ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоол

Хууль санаачлагч: Засгийн газар, Зам тээврийн сайд А.Гансүх

Хуулийн танилцуулга

Төсөл

Монгол Улсын Их Хурлын ... оны

… дугаар тогтоолын хавсралт

 

 

АВТО ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ

ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1 Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлогын зорилго нь олон улсын жишигт нийцсэн тээврийн нэгдсэн сүлжээг бий болгож, байгаль орчинд аюулгүй ээлтэй, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн хэрэгцээг хангасан, хөрш орнууд болон бүс нутгийг холбосон, өрсөлдөх чадвар бүхий авто замын тээврийг хөгжүүлэхэд оршино.

 

1.1  Бодлогын хүрээнд дараах зорилтыг шийдвэрлэнэ:

 

1.1.1     Монгол Улсын авто замын тээврийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар олон улсын жишигт хүргэх;

1.1.2     Бизнесийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээг хангасан зорчигч болон ачаа тээврийн хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, авто замын тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн зохицуулалтыг бий болгох;

1.1.3     Авто замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн сүлжээний удирдлагаар хангах, тээврийн болон техникийн хяналт хийх, бүртгэл хөтлөх, статистик мэдээллээр хангах мэдээллийн нэгдсэн сан байгуулах;

1.1.4     Авто замын тээврийн талаар хэрэгжүүлж буй төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод чадавхийг харгалзан үе шаттайгаар шилжүүлэх;

1.1.5     Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг орон нутаг, хотын  нийтийн тээвэр, төмөр зам, агаарын тээвэртэй уялдуулан хөгжүүлж, зорчигчдод чиглэсэн нэгдсэн тээврийн үйлчилгээг бий болгох;

1.1.6     Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөг харгалзаж, нийтийн тээвэрт тулгуурласан нэгдсэн тогтолцоог бий болгон хүртээмжийг нэмэгдүүлэх замаар суудлын автомашины хэрэглээг бууруулах, ачаа тээврийн логистик төв, терминалын үйлчилгээг төвлөрүүлэн хөгжүүлэх;

1.1.7     Зорчигч тээврийн байгууллагуудын орлого хувиарлалтыг боловсронгуй болгох, зорчигч тээврийн үйлчилгээний цахим тогтолцоог хөгжүүлэх, иргэд мэдээллийг цахимаар авах боломжийг бүрдүүлэх;

1.1.8     Авто замын тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, аюулгүй, найдвартай, шуурхай болгох;

1.1.9     Авто замын тээврийн байгууллагуудын чадамжийг байнга дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах, ашигт ажиллагааг дээшлүүлэх эдийн засгийн механизмыг бий болгох;

1.1.10 Салбарын хөгжлийн шаардлагыг хангахуйц мэдлэг, чадвар, туршлагатай боловсон хүчний нөөц бүрдүүлэх, зөвлөх инженер, мэргэшсэн инженер, жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх, тээвэр, логистикийн сургалт бий болгох;

1.1.11 Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай автопаркийн  бүтцийг дэмжих;

1.1.12 Авто замын тээврийн үйлчилгээний зах зээлд нөлөөлөх хүчин зүйлсийг тооцсон жишиг тарифыг бий болгох, газрын тосны бүтээгдэхүүний үнийг тэнцвэржүүлсэн бодлого баримтлах;

1.1.13 Зам, тээврийн судалгаа шинжилгээний ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх.

 

 

Хоёр. Төрөөс баримтлах бодлогын зарчим

 

 

2.1 Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын нутагшил суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд авто замын тээврийн салбар нь бусад тээврийн төрөлтэй хоршин хүрээлэн буй орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, нийгмийн хэрэгцээг хангах тээврийн үндсэн төрөл юм.

 

2.2 Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Мянганы зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлоготой нийцүүлэх ба үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн үр ашгаас дээгүүр тавих зарчим баримтлана.

 

2.3 Авто замын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжийн бизнесийн ашиг сонирхол, олон нийтийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг дээдлэнэ.

 

2.4 Бүртгэл, хяналтын тогтолцоог цахимжуулан төрийн мэдэлд байлгах ба авто замын тээврийн бусад үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэн төрийн ачааллыг бууруулж авто замын тээврийн ухаалаг тогтолцоог бүрдүүлэх зарчим баримтлана.

 

2.5 Зорчигч тээврийн үйлчилгээг өмчийