ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Чөлөөт бүсийн тухай /Шинэчилсэн найруулга/

Хууль санаачлагч:

Хуулийн танилцуулга

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

 

 2015  оны  02  сарын  12  өдөр                                                        Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

            1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

           

1.1.Энэ хуулийн зорилт нь чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний байршил, удирдлагын эрх хэмжээ, хяналтын тогтолцоо, чөлөөт бүсэд мөрдөх татвар, гааль, шалган нэвтрүүлэх, хуулийн этгээдийн болон иргэний бүртгэл, хөдөлмөр эрхлэлтийн тусгай дэглэмийн эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

            2 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомж

           

2.1.Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

           

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

           

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

                       

3.1.1.“чөлөөт бүс” гэж гаалийн татвар болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсгийг;

 

3.1.2.“чөлөөт бүс дэх үйл ажиллагааны тусгай дэглэм” гэж хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологийг нэвтрүүлэх, экспортыг дэмжих, аялал жуулчлал, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг гаалийн татвар болон бусад татвараас хөнгөлөх, чөлөөлөх, шалган нэвтрүүлэх, бүртгэх, гаалийн хяналт тавих, чөлөөт бүсэд зорчих, хөдөлмөр эрхлэх хөнгөвчилсөн нөхцөлийн талаар энэ хуульд заасан тусгай зохицуулалтыг;

3.1.3.“гаалийн нутаг дэвсгэр” гэж Гаалийн тухай хуулийн[2] 4.1-д заасныг; 

3.1.4.“гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт” гэж Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг;

 

3.1.5.“тарифын бус хязгаарлалт” гэж Гаалийн тухай хуулийн 3.1.14-т заасныг;

 

3.1.6.“худалдааг хөнгөвчлөх” гэж Хилийн боомтын тухай хуулийн[3] 4.1.13-т заасныг;

 

3.1.7.“зураасан код” гэж Хилийн боомтын тухай хуулийн 4.1.14-т заасныг;

3.1.8.“чөлөөт бүсэд зорчих” гэж Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан болон хувийн хэргээр чөлөөт бүсэд нэвтрэхийг;

 

3.1.9.“монголын бараа” гэж Гаалийн тухай хуулийн 3.1.2-т заасныг;

3.1.10.“чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн бараа” гэж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулсан нэмэгдсэн өртгийн  40-өөс дээш хувь нь чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт бий болсон барааг;

 

3.1.11.“хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ, ӨӨРЧЛӨХ, ТАТАН БУУЛГАХ

 

4 дүгээр зүйл.Чөлөөт бүс байгуулах зорилго 

           

            4.1.Чөлөөт бүс байгуулах зорилго нь тухайн бүсэд эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино.

 

            5 дугаар зүйл.Чөлөөт бүс байгуулахад баримтлах зарчим,

угтвар нөхцөл

 

5.1.Чөлөөт бүсийг байгуулахад төрөөс дараах зарчим, нөхцөлийг баримтална:

 

5.1.1.бизнесийг дэмжих зорилгоор нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөнд суурилсан байх;

 

5.1.2.чөлөөт бүс байрлах бүс нутагт авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх буюу эдгээр дэд  бүтцийг хөгжүүлэх боломжтой байх;

 

5.1.3.чөлөөт бүсэд ашиглах усны нөөц, эрчим хүчний хангамжтай байх;

5.1.4.хот байгуулалтын норм, дүрэм, стандарт, орон зайн нөхцөлийг хангасан байх;

 

5.1.5.чөлөөт бүс байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, байгууллага итгэл үнэмшилтэй ажиллах таатай орчин, нөхцөл бий болгох;

 

5.1.6.байгаль орчинд ээлтэй байх;

5.1.7.бүс нутгийн тогтвортой хөгжил, орон нутгийн эдийн засгийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөөтэй байх.

