ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол

Хууль санаачлагч: Засгийн газар

Хуулийн танилцуулга

Төсөл

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

 

2014 оны . . . дугаар                                   Дугаар ...                               Улаанбаатар хот

сарын . . . -ны өдөр                                                                                                   

 

 

Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн

байгуулах үндсэн чиглэл батлах тухай

 

            Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

            1. ”Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.

 

2. Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах хүрээнд дараах арга хэмжээг  авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:

 

1/ Үндсэн чиглэлд заасан хуулийн этгээдийн хувьчлал, өөрчлөн байгуулалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах; 

 

2/ Хувьчлалд хамрагдаж буй компанийн төрийн мэдлийн хувьцааны               5 хүртэл хувийг “Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ажиллагсдад үнэ төлбөргүй эзэмшүүлэх асуудлыг тухайн компанийг хувьчлах шийдвэрт тусган хэрэгжүүлэх; 

 

3/ Үндсэн чиглэлд заасан хуулийн этгээдүүдийг хувьчлах, өөрчлөн байгуулалт хийхдээ холбогдох гэрээ, бичиг баримтад соёлын өв, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүрэг, хариуцлагыг тусган ажиллаж байх.

 

            3. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд үүрэг болгосугай.

 

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Их Хурлын 2014 оны

    ..... дугаар тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН ӨМЧИЙГ 2014-2016 ОНД ХУВЬЧЛАХ,

ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

НЭГ. ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ

ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ЗОРИЛГО

 

1.1. Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн зорилго нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг татах боломжийг дээшлүүлэн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”, компанийн сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх замаар төрийн өмчит хуулийн этгээдийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, улмаар төрийн өмчит хуулийн этгээдийг хувийн хэвшлийн оролцоо давамгайлсан төрийн өмчийн оролцоотой компанийн хэлбэрт оруулан улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад оршино.

 

1.2 Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл нь /цаашид “Үндсэн чиглэл” гэх/ салбар тус бүрд хувьчлал, өөрчлөн байгуулалтын талаар баримтлах төрийн бодлого, энэ ажлыг зохион байгуулах арга хэлбэр, баримтлах зарчмыг тодорхойлж байгаа баримт бичиг бөгөөд энэхүү баримт бичгийг Монгол Улсын төрийн захиргааны болон холбогдох бусад байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй.

 

ХОЁР. ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТЫН ҮНДСЭН ЗАРЧИМ

 

2.1.Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд дараах үндсэн зарчмыг баримтална:

 

2.1.1. улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хувийн хэвшлийн үр өгөөж бүхий хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшлийн хооронд бизнесийн өрсөлдөөнийг бууруулан харилцан ашигтай түншлэлийн хэлбэр, тэнцвэртэй эдийн засгийн бүтцийг бий болгох;

 

2.1.2. төрийн өмчийн менежментийн арга барилыг шинэ шатанд гаргах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, засаглалын ил тод, нээлттэй байх оновчтой арга хэлбэрийг сонгох, шилдэг удирдлагын багийг сонгон гэрээний үндсэн дээр ажиллуулах;

 

2.1.3.  төрийн зохицуулалтын үүргийг аж ахуйн үйл ажиллагаанаас тусгаарлах, төрийн аж ахуйн үйл ажиллагаанд оролцох оролцоог багасгах;

 

2.1.4.  төрийн өмчит хуулийн этгээдийг компанийн сонгодог хэлбэр болох хөрөнгийн бирж дээр хувьцаа нь чөлөөтэй арилжаалагддаг, нийтийн өмчит хувьцаат компанийн хэлбэрт оруулах бэлтгэл ажлыг хангах;

 

2.1.5.  хувьчлагдах эдийн засгийн үр ашиг бүхий зарим хуулийн этгээдийн хувьцааны тодорхой хэсгийг ажиллагсдад нь давуу эрхийн үндсэн дээр эзэмшүүлэх чиглэлээр “Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” боловсруулж хэрэгжүүлэх;

 

            2.1.6. өөрчлөн байгуулалтын бодлогыг салбарын талаар төрөөс баримталж буй бодлоготой уялдуулах;

 

2.1.7. эдийн засагт хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх үндсэн дээр төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааны тодорхой хувийг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлэх;

 

ГУРАВ. ТӨРИЙН ӨМЧИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

 

3.1      Дээрхи зарчмуудыг үндэслэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар цаашид төрөөс баримтлах бодлогоор нь дараах байдлаар ангилна. Үүнд:

 

3.1.1.  Бүрэн хувьчлагдах хуулийн этгээдүүд

 

Үйл ажиллагааны чиглэл нь улс орны стратегийн бодлого, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээргүй, цаашид хувийн хэвшил дангаараа үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулах боломжтой төрийн өмчит хуулийн этгээдийг тухайн байгууллагын онцлогт нь тохирсон хувьчлалын арга хэлбэрийг ашиглан тэргүүн ээлжинд хувьчлах бодлого баримтална.

 

3.1.2. Нийтийн өмчлөлд үе шаттайгаар шилжүүлэх буюу Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд

 

Зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд төрийн оролцох оролцоог багасгах, хувийн хэвшил давамгайлсан төрийн өмчийн оролцоотой компани бий болгох, хөрөнгийн зах зээлийг идэвхижүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийг хувьцаат компанийн хэлбэрт оруулан, төрийн эзэмшлийн хувийг үе шаттайгаар бууруулан нийтийн өмчлөлд /хувийн хэвшилд/ шилжүүлэн улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг үндэсний хэмжээний компаниудыг бий болгох бодлогыг баримтална.

