ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Номын сангийн сангийн тухай хууль

Хууль санаачлагч: Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл

Хуулийн танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

 

Номын сангийн тухай хуулийн  төсөл

 

Манай Улсад нийт 1509 номын сан үйл ажиллагаа явуулж байгаагаас Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, орон нутгийн 373 номын сан, их, дээд сургуулийн 101, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 54, ерөнхий боловсролын сургуулийн 817, албан байгууллагын дэргэд 120, эрдэм шинжилгээний 44 номын сан байна. Эдгээр номын сан нь харьяаллын хувьд олон салбарт хамаардаг бөгөөд соёлын болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн. Харьяалал, салбар дундын зохицуулалтаас хамааран номын сангийн санхүүжилт, сан хөмрөгийн бүртгэл, тооцоо, уншигчдад үйлчлэх орчин нөхцөл, номын хадгалалтын орчин зэрэг асуудал нь жигд бус шийдвэрлэгддэг.

Мөн Үндэсний номын санд хадгалагдаж буй түүх, соёлын дурсгалт зүйлийн хосгүй үнэт, үнэт зэрэглэлд хамаарах цөөн тооны судар, гар бичмэл нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бүртгэл тооллогод хамрагдан, хамгаалагдаж, хувийн номын сан, хувь хүнд хадгалагдаж буй гар бичмэл, судрын хадгалалт хамгаалалт, бүртгэл, тооцоо, үйлчилгээ нь хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалтгүй явсаар ирсэн.

Монгол Улсад 1990 онд нийтийн номын сан 400 гаруй байсан бол 2000 онд 181 нийтийн номын сантай болтлоо буурсан бөгөөд 165 сумын номын санг сургуулийн номын сантай нэгтгэн, Хүүхдийн номын сан, Улаанбаатар хотын нийтийн номын сангийн уншлагын газруудыг татан буулгаж хувьчилсан нь иргэдийн мэдээлэл авах боломжийг хязгаарлаж, номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо, хүүхэд залуусын ном унших сонирхол, идэвх буурахад нөлөөлсөн. 

Номын сангийн үйлчилгээг төрөөс дэмжих бодлого алдагдаж, номын сангийн төсөв хөрөнгө хүрэлцэхгүйгээс шинэ номын баяжилт хийх, материаллаг баазаа сайжруулах, уншигчдад тав тухтай орчныг бүрдүүлэх, уншлага үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, хүний нөөцөө бэлтгэх зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч байна.

Дэлхий нийтэд номын сангийнхаа хөгжлийг нийгмийн хөгжлийн чухал хүчин зүйл гэж тооцон орчин үеийн мэдээллийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлэн, номын сангийн үйлчилгээг өргөн цар хүрээтэй, цаг хугацаанаас бага хамааралтай болгож байна. Учир нь номын сан нь иргэд насан туршдаа сурч боловсрох, судалгаа шинжилгээ хийх, шинэ туршлага судлах, бодлогын асуудлаар шинэ мэдээлэл олж авах, ховор хуучин, үнэт ном хадгалах, түүх соёлтойгоо танилцах танин мэдэхүйн  түшиц газар болсоор ирсэн.

ЮНЕСКО болон Олон улсын номын сангийн холбооноос номын сангийн харилцааг бие даасан хуулиар зохицуулахыг шаарддаг бөгөөд улс орнууд номын сангийн тухай тусгайлсан хуультай байдаг. Энэхүү хуульдаа төрийн зүгээс ямар эрх, үүрэг, бодлоготой ажиллах, эдийн засгийн зохицуулалт, хамтын ажиллагаа, хадгалалт хамгаалалтын асуудлыг нарийвчлан тусгаж, улсын хэмжээнд хэвлэгдэн гарсан ном, хэвлэл тус бүрээс номын санд үнэ, төлбөргүйгээр тодорхой тооны хувийг шилжүүлж үндэсний оюун санааны түүхээ баримтжуулан үлдээхийг зорьдог.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-д “Соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, орчин нөхцлийг бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэм боловсролтой, зөв монгол хүнийг төлөвшүүлж хөрвөх чадвартай боловсролыг эх орондоо олж авахад “номын сангийн үйлчилгээ” чухал болохыг тодорхойлсон.

Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 206.2-д “Номын сангийн үйлчилгээ, Үндэсний номын сангийн эрх зүйн байдлыг хуульчлах, хуулийн төсөл боловсруулах, нэн шаардлагатай мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх, салбарын орчны стандартыг баталж мөрдүүлэх, номын сангийн үйлчилгээг алслагдсан аймаг, сумын хүн амд хүргэх зорилтыг дэвшүүлсэн. 

Дээрх зорилтын хүрээнд Номын сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан ба анхдагч хуулийн төсөл юм.

Хуулийн төслөөр номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулна.

Хуулийн төсөл 7 бүлэг, 27 зүйлтэй бөгөөд номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээдийн эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, номын сангийн төрөл, эрх, үүрэг, ном бүрдүүлэлт, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, номын сангийн уншлага үйлчилгээ, зөөврийн номын сангийн болон цахим уншлагын үйлчилгээг ЮНЕСКО болон Олон улсын номын сангийн холбооноос гаргасан баримт бичгүүд, олон улсын стандарт, бусад улсын туршлагыг судалж, тэдгээрт нийцүүлэн боловсрууллаа. Түүнчлэн номын сангийн уншигчийн эрх, үүрэг, тусгай бүлэг уншигчийн эрх, үүрэг, номын сангийн сан хөмрөг, түүнийг хэрхэн бүрдүүлэхийг зааж номын сангийн заавал авах хувийг тогтооно. Худалдан авах номын жагсаалт, номын сангийн сан хөмрөгийн бүртгэл, тооллого хийх, ганц хувь бүтээл, гар бичмэлийг ашиглуулах, сэргээн засварлах, сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тусгана.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж үзэж байна.

Номын сангийн тухай хуулийг баталснаар номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой болно.

Номын сангийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн байх бөгөөд Соёлын тухай хуульд өөрчлөлт орох хуулийн төслийг боловсруулна.  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

 

 

 

 

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00