ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Гэмт хэргийн тухай хууль

Хууль санаачлагч: Засгийн газар, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин

Хуулийн танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

Гэмт хэргийн тухай хуулийн

төслийн талаар

 

Эрүүгийн хууль нийгэмд шударга ёсыг тогтоох, аливаа гэмт халдлагаас нийгэм, төр, иргэний аюулгүй байдлын баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирэхдээ тухайн цаг үеийнхээ улс төр, үзэл суртал, эрх зүйн соёл, ухамсар, үнэт зүйлсийг хамгаалж байдаг онцлогтой.

2002 онд Эрүүгийн хуулийг баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан уг хуульд 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь хохирлын хэмжээ болон гэмт хэрэгт тооцох нөхцөл байдал /гипотези/ -ийг тодорхой болгох, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчлах, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орж соёрхон баталсан, түүнчлэн өөр бусад хууль шинээр батлагдсан, бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор оржээ.

Ийнхүү Эрүүгийн хуулийг баталж мөрдсөнөөс хойшх хугацаанд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулсан нь тухайн эрх зүйн харилцааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул харьцангуй урт хугацаанд тогтвортой үйлчлэх хуулийг судалгааны үндэслэлтэй боловсруулах хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан үзлээ.

 Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхтай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой үр нөлөөтэй, олон сонголттой болгох"-оор заасантай нийцүүлэх, Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг  /Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга/ боловсруулав.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2004 онд “Эрүүгийн хуулийн хэрэгжилт”, 2005 онд “Гэмт хэргийн ангилал ба ялын тохироо”, 2007 онд “Хорих ялын үр нөлөө”, 2007 онд “Эрүүгийн хуулийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулийн харьцуулсан судалгаа”, Т.Мэндсайхан ахлагчтай судалгааны багийн “ Монгол Улсын Эрүүгийн хуулийг шинэтгэх төслийн санал”, 2009 онд НҮБ-ын Хүүхдийн сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Хүүхдийн хэрэг эрхлэх хороо, түүний үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ” зэрэг 20 орчим судалгааны материалыг хуулийн төсөл боловсруулахад үндэс болгов.

Дээр дурдсан судалгаанаас гадна АНУ, ОХУ, ХБНГУ, БНХАУ, Франц улс, Япон улс болон олон улсын эрдэмтэд хамтран гаргасан “Гэмт хэргийн загвар хууль” бусад хууль санаачлах эрх бүхий субьектын боловсруулсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, эрдэмтэн-судлаачид, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн өгсөн шүүмж, эрдэм шинжилгээний өгүүлэл, тодорхой санал, зөвлөмжийг хуулийн төсөлд ашиглалаа.

Түүнчлэн олон нийт, иргэний нийгмийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн ялгаа, гэмт хэргийн ангилал ба ялын төрөл хэмжээ, ял шийтгэлийн бодлого, хохирлын хэмжээ, гэмт хэргийн зүйлчлэл, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүн зэрэг асуудалд зүй ёсны шүүмжлэлтэй хандан гаргасан санал, зөвлөмжийг ажлын хэсгийн гишүүд судлан үзлээ. Төсөлд албан ёсны санал авахаар 2013 оны 10 дугаар сард 250 орчим төрийн болон төрийн бус байгууллагад явуулсан бөгөөд Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ирүүлсэн 150 гаруй байгууллагын 1000 орчим санал, 2014 оны 1 дүгээр сард Зөрчлийн хуулийн төсөлтэй хамт санал авахаар гаргасан 91 байгууллагын 900 орчим саналыг үзэл баримтлалд нийцүүлэн тусгав.

Бодлогын баримт бичгийн эдгээр заалт, судалгааны материал, бусад улс орны туршлага, чиг хандлага, төрийн бус байгууллага, иргэдийн өгсөн санал, зөвлөмжийг үндэслэн Хууль зүйн сайдын 2012 оны А/77 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг боловсрууллаа.

