ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Зөрчлийн тухай хууль

Хууль санаачлагч: Засгийн газар, Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин

Хуулийн танилцуулга

 

ТАНИЛЦУУЛГА

 

 

 Зөрчлийн тухай хуулийн төслийн талаар

 

Монгол Улсын Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг зүй зохистой хамгаалж, ялгамжтай хариуцлага тооцох үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байна. Социалист нийгмийн харилцаанд нэн тэргүүнд хамгаалж байсан тухайн үеийн үнэт зүйл болох социалист өмч, нийгмийн дэг журам, хамтын аж төрөх ёс гэх мэт нэн тэргүүнд эрэмбэлэн хамгаалж байсан харилцаа өөрчлөгдөж, шинэ Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, хувийн өмч  зэрэг ардчилсан нийгмийн харилцаанд үнэт зүйл гэж үзэж байгаа ойлголтуудыг материаллаг хэм хэмжээгээр хамгаалах бодлогыг шинээр авч үзэх хэрэгтэй болсон.

  

Гэмт хэргийн бүрэлдэхүүн, зөрчлийн шинж нь хор аюулын шинж чанар, нийгмийн үнэлэмжээр ялгагдаж, хууль зүйн хариуцлага тооцох боломжоороо харилцан нөхөж байх ёстой.[1] Учир нь гэмт хэргийн нийгэмд аюултай шинж нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Эрүүгийн хуульд “….гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй…” гэсэн заалт, бусад хууль тогтоомжид заасан “...хэрэв эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...” гэсэн ерөнхий үг хэллэгээр заагласан нь ял завшуулах нэг нөхцөл болдог.

 

Зарим эрдэмтэн, судлаачдын зүгээс гэмт хэрэг, зөрчлийг ялгах хамгийн гол шинж бол материаллаг шинж гэж үздэг нь учир дутагдалтай бөгөөд энэ нь шударга ёсны зарчим гажуудан хэрэгжих нэг нөхцөл болдог. Харин гэм буруугийн шинж буюу обьектив тал буюу үйлдэл, субьектив шинжээр гэмт хэрэг, зөрчлийг ялган зааглахад орчин үеийн дэлхий дахины эрүүгийн хууль тогтоомжийн хөгжил чиглэж байна.

 

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хууль нь 1992 оны 12 сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд түүнээс хойш 20 гаран удаагийн нэмэлтээр  уг хуулийн тавны нэгд өөрчлөлт орсон боловч Эрүүгийн хуультай харилцан уялдаа, холбоогүй, хэм хэмжээний давхардал үүсгэдэг. [2]

 

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөлд албан ёсны санал авахаар 181 байгууллага, судлаачдад хандсанаас давхардсан тоогоор 125 байгууллагаас 1800 орчим санал ирснийг хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн тусгасан.

 

Хуулийн төсөл 18 бүлэгтэй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангид зарчмын шинжтэй дараахь зүйлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангитай уялдуулан тусгалаа. 

 

Нэг. Зөрчлийн тухай хуулийн төслийн Ерөнхий ангийн талаар:

 

1.Ерөнхий ангид томъёолсон зарчмын агуулгыг Эрүүгийн хуулийн /шиэнчилсэн найруулга/ зарчимтай уялдуулж “Хууль ёсны зарчим”, “Шударга ёсны зарчим” гэсэн хоёр зарчмын хүрээнд тодорхойлсон.

 

2.Хуулийн төсөлд зөрчлийн талаарх ойлголтыг өргөжүүлж, хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ба шийтгэл хүлээлгэхээр заасан үйлдэл, эс үйлдэхүй, үйл ажиллагааг зөрчилд тооцохоор заав. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа, хамтран үйлдэх, гарцаагүй байдал, зөрчил үйлдсэн хугацаа, зөрчил үйлдсэн газар, шийтгэл хүлээх этгээд, гэмт хэрэг ба зөрчлийн шинжтэй үйлдлийг нэгэн зэрэг гаргасан үед ял оногдуулах, шийтгэл хүлээлгэх зэргийг тодорхойлсон.