           

            6 дугаар зүйл.Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах,

                                                 түүний хилийн цэс, байршлыг тогтоох

 

6.1.Монгол Улсад чөлөөт бүс байгуулах, түүний байршил, чөлөөт бүсэд олгох газар нутгийн хэмжээ, хилийн цэсийг тогтоох, өөрчлөх, татан буулгах, үйл ажиллагааны чиглэл, төрлийг тогтоох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

 

6.2.Чөлөөт бүсийг хилийн боомтын болон Засгийн газрын санал болгосон бүс нутагт байгуулна.

 

6.3.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна.

                                        

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЧӨЛӨӨТ БҮСИЙН УДИРДЛАГА

 

            7 дугаар зүйл.Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллагын бүрэн эрх

 

7.1.Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

7.1.1.чөлөөт бүсийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг боловсруулах;

 

7.1.2.чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах талаар санал боловсруулж, Засгийн газарт оруулах;

 

7.1.3.чөлөөт бүсийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах;

 

7.1.4.чөлөөт бүсийн үйл ажиллагааг жил бүр Засгийн газарт тайлагнах;

7.1.5.чөлөөт бүсийн талаарх төрийн зохицуулалт, үйл ажиллагаатай холбоотой төсвийг боловсруулах;

 

7.1.6.чөлөөт бүс дэх төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

 

7.1.7.чөлөөт бүсэд зээл, тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийг удирдлагаар хангаж, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;

 

7.1.8.чөлөөт бүсийн хөгжлийн төсөл болон чөлөөт бүсийн талаар Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;

 

7.1.9.чөлөөт бүсийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батлах;

7.1.10.энэ хуулийн 21.1-д заасан Хөрөнгө оруулагчдын зөвлөлөөс санал болгосон төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулахад тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох.

 

8 дугаар зүйл.Чөлөөт бүсийн захирагч, түүний бүрэн эрх

 

8.1.Чөлөөт бүсийн захирагч  чөлөөт бүсэд төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн.

 

8.2.Чөлөөт бүсийн захирагчийг чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

 

8.3.Чөлөөт бүсийн захирагч ажлаа чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна.

 

8.4.Чөлөөт бүсийн захирагч ажлын албатай байх бөгөөд уг ажлын албаны бүтэц, орон тоо, зардлын хязгаарыг  Засгийн газар тогтооно.

 

8.5.Чөлөөт бүсийн захирагч тогтоосон загварын тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

8.6.Чөлөөт бүсийн захирагч эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах бөгөөд уг захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өөрчлөх буюу хүчингүй болгоно.

 

            8.7.Чөлөөт бүсийн захирагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

8.7.1.чөлөөт бүсийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар чөлөөт бүсийг төлөөлөх, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах;     

 

8.7.2.чөлөөт бүсийн хөгжлийн хөтөлбөр, төсвийн төслийг боловсруулж, батлуулан хэрэгжилтийг зохион байгуулах;

 

8.7.3.чөлөөт бүсийн нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл хийх;

8.7.4.чөлөөт бүсийн ажиллах хүчний болон хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх;

8.7.5.чөлөөт бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн өмчийн барилга байгууламжийн ашиглалтыг хариуцах, хяналт тавих;

 

8.7.6.чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэлээс хасах;

 

8.7.7.чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох;

 

8.7.8.энэ хуулийн 21.1-д заасан Хөрөнгө оруулагчдын зөвлөл болон бусад байгууллагатай хамтран ажиллах;

 

8.7.9.чөлөөт бүсэд гарал үүсэл нь тодорхой, барааны тэмдэг, зураасан кодтой барааг худалдах талаар аж ахуй эрхлэгчид шаардлага тавих;

 

8.7.10.чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт нийгмийн хэв журмыг сахиулах, галын аюулаас хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх зэрэг үйлчилгээг зохицуулж хэрэгжүүлэх;     

 

8.7.11.чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тамхи худалдах, эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу олгох.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

 ТУСГАЙ ДЭГЛЭМ

 

            9 дүгээр зүйл.Чөлөөт бүс дэх үйл ажиллагааны тусгай

                                                  дэглэмийн зохицуулалт

 

9.1.Чөлөөт бүсэд гаалийн, визийн, Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн зорчих, хуулийн этгээдийн бүртгэлийн, валют зохицуулалтын, мэргэжлийн хяналтын, хөдөлмөр эрхлэлтийн, татварын болон бусад тусгай дэглэм үйлчилнэ.