 

3.1.3.  Хувьчилж үл болох жагсаалтанд орсон болон төрийн өмчит хуулийн этгээдүүд

 

Төрөөс баримталж буй стратегийн болон салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтанд орсон төрийн өмчит хуулийн этгээдийг төрийн өмчлөлд хэвээр үлдээж, ирээдүйд хувийн хэвшилд шилжүүлж болох нөхцөл үүссэн тохиолдолд, эдийн засгийн үр ашгийг нь харгалзан төрийн өмчийн оролцоотой компани болгон өөрчлөх бодлого баримтална.

 

ДӨРӨВ. ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

4.1. Үндсэн чиглэлийг дараах зохион байгуулалттайгаар хэрэгжүүлнэ:

 

4.1.1. хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт, тэдгээрийг хувьчлах, өөрчлөн байгуулах арга, хэлбэрийг Засгийн газар баталж, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг зохион байгуулан, үр дүнг Улсын Их Хуралд тайлагнах;

 

4.1.2. төрийн өмчит хуулийн этгээдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, засаглалын ил тод, нээлттэй байдлыг хангах, бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийг оновчтой зөв зохион байгуулах, хувьчлах үйл ажиллагааг мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд нээлттэй зохион байгуулах ажлыг Төрийн өмчийн хороо хариуцан гүйцэтгэх;

 

            4.1.3. хувьчлал, өөрчлөн байгуулалт хийхдээ салбарын яамны болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан хэрэгжүүлж ажиллах;

 

4.1.4. төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу зохион байгуулах.

 

ТАВ. ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА, ХЭЛБЭР,

ХУГАЦАА

 

5.1. Энэхүү үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 2014-2016 оны хооронд хангах бөгөөд төрийн өмчийг хувьчлахдаа хуулийн этгээдийн эдийн засагт эзэлж буй байр суурь, үйл ажиллагааны онцлогийг харгалзан бизнесийн болон хөрөнгийн үр ашгийг нарийвчлан үнэлэх замаар хуульд заасан хувьчлалын уламжлалт арга, хэлбэрийн зэрэгцээ, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зах зээлд өрсөлдөх чадвар бүхий хөрөнгө оруулагчдыг тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаанд  харилцан ашигтай гэрээний үндсэн дээр татан оролцуулах, хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд анхлан санал болгох, нэмэлт хувьцаа гаргах зэрэг аргуудыг түлхүү хэрэглэнэ.

 

5.2. Төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулахдаа төсвийн ачааллыг багасгах зорилготой, бие даан аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг, олон нийтийн хувьцаат компани байгуулахдаа дараах чиглэлийг баримтална:

 

·       улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгох;

·       аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх;

·       хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулах.

 

5.3. Хувьчлалд хамрагдаж буй зарим хуулийн этгээдүүдийн ажиллагсдад зориулан “Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

 

ЗУРГАА. ХУВЬЧЛАЛ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТЫН

ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

 

6.1. Хувьчлагдах, өөрчлөн байгуулалт хийх компанийн талаарх холбогдох мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил тод, тэгш хүртээмжтэйгээр хүргэх, сонирхогч этгээдийг шаардлагатай мэдээллээр хангах, сонголтоо чөлөөтэй, үндэслэлтэй хийх нөхцөл боломжийг бүрдүүлнэ.

 

6.2. Төрийн өмч давамгайлсан нээлттэй хувьцаат компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнтэй хуулийн хүрээнд хамтран ажиллах, компанийг хувьчлах, өөрчлөн байгуулах явцад ажиллагсдын хувьцаа эзэмших эрхийг хязгаарлахгүйн зэрэгцээ тэдгээрийг шаардлагатай мэдээллээр хангана.

 

ДОЛОО. ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТӨРИЙН ӨМЧИТ

ХУУЛИЙН ЭТГЭЭД

 

7.1. Бүрэн хувьчлагдах хуулийн этгээдүүд

 

7.1.1. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангах зорилгоор нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчлах;

 

7.1.2. “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангах зорилгоор нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчлах;

 

7.1.3. “Цагаан шонхор” төрийн өмчит үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах;

 

7.1.4. “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгээр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

 

7.1.5. “Кино урлагийн дээд сургууль” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

 

7.1.6. ”Авто импекс” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд төрийн эзэмшил хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;

 

7.1.7. “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;

 

7.1.8.  “Монсам” төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах;

 

            7.1.9. “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах;

 

   7.1.10. Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

 

7.1.11. Эрчим корпорацийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

 

7.1.12. Армоно корпорацийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

 

7.1.13. Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах.

 

7.2. Төрийн эзэмшлийн хувийг бууруулах буюу Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд

 

7.2.1. “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих;

 

7.2.2. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” /төрийн өмчит үйлдвэрийн газар/-г компанийн хэлбэрт шилжүүлж, компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг үе шаттайгаар хувьчлах;

 

7.2.3. “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжих;

 

7.2.4. “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих;

 

7.2.5. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 49 хүртэлх хувийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

 

7.2.6. “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувь байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гарган хөрөнгө оруулагчдыг татах;

 

7.2.7. “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үе шаттайгаар хувьчлах;

           

7.2.8. “Шивээ-Овоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн 20 хүртэл хувьд ногдох хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр арилжих;

 

            7.2.9. “Багануур” хувьцаат компанийн нийт хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих;

 

 

- о О о -

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00