ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль

Хууль санаачлагч: Засгийн газар, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин

Хуулийн танилцуулга

 

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН

ТАНИЛЦУУЛГА

 

2004 онд Монгол Улсын Их Хурлаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг баталснаар гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцон хүчирхийлэл үйлдэгчид зохих хариуцлага хүлээлгэх болсон.

 

Тус хууль батлагдсантай холбогдуулан 2007 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг ХЗЯ, ЭМЯ, НХХЯ-аас батлан хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас хохирогчдыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг мэргэшсэн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлого болон үйл ажиллагааны хүрээнд нааштай алхмууд хийгджээ.

 

Гэвч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болжээ.

 

Үүний гол шалтгааныг хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотойг хууль хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд, энэ чиглэлээр ажилладаг байгууллага,  судлаачид анхааруулсаар байна.

 

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, эмэгтэйчүүдээс бүрдсэн мэргэжлийн баг бүрдүүлж шаардлагатай үйлчилгээг үзүүлэх, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх  шаардлагын дагуу Хууль зүйн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/63 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг   хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.

 

Төсөл боловсруулахад 2013 онд АНУ-ын Минессота мужийн “Хүний Эрхийн Өмгөөлөгчид” байгуулага (Minosota Advocates for Human Rights), Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв хамтран  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн мониторинг болон Хууль зүйн үндэсний хүрээлэн, УДШ-ийн судалгааны төв,  Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагаас 2005 -2013 оны хооронд хийгдсэн 20 гаруй дүн шинжилгээ, судалгааны материалыг ашигласан.

 

Дээрх судалгаанаас гадна НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сангаас болон Conrad N.Hilton Сан, Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба хөгжил Сангаас тус тус боловсруулсан  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай загвар хууль, АНУ, Канад, Албани, Япон, Өмнөд Африк, Вьетнам, Тайвань зэрэг улсуудын хууль, НҮБ-аас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн Зөвлөмжүүдийг  боловсруулалтын ажилд ашигласан болно.

 

Хуулийн төслийн бүтцийн талаар:

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл  6 бүлэг 42 зүйлтэй.

 

Хуулийн зорилтыг гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, үйлчилгээ үзүүлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох хэмээн өргөжүүлэн томъёолж

 

Ø  хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах;

Ø  хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах;

Ø  хохирогчийн аюулгүй байдлыг шуурхай хамгаалах;

Ø  нууцлалыг  хадгалах;

Ø  салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зарчмыг тогтоосон.

 

Эдгээр зарчимтай уялдуулан дараах багц өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгалаа:

                        I.         Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж гэрлэгчид, хамтран амьдарч, гэр

бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамгаалуулагч, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч, тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд, төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүгээс гадна эхнэр, нөхөр байсан, дундаасаа  хүүхэдтэй хүмүүсийг энэ хуулийн зохицуулалтад хамааруулсан. Энэ нь хохирогчдын дийлэнх хэсэг хуулийн хамгаалалтын гадна үлдэж байсныг  өөрчилж, хамгаалалтад хамрагдах  боломжтой болж байна.

                       II.         Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх тохиолдлыг зөвхөн зөрчлийн

хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж гэмт хэрэгт тооцон, ял ногдуулах зохицуулалтыг томъёолсон. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсноор гэм буруутай этгээд хариуцлага гарцаагүй хүлээх нөхцөл бүрдэнэ. Мөн хохирогч Гэрч, хохирогчийг хамгаалах тухай[1], Тахарын албаны тухай хуульд[2]заасан хамгаалалтыг давхар авах боломж бүрдэнэ.  

                     III.         Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,

хохирогчийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаа салангид, зарим яамны чиг үүрэг орхигдсон байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын  асуудлыг  Хууль зүйн сайдаар ахлуулсан Дэд зөвлөл хариуцахаар, мөн Боловсрол, Соёлын  болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн яамдын чиг үүргийг илүү нарийвчлан тодорхойлж, харъяа мэргэжилтнүүдээ сургах, мэргэшүүлэх үүргийг  холбогдох байгууллагуудад даалгасан.

