Хөвсгөл аймгийн хөгжлийг өөр өнцгөөс харж чадаж байна уу гэж асуулаа. Хөвсгөл гэж нэг аймаг дээр ярих хэрэггүй байх. Шууд хэлэхэд төр хувийн хэвшлийнхээ ажлыг булаацалдаж хийгээд, төрийн өмчит компани гэдэг нэрээр хошуу дүрэхээ больж, Хувийн хэвшлээс шаарддаг элдэв зөвшөөрлийн тоогоо багасгаж, татвар, давхардсан хяналт шалгалтаа цэгцлэх цаг нь болсон.

Бизнесийн орчин Монголд муу байгаа талаархи зөвхөн нэг л жишээ хэлье. Өнөөдөр бизнес явуулахад нийт 1200 орчим лиценз зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Дээр
нь татварын албанд бүртгэлтэй 70-80 мянган
аж ахуйн нэгжийн бараг 70-80 хувьд нь жилд давхардсан хяналт шалгалт ордог. Өөрөөр хэлбэл, том, жижиг ялгаагүй нэг аж ахуйн нэгжид жилдээ 10-20 давхардсан шалгалт ордог гэж хэлэхэд болох байх. Мэргэжлийн хяналтын, татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн гээд шалгалтууд ордог юм байна л даа.

АТГ-аас, цагдаагаас ч бас шалгадаг. Ингэж
аж ахуйн нэгжүүдэд жилд 10-20 төрийн хяналт шалгалт хийж байгаа нь манайх шиг хөгжилтэй бусад улстай харьцуулахад дэндүү муу үзүүлэлт. Нөгөө талаас нэг аж ахуйн нэгж жилд 40 орчим нэр төрлийн санхүүгийн болон санхүүгийн
бус тайлан гаргадаг. Энэ бүхнийг аваад үзэхэд Монголд бизнесийн орчин өрсөлдөх чадвартай байж чадахгүй байгаа. Өрсөлдөх чадварыг сайжруулахад Хөрөнгө оруулалтын тухай хууль тодорхой үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа гэж хэлмээр байна. Өнөөдөр хуучин байсан улсын үйлдвэрүүдийг хэн орлож, ажлын байр бий болгож, хөл дээрээ зогсох гэж бор зүрхээрээ
цаг наргүй зүтгэж байгаа билээ. Нөгөө хувийн хэвшлийнхэн. Одоо хувийн хэвшлээ, баялаг бүтээгчдээ сайн дэмжээд өгөх хэрэгтэй. Тэгж байж хөгжил ирнэ. Боломжийг нь олго. Хөгжих замыг нээж чадахгүй юмаа гэхэд саад болохгүй байх хэрэгтэй.

Тэгэхээр төр өөрөөс хамаарах зүйлээ хийчихсэн гэж ойлгож болох уу?

Бизнесийнхний төрөөс хүсч байгаа зүйл
бол нэгд, татварын эрх зүйн орчин тогтвортой байх. Хоёрт, төрийн дарамт, хяналтын тоо цөөн байх ёстой гэж үздэг. УИХ-ын хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталлаа. Одоо лиценз зөвшөөрөлтэй холбоотой хуулийг цаг алдалгүй батлах юм бол жинхэнэ утгаараа бизнес эрхлэх бололцоо бий болно.

ЭРҮҮЛ МЭНД

Ер нь төрийн үйлчилгээний талаар иргэд сэтгэл дундуур байдаг. Ялангуяа эрүүл мэндийн салбарт хэл ам их гардаг. Таны хувьд Н.Удвал сайдад байнгын хорооны хурал дээр Эболо вирусээс илүү Элэгний хорт хавдар аюулыг харанга дэлдэж байна. Элэгний эмийн талаар иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эмийг яаралтай бүртгээч гэдэг дээр их дуугарсан даа.

