ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай

Хууль санаачлагч: Засгийн газар

Хуулийн танилцуулга

БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН

ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

 

 

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор манай улсын эдийн засаг хурдтай өсч байгаа билээ. Гэвч энэхүү өсөлтийг тогтвортой хангах, түүнээс олох үр ашгийг иргэд олонхид илүү хүртээмжтэй болгох асуудал тавигдсаар байна. Гэтэл өнөөдрийн тендерийн тогтолцоогоор төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих төслүүд цаг хугацаандаа хэрэгждэггүй, нийтэд үр ашиг багатай байна. Энэ нь Засгийн газрын  хурдтай, шуурхай, үр ашигтай, олонхид чиглэсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна.

 

Иймд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, түүний дотор төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой болон үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхтэй уялдуулан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.

 

Уг хуульд заагдсаны дагуу нээлттэй тендер зарлан шалгаруулалт явуулахад хамгийн багадаа хоёр сар гаран хугацаа шаарддаг бөгөөд улмаар бараг шалгаруулж дуусаагүй байтал бүтээн байгуулалтын улирал өнгөрдөг. Эдгээр үндэслэлээс үүдэн бүтээн байгуулалтын ажлууд хугацаандаа, шуурхай явагдахгүй байна. Иймд Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Уг хуулийн төсөл нь 7 бүлэг, 57 зүйлтэй бөгөөд хуулийн төслөөр дараах харилцааг зохицуулсан:

 

Үнийн өрсөлдөөнийг чанарын өрсөлдөөнд шилжүүлж, тендерийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн чанар, гүйцэтгэгчийн чадавхи байх бөгөөд хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчдыг шалгаруулснаар төсвийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдаж, дунд, урт хугацаанд нийгэмд болон олон нийтэд үр ашгаа өгнө. Үүнээс гадна, тендер зарлах, материал хүлээн авах, шалгаруулах болон тендертэй холбоотой маргаан, гомдлыг шийдвэрлэх хугацааг богиносгох, тухайн тендерийн процессыг хурдасгахтай холбоотой заалтуудыг оруулж өгсөн болно. Мөн түүнчлэн тендерийг чанартай гүйцэтгэсэн, хугацаанд нь хүлээлгэн өгсөн эсэхээс хамааран компаниудыг эрэмбэлж нийтэд мэдээлэх, асуудлыг хуульд шинээр тусгасан. Энэ нь дараа дараагийн тендер амжилттай хэрэгжих үндэслэл болох бөгөөд хариуцлагын тогтолцоог сайжруулах нэг хэлбэр болох юм. Тендерт оролцогч болон оролцохыг сонирхогч компаниудын дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан худалдан авалтын мэдээллийн нэгдсэн санг бий болгох бөгөөд энэ нь цаашид тендер шалгаруулахад баримтлах гол хэрэгсэл болно.

Хуулийн төсөл батлагдсанаар дээрх худалдан авах үйл явц хурдан шуурхай, үр бүтээлтэй, улмаар эдийн засагт өндөр үр ашигтай байх хууль эрх зүйн орчин бүрдэнэ.

 

 

---ооОоо---

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00