                    IV.         Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх суваг

хязгаарлагдмал байдлаар хуульчлагдсан байсныг өөрчилсөн мэдээлэх үүрэг бүхий  этгээдэд:

·      бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан;

·      эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан;

·      баг, хороо, сум, дүүргийн холбогдох албан тушаалтан;

·      төрийн алба хаагч болон төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж

байгаа төрийн бус байгууллагын мэргэжилтэнг хамруулан өргөжүүлсэн.  

Мөн мэдээлэгчийн талаарх нууцлалыг хадгалах, шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах зохицуулалтыг тусгасан.

                      V.         Хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалалт тунхаглалын шинжтэй,

хэрэгжүүлэх процесс тодорхойгүй  хуульчлагдсаныг өөрчилж, хохирогчийг богино хугацаанд хамгаалалтаар хангах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарсан.  Цагдаагийн байгууллага, сум, багийн Засаг даргын хүлээх үүргийг тодруулж, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор орон байранд нэвтрэн орох, баривчлах, галт зэвсэг болон зэвсгийн чанартай зүйлсийг хураах зэрэг ажиллагаа явуулах цагдаагийн алба хаагчийн эрх хэмжээг Хууль сахиулах тухай хуулийн төсөлд [3] тусгуулах үндэслэлийг хамруулсан.

                    VI.         Хохирогчид үзүүлэх үйлчилгээ цогц бус, төрөлжөөгүй, салангид

байдлаар хуульчлагдсан, үйлчилгээг хэн, ямар журмаар үзүүлэх талаарх зохицуулалт тодорхойгүй байсныг өөрчилсөн.

Хохирогчид үзүүлэх үйлчилгээ

·      аюулгүй байдлын хамгаалалт;

·      эмнэлгийн тусламж, үйлчилгээ;

·      сэтгэл зүйн үйлчилгээ;

·      нийгмийн халамжийн үйлчилгээ;

·      хүүхэд хамгааллын үйлчилгээ;

·      хууль зүйн туслалцаа гэсэн төрөлтэй байхаар томъёолж, 

хэрэгжүүлэгч субъект, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, мөн  үйлчилгээг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх талаарх зохицуулалтуудыг тусгасан.

 

                   VII.         Хүүхдийн  онцлог, хэрэгцээг  харгалзсан хамгаалалт, үзүүлэх

үйлчилгээг нэгтгэх зорилгоор “Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах” гэсэн тусгай бүлгийн зохицуулалтыг нэмж томъёолсон. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэх үүргийг мэргэжилтнүүдээс  гадна иргэдэд  хүлээлгэсэн.    

                 VIII.         Хуулийн хэрэгжилтэд тавих шаталсан хяналтыг олон нийтийн

хяналттай хосолсон байдлаар тусгасан.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар Засгийн газрын үйл ажиллагаанд Улсын Их Хурал, Засгийн газар нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Дэд зөвлөлийн үйл ажиллагаанд, Дэд зөвлөл яамд болон орон нутгийн Салбар зөвлөлийн үйл ажиллагаанд, Салбар зөвлөл анхан баг, хороо, сумын түвшинд ажиллах мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан багийн үйл ажиллагаанд тус тус хяналт тавих зохицуулалтыг тусгалаа.

Хуулийн төслийн төсөвт үзүүлэх нөлөөллийн шинжилгээг тусгайлан хийлгэсэн бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар орон тоо шинээр нэмэгдэхгүй ба одоогийн төсөв, орон тоонд багтаан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Дэд болон Салбар зөвлөлийн ажлын алба, нэг цэгийн үйлчилгээ, цагдаагийн тусгай нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулна.

Хуулийн төсөл нь Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан болон одоо боловсруулагдаж байгаа  Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй харилцан уялдаатай боловсруулагдсан.

Мөн хуулийн төслийн зохицуулалтай уялдуулан Нийгмийн халамжийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Дээд боловсролын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан.

 

 

 

ХУУЛЬ САНААЧЛАГЧ

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00