Нэг. Хуулийн төслийн ерөнхий ангийн талаар:

Хуулийн төслийн ерөнхий ангийг дараах байдлаар тоймлож байна:

1.  Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээгээр оролцогч улсуудад “үндэсний хууль тогтоомжоор зохицуулахыг үүрэг болгосон” 56  асуудлыг зохицуулаагүй буюу хуульчлаагүй байна. Энэ тоог Монгол Улсын Эрүүгийн хуулийн зүйл заалтын тоотой харьцуулахад тус хуулийн заалт 18.3%-иар нэмэгдэж, өөрчлөгдөх бүрэн үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн 7 зарчмын 5 нь буюу 71.4% нь хэрэгжих боломжгүй байдлаар тусгасан нь тухайн хуулийг шинэчлэн найруулах үндэслэл болсон.

2. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд заасан зарчмыг агуулгын хувьд шинээр томьёолж, Гэмт хэргийн загвар хуульд тулгуурлан хууль ёс, шударга ёс, хүнлэг энэрэнгүй ёсны зарчмыг Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан агуулгаар тусгасан. Ингэснээр шүүх хуульд заасан зарчмыг баримталж хэрэг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзлээ. ХЗҮХ-гээс 2009 онд Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн талаар хийсэн судалгаанаас үзэхэд шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зарчмыг дурдаж, үндэслэл болгон хэрэглэдэггүй, тус хуулийн тусгай ангийн зарим зүйл хэсэгт зарчим гажуудахад хүргэсэн заалт байгааг онцлон дурдсан байдаг.

3. Баривчлах ял үр нөлөөгүй байгааг харгалзан үзэж, хорих ялыг нэг сараас хорин жил хүртэл хугацаатай байхаар тооцож, иргэн, нийгэм, төрд шууд хохирол учруулахад чиглэгдсэн үйлдлүүдийг хуулийн төсөлд тусгаж, “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол…” гэсэн ойлголтыг халж, шинээр боловсруулж буй Зөрчлийн хуулийн төсөлтэй уялдуулсан.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ялын бодлогоор онц хүнд, хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж дөрөв эрэмбэлэн заасан ангилал нь "хохирлын хэмжээ" буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр дүйцүүлэн тооцсон "бага бус", "үлэмж", "их", "онц их" гэсэн хэмжээнээс шалтгаалж өөрчлөгддөг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан нийт гэмт хэргийн 80 орчим хувь материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирлын хэмжээ заасан байдгаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх болгонд ангилал өөрчлөгддөг. Хуулийн төсөлд материаллаг шинж, босго тогтоосон хэмжигдэхүүнээс зайлсхийж, гэмт үйлдлийг шууд тоочих замаар хууль зүйн техник ашиглаж, ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийг ангилахгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинжийг харгалзан үзэхээр зохицуулалт оруулсан.

Шүүхээс энэ хуулийн тусгай ангид хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах өргөн боломжтой, хорих ялын дээд болон доод хэмжээг сунгаж, харьцангуй уян хатан байдлаар хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр гэмт хэргийн ангилал, шүүхээс оногдуулсан ял хоорондоо уялдаагүй, хатуу хязгаарын хүрээнд гэм буруугийн шинжид тохирохдоггүй гэсэн шүүмжлэл арилж, шударгаар хэргийг шийдвэрлэхэд дөхөм болно гэж үзэж байна.

            5. Шүүхийн тухай хуульд Улсын Дээд шүүх хуульд заасан нэр томьёо, аливаа зүйл хэсгийг нэг мөр зөв ойлгож, нэгдсэн практик тогтоох асуудлыг зөвхөн хэрэг маргааныг шийдвэрлэх замаар тайлбарлахаар заасан тул хуульд гэмт хэргийн диспозиц шинж, хууль зүйн нэр томъёог тодорхой, ойлгомжтой бичих шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

            Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүн гэсэн ойлголтыг гэмт хэргийн шинж гэж томьёолон хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх, гэмт хэргийн шинжийг тодорхойлох, тайлбарлахад энэ хууль, бусад хуулиар тогтоосон нэр томьёо, зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, шаардлагатай тохиолдолд захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг үнэлж, хэрэглэхээр тусгалаа.

6. Гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарах “бие махбодийн буюу сэтгэл санааны албадлага”-ыг нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдал гэсэн хэсэг шинээр оруулж, Гэмт хэргийн тухай хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд сэтгэл санааны болон бие махбодийн албадлагын үр дүнд гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалтыг оруулсан.

7. “Бүлэглэн” болон “урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг” гэсэн тодорхойлолтыг өөрчилж, хамтран оролцогч буюу зохион байгуулагч, захиалагч, хатгагч, хамжигч, гүйцэтгэгч гэсэн томъёоллын заримыг нэгтгэх, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн тохиолдолд хуулийн төсөлд заасан ялын төрөл хэмжээ, хязгаарын хүрээнд илүү чанга ял оногдуулдаг байх бодлогыг баримталсан.

8. Монгол Улсад сүүлийн 10 жилийн дунджаар авч үзэхэд жилд 7272 хүн хорих ял эдэлдэг. Мөн хуулийн байгууллагын судалгааны дүнгээс[1] үзэхэд жилд хорих байгууллагаар дамжиж байгаа хүмүүсийн тоо 12000 хүрдэг.[2]  2000-2010 онд Улсын хэмжээнд нийт 40119 хүн шоронгоос суллагданаас 47% нь дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлжээ.

Онц аюултай гэмт хэрэгтэн, ялтай байдал, урьд ял шийтгүүлсэн болон гэмт хэрэг давтан үйлдэх талаар заасан, хууль зүйн үр дагавар үүсгэдэг ойлголтыг өөрчилж тусгай ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон авч үзэхгүй байхаар хуулийн төсөлд тусгасан. 2002 оны Эрүүгийн хуулийн нийт 49 зүйлд гэмт хэргийг давтан үйлдсэн, 13 зүйлд урьд ял шийтгүүлсэн бол хүндрүүлж үзэхээр заажээ. Энэ нь нэг хэрэгт нэг удаа ял шийтгэх буюу олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн “Non double jeopardy” зарчмыг гажуудуулахад хүргэж, аливаа гэмт хэрэгт ял шийтгүүлж, эдэлсний дараа түүний үр дагаврыг хүндрүүлэн хэрэглэж байгааг зохимжгүй гэж үзээд дээрх нөхцөл байдлыг хуулийн ерөнхий ангид “хүндрүүлэх нөхцөл байдал” гэсэн хэсэгт тусгасан.

Мөн Олон улсын Эрүүгийн шүүхийн дүрэмд заасны дагуу оролцогч улс бүр нь Олон улсын Эрүүгийн шүүхтэй хамтран ажиллах, үүнд мөрдөн шалгах болон мөрдөн мөшгөх үйл ажиллагаанд шүүхэд туслах үүрэг хүлээсэн байдаг. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд дараахь зарчмуудыг баталгаажуулсныг Гэмт хэргийн хуулийн төсөлд тусгасан. Үүнд:

·      Хуулийг буцаан хэрэглэхгүй байх;

·      Нэг гэмт хэргийн төлөө нэг л удаа хариуцлага ногдуулах;

·      Олон улсын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байх; 

·      Олон улсын гэмт хэрэг үйлдсний төлөө хариуцлагыг захирагч болон тушаал биелүүлэгч аль аль нь хүлээх;

·      Цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх;

·      Дотоодын эрх зүйн дагуу шүүх нь олон улсын гэмт хэргийг үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх сонирхолгүй, аль эсвэл чадваргүй бол ял шийтгэлгүй үлдээхгүйн үүднээс Олон улсын Эрүүгийн шүүхээс хариуцлага ногдуулах нөхцлийг баталгаажуулах.