Өө тэгсэн. Тэгсэн. Шинэ сайд томилогдоход
ч анхааруулж хэлсэн. Өнөөдөр манай улсын
хүн амын 15 хувь нь элэгний С вирусээр халдварлагдсан бөгөөд энэхүү вирус нь элэгний хорт хавдар, элэгний хатуурлын үндсэн шалтгаан болдог. Элэгний гаралтай өвчнөөр жилдээ 2400-2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын хоёрдугаарт орж байна. 2000
оны эхэн үеэс С вирусийн эсрэг эмийн судалгаа хурдацтай хөгжсөн ч шинэ эмүүд эмчилгээнд нэвтрэхгүй байгаад би шүүмжлэлтэй хандсан
л даа. Мөн Монгол улс хорт хавдар, элэгний вирусийн халдвараар дэлхийд тэргүүлж
байгааг Эрүүл мэндийн яам яагаад анхаарахгүй байгаа юм бэ гэдгийг байнга хэлдэг. Шинэ
сайд Л.Шийлэгдамба “Монгол улсад элэгний
С вирусыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг хэрэгжүүлэх болсныг надад мэдэгдсэн. Эхний ажлаа таны өгсөн даалгавараас эхэллээ шүү гэж.

Эрүүл мэндийн үйлчилгээнд иргэд сэтгэл дундуур байдаг гэдэг дээр хариулт өгсөнгүй.

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, даатгалын байгууллагын тогтолцоо, иргэдэд тулгарч буй асуудалд иргэд сэтгэл дундуур явдаг. Эрүүл мэндийн даатгал бол иргэдийг санхүүгийн эрсдлээс хамгаалах үндсэн зорилготой тогтолцоо. Харамсалтай нь манай улсад ийм тогтолцоо болж чадаагүй. Харин эсрэгээр гэнэтийн өвчин зовлон тохиоход хамаг хөрөнгөө зараад, эсвэл насан туршдаа өр зээлэнд баригдаад дуусдаг эмгэнэлтэй хувь заяа бидний дунд нийтлэг тохиолддог. Манай улсын өвчлөл их байгааг гадаадад эмчлүүлж байгаа мөнгөн урсгалаар нь харж болдог. Тэр дундаа элэгний эмчилгээнд Монголчууд Япон,
Солонгос, Герман, Энэтхэг улсуудад багагүй хөрөнгө оруулалт хийсэн судалгаа гараад байна. Өнгөрсөн жилд л гэхэд манайхан гадаадад эмчилгээ, оношлогоонд явахдаа 300 гаруй тэрбум төгрөг зарцуулсан дүн гарсан. Энэ том тоо шүү. Танд юм бодогдуулж байна уу.

Үнэхээр юм бодогдуулж байна. Энэ их зардлын цаана гэр бүлийн амьдрал, өр
шир гээд юм юм л нүдэнд харагдчихлаа.

Тэгэхээр юун түрүүнд сайн эм, сайн эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмж, чадварлаг эмч л сэтгэлд бууж байгаа биз дээ.

Үүний цаана хөрөнгө, санхүүжилтийн асуудал босч ирж таарна. Ийм учраас л ард иргэдээ эрсдэлээс авардаг эрүүл мэндийн даатгалын сайн тогтолцоог бий болгох ёстой гэж би хэлээд байгаа юм. Даатгалд хамрагдсан хүн төлсөн даатгалынхаа хэрээр сэтгэлдээ хүрсэн үйлчилгээг авдаг тогтолцоо байх ёстой. Төрөөс даатгалыг

нь даадаг хэсэг хүмүүс бий. Нийт эрүүл мэндийн даатгалын санд 180 орчим тэрбум төгрөгийн хураамж ордог. Түүний зөвхөн 10 гаран тэрбумыг төрөөс төлдөг. Цаана нь 170 орчим тэрбумыг хөдөлмөр эрхэлдэг хүмүүс өөрсдөө, мөн ажил олгогчоос төлж байна. Төрөөс даатгалыг нь төлдөг хүмүүст нийт даатгалын мөнгөний 80-