 

3.Зөрчлийн шийтгэл нь “торгох”, “эрх хасах” гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуулийн төсөлд заав. Торгох шийтгэл нь зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хувь хүнд арваас арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдэд таван зуугаас тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөг байхаар тусгалаа. Эрх хасах шийтгэл нь зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгасан.

 

Түүнчлэн зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээд нэг зөрчлийг байнга,эсхүл  3 ба түүнээс дээш удаа үйлдсэн бол тухайн зөрчилд заасан хэмжээг нэмэгдүүлж шийтгэл хүлээлгэдэг байхаар тусгалаа.

 

 4.Хуулийн төсөлд албадлагын арга хэмжээг дараах байдлаар тусгасан. Үүнд:

 

а/ Орлого, эд зүйл хураах, б/ Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, в/ Хохирол, нөхөн төлбөр гаргуулах, г/ Албадан эмчлэх д/ Нийтэд тустай ажил хийлгэх гэсэн таван төрөлтэй байхаар төсөлд тусгалаа.

 

5.Зөрчлийн тухай хуулийн төсөлд зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар дараах байдлаар тусгалаа.Үүнд:

 

а/Зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь ямар субьект байх талаар;

 

б/Зөрчлийг хянан шалгахтай холбоотой хугацаа, ямар ажиллагааг хэрхэн явуулах, хууль сахиулах ажиллагааны тухай хуульд заасан журмаар явуулах талаар;

 

в/Эрх бүхий албан тушаалтан зөрчил хянан шалгах ажиллагааны явцыг тэмдэглэлээр бэхжүүлэх, зөрчил гаргасан этгээд татгалзсан тохиолдолд хэрхэх талаар;

 

г/Таслан сэргийлэх арга хэмжээний хэлбэрийг түр саатуулах, үйл ажиллагааг түр зогсоох, шаардлагатай тохиолдолд ариутгах, халдваргүйжүүлэх, худалдах, борлуулахыг хориглох, устгах гэж тодорхойлох;

 

д/Шийтгэл оногдуулах хэлбэр нь торгуулийн бэлэн болон бэлэн бус торгууль, эрх хасах, албадлагын арга хэмжээ нь шийтгэвэр байх талаар;

 

е/Хураан авсан битүүмжилсэн эд хөрөнгийг хэрхэх талаарх зохицуулалтын талаар;

 

ж/ Шийтгэлээс хэрхэн хуульд заасан үндэслээр чөлөөлөх, шийтгэлд оногдуулсан шийтгэвэрт гомдол санал гаргах, шийдвэрийг биелүүлээгүй бол хэрхэх талаарх зохицуулалтын талаар тус тус тусгалаа.

 

 

Хоёр. Зөрчлийн тухай хуулийн төслийн Тусгай ангийн талаар:

 

Орчин үеийн эрүүгийн эрх зүйн зарчим Эрүүгийн хуулийн тусгай ангид тусахдаа гажих тохиолдол цөөнгүй, бланкет диспозици түгээмэл хэрэглэсэн байдаг. Ингэхдээ бусад хуульд заасан захиргааны зөрчлийг иш татахдаа их хэмжээний хохирол учирсан, хүний амь нас хохирсон байх шинжийг нэмэн дурдаж, гэмт хэрэгт тооцдог. Тухайлбал зөрчил гаргасан, хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон байх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нийт 38 зүйл хэсэгт гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон заасан байдаг.

 

Монгол Улсад хууль сахиулагч нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын доод хэмжээгээр тодорхойлох заалтыг баримталж, түүнээс доош хохирол учирсан байвал “захиргааны зөрчил” гэж үзэн шийдвэрлэж ирсэн. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа хүнд захиргааны хариуцлага хүлээлгэхдээ үнэлгээчин, хууль сахиулагчийн үзэмжээр хохирлын доод хэмжээнд хүргээгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгон ял завшуулдаг. Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй хулгайг “ашиглан шамшигдуулах” зөрчил гэж үзэж торгох төдийгөөр шийтгэж байгаа нь гэмт хэрэг, зөрчлийг материаллаг шинжээр ангилсны хор, уршиг юм.

