ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хүүхэд хамгааллын тухай хууль

Хууль санаачлагч:

Хуулийн танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

 

Хүүхэд хамгааллын тухай

 хуулийн төслийн тухай

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 16.11 дэх хэсэгт зааснаар гэр бүл эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг  төр хамгаалах үүрэгтэй. Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1990 онд нэгдэн орсноор “хүүхдийг бусад хүмүүсийн зүгээс бие бялдар, сэтгэл санааны хувьд хүчирхийлэх, доромжлох буюу асрамжлах үүргээ хортойгоор ашиглах, анхаарч халамжлахгүй байх, хайхрамжгүй харьцах, мөлжих болон бэлгийн харьцаанд ашиглах зэрэг бүх хэлбэрээс хүүхдийг хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны болон нийгэм, гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээг авах”  үүргийг хүлээсэн байдаг.

Хүүхэд хуулиар тогтоосон  эрхээ насанд хүртлээ эцэг эх, гэр бүл болон төрийн онцгой халамж, хамгаалалтын дор эдлэх ёстойг Конвенцийн гишүүн орнууд хууль тогтоомжоороо баталгаажуулах үүрэгтэй. Гэвч боловсролын орчноос бусад орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хуулиар хориглоогүй байна.

            Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор баталсан ”Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдалд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, үйлчилгээний төрөл, хэлбэрийг олшруулах арга механизмыг тодорхойлох шаардлагын үүднээс  Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинээр боловсруулан батлахаар заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны  үйл ажиллагааны хөтөлбөрт “...хүүхэд асран хүмүүжүүлэх төв, өдөр өнжүүлэх бүлэг байгуулах, эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх бодлого баримталж, тусгайлсан арга хэмжээ авах”-аар тусгасан байна.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Засгийн газрын  2005, 2010 оны илтгэлийг НҮБ-ын Хүүхдийн эрхийн Хороо хэлэлцэж, “Монгол Улс хүүхдийн эрхийн талаарх цогц хууль боловсруулж батлуулах”-ыг удаа дараа зөвлөмж болгосон байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь 20 гаруй жил хэрэгжиж байгаа материаллаг шинжтэй хууль бөгөөд хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилтийг хянах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх арга зам, зохицуулалт, хариуцлагын тогтолцоог нарийвчлан тодорхойлсон хуулийг шинээр батлан гаргах шаардлагатай байна.

Хүүхдийг хамгаалах үйл ажиллагааны процесс нь гэр бүлд түшиглэсэн үйлчилгээтэй уялдаа бүхий нэгдсэн бодлого, салбар дундын зохицуулалт, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, хяналт үнэлгээг хариуцах бүтцийг шаардаж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхэд хамгааллын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, газар дээр нь шуурхай арга хэмжээ авах хууль сахиулах эрх бүхий, хүүхэд гэр бүлтэй ажиллах дагнасан үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн ажилтан үзүүлэх шаардлагатай. Хамгаалагдах эрх нь зөрчигдсөн хүүхдэд дагнасан үйлчилгээ үзүүлэх ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх, арга зүйн хувьд тогтмол удирдлагаар хангах талаарх харилцаа эрх зүйн хувьд зохицуулалтгүй байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа Хүүхдийн эрхийн тухай Конвенц, дэлхийн 68 орны 130 хуулийг судалж шилдэг туршлагыг нэгтгэн боловсруулсан олон улсын Хүүхдийн хамгааллын загвар хуулийг харгалзан үзсэн болно.

Хүүхэд хамгааллын тухай шинэ хуулийн төслийг 5 бүлэг 42 зүйлтэйгээр боловсруулав.

 

Энэхүү хуулийн төсөл нь хүүхэд хамгааллын зарчим, төрийн чиг үүргийг тодорхойлж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгох, нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс  урьдчилан сэргийлэх, хамгаалах, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засгийн байдал хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ бага орлоготой иргэдийн  амьжиргааны түвшин буурах, ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэж буйгаас хүүхэд зөрчил, гэмт хэргийн золиос болсоор байна.

Гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлж байгаа хүүхдүүдийн 22 хувь нь гэр бүлийн таагүй уур амьсгал, 42 хувь нь үе тэнгийнхэн, 18 хувь нь өөрөөсөө болж, 10 хувь нь сургууль дээрхи таагүй харилцаанаас үүдэн гэмт хэрэг үйлдсэн байна. Хүчингийн гэмт хэргийн 26.6 хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа бөгөөд хохирогчийн 60 хувь нь 5-18 хүртэлх насны охид байна. Бага насны охид ураг төрлийн хүчингийн золиос болсон гэмт хэргийн 88 хувь нь шүүхийн өмнөх шатанд хэрэгсэхгүй болсон байна гэсэн судалгаа байдаг.

Хүүхдэд холбогдох хэрэг зөрчлийг хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн шүүгч хянан шийдвэрлэж байх, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хүүхдэд зөвхөн эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх зэрэг хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зарчмыг баримтална.

Хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх захиргааны хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, ял шийтгэлийг Гэмт хэргийн тухай хуулиар тус тус тодорхойлно.

 

Хуулийн төсөлд 15 төрийн бус байгууллага болон судлаачдаас нийт 20 санал ирүүлснээс бүх саналыг тусгасан болно.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Боловсруулж байгаа
2015-06-05 16:19:15