ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай

Хууль санаачлагч: Засгийн газар, Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин

Хуулийн танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

 

 

                                             Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай

                                                                        хуулийн төслийн тухай

           

Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулав.

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хүрээнд хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэмжээ нь татварын өршөөл юм. Татварын өршөөл гэж улс орнууд татварын бааз сууриа өргөтгөх, далд эдийн засгийг бууруулах зорилгоор хэрэглэж буй арга хэмжээ бөгөөд төрөөс татвар төлөгчдөд төлөх ёстой татвараа тодорхой хугацаанд багтаан сайн дурын үндсэн дээр үнэн зөв мэдүүлж, төлсний үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага тооцохгүй байхаар өгч буй амлалт юм.

 

Анх манай улсад 2007 онд энэ чиглэлийн хууль батлагдан хэрэгжсэн  билээ. 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулиар Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагааг мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хариуцлага болон албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан.

 

2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Татварын өршөөлийн тухай хууль  зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой  гарч хэрэгжсэн.

 

Дээрх хуулиудын дагуу 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлсэн байна. Татвар төлөгчөөр нийт 748 иргэн, хуулийн этгээд шинээр бүртгүүлжээ. Улмаар  4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулсан байна.

 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан нэмж мэдүүлсэн аж ахуйн нэгжийн судалгаанаас үзэхэд өршөөлийн хуулиар нэмж мэдүүлсэн орлогын 49.1 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид байна. Боловсруулах аж үйлдвэр (14.6%) болон барилга (13.9%), уул уурхайн салбар (7.0%) Татварын өршөөлийн хуульд хамгийн их хамрагдсан байна.

 

Энэхүү хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулж, үүний үр дүнд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлсон болно.

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд  илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид  хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарах юм.  

 

 

 

 

 

 

                                      

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00