 

Зөрчлийн хуулийн төслийн тусгай ангийн бүлэглэл нь Эрүүгийн хуулийн төслийн тусгай ангийн бүлэглэлтэй адил байдлаар эрэмблэгдсэн.

                                             

Зөрчлийн тухай хуулийн төсөл шинээр боловсруулж байгаатай холбогдуулан захиргааны хариуцлага хүлээлгэхээр заасан нийт 200 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.

 

 

 

ЗАСГИЙН ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БАТЛАВ:

ХУУЛЬ ЗҮЙН САЙД                                   Д.ДОРЛИГЖАВ       

                   

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

 

Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

 

            Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж, захиргааны зөрчил, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаа чухам ямар салбарт хамаарах талаар онолын нилээдгүй маргаан гарч захиргааны процесс[3], эсхүл эрүүгийн эрх зүйн харилцаанд хамаарах[4] талаар эрдэмтэн, судлаачид харилцан адилгүй байр суурьтай байдаг. Цаашид зөрчил, гэмт хэрэгт ямар үйлдлийг тооцох, хүлээлгэх хариуцлагын төрөл, хэлбэрийн шийдлийг хууль зүйн шинэчлэлийн хүрээнд нэгдсэн бодлогоор шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Шударга ёсыг хамгаалах тогтолцооны үндсэн чиглэл нь орчин үеийн нийгмийн амьдралд үүсэж бий болсон нийгмийн сөрөг үзэгдлүүдэд ялгамжтай хандаж ял, шийтгэл оногдуулах боломжтой, үр нөлөөтэй хууль зүйн хариуцлагын тогтолцоо бий болгоход оршино.

 

1992 онд батлагдсан Захиргааны хариуцлагын тухай хуулиар зөрчилтэй холбоотой асуудлыг бүрэн зохицуулж чадаагүй, хэм хэмжээний хоорондын зөрчил, давхардал бий болгосон нь иргэдийн дунд хууль сахиулагч, шүүгчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж хардах, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх, гэмт хэрэгтэнд ял завшуулдаг гэж дүгнэхэд хүргэж байгаа бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийг Эрүүгийн хуультай уялдуулан гаргах гол үндэслэл болж байна.

 

Гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог өнөөгийн байдлаар авч үзвэл эрүүгийн хариуцлага, захиргааны хариуцлага гэж ерөнхийд нь ангилж гэмт хэрэгт ял оногдуулж, зөрчилд захиргааны шийтгэл хүлээлгэж байна. Одоо бидний хэрэглэж байгаа онолын болон хуулийн тодорхойлолт, салбарын эрдэмтэн, судлаачдын байр суурийг үзвэл гэмт хэрэг, зөрчлийг өөр өөр салбарт хамааруулан авч үзэж, түүнд хүлээлгэх хариуцлагыг “захиргааны”, “эрүүгийн” гэсэн нэр томъёогоор ялган зааглажээ. Гэтэл ингэж ялгаж заагласан үйлдэлд хүлээлгэх хариуцлага нь хоорондоо ямар ч уялдаагүйгээс эрүүгийн хариуцлага хэмээн хэт ач холбогдол өгөн үнэлж, ял шийтгэх, эсхүл захиргааны хариуцлага хэмээн үл ойшоон үзэж багахан хэмжээгээр торгон, аль нэг хуулиар хориглоод өнгөрдөг байснаас үүдэн Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг хамгаалах бодлого орхигдсон.

 

Захиргааны хариуцлага тогтоосон хэм хэмжээг  төрөлжүүлэн Захиргааны хариуцлагын тухай төрөлжсөн нэг хуульд хуульчлах саналыг Захиргааны эрх зүйн эрдэмтэн судлаачид  нилээд  дэвшүүлж[5] байсны зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Захиргааны хариуцлагын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 33 дугаар тогтоолын 1.2-т Захиргааны хариуцлагын тухай төрөлжсөн хуулийн төслийг шинээр боловсруулж УИХ-ын 1993 оны хаврын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн барихыг Засгийн газарт даалгасан боловч хэрэгжүүлээгүй байна.  