9. Ял шийтгэлийн талаар:

Ял, шийтгэл нь гарцаагүй байх ёстой боловч давтан гэмт явдлын шалтгаан байх ёсгүй байдлыг харгалзан сонгон хэрэглэх боломжтой хянан харгалзах арга хэмжээ болох тэнсэж хянан харгалзах, хүмүүжүүлж хянан харгалзах, эмчилж хянан харгалзах, хүүхдэд хүлээлгэх хариуцлагын төрлийг шинээр хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр хянан харгалзах арга хэмжээ нь сонгон оногдуулах боломжтой байх ба хорих ялыг багасгаж, үр нөлөөтэй, хүний хувийн байдалд тохирсон байх шинжийг харгалзан үзэх боломж бий болно. Уламжилж ирсэн “эрүүгийн хариуцлага” гэсэн ойлголтыг “ял шийтгэл” хэмээн тодорхойлж, энэ дотроо ял, хянан харгалзах арга хэмжээ гэсэн 2 хэсгээс бүрдэхээр тусгасан. Ял үр нөлөөтэй байх зорилгыг хангах үүднээс ял эдэлж дууссаны дараа хянан харгалзах арга хэмжээг хэрэгжих байдлаар хуульчилсан болно.

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                 

 10. Ялын талаар:

Монгол улсын эрүүгийн хариуцлагын тогтолцоонд хорих ял дийлэнх хувийг эзэлдэг. Шүүхийн 2011 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн мэдээгээр нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77.4 хувь, 5.8 хувь нийтэд тустай ажил хийлгэх, 12.5 хувь баривчлах ял, бусад ял 0.1 хувь байсан бол, 2012 оны нэгдсэн мэдээгээр нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77,6 хувь, 5,7 хувь нийтэд тустай ажил хийлгэх, 11,6 хувь баривчлах ял, бусад ял 5,1 хувь гэсэн судалгаа гарсан байна.

Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн дунджаар 47 орчим хувь нь дахин гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлжээ. Сүүлийн гурван жилд хорих ял биечлэн эдлэгсдийн дундаж 5000-5200 орчимд хэлбэлзэж байсан бол 2012 оны байдлаар 8000 хоригдол хорих ял эдэлж байгаа гэсэн дүн гарсан байна.

Хуулийн төсөлд ялын төрлийг дараах байдлаар тусгалаа. Үүнд:

а/ Торгох ялыг нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна оногдуулахаар зааж, уг торгох ялаас хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх, ялтан торгох ялыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх, албадан биелүүлэх ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих;

б/ Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэх, ялыг эдлүүлэх хугацаа нь нэг зуун хорин цагаас дөрвөн зуун наян цаг, уг ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солих, хөдөлмөрийн чадваргүй хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, 3 хүртэлх насны өсвөр насны хүнтэй ганц бие эх, эцэг, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэйд оногдуулахгүй байх;

в/ Зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар зааж, тодорхой хүн, хэсэг бүлэг хүн, тогтоосон замаар зорчих, хууль сахиулах байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх зэргээр эдлүүлэх бөгөөд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг зөрчвөл уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэх;

Энэ нь шинэ төрлийн ял бөгөөд шүүхээс хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны тусламжтайгаар цахим хяналт тавих юм.

 г/ Хорих ял нь хугацаатай ба бүх насаар нь байна. Хугацаатай хорих ял нь нэг сараас хорин жил хүртэл байх, бүх насаар хорих ял нь хорин жилээс дээш хугацаагаар байх бөгөөд суллагдах үндэслэл нь хорин жилээс дээш хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсний дараа үүсэх;

Монгол Улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II дугаар Протоколд нэгдэж орсонтой холбогдуулан цаазаар авах ялыг бүрмөсөн хална. Харин энэ онцгой ялын оронд бүх насаар хорих ялыг хуулийн төсөлд тусгаж, 20 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал хугацаатай хорих ялаар сольж болох талаарх зохицуулалтыг шинээр оруулна.[3]

д/ Эрх хасах ялыг гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглох;

Шүүхийн практикт ихэвчлэн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасахаас өөр байдлаар хэрэглэж байгаагүй юм. 

 

11.Өсвөр насны хүнд оногдуулах ял

а/ Ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 14 наснаас байхаар хуулийн төсөлд тусгахдаа бусад орны гэмт хэргийн тухай хуульд заасан ял шийтгэл оногдуулах насны хязгаарын шалгуурыг харгалзан үзсэн. Энэ нь 14 наснаас дээш гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн бүрт ял оногдуулах зорилгогүй бөгөөд хүүхдийн хүмүүжил нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах, хүүхдийг аль болох хорих бус хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай сургалттай байгууллагад хүмүүжүүлэх, хүүхдийн хууль зүйн хороо нь хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавих талаарх зохицуулалтыг тусгалаа.

