ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоол

Хууль санаачлагч: Засгийн газар

Хуулийн танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

 

“Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухай

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөнд мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэх талаар чухал зорилтуудыг дэвшүүлж байгаа билээ. Монгол Улсын тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоог нэмэгдүүлэх, түүний бүтээлч, цогц үйл ажиллагааг хангах явдал чухал байна.

Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулах дараах үндэслэл, шаардлага байна. Үүнд:

·      Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж, эдийн засгийг байгалийн баялаг, уул уурхай түшиглэсэн бус мэдлэгт суурилсан хэлбэрээр хөгжүүлэх бодлогыг  баримталж байна. 

·      Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөнд судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх зарчим баримтлах болсон.

·      Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг олон улсын хөгжлийн түвшин,  ирээдүйн чиг хандлагад нийцүүлэх шаардлага байна.

·      Дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн аливаа салбарт тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг шинжлэх ухаан, технологи гэж үзэж, түүнд зарцуулах хөрөнгө санхүүжилтийн хэмжээг тасралтгүй нэмэгдүүлж байна.

·      Жил бүрийн улсын төсвөөс шинжлэх ухаан, технологийн салбарт хуваарилдаг хөрөнгийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулан авч үзвэл сүүлийн жилүүдэд дорвитой өссөнгүй. Энэ нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр дүнд сөргөөр нөлөөлж, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг хангаж чадахгүйд хүргэх сөрөг үр дагавартай юм.

“Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого” баримт бичгийг 1998 онд баталснаас хойш Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газраас “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, “Монгол Улсын Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр” зэрэг улс орны болон шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлсон томоохон баримт бичгүүдийг баталж, шинжлэх ухаан, технологийн талаар шинэ зорилтуудыг дэвшүүлсэн. Тухайлбал, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын “Эдийн засгийн олон тулгуурт бүтэц” хэсгийн 3.2.1.7-д “Шинжлэх ухааны шинжилгээ, судалгаа, инновацийг  стратегийн ач холбогдолтой салбаруудад төвлөрүүлж, эдийн засгийн бүтээмж, өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлнэ”, 3.2.1.8-д “Өндөр технологийн хөгжлийг дэмжиж, нанотехнологи, биотехнологи, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадавхийг хөгжүүлнэ” гэж тус тус заасан байна.

“Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд нар хамтран баталсан.

Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын шинэчилсэн найруулга нь 9 зүйл, 61 хэсэг, 23 заалттай байхаар боловсруулагдсан.

Бодлогын төсөлд хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг цаг үеийн шаардлага, улс орны нийгэм, эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин, ирээдүйн хандлагад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээг салбарын дэд бүтэц, хүний нөөцийн хөгжил, менежмент, санхүүжилтийн тогтолцоо, гадаад хамтын ажиллагааны хүрээнд тодорхойлсон. 

1998 оны бодлогод шилжилтийн эдийн засгийн дараах үед шинжлэх ухаан, технологийн салбарын нөөц, чадавхийг хадгалах замаар зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэхийг зорьж байсан бол энэхүү шинэчилсэн найруулгад шинжлэх ухаан, технологийн салбарт нэгэнт бий болсон хүч, нөөцийг бүрэн ашиглах, шинжлэх ухаан, технологийн бүтээлч, цогц үйл ажиллагааг хангах зорилтыг дэвшүүлсэн болно. Монгол Улсын тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн салбарууд өргөжүүлэн хөгжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилтыг төсөлд чухалчилан тусгаж өгсөн.

Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого, төлөвлөлт нь олон улсын жишигт нийцсэн үндэслэл, тооцоо судалгаанд суурилсан, үр дүн нь баталгаажсан, үнэн зөв мэдлэг, үр нөлөөтэй хэрэглээ байх зарчмуудыг шинээр оруулсан. Судалгаа боловсруулалтын ажлыг нийгмийн хөгжил, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан, эрдмийн (академик) эрх чөлөөг эрхэмлэсэн байхаар шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан.

Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд ил тод байдлыг эрхэмлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан оролцогчдын эрх тэгш, чөлөөт өрсөлдөөнийг хангахыг чухалчилсан.

Шинжлэх ухаан, технологийн кластер, парк, кампус, хотхон байгуулах, технологийн бирж, нэгдсэн мэдээллийн сан, лабораторийн орчныг өнөөгийн шаардлагыг хангах, салбарын хэтийн төлөв, олон улсын чиг хандлагад нийцсэн байхаар байгуулах, сайжруулахаар төлөвлөгдсөн.

Эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлэхээс гадна чанарыг сайжруулах, гадаадад ажиллаж буй эрдэмтэн судлаачдыг өөрийн орны судалгаанд оролцуулах, залуу судлаачдыг дэмжсэн тэтгэлэг, дэмжлэгийн тогтолцоог бий болгохоор тусгаж өгсөн.

Салбарын бүтцийг салбар дундын хамтын ажиллагааг дэмжсэн байх, хөрөнгө хүчийг төвлөрүүлэх чиглэлээр шинэчилэн зохион байгуулах, зорилтот судалгааны чиглэлүүдийг тодорхойлж үндсэн судалгааны ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөгдсөн.

Олон улсын стандартад нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлж, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын хариуцлагыг өндөржүүлж, гүйцэтгэлийн хяналтыг боловсронгуй болгохоор тусгагдсан.

Санхүүгийн механизмыг сайжруулах, олон эх үүсвэртэй  болгох, төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилттой уялдуулан төлөвлөж, нэмэгдүүлж байх зорилтыг дэвшүүлсэн.

Эрдэм шинжилгээний байгууллагуудын  санхүүгийн бие даасан байдлыг хангах, үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд нэмэлт орлого олох, захиран зарцуулах санхүүгийн эрх чөлөөг өргөтгөх бодлого баримталсан.

Стратегийн түнш, гадаад хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлснээр шинжлэх ухааны салбарын гадаад хамтын ажиллагаа тогтвортой хөгжинө.

Олон улсын болон гадаад орны шинжлэх ухааны байгууллагын дэд бүтцийг түшиглэн судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан судалгааны төв, лаборатори байгуулах талаар тусгасан.

Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн  баталснаар, эдийн засаг, нийгмийн хувьд шинжлэх ухаан, технологийн салбар нь зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц, эдийн засаг, нийгмийн эрэлт, хөгжлийн захиалгад нийцсэн өрсөлдөх чадвартай болж, хөгжлийн шинэ шатанд дэвших, хууль зүйн хувьд уг салбарт мөрдөгдөж буй эрх зүйн зарим баримт бичгийг бодлогод нийцүүлэн шинэчлэх эрх зүйн боломж бүрдэнэ. Улмаар  шинжлэх ухааны парк байгуулагдаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний эзлэх хувийн жин нэмэгдэнэ.

Мөн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар баялаг бүтээх үйл явцыг хурдасгаж, судалгаа–сургалт–үйлдвэрлэл гэсэн нэгэн цогц ажиллагааг тогтолцоо болгон хөгжүүлэх, улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амын амьдралын төвшинг дээшлүүлэх, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, Үндэсний аюулгүй байдал баталгаажуулахад чухал алхам болно гэж үзэж байна.

Энэхүү тогтоолын төслийг Монгол Улсын Үндсэн Хууль болон холбогдох бусад хуультай уялдуулан боловсруулсан. Тогтоолын төслийг “Монголын шинжлэх ухааны чадавхийн үнэлгээ, мониторинг” суурь судалгааны сэдэвт ажил, Төсвийн бус эх үүсвэр бүхий эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын талаар хийсэн судалгааны үндсэн дээр боловсруулж,  2013 оны 9 дүгээр сард Улаанбатар хотод зохион байгуулсан “Шинжлэх ухаан, технологи, инновацийн шинэчлэл” Үндэсний чуулганаар хэлэлцүүлсэн болно.

 

Монгол Улсын Засгийн газар

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00