 

Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг, төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдал, хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор эрүүгийн хэрэг түүнд хүлээлгэх ял, албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулиар, хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй, үйл ажиллагааг зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл хүлээлгэх асуудлыг Зөрчлийн тухай хуулиар тус тус тодорхойлно.

 

Хоёр.Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ, хуулийн    

төслийн ерөнхий бүтэц

 

1/ Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн талаар:

 

1.Ерөнхий ангид томъёолсон зарчмуудын агуулгыг Эрүүгийн хуулийн төслийн зарчимтай уялдуулж “Хууль ёсны зарчим”, “Шударга ёсны зарчим” гэсэн хоёр зарчмын хүрээнд тодорхойлно. Тухайлбал Зөрчил, түүний бүрэлдэхүүнийг энэ хууль, хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлохоор зааж, үйлдэл, эс үйлдэхүй, үйл ажиллагааг зөрчилд тооцсоныг мэдэлгүй үйлдсэн нь шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгийг зааж өгнө. Түүнчлэн зөрчилд хүлээлгэх шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчлийн шинж, хэр хэмжээнд тохирсон байх, ялгаварлах шинжгүй, зөрчил тус бүрт нэг удаа шийтгэл хүлээлгэх гэх мэт олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн суурь зарчимд тулгуурлана.

 

2.Эрүүгийн хариуцлагыг зөвхөн шүүхээс хүлээлгэдгээрээ захиргааны хариуцлагаас ялгагдаж байсан. Нөгөө талаар Эрүүгийн хуульд гэм буруутай хүнд оногдуулахаар заасан зарим ялыг захиргааны шийтгэл гэж үзэх явдал нийтлэг байдаг бөгөөд гэмт хэрэг зөрчлийг ялгах боломжгүй тохиолдол цөөнгүй байна.

 

Зөрчлийн тухай хуулийн төсөлд “захиргааны” зөрчлийн талаарх ойлголтыг өргөжүүлж, хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, шийтгэл хүлээлгэхээр заасан үйлдэл /үйл ажиллагаа/, эс үйлдэхүйг зөрчилд тооцохоор заана. Түүнчлэн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа, зөрчил хамтран үйлдэх, гарцаагүй байдал, зөрчил үйлдсэн хугацаа, зөрчил үйлдсэн газар, шийтгэл хүлээх этгээд, гэмт хэрэг ба зөрчлийн шинжтэй үйлдлийг нэгэн зэрэг гаргасан үед шийтгэл хүлээлгэх талаар тодорхойлно.

 

3.Дэлхийн улс орнууд баривчлах, хорих явдлыг хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хариуцлагын хүнд хэлбэр хэмээн үзэж зөрчлийн шийтгэлийн төрөлд хамруулахаас зайлсхийдэг. Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасан баривчлах шийтгэлийг шүүгчээс гадна хууль сахиулагч, Засаг дарга, агентлагийн дарга хэрэглэж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд цаашид хүнийг хорих, баривчлах шийтгэл нь Эрүүгийн хуулийн төсөлд хорих ял гэсэн хэлбэрээр 7 хоногоос эхэлж байхаар тусгана.

 

4.Зөрчлийн шийтгэл нь “торгох”, “эрх хасах” гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуулийн төсөлд заана. Торгох шийтгэл нь зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хувь хүнд арваас арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдэд таван зуугаас тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөг байхаар тусгана. Хүчин төгөлдөр хууль тогтоомжоор хэрэглэж байгаа захиргааны шийтгэл нь зөрчил гаргагчид үзүүлэх цээрлэлийн нөлөөлөл багатай, захиргааны арга хэмжээ авагдсан этгээд ахин энэ төрлийн захиргааны зөрчил гаргах явдал олонтаа байдаг. Тухайлбал замын хөдөлгөөний дүрэм зөрчих байдал улсын хэмжээнд буурахгүй, торгох, эрх хасах, захиргааны журмаар баривчлах санкц нь зөрчил гаргагчид нөлөөлөх үр дүнтэй шийтгэл болж чадахгүй байна.