б/ Өсвөр насны хүнд хүлээлгэх ялын төрлийг тусгай бүлгээр зохицуулах бөгөөд “өсвөр насны хүн” гэж гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй байсан хүнд тухайн бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулахаар тусгасан.

в/ Хүмүүжлийн чанартай арга хэмжээ нь хууль батлагдан хэрэгжсэнээс хойш өдийг хүртэл бүрэн утгаараа хэрэгжээгүй, сургалт хүмүүжлийн тусгай байгууллага огт ажиллаагүй юм. Иймд өсвөр насны хүнд хүлээлгэх хариуцлага чанга, хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах боломжгүй болсон гэж үзсэний үндсэн дээр өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахааргүй бол шүүхээс тодорхой хугацаагаар хүмүүжүүлж хянан харгалзах арга хэмжээг хэрэглэнэ.

 12/ Албадлагын арга хэмжээний талаар:

Хуулийн төсөлд албадлагын арга хэмжээний төрлийг дараах байдлаар тусгана:

а/ Хянан харгалзах албадлагын арга хэмжээ нь гадаадын ихэнх орны гэмт хэргийн тухай хуульд parole, probation гэх зэргээр нэрлэдэг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хянан харгалздаг албадлагын арга хэмжээ байна. Энэ нь хэлбэрийн хувьд тодорхой хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэхгүй, засарч хүмүүжих талаар амлалт өгч, хууль сахиулах байгууллагын хяналтад байх хэлбэрээр хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор хорих байгууллагад хорихоос өөр төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх нэгж, алба байгуулагдана.

в/ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ нь одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн зохицуулалтаас зарчмын ялгаагүй боловч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, ял эдэлж байх үедээ сэтгэцийн өвчнөөр өвдсөн хоёр тохиолдолд ялыг хэрхэн эдлүүлэх асуудлыг нарийвчлан зааж өгсөн.

г/ хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь тухайн хүнд ногдох, хөрөнгө орлогоос албадан гаргуулж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх зохицуулалтыг тусгалаа.

12. Шүүх ял оногдуулахдаа хуульд заагаагүй өөр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж болох, хэрэв тусгай ангийн холбогдох зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд ял оногдуулахад харгалзан үзэхгүй байх Эрүүгийн хуулийн уламжлалт зохицуулалтыг хэвээр үлдээсэн.

13. Шүүхийн практикт тулгамдаж буй асуудлыг судлан үзвэл хэд хэдэн гэмт хэрэгт болон хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахад хэргийн шийдвэрлэлт удаашрах, “хэргээ задлах”, “хэрэг наймаалцах” зэрэг сөрөг үзэгдэл гарч байна. Хуулийн төсөлд шинээр оруулах заалтын агуулга нь хэрэг бүрт оногдуулсан ялыг нэмэх замаар жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох, ингэхдээ хуульд заасан дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, хэргийг тусгаарлан шийдвэрлэх боломжтой талаар хуулийн төсөлд тусгасан.

14. Хэрэг хариуцах чадваргүй байдал гэдгийг тодорхой болгох үүднээс хэрэг хариуцах чадвар бүхий сэтгэцийн зовиуртай, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан этгээдэд хүлээлгэх ял шийтгэл, шүүх ял оногдуулахдаа хэрэг хариуцах чадвар нь үгүйсгэгдээгүй сэтгэцийн зовиурыг харгалзан үзэх ба түүнийг эмчилж хянан харгалзах албадлагын арга хэмжээ ногдуулах үндэслэл болгож болохоор хуулийн төсөлд тусгасан болно.

15. Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх, хор уршгийг арилгах хүсэлтээ илэрхийлсэн бол шүүх хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялын тодорхой хэсгийг оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэглэх эсхүл ял шийтгэлээс чөлөөлөх, энэ журмаар ял шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж болохоор тусгасан.