 

9.2.Чөлөөт бүс дэх төрийн үйлчилгээ нь худалдаа, татварын харилцаа, бизнес, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх цахим нэг цонхны үйлчилгээнд суурилна.

 

10 дугаар зүйл.Чөлөөт бүс дэх гаалийн тусгай дэглэм

           

10.1.Барааг чөлөөт бүсэд оруулахад дараах баримт бичгийг үндэслэн  гаалийн бүрдүүлэлт хийнэ:

 

10.1.1.хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах бараанд ачааны манифест, тээврийн баримт бичиг, шаардлагатай тохиолдолд холбогдох зөвшөөрөл, лиценз;

 

10.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулах бараанд энэ хуулийн 10.1.1-д заасан баримт бичгээс гадна татвар төлсөн баримт.

10.2.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн[4] 38.1.4-т зааснаас гадна зорчигчийн худалдан авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.

 

10.3.Хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргах бараанд тарифын бус хязгаарлалт тогтоохгүй.

 

10.4.Барааг хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.

 

10.5.Чөлөөт бүсэд нэвтрүүлж байгаа бараанд эрсдэлд суурилсан гаалийн хяналтыг тавина.

 

10.6.Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн байгууллагатай цахим мэдээллийн сүлжээнд холбогдсон байх бөгөөд чөлөөт бүсэд нэвтрүүлсэн барааны бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлнө.

 

11 дүгээр зүйл.Чөлөөт бүс дэх визийн тусгай дэглэм 

           

            11.1.Хилийн боомтод байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй, гуравдагч улсын иргэн харилцан зорчих нөхцөлийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зорчино.

 

11.2.Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй болон "орох-гарах" визтэй гадаадын иргэн оршин суух болон визийн байх хугацаанд аль ч чөлөөт бүсэд визгүй зорчино.

 

 11.3.Энэ хуулийн 11.1-д заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүний визийн байх хугацаа болон визгүй зорчих хугацааг нэг удаад 30 хүртэл хоногоор сунгаж болно.

 

  11.4.Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн чөлөөт бүсэд дараах баримт бичгийн аль нэгийг шалгуулан нэвтэрнэ:         

           

            11.4.1.Монгол Улсын иргэн гадаад паспорт, иргэний үнэмлэх, эсхүл жолооны үнэмлэх;

 

            11.4.2.гадаадын иргэн, харьяалалгүй хүн гадаад паспорт, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;

           

            11.4.3.Монгол Улсын 16 насанд хүрээгүй иргэн төрсний гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг.

           

12 дугаар зүйл.Чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн

бүртгэлийн зохицуулалт

 

            12.1.Чөлөөт бүсэд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд дараах баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлнэ:

12.1.1.Монгол Улсын хуулийн этгээд бол өргөдөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бүртгэлийн хураамж төлсөн баримт;

 

            12.1.2.гадаад улсын хуулийн этгээд бол өргөдөл, гадаад улсын хуулийн этгээдийг гэрчилсэн баримт бичгийн хуулбар, итгэмжлэл, бүртгэлийн хураамж төлсөн баримт.

 

12.2.Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба энэ хуулийн 12.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор  хянаж, холбогдох журамд заасан шаардлага хангасан гэж үзвэл чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох ба уг гэрчилгээ нь зөвхөн  тухайн чөлөөт бүсэд хүчин төгөлдөр үйлчилнэ.

 

12.3.Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн болон хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүр хүргүүлнэ.

        

12.4.Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд бүртгүүлсэн хуулийн этгээд нь бусад хуулийн этгээдтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болох бөгөөд чөлөөт бүсэд гэрээгээр хамтран ажиллах хуулийн этгээд энэ хуульд заасны дагуу бүртгүүлж, чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ авна.