90 хувийг зориулдаг. Гэтэл даатгалын ихэнх хувийг бүрдүүлдэг хүмүүс нь сэтгэлдээ нийцсэн үйлчилгээ авч чаддаггүй. Шинжилгээ өгөхөд өөрөө мөнгө төлдөг, өндөр үнэтэй эмчилгээ оношлогоо хийлгэхэд даатгалаараа хамрагдаж чаддаггүй. Зөвхөн ганц жишээ дурдахад эмнэлгийн нийт зардлын 50 гаруй хувийг иргэд халааснаасаа төлдөг харамсалтай тогтолцоотой болжээ. Эрүүл мэндийн даатгалаас төлөгдөх ёстой зардал болох шинжилгээний мөнгө,
эм тарианы мөнгө, эмчилгээний мөнгө, мэс заслын төлбөр гээд бүгдийг иргэд төлж байгаа тохиолдолд иргэд маань яаж эрүүл мэндийн даатгалд итгэх вэ. Мэдээж хэрэг иргэдийн даатгалд хамрагдах сонирхол нь буурсаар л байх болно. Бид энэ хуулийг өөрчилж сайн хууль болгон баталж чадвал олон жил ярьсан эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээ, эмч нарынхаа асуудлыг ч шийдэж чадна.

Мөн та тухайн иргэн хувийн, улсын аль ч эмнэлэгт үзүүлдэг, үйлчилгээ авдаг байх хэрэгтэй гэж байсан.

Эрүүл мэндийн даатгалын менежментийг зөв зохион байгуулж, хувийн, улсын гэж ялгалгүй санхүүжилт өгдөг болчих юм бол даатгуулагч иргэн эмчээ, эмнэлгээ, эмчилгээгээ өөрөө сонгоод үйлчлүүлэх боломж бүрдэнэ. 

Тэгэхгүй бол даатгуулагч иргэн улсын эмнэлэгт очоод үзүүлдэг. Гэтэл та тийм эмнэлэгт очоод дурандуулаад ир, тийм эмнэлэгт очоод зурагаа авахуул, тийм эмийн сангаас энэ эмийг аваад
ир гэх мэтээр иргэдийг шахаанд оруулж байна. Улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч хувийн эмнэлгийнхээ бизнесийг дэмжээд байна гэсэн
үг л дээ. Ер нь хувийнх ч бай хувьсгалынх ч бай эмнэлгүүд чанартай үйлчилгээ, менежментээрээ шударга өрсөлдөөд явах учиртай шүү дээ. Бас нэг зүйл нэмж хэлэхэд эмч болон эрүүл мэндийн Эмч, эмнэлгийн ажилтны буруугаас эрүүл мэндээрээ хохирч үлдэх тохиолдол олон гарч байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагын даатгалын

тухай хуулийг батлах шаардлагатай гэж боддог.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагын даатгалын тухай хуульд Эмнэлгийн байгууллага нь бас хариуцлага хүлээдэг зүйл заалтыг нэмж өгмөөр санагдаж байна.

Та зөв харжээ. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагын цаана энэ хүмүүсийнхээ ажил үйлчилгээнд хяналт тавьдаг тогтолцоо маш суларсан. Би нэг жишээ хэлье. Нэг эмнэлгийн тархины зураг авдаг томографикийн тоног төхөөрөмжинд нь ялаа ороод үхчихсэн байсныг мэдэлгүй маш олон хүнийг тархины хорт хавдартай байна гээд оношилсон байсан. Тэр хүмүүс өч төчнөөн зардал гаргаж Солонгос ч юм уу аль нэгэн оронд очиж өндөр үнэтэй оношлогоонд орсон. Энэ бол байж боломгүй жишээ байгаа биз. Ийм нөхцөл байдал үүсэхэд хэн хариуцлага хүлээж байна. Хэн ч биш. Иргэн л хохирч үлдэж байгаа шүү дээ. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн хариуцлагын тухай хуулиудыг цаг алдалгүй батлах хэрэгтэй байгаа юм. Ажлын хэсэгт нь голчлон ажиллаж байгаа хүний хувьд салбарынх нь дотоод асуудлыг нарийн сайн судлах шаардлага их гардаг юм байна. 

Та бид хоёр нилээд удаан ярилцлаа. Одоо боловсролын салбарын талаар хэдэн асуулт тавья. Төсвийн тодотголоор багш нарын 36 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийн 12 сар болгох тухай яриа гараад ирсэн ш дээ.