16. Түүнчлэн хуулийн нэр томьёо, давхардал, хоёрдмол утга бүхий зүйл, заалтыг өөрчлөх, “ба”, “буюу”, “бөгөөд”, “эсвэл” гэсэн хоёрдмол агуулга бүхий хууль зүйн техникийг ашиглахаас татгалзаж, санаатай эсвэл болгоомжгүй гэмт хэргийн субьектив талыг тодорхой заах, хуулийн бичилтийг дахиж сайтар өөрчлөн найруулахад анхаарсан болно.

Практикт альтернатив хувилбараар ойлгож хэрэглэдэг ба зэрэгцээ сонголт бүхий буюу 2 ба түүнээс дээш шинж зэрэг биелэгдсэн байх бүрэлдэхүүн байгаа эсэх эргэлзээтэй, ойлгомжгүй байна. Учир нь, таслал, цэгтэй таслал болон бусад холбоос үг (ба, буюу, болон, эсхүл, түүнчлэн) ашигласан байдал нь нэг мөр ойлгомжтой болоогүй ба хууль зүйн хувьд эдгээр үгийн утга тодорхой бус юм.

 

Холбоос үг

Ерөнхий анги

Тусгай анги

Бүгд

1.      

ба

2

2

4

2.      

буюу

34

282

322

3.      

болон

90

133

223

4.      

эсхүл

17

361

378

5.      

түүнчлэн

16

63

79

6.      

Өөрөөр хэлбэл

 

2

2

 

Иймд хууль зүйн техникийг ойлгомжтой байлгах үүднээс ба, эсхүл гэсэн холбоос хэрэглэж бүрэлдхүүний шинжийг зааглан ялгаахаар тусгасан.

 

Хоёр. Хуулийн төслийн Тусгай ангийн талаар:

Өнөөгийн Эрүүгийн хуульд хууль зүйн техник буюу хуулийн бүрдэл хэсгийн хоорондын уялдаа холбоо, хэм хэмжээний бүтэц, хэл зүйн найруулга, холбоос үгний сонголт, нэр томъёоны оноолт тогтож хэвшээгүй, нэг мөр болоогүй учраас хуулийг иргэд төдийгүй хуульчид ойлгож хэрэглэхэд хүндрэлтэй, шүүх, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид нэг хэргийн хувьд хуулийг олон янзаар тайлбарлаж хэрэглэх явдал түгээмэл байна. Иймд Эрүүгийн хуульд баримтлах хууль зүйн техникийн жишгийг шинээр тогтоосны үндсэн дээр хуулийн эх бичвэрийг бүхэлд нь хянан үзэж, тусгай ангийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлов.

Шинээр гэмт хэрэгт тооцох, эс тооцох буюу эрүүжүүлэх, эрүүгүйжүүлэх үйлдлийг тусгах, Гэмт хэргийн загвар хуульд заасан боломжтой зарим гэмт хэргийн томъёоллыг харгалзан үзлээ. Мөн хууль санаачлах эрх бүхий субьект, тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой зүйл, заалтыг НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн заалт энэ талаар Олон Улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжид нийцүүлэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхой тусгаж өгсөн.

Гэмт хэргийн төрлийг шинээр бүлэглэн тус хуулийн ерөнхий ангид заасан хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийтийн эрх ашгийг хангах бодлогыг нэн тэргүүнд баримтлах талаар хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал, хуулийн төслийн тусгай анги “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлгээс эхэлж байгаа бөгөөд хүн төрөлхтөний эсрэг гэмт хэргийн бүлгийг Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нийцүүлж, Гэмт хэргийн загвар хуульд заасан нэр, томъёо, хууль зүйн техникийг ашигласан. 

Хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн бүлгийг дахин судалж, юуны урьд хүний бие махбодь, сэтгэл санаа, өмч хөрөнгийн эсрэг идэвхитэй халдлага хийсэн, хохирол учруулсан үйлдлийг тусгахаар оруулсан бөгөөд үүний дараа бусад эрх, эрх чөлөө тухайлбал, захидал, харилцаа, улс төрийн эрх, эрх чөлөөг зөрчиж хохирол учруулсан үйлдлүүдийг эрэмбэлэх замаар гэмт хэрэгт тооцож хуулийн төсөлд тусгалаа.