 

12.5.Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг дараах үндэслэлээр чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасна:

 

12.5.1.хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эхлүүлээгүй;

 

12.5.2.үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа нь өөрөөс хамаарах шалтгаанаар тасалдсан, зогссон;

 

12.5.3.татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан.           

 

13 дугаар зүйл.Чөлөөт бүс дэх төлбөр тооцоог гүйцэтгэх

          зохицуулалт

                       

13.1.Чөлөөт бүсэд төлбөр тооцоог үндэсний болон гадаад валютаар гүйцэтгэнэ.

 

 13.2.Чөлөөт бүсэд банк, банк бус санхүүгийн байгууллага, түүний  салбар нэгж байгуулахтай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

 

14 дүгээр зүйл.Чөлөөт бүс дэх мэргэжлийн хяналтын зохицуулалт

 

14.1.Чөлөөт бүс дэх мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын төв байгууллага уялдуулан зохицуулна.

 

14.2.Дараах үндэслэлээр хяналт шалгалт хийнэ:

 

            14.2.1.гаалийн хяналтын явцад мал, амьтан, ургамал, хорио цээртэй холбоотой зайлшгүй шалгах шаардлага гарсан;

 

            14.2.2.чөлөөт бүс доторх бараа бүтээгдэхүүн, хүнсний эрүүл ахуй, барилга байгууламжийн чанар, байгаль орчны бохирдолтой холбоотой гомдол ирсэн.

                       

15 дугаар зүйл.Чөлөөт бүс дэх хөдөлмөр эрхлэлтийн тусгай дэглэм

 

15.1.Чөлөөт бүсэд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулахад Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн[5] 4.1.4 дэх заалт хамаарахгүй.

 

15.2.Чөлөөт бүс дэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсэн бол ажлын байрын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөнө.

 

15.3.Чөлөөт бүсэд ажиллаж байгаа хуулийн этгээд өөрийн ажилтныг чадваржуулах, мэргэшүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд зардлыг тухайн жилийн татвар ногдох орлогоос хасаж тооцно. 

 

16 дугаар зүйл.Чөлөөт бүс дэх татварын тусгай дэглэм

 

16.1.Чөлөөт бүсэд татварын дараах хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчилнэ:

 

            16.1.1.хилийн чанадаас чөлөөт бүсэд импортолсон бараанд импортын гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй;

 

            16.1.2.импортын гаалийн, онцгой болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлж гаалийн нутаг дэвсгэрт оруулсан барааг чөлөөт бүсэд оруулахад татвар ногдуулахгүй бөгөөд гаалийн нутаг дэвсгэрт тухайн татварыг төлсөн баримтыг үндэслэн бусад татвараас хасалт хийж буцаан олгох;

 

            16.1.3.монголын барааг гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулахад нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хувь хэмжээгээр ногдуулах;

 

16.1.4.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.4-т зааснаас гадна зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх;

 

            16.1.5.энэ хуулийн 16.1.4-т зааснаас бусад барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон бусад татварыг холбогдох хуулийн дагуу ногдуулах;

 

            16.1.6.барааг чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад татвар ногдуулахгүй;

16.1.7.чөлөөт бүсэд бүртгэлтэй иргэн, хуулийн этгээдийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй.

           

16.2.Энэ хуулийн 10.2, 16.1.4-т заасан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалтыг Засгийн газар тухай бүр нь баталж болно.

 

16.3.Энэ хуулийн 10.2, 16.1.4-т заасан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараанд онцгой албан татвар ногдох бараа, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн хамаарахгүй.

 

16.4.Чөлөөт бүсэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дараах хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчилнэ:

 

16.4.1.чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх;

 

16.4.2.чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад 300.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогын албан татварын хөнгөлөлт  үзүүлэх;

 

            16.4.3.чөлөөт бүсэд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн татварын тайлангаар гарсан алдагдлыг бүтээн байгуулалтын ажил дуусаж, зорилтот үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа эхэлсний дараагийн таван жилд албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцох.

