ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Нийгмийн даатгалын тухай хууль

Хууль санаачлагч: Засгийн газар

Хуулийн танилцуулга

Нийгмийн даатгалын тухай хуульд       нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Нийгмийн даатгалын тухай  хууль 1994 онд  батлагдснаас хойш 20 жил болж, энэ хугацаанд уг хуульд 10 шахам нэмэлт, өөрчлөлт оруулсан ч  нийгмийн даатгалын одоогийн мөрдөж  хуулийн зарим зүйл заалт нь өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг   зохицуулах боломжгүй болж,  практик амьдралд  хэрэглэхэд ойлгомжгүй, нөхцөл үүсгэж байна.

Түүнчлэн Монгол улсын үндэсний цөөнх болох цаатан иргэд нь амьдралын онцлог байдал, аж төрөх хэв шинжээсээ шалтгаалан байнгын тогтвортой орлогогүй, төв суурин газраас алслагдмал амьдарч цаа бугаа даган байнга нүүдэллэн амьдардагаас шалтгаалан нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байна. Тайгад амьдардаг цаатан иргэдийн ирээдүйн нийгмийн баталгааг хангах талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах шаардлага гарч байна. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 2013 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар 583 цаатан иргэн оршин сууж байгаагаас  54,3 хувь буюу 317 нь цаа буга маллан тайгад амьдарч, бусад нь талд болон сумын төвд  амьдарч байна. Тайгад амьдарч байгаа 317 цаатан иргэнээс 129 нь 0-18 насны хүүхэд, 24 нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч, 164 хүн нь насанд хүрсэн цаатан иргэд байна.

            Эдгээр иргэдийн тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (192,000төгрөг)-нээс  даатгуулагчийн төлөх хувиар тооцвол нэг иргэнд жилд 179,7мянга, нийт 164 иргэнд 29,5 сая төгрөгийн зардал гарах тооцоотой байна. 

 

Түүнчлэндаатгуулагч  ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаа, авч байсан цалинтайгаа уялдаатай тэтгэвэр  тогтоогдох зарчим, бодлого алдагдах сөрөг үр дагавар бий болж байгааг арилгах зорилгоор тус хуулийн холбогдох заалтыг өөрчлөншинэчлэхшаардлагатайг  харуулж  байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын дагуу  Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд зааснаар  ажил олгогч нь иргэнтэй байгуулсан гэрээгээр  тохирсон цалин хөлс, орлогод шимтгэл ногдуулахгүй байх, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг нь тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг зохицуулаагүй талаар шүүхийнхэд хэдэнудаагийн  шийдвэр гарч, энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд  маргаан үүсч,  хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, хэрэгжүүлэхэд  даатгуулагч, даатгагчийн хооронд саналын зөрүү бий болсныг одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд шийдвэрлэхэд  хүндрэлтэй байгаа учир уг харилцааг  гагцхүү  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар нэг мөр болгох шаардлагатай байна.

 

Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл боловсруулах болон санхүүгийн тайлан гаргах, тайлагнах  цагалбар нь 2013 оноос мөрдөж эхэлсэн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2, 8.9-д заасантай зөрчилдөж байгаа тул  уг хуультай нийцүүлэн нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл зохиох, сангийн гүйцэтгэлийн тайлан гаргах, тайлагнах цагалбарыг өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан болно.

 

Түүнчлэн тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг батлах тухай  хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд зарим хөдөлмөрийн нөхцөл дутуу  байгаа бөгөөд өнөөдөр 1970-иад  онд баталсан хууль эрхийн актыг мөрдөж, уг жагсаалтыг ямар байгууллага тогтоох асуудал ч бүрхэг хэвээр байна. Нөгөөтэйгүүр, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хортой, хүнд нөхцөлд ажилласан хугацааг харгалзан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамааруулан өндөр насны тэтгэвэр тогтоохоор хуульчилсан нь  Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсэгтэй зөрчилтэй байна. Иймд эдгээр заалтыг нийцүүлэх зорилгоор 15 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт өөрчлөлт оруулав.