Шинэ тутам үйлдэгдэж буй гэмт хэрэг, тухайлбал, мэдээллийн аюулгүй байдал, түүнд халдсан зарим гэмт хэргийг ахин шинээр томьёолох, авлига, албан тушаалын гэмт хэргийг тодорхой зааж, шан харамж авах гэх мэт зарим гэмт хэргийн бүрэлдэхүүнийг өөрчилж, энэ бүлэгт нэгтгэх талаар судалж үзсэн. Түүнчлэн, соёлын өвтэй холбоотой түүх, соёлын дурсгалт зүйл, археологи, геологи, палентологийн үнэт олдвор, хосгүй үнэт зүйлийг хамгаалах талаар төрөөс баримталж буй бодлогод нийцүүлж “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлгийг шинээр орууллаа.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлгийг шинээр оруулсан бөгөөд хүүхдийн эрхийн эсрэг үйлддэг хүчирхийлэл, албадлагын шинж чанартай гэмт хэргүүдийн ялын бодлогыг чангатгах талаар хуулийн төсөлд тусгалаа.

Ийм байдлаар хуулийн төсөлд нийтдээ 69 гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинээр болон гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжийг шинэчлэн найруулж тусгалаа. 

Практикт шийдвэрлэхэд байнга бэрхшээл учруулж байдаг хулгай, дээрэм, булаалт, танхай, залилан мэхлэх, завших, үрэгдүүлэх, хүнийг санаатай алах, хөнгөн хүндээр гэмтээх зэрэг өдөр тутам гарч буй гэмт хэрэг, хуулийн байгууллагын үйл ажиллагаа, ажлын ачаалалд нөлөөлж байдаг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг илүү тодорхой, нарийвчлан, хоёрдмол утга агуулахгүй аль болох Улсын Дээд шүүхийн тайлбар шаардахгүйгээр хуулийн төсөлд тусгахыг зорьсон.

Эрүүгийн хуульд заасан баривчлах ялын үр нөлөө бага байгааг харгалзан үзэж, хуулийн төсөлд нэмэгдэл ялыг сонгон оногдуулах боломжийг нээж торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлахзэрэг ял оногдуулах боломжит хэмжээг хуульд тусгасан. Гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд ялын “хэт үсрэлт” буюу ялгамжгүй байдлыг арилгаж, иргэн, нийгэм, төр, нийтийн эрх ашигт учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч ял шийтгэл оногдуулах байдлаар санкцийг тодорхойлсон.

Түүнчлэн эдийн засгийн эсрэг гэмт хэрэг гэсэн шинэ бүлгийг орчин үеийн нийгмийн харилцааны онцлогийг харгалзан оруулж байгаа бөгөөд үүнд зах зээл дэх давамгай байдлаа хууль бусаар ашиглах, зах зээлийн үнэ хөөрөгдөх, зохиомлоор, эсхүл зориуд дампуурах, хууль бусаар зээл төлөхөөс зайлсхийх, банк, санхүүгийн үйл ажиллагаа хууль бусаар эрхлэх, аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах, хууль бусаар дампууруулах, хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ, даатгал, зээл төлөхөөс зайлсхийх, хууль бусаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх зэрэг шинээр гэмт хэрэг болгохоор тусгалаа.

Гэмт хэргийн тухай хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн суурь зарчим, шударга ёсонд илүүтэй нийцнэ гэж үзэж байгаа бөгөөд хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх нөхцөл хангагдана гэж үзлээ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл шат 1-2 жил үргэлжлэх бөгөөд хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх, уламжлалт хандлага, мэдлэгийг өөрчлөх, шинэ мэдлэг, дадал олгох талаар сургалт явуулах, хуулийг олон нийтэд сурталчлах үйл ажиллагаанд тодорхой цаг хугацаа шаардагдана гэж үзэж байна.

Гэмт хэргийн тухай хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа тодорхойгүй, уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил зэргээс хамаарч шаардах хөрөнгө, зардлын тооцоог урьдчилан гаргах боломжгүй байгаа тул уг асуудлыг тухай бүр нь шийдвэрлүүлэх  боломжтой гэж үзлээ.  

 

 

ЗАСГИЙН ГАЗАР

 

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00