 

5.Эрх хасах шийтгэл нь зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлахаар байна. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол тухайн зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш хоёр жилийн хугацаанд дахин олгохгүй байхаар хуулийн төсөлд заана.

 

 Хуулийн төсөлд албадлагын арга хэмжээг дараах байдлаар тусгана:

 

1.Орлого, эд зүйл хураах: Зөрчил үйлдэж олсон орлого, эд зүйлийг зөрчилд шийтгэл оногдуулах эрх бүхий этгээд тухайн зөрчилд оногдуулах шийтгэлээс гадуур заавал хурааж, хохирлын нөхөн төлбөрт тооцуулах, хохирол нөхөн төлүүлэх санд төвлөрүүлэх, устгах эсэхийг хуульд заасан эрх бүхий Комисс шийдвэрлэхээр;

 

2.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах: хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналгыг хурааж, хэрэв энэ нь бусдын өмчлөлд байгаа бол зөрчил үйлдсэн этгээдээр тухайн үнийг нөхөн төлүүлэхээр;

 

3.Хохирол, нөхөн төлбөр гаргуулах: хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил гаргасан этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан авч, Хохирол нөхөн төлүүлэх санд оруулахаар;

 

5.Албадан эмчлэх: согтуурах, мансуурах донтой эмгэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон хүнийг эмчлэхээр албадлагын арга хэмжээг тусгана.

 

6.Нийтэд тустай ажил хийлгэх: зөрчил гаргасан хүн шийтгэлийг биелүүлэхээс зориудаар зайлсхийсэн бол шийтгэл оногдуулсан хууль сахиулагчийн саналыг үндэслэн шүүх нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүй хийлгэхээр шийдвэрлэж болохоор тус тус заана.

 

Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны талаар дараах байдлаар тусгана:

 

1.Зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон зөрчил хянан шийдвэрлэх харьяаллыг хэн тогтоох, зөрчлийн тухай тайлбар авах, тэмдэглэл хөтлөх, үзлэг хийх, зөрчлийг шалгах явцдаа орон байр, обьектод нэвтрэн орох, хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг түр зогсоох, хугацаатай үүрэг даалгавар өгөх, шинжилгээ хийх, шаардлагатай эд зүйл, баримт бичгийг түр хураах, зөрчил гаргасан этгээдийг түр саатуулах талаар тусгана.

 

2.Зөрчлийн шинжийг харгалзан зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахгүй тохиолдлыг төсөлд тусгана.

 

            3.Хуульд заасан зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны шийтгэл нь бэлэн болон бэлэн бус торгууль, эрх хасах, албадлагын арга хэмжээ нь шийтгэвэр хэлбэрээр байхаар төсөлд тусгана. Торгууль хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан нь торгуулийг мөнгөн дэвсгэрт болон данс, бэлэн бус төлбөрийн тооцооны хэрэгсэл ашиглан торгуулийн хуудас, тасалбараар оногдуулах ба хэрвээ ийм боломжгүй тохиолдолд зөрчил гаргагчийн оршин суугаа хаяг руу шуудангаар хүргүүлнэ.

 

            4.Эрх бүхий албан тушаалтны шийтгэл хүлэлгэсэн үндэслэл, оногдуулсан шийтгэлийн хэлбэр хэмжээг тодорхой заахаар тусгах ба хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар төсөлд тусгана.

 

            5.Төсөлд зөрчилд шийтгэл хүлээлгэсэн эрх бүхий албан тушаалтан шийдвэрээ хариуцах ба шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх зохицуулалтыг тусгана.

 

            6.Түүнчлэн таслан сэргийлэх арга хэмжээг түр саатуулах, үйл ажиллагааг түр зогсоох, шаардлагатай тохиолдолд ариутгах, халдваргүйжүүлэх, худалдах, борлуулахыг хориглох, устгах талаарх зохицуулалтыг тусгана.

