ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль

Хууль санаачлагч: Засгийн газар, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин

Хуулийн танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

 

 

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал хөшүүрэг юм.

 

Барьцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн суурь асуудал гэдгийг хөгжиж байгаа орнууд зүй ёсоор хүлээн зөвшөөрч, холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож байна. Манай улс ч барьцааны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “бизнес болон хөрөнгийн бүртгэлийг долоо хоногийн дотор бүртгэдэг тогтолцоог нэвтрүүлэх”, Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийн 2.8-д “Хөдлөх эд хөрөнгө болон  эдийн бус хөрөнгийн барьцааны тухай” хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийн 3.1.4-т “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийн барьцааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх”-ээр заасны дагуу хуулийн төслийг шинээр боловсруулсан.

 

Хуулийн төслийг боловсруулахад Европын Сэргээн босголт, хөгжлийн банкнаас гаргасан “Барьцаат хэлцлийн хуулийн 10 үндсэн зарчим”, Олон Улсын Санхүүгийн Корпорациас гаргасан “Хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаарх 35 орны харьцуулсан судалгаа”, Барьцаат зээлийн загвар хууль зэрэг олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмж, гадаад орнуудын хууль тогтоомжийг судалсан бөгөөд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээр “Хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны тухай хуулийн төслийг боловсруулахтай холбоотой судалгааны ажлын тайлан”-г хийлгүүлсэн болно. Мөн Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газраас ажлын хэсэг байгуулан Хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийн барьцааны тухай хуулийн төсөлд хуулийн үр нөлөө тооцох судалгааг хийж Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг боловсруулахдаа ашигласан. Хуулийн төслийг боловсруулахдаа гэрээний талуудын чөлөөт байдлыг хүндэтгэх, барьцааны эрх үүсэх, бүртгүүлэх, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад нийтэд ил тод, тодорхой байдлыг хангах зарчимд үндэслэсэн бөгөөд уг харилцаанд иргэн, хуулийн этгээд оролцож болохоор заав.

 

Зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдүүд зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн газар, барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгаагаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй иргэд, хуулийн этгээд зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж авч чадахгүй байна. Тухайлбал: 1997 оноос хойш Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлд 262 754 барьцааг бүртгүүлснээс хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлсэн тохиолдол тун цөөхөн байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.

 

Иргэний хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлж болохоор заасан хэдий ч ийнхүү бүртгүүлэх болон бүртгүүлснээс үүсэх үр дагаврын талаар тодорхой заагаагүй тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбогдсон хуулийн зохицуулалт төдийлөн хэрэгжихгүй байна. Иргэний хуулийн 156.4 дэх хэсгийг үндэслэн Улсын бүртгэлийн газар 2002-2014 оны хооронд улсын хэмжээнд хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл нийтдээ 37 удаа хийсэн байна. 

 

Энэ нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломж олгохгүй байна. Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж ихээр ашиглах болсон өнөө үед хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгэж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага гарч байна.

 

Үүнээс гадна хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэгдсэн бүртгэл байхгүйгээс нэг барьцаа хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг тавьж, зээлдүүлэгчийн эрх ашиг зөрчигдөх тохиолдлууд нэлээд гарч байна. Энэ нь зээлдүүлэгчийн зээлээ эргэн төлүүлэх боломжийг хязгаарлах, улмаар зээл олголтдоо хязгаарлалттай хандах шалтгаан болж байна.

 

Иймд, улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, зээл, санхүүжилтийн хэмжээ, эргэлтийг нэмэгдүүлэх нэг чухал хөшүүрэг болсон хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны тухай бие даасан хуулийг боловсруулах асуудал чухлаар тавигдаж байна. Хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засагт нэн шаардлагатай байгаа баталгаажсан хэлцлийн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал үндэс суурь болно.

 

Хэдийгээр Иргэний хуульд барьцаатай холбогдсон харилцааг тусгайлсан бие даасан бүлгээр зохицуулсаар ирсэн боловч хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаатай холбогдсон онцлог зохицуулалт, түүнчлэн авлага, эргэлтийн хөрөнгө болон бүх хөрөнгийн барьцаа гэх мэт нарийвчилсан асуудлыг уг бүлгээр зохицуулж чадахгүй байгаа тул тэдгээр асуудлыг хуулийн төсөлд тусгасан болно.

 

Барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцсоноос бусад хөдлөх эд хөрөнгийн барьцааны хувьд нийтэд нээлттэй, ил тод, нэгдсэн бүртгэлийн системээр дамжуулан барьцаалагчийн барьцааны эрхийг хууль зүйн дагуу хамгаалах асуудал чухлаар тавигдаж байна.

 

 

 

Монгол Улсын Засгийн газар

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00