Боловсролын багц хуулийг батлахдаа тэтгэвэрт гарч байгаа багшид 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэсэн заалт оруулсан. Гэтэл Сангийн яаманд 2015 оны төсвийг тодотгох хүрээнд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг 12 сар болгон бууруулах төсөл оруулж ирсэн л дээ. Ийм байдлаар үнэлээд эхлэх юм бол боловсролын салбарт багшлах

багш олдохгүй болно. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, мэргэжилтнүүдийн ганц хорогдож байгаа юм нь нэг удаагийн тэтгэмж. Үүнийг хасч болохгүй. Мөн хөдөөгийн сургуулийн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарахгүй бол сургуулийнхаа дотуур байранд амьдардаг багш олон байна. Мөн энэ намар зарим сумдын багш нартай тусгайлан уулзахад хуулинд өөрчлөлт оруулах хэд хэдэн зүйл хэлсэн.
6 настай хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нарын ажлын ачаалал их байдаг учраас хүүхдийн нэг багшид оногдох тоог цөөлөх, эсвэл туслах багшийн орон тоог нэмэх, Мөн бага ангийн багш нарыг улиралд нэг удаа заавал аймийн төв орж нарийн мэргэжлийн оношлогоо хийлгэх журам гарсан нь алслагдсан сумын олон багш нарыг чирэгдүүлж байгаа. Энэ оношлогоог тухайн сумынх нь Эрүүл мэндийн төв дээр хийчих бүрэн боломжтой. Ийм ийм асуудлууд байна.

Төсвийн тодотгол дээр багш нарын 36 сарын тэтгэлгийн асуудал дээр та баттай зогсох юм байна гэж ойлголоо.

Тийм ээ. Байр сууриндаа хатуу зогсоно оо.
Багш нарын 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж боловсролын салбарынхад урам өгч цаашлаад байрын багш, туслах багш, ажилтнууд энэ тэтгэмжид хамрагдах хүсэлтээ байнга илэрхийлдэг. Хөдөө орон нутагт бол ачааны хүндээс үүрэлцэж байгаа эдгээр хүмүүст багш нартай адилхан тэтгэжмийг нэмж оруулах шаардлагатай.

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал их хөндөгддөг. Зарим яамны барилгыг сургууль болгох тухай ч яригдаад эхэллээ. Харин хөдөө орон нутагт энэ асуудал их хөндөгдөж байна уу.

Монголын багш нарын баярыг тохиолдуулан сум бүрээс санал асуулга явуулж шилдэг 27 багшийг нийслэл хотод зохион байгуулагдсан Монголын шилдэг багш нарын арга хэмжээнд оролцох бүх зардлыг ивээн тэтгэж оролцууллаа. Нийслэл хотоос ямар ч ялгаагүй. Дээр нь хөдөө орон нутгийн сургуулийн дэргэд заавал дотуур байр байх шаардлага үүсдэг. Дотуур байр бол хүүхдүүдийн гэр орон нь. Тийм болохоор хүүхдүүдийг дааруулах, нэг өрөөнд олноор оруулж тохь алдуулахгүй байх нь төрийн үүрэг. Цэцэрлэгийн эрхлэгч, багш, бага ангийн багш нарын ачаалал бүр илүү байдаг. Жишээлбэл манай аймгийн Жаргалант суманд шинэ хүүхдийн цэцэрлэгийн барилга чухал шаардлагатай байгаа. Цэцэрлэгийн эрхлэгч, багш нар хамжаад жил бүр будаг шунх түрхэж, ганц нэг цонх шиллэх зэргээр аргалж байна. Ингэж хэдий хол явах юм бэ. Жил бүр холбогдох яаманд хүсэлт тавьдаг. Шийдвэрлэгддэггүй нэг цэцэрлэгийн асуудалтай. Энэ жил 2015 оны төсөвт тусгуулах гэсэн боловч ажил нь эхлээд санхүүжилт зогссон барилга байгууламжаа гүйцээе гэдэг бодлогоор төсөв батлагдсан. 2016 оны төсөвт яаж ийж байгаад тусгуулах бодолтой байгаа. Ер нь санхүүжилт нь зогссон сургууль цэцэрлэгээ 2015 онд ашиглалтанд оруулахгүй бол том том балгас л үлдэх аюул нүүрлээд байсан. Таны хэлдгээр шинэ сургууль цэцэрлэгийн хүлээлт, эрэлт маш их байна шүү дээ. Мөрөн суманд гэхэд усан бассейнтай 640 хүүхдийн сургуулийн барилга баригдаад дуусч байна.