 

Даатгуулагч үндсэн болон давхар ажил эрхэлж авсан цалин хөлс, орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын төрөл тус бүрээр  төлдөг. “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль”-д ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олголтыг түдгэлзүүлэхээр зохицуулсан байдаг.Энэ нь тухайн даатгуулагч үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж байгаа ажлаасаа чөлөөлөгдөх үед ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй гэсэн үг юм. Иймд хуулийн төсөлд даатгуулагчийн үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж авсан цалин хөлс, орлогоос ажилгүйдлийн тэтгэмжийн шимтгэл тооцохгүй байхаар тусгасан болно.

 

Хэрвээ дээр дурдсан асуудлуудыг хуулиар нэг зохицуулахгүй бол нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн асуудлаар ажил олгогч болон  даатгалын байгууллагын хооронд маргаан, зөрчил, үл ойлголцол бий болохын зэрэгцээ тэтгэвэр бодоход баримтлах цалин хөлс, орлогын дээд хэмжээг тогтоох харилцааг хуульчлаагүйгээс тэтгэврийн даатгалын сангийн алдагдал өсч,   тэтгэврийн зөрүү бий болж, улмаар зарим иргэдийн тэтгэврийн хэмжээ шимтгэл төлсөн хугацаанаас төдийлөн хамааралгүйгээр үндэслэлгүйгээр нэмэгдэх, нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл боловсруулах, санхүүгийн тайлан гаргах, тайлагнах  хугацаа Төсвийн тухай хуультай нийцэхгүй байх зэрэг сөрөг үр дагавар   гарах юм.

 

Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт аливаа сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд дараах эерэг үр дагавар бий болно. Үүнд:

1. Цаа буга маллан тайгад амьдарч буй цаатан иргэд нийгмийн даатгалд   хамрагдснаар өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр,  хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж авах эрх үүсч, нийгмийн баталгаа нь хангагдана.

2. Даатгуулагч ажил олгогчтой байгуулсан гэрээний дагуу нийгмийн даатгалд хамрагдан нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тэтгэвэр, тэтгэмж бодоход баримтлах цалин хөлс орлогын хэмжээ өсч, улмаар түүний орлогын баталгаа нь хангагдах боломж бүрдэнэ.

3.Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоох хөдөлмөрийн газрын дор, хортой, халуун, хүнд нөхцлийн ажил мэргэжлийн жагсаалтыг батлах асуудал тодорхой болсноор одоо мөрдөж буй хууль эрх зүйн актын зөрчилтэй байдал цэгцэрч, ойлгомжтой болно.

4.   Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл тооцох, тэтгэвэр, тэтгэмж тогтоох хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох асуудал хуульчлагдсанаар  иргэд, даатгуулагч, даатгалын байгууллага, хууль, хяналтын байгууллагын  хоорондын маргаан, зөрчлийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.

5.Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх, тайлагнах хугацаа тодорхой болж, хуулийн холбогдох заалтын зөрчилтэй байсан  харилцааг зохицуулна. Сайн дураар даатгуулагч нь шимтгэл сар, улирал, хагас жилээр төлөх уян хатан нөхцөл бүрдэнэ.

6.Нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл боловсруулах, сангийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан гаргах, тайлагнах цагалбар Төсвийн тухай хуультай нийцэж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх боломжтой болно.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтын эрх зүйн чадамжийг сайжруулах зорилгоор “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл нь нийт 5 зүйлтэй бөгөөд Нийгмийн даатгалын тухайн хуульд 2 хэсэг нэмж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 1 зүйл, 7 хэсэг, 1 заалтад тус тус өөрчлөлт оруулж байгаа болно. 

 

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Өргөн барьсан

2015-06-04

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
2015-06-04