 

16.5.Чөлөөт бүсэд энэ хуулийн 16.1, 16.4-т зааснаас гадна дараах татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчилнэ:

 

            16.5.1.чөлөөт бүсэд инноваци, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг ашигт үйл ажиллагаагаа эхэлсний дараагийн  таван жилд ногдох орлогын албан татвараас чөлөөлөх;

 

            16.5.2.чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламжийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас бүрэн чөлөөлөх.

           

            16.6.Чөлөөт бүсэд бүртгэлтэй хуулийн этгээд нь чөлөөт бүсэд эрхэлсэн үйл ажиллагааны санхүү, татварын тайланг холбогдох журмын дагуу гаргаж, чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд хүргүүлнэ.

           

            17 дугаар зүйл.Чөлөөт бүс дэх тусгай дэглэмийн болон бусад

үйлчилгээний зохицуулалтыг хэрэгжүүлэх

 

            17.1.Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба улсын бүртгэл, татвар, гааль, шалган нэвтрүүлэх, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх ажлыг тухайн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тэдгээрийн төлөөллөөр дамжуулан хэрэгжүүлнэ.

 

17.2.Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба нийгмийн хэв журам сахиулах, галын аюулаас хамгаалах, эмнэлгийн яаралтай тусламж, эрүүл ахуй болон дэд бүтцийн хангалтын үйлчилгээ зэргийг тухайн асуудал хариуцсан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ.

 

17.3.Чөлөөт бүсийн  захирагчийн ажлын алба энэ хуулийн 17.2-т заасан үйл ажиллагааны хэрэгжилтийн талаарх мэдээллийг холбогдох  байгууллагад хууль тогтоомжид заасны дагуу гаргаж өгнө.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

ЧӨЛӨӨТ БҮСЭД АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

 

            18 дугаар зүйл.Чөлөөт бүсэд эрхлэх үйл ажиллагааны төрөл

 

18.1.Чөлөөт бүсэд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа, олон улсын банк, санхүү, төлбөрт таавар, бооцоот тоглоом зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болно.

 

18.2.Чөлөөт бүсэд тусгай зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн[6] дагуу зохицуулна.

 

19 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн аж ахуйн үйл ажиллагааны орлого 

 

19.1.Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба дараах орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ:

 

19.1.1.чөлөөт бүс дэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэний орлогын албан татвар, тэдгээрээс авах хураамж;

 

19.1.2.чөлөөт бүсийн төрийн өмчийн барилга байгууламжийг эзэмшиж, ашигласны болон үйлчилгээ үзүүлсний төлбөр;

 

19.1.3.газрын төлбөр;

19.1.4.бусад аж ахуйн ажил, үйлчилгээний орлого.

 

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан орлогын 20 хүртэл хувийг чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор зарцуулна.  

 

            20 дугаар зүйл.Чөлөөт бүсийн захирагчаас орон нутгийн иргэдийн

                                    Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргатай харилцах

           

20.1.Чөлөөт бүсийн захирагч нь тухайн чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлэх асуудлаар орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргатай хамтран ажиллана.

 

20.2.Орон нутгийн хүн амын хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинг дээшлүүлнэ.

 

20.3.Чөлөөт бүс, аймаг, орон нутгийн нийтлэг ач холбогдолтой үйлдвэрлэлийн дэд бүтцийг байгаль орчинд ээлтэй байхаар хөгжүүлэх төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.

           

21 дүгээр зүйл.Хөрөнгө оруулагчдын зөвлөл

 

21.1.Чөлөөт бүс нь хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих, сурталчлах зорилго бүхий хөрөнгө оруулагчдын төлөөлөгчдөөс бүрдсэн Хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй байна.

 

21.2.Хөрөнгө оруулагчдын зөвлөл нь хурлаараа баталсан дүрмээр үйл ажиллагаагаа зохицуулна.

 

21.3.Хөрөнгө оруулагч нь чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр чөлөөт бүсийн менежментийг хэрэгжүүлж болно.