Гэтэл төр гүйцэтгүүлсэн ажлынхаа санхүүжилтийг өгдөггүй, зураг төсвийг нь гэнэт өөрчлүүлдэг байдлаас болж нэг талаас хүүхдүүд, нөгөө талаас хувийн хэвшлийнхэн хохирч байна. Үүний цаана төрөөс мөнгөө авч чадаагүй компаниуд их хэмжээний зээлийг банкнаас авчихсан. Эргээд банкны чанаргүй зээлийн хэмжээ ихэсч банк санхүүгийн салбарыг эрсдэлд оруулах аюултай.

Хөдөө хотын багш нарын ялгаа их байна гэж ярьдаг. Энэ ялгааг яаж арилгах вэ. Дандаа л хөндөгдөж байдаг асуудал.

Эхлээд багш нарын нийгмийн асуудлыг ярихгүйгээр боловсролын чанарт дэвшил гарна гэж байхгүй. Сайн сургууль, сайн багшийн

төлөөх өрсөлдөөн нийслэл хотод өндөр цалингаар хэмжигдэж байна. Гэтэл хөдөө орон нутагт ажиллаж байгаа чадварлаг багш хувийн сургуулийн багш нар шиг өндөр цалин авч чадахгүй байгаа ш дээ. Тиймээс багшийн үнэлэмжийг сайжруулдаг эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байна. Энэ шинэчлэлийг багшийн зэрэг олгох асуудлаас эхлээд шийдээд явах хэрэгтэй. Саяхан Монгол банкнаас хөдөө орон нутагт амины орон сууц худалдан авахад зориулж 8 хувийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр болсон. Энэ бол залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллахад их дэм болно. Насаараа багшилсан хүн үр хүүхдүүдтэйгээ нийлээд тохилог амины орон сууцанд амьдрах боломж бүрдэж байна. Харин банкууд энэ зээлийн талаарх мэдээллийг иргэддээ сайн өгөх шаардлагтай байна. Би нэг зүйлийг нилээд удаан ажигласан. Тэр юу вэ гэхээр багш нар маань өөрсдийнхөө асуудлыг ярихаасаа илүү манай сургуульд ширээ сандал, их засвар, орчин үеийн кабинет л хэрэгтэй байна гээд байдаг. Форумын хувцасаа авч чадахгүй байгаа хүүхдүүдийн нэрсийг нь хүртэл бичээд өгөх жишээтэй. Багш нар эрүүл мэндийнхээ асуудалд хамгийн их анхаарах ёстой гэж харагддаг. Байнгын чимээ шуугианд ачаалал стресс ихтэй. Байнга зогсоно. Олон хүний амьсгал, шохойны тоосжилт гээд тооцвол зөндөө л юм гарна. Багш нар нэгдээд саналаа боловсруулж Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиудад нарийвчлан тусгуулах боломжтой гэж хардаг.

Багш нар тулгамдсан асуудлаа төлөөлөл болсон УИХ-ын гишүүнээр дамжуулж хуулинд тусгуулах эрх нь бүрэн байгаа гэж хэлмээр байдаг. 2014 оны хувьд Боловсролын сайдад хүсэлт гаргаж 50 гаран сая төгрөгийн тоног төхөөрөмжийг аймгийнхаа сургуулиудад хүргүүлсэн. 2015 оны Улсын төсөвт ажил нь эхлээд зогссон бараг бүх сургууль, цэцэрлэг, дотуур байрны үлдэгдэл санхүүжилтийг тусгуулж, Мөрөн 2 дугаар суругуулийн спорт заалыг шинээр барих хөрөнгийг тусгуулж чадсан шүү гэдгийг багш нартай уламжлахад таатай байна.