 

2/ Зөрчлийн тухай хуулийн Тусгай ангийн талаар:

 

 Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулан зөрчилд тооцож, түүнд шийтгэл оногдуулахаар заасан хэм хэмжээ бүхий 220 гаруй хуулиас холбогдох хэсгийг төрөлжүүлэн нэгтгэн Зөрчлийн тухай хуулийн төслийн Тусгай ангийг боловсруулна. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулна.

 

Хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд өөр хууль тогтоомж ишлэсэн 11 зүйл, ямар нэгэн журам ишлэсэн 29 зүйл тусгагдсан байна. Ийм байдлаар Эрүүгийн хуулийн 40 зүйлийн 6 нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу ямар нэгэн хохирол, үр дагавар шаардахгүйгээр зөрчлийг шууд гэмт хэрэгт тооцжээ. Энэ нь “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох эсэхийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлох” зарчим, Үндсэн хуулийн “хуульд заасан үндэслэл, журмаас гадуур эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон” заалт зөрчигдөхөд хүргэж байна.

 

Түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн нийт 38 зүйл, хэсэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив шинжтэй давхардаж, эрх зүйн хэм хэмжээний давхардал, зөрчилдөөн бий болгодог. Гэмт хэргийн бүрэлдэхүүн болон захиргааны зөрчил нь ижил төрлийн харилцааг хамгаалсан 10 зүйл, хэсэг, Эрүүгийн хууль болон ЗХТХ-д давхардсан байдлаар орсон, материаллаг /их хэмжээний/ хор уршиг шаардсанаараа ялгаатай 7 зүйл, хэсэг тус тус байна.

 

Бусдын эд хөрөнгийг бага хэмжээгээр ашиглан шамшигдуулах, танхайрах зөрчил, галт зэвсгийг хууль бусаар олж авах, эзэмших хадгалах, борлуулах, дансалсан болон битүүмжилсэн эд зүйлийг дур мэдэн зарцуулах, нийтийн эзэмшлийн  эд хөрөнгийг эвдэх гэмтээх зэрэг зөрчил нь гэмт хэргээс ялгагдах ялгаа байхгүй байна.

 

Захиргааны хариуцлагын тухай хуулийн “согтуурах “ /22-р зүйл/ гэсэн зөрчлөөс бусад нийт 44 зүйл, 86 хэсэгт торгууль оногдуулахаар заасан байгаа нь “торгууль оногдуулах хууль” гэхээр харагддаг. Цаашид гадаадын орнуудын жишгээр торгууль оногдуулах, эрх хасах шийтгэлийг тусгаж, баривчлах захиргааны шийтгэлийг оруулахгүй байх нь зүйтэй гэж үзнэ.

 

  Түүнчлэн төрийн жинхэнэ алба хаагчтай холбоотой зарим захиргааны зөрчлийг Төрийн албаны тухай хуулийн шинэтгэлийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн хасч, иргэн, хуулийн этгээд нийгмийн харилцаанд оролцоход гардаг зөрчлийн шинжийг тодорхой болгох замаар хууль зүйн техник ашиглана. 

 

Зөрчлийн тухай хуулийн төслийн тусгай ангийг дараах байдлаар эрэмбэлнэ. Үүнд:

 

Зургадугаар бүлэг. Хүн амын эрүүл мэнд, орчны аюулгүй байдлыг хамгаалах журмын эсрэг зөрчил;

 

Долдугаар бүлэг. Байгаль орчныг хамгаалах журмын эсрэг зөрчил;

Наймдугаар бүлэг. Нийгмийн ёс суртахуун, хэв журмын эсрэг зөрчил;

Есдүгээр бүлэг. Нийтийн эзэмшлийн хөрөнгийн талаар тогтоосон журмын эсрэг зөрчил;

 

Аравдугаар бүлэг. Аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил;

Аравнэгдүгээр бүлэг. Үнэт цаас, банк санхүү, гааль, татварын журмын эсрэг зөрчил;

