ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Газрын тосны тухай хууль

Хууль санаачлагч: Засгийн газар, Уул уурхайн сайд Д.Ганхуяг

Хуулийн танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

 

Газрын тухай хуульд нэмэлт оруулах

                                                                        тухай хуулийн төслийн талаар

 

Монгол Улсын эдийн засгийн хөгжил нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбар тэр дундаа дэд бүтцийн хувьд манай орон дэлхийн жишигт нийцсэн байх шаардлагыг бий болгож, улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулах,  бүс нутгийг хамарсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, аймаг, хотыг холбосон шинэ зам, шугам сүлжээ барих, дагуул хот байгуулахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, өмчлөлд байгаа, эсхүл Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах, солих, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох хэрэгцээ бий болж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр улсын тусгай хэрэгцээг үндэслэн газрыг солих буюу эргүүлэн авч болно”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Төр улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай байгуулах, улсын чанартай зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих зорилгоор бусдын газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах буюу сольж болно” гэж тус тус заасан.

 

Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлд Улсын Их Хурал улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газар, чөлөөт бүс, хилийн боомтын бүс, улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зорилгоор газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, мөн хуулийн 18 дугаар зүйлд  Засгийн газар шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай зэрэг зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлэхээр заасан.

 

            Засгийн газар улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажил, олон улсын болон бүс нутгийн чанартай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, шинээр зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.

 

                  Улсын Их Хурлын 2012 оны оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Ажилтай, орлоготой Монгол хүн” гэсэн бүлэгт  “Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд хот төлөвлөлтийг шинээр хийж, нэгдсэн бодлогоор инженерийн дэд бүтцийг байгуулан, иж бүрэн 17 хорооллыг байгуулах, нийслэлийн алслагдсан дүүрэг, дагуул хотын хөгжлийг бодлогоор дэмжиж, иргэдийн суурьших бүсийг тэлэх зорилтыг хэрэгжүүлэхээр заасан.

 

Түүнчлэн Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг баталсан. Уг баримт бичигт Улаанбаатар хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хүн амын механик өсөлтийг хотын захын хороод, алслагдсан дүүргүүд, дагуул, хаяа хот, тосгодыг эхний ээлжинд эрчимтэй хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү ажлын хүрээнд дагуул, хаяа болон шинэ хотуудын ерөнхий төлөвлөгөөг 2013-2015 онд багтаан боловсруулан инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг эхлүүлэхээр тусгасан.

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод улсын нийт хүн амын тэн хагас нь төвлөрөн суурьшиж байгаа нь манай улсын хувьд байгалийн давагдашгүй болон бусад нийтийг хамарсан эрсдэлтэй, аюултай нөхцөл байдлыг бий болгож, улмаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй  байгаа тул хүн амын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот, суурин бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг тэлэх, сууршлын бүсүүдийг шинээр бий болгох шаардлагатай байна.

 

            Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан нийгэм, эдийн засгийн хөгжилд үр дүнтэй нөлөө үзүүлэх олон улсын чанартай дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинээр сууршлын бүс бий болгох хэрэгцээ шаардлагаас үүдэн зарим газрыг тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах буюу солих тухай шийдвэрийг нэгдсэн журмаар гаргаж асуудлыг шуурхай шийдвэрлэж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц болохуйц дараах бүтээн байгуулалтын үйл ажиллагааг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэх, сууршлын бүсийг нэмэгдүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулж, аж үйлдвэр, аялал жуучлал, худалдаа үйлчилгээ хөгжсөн, өрсөлдөх чадвартай, хот, сууринг шинээр байгуулж, дэд бүтцийг хөгжүүлэх нөхцөл, боломж бүрдэнэ гэж үзэж байна:

1/ Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүдийн Азийн хурдны зам /АН3/;

            2/ Рашаант Мааньт чиглэлийн Богдхан төмөр зам;

            3/ Богдхан уулыг тойрсон хурдны зам;

            4/  Майдар эко хот байгуулах;     

5/ Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа Олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл;

6/ Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах дагуул хот байгуулах;

7/ Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах холимог тээврийн ложистик төв байгуулах;

8/ Шинээр барих олон улсын нисэх буудлын дэргэд Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болох эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг болно. 

 

 

           

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00