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ГАЗРЫН ХАРИЛЦАА

 

            22 дугаар зүйл.Газрын зохицуулалт

 

22.1.Чөлөөт бүсийн газар нь боомтын газар нутагт хамаарахгүй.

 

22.2.Чөлөөт бүс доторх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг чөлөөт бүсийн захирагч гаргаж, түүний ажлын алба газар эзэмшигч, газар ашиглагчтай гэрээ байгуулах бөгөөд уг шийдвэрт эзэмших, ашиглах газрын хэмжээ, хугацааг тусгасан байна.

 

22.3.Чөлөөт бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах газрын суурь үнэлгээ болон газрын төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтооно.

 

22.4.Газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдааны аль нэг хэлбэрийг ашиглан олгоно.

 

22.5.Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төсөл сонгон шалгаруулалтаар авсан хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу итгэлцүүрээр тогтоосон дуудлага худалдааны анхны үнэтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн төлбөрөө төлсний дараа газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээ олгоно.

                                                 

22.6.Энэ хуулийн 12.5.1, 12.5.2-т заасан нөхцөл байдал үүссэн аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгоно.

 

22.7.Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Газрын тухай хуулиар[7] зохицуулна.

 

            23 дугаар зүйл.Газрын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт

           

23.1.Худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар хөнгөлнө.

             

23.2.Чөлөөт бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний 10 жилд 100 хувиар чөлөөлнө.

           

23.3.Чөлөөт бүсэд газар ашиглах, эзэмших гэрээ байгуулсан Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд, иргэн газрын үр өгөөжийг ашиглах, эзэмших, хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа байдлыг нь харгалзан тэдгээрийг газрын төлбөрөөс тодорхой хугацаагаар хөнгөлж болно.

           

23.4.Энэ хуулийн 23.3-т заасан газрын төлбөрөөс хөнгөлөх хугацаа, хувь хэмжээг тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

 

ДОЛООДУГААР БҮЛЭГ

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ДЭД БҮТЭЦ

 

            24 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн дэд бүтэц, барилга байгууламж

 

24.1.Чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар батална.

 

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан ерөнхий төлөвлөгөөний дагуу чөлөөт бүсийн хот байгуулалт, дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулахтай холбогдсон харилцааг Хот байгуулалтын тухай,[8] Барилгын тухай[9], Авто замын тухай,[10] Эрчим хүчний тухай хууль[11] болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

        

24.3.Чөлөөт бүсийн дэд бүтэц, барилга байгууламжийг концессын гэрээний үндсэн дээр байгуулж болно.

 

24.4.Чөлөөт бүсийн дэд бүтцийг энэ хуулийн 24.3-т зааснаас гадна улсын болон орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж болон Засгийн газрын бондоор санхүүжүүлж болно.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТ

 

            25 дугаар зүйл.Чөлөөт бүсийн хамгаалалт

 

25.1.Чөлөөт бүс нь улсын онцгой объектод хамаарна.

 

25.2.Хилийн боомт дахь чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг хил хамгаалах байгууллага, бусад чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг холбогдох байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тус тус гүйцэтгэнэ.

 

25.3.Чөлөөт бүсийн нийтийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулах үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

 

            26 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага   

     

26.1.Чөлөөт бүсийн захирагч нь чөлөөт бүсэд баримтлах тусгай дэглэмийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоно.

 

26.2.Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэн нь чөлөөт бүсийн захирагчтай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө дампуурснаас бусад шалтгаанаар татан буугдсан буюу чөлөөт бүс дэх үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд хөнгөлж, чөлөөлсөн татварын хувь хэмжээний нийлбэрээр тухайн аж ахуйн нэгжийн татварын өрөнд  шилжүүлэн тооцно.

 

26.3.Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд шүүгч доор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна:

 

26.3.1.чөлөөт бүсийн тусгай дэглэмийг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

26.3.2.энэ хуулийн 16.1, 16.4, 16.5-д заасныг зөрчиж хөнгөлөлт, чөлөөлөлт олгосон албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох.

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                З.ЭНХБОЛД

 

 

     

 

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Батлагдсан
0000-00-00