 

Арванхоёрдугаар бүлэг. Барилга, үйлдвэрлэл, эрчим хүчний журмын эсрэг зөрчил;

 

Арвангуравдугаар бүлэг. Хөдөө аж ахуйн журмын эсрэг зөрчил;

Арвандөрөвүгээр бүлэг. Мэдээлэл, харилцаа холбооны журмын эсрэг зөрчил;

Арвантавдугаар бүлэг. Тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил;

 

Арванзургадугаар бүлэг. Төрийн албаны хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчил;

Арвандолдугаар бүлэг. Төрийн байгуулалтын эсрэг зөрчил;

Арваннаймдугаар бүлэг. Бусад.

 

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал

 

1.Монгол Улсын нийт 230 гаруй хууль тогтоомжид заасан, хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлэгдээгүй 1250 орчим зөрчлийг нэг стандартаар, төрөлжүүлэн нэгтгэнэ. Цаашид зөрчлийг зөвхөн Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль нэг мөр хэрэгжих, шударга ёс бэхжих, хууль зүйн хариуцлагын тогтолцоо сайжирч, нийгмийн хэв журам, нийтийн аюулгүй байдал хангагдах нөхцөл бүрдэнэ.  

 

2.Зөрчил гэмт хэргийн ялгаа арилж, хууль зүйн хариуцлага буюу шийтгэл гарцаагүй, үр нөлөөтэй болж, хуулийн засаглал бэхжинэ. Гэм буруугүй хүнийг ял шийтгэхгүй байх, гэм буруутай хүнд ял завшуулахгүй байх бодит нөхцөл бүрдэнэ.

                                                                                                        

3.Зөрчлийн тухай хуулийн төсөл батлагдсаны дараа зөрчлийг шалгаж шийдвэрлэх хууль сахиулах чиг үүрэгтэй байгууллагуудын шалгах зөрчил, түүний шинж тодорхой болж, чиг үүргийн давхардал арилна.

 

4.Шийтгэлийн үр нөлөө дээшилж, зөрчлийн шинжид тохирсон байна.

 

Дөрөв. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах хүчингүй болгох хуулийн талаар

 

Зөрчлийн тухай хуулийн төсөл шинээр боловсруулж байгаатай холбогдуулан захиргааны хариуцлага хүлээлгэхээр заасан нийт 200 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулна.

 

 



[1] Б.Чимид.БНМАУ-ын Захиргааны эрх зүй. УБ .1988 он. 288 дах тал, Ж..Долгорсүрэн. Захиргааны хариуцлага. УБ.1998 он.23 дах тал, Г.Совд.БНМАУ-ын ЭЭЗ-ийн курс.Ерөнхий анги. УБ.1973 он.15 дах тал С.Нарангэрэл. Монгол Улсын ЭЭЗийн.Ерєнхий анги.1999 он.92 дах тал,С.Жанцан. Монгол Улсын ЭЭЗийн Ерөнхий анги.УБ.2002. 53-56 дах тал

[2] “Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулийн харьцуулсан судалгаа”, ХЗҮХ. 2007 он.

[3] Хууль зүйн доктор Н.Эрдэнэцогт “Захиргааны процесс бие даасан эрх зүй болох нь” диссертацид захиргааны зөрчил шийдвэрлэх ажиллагааг энэ салбарт хамаарах талаар дурдсан байдаг.

[4] ХЗҮХ, “Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулийн харьцуулсан судалгаа”, 2007 онд явуулсан судалгааны тайланд материаллаг эрх зүй болох талаар дурдаж, эрүүгийн хууль тогтоомжийн бүрэлдхүүн хэсэг болж уян хатан хөгжүүлэх ёстойг анхааруулжээ.

[5] Т.Сүхбаатар.Захиргааны хариуццлагын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явц дахь хүний эрхийн зарим асуудал.”Хүний эрх ба ба Үндэсний аюулгүй байдал” олон улсын симпиозумын эмхэтгэл 1998 он.172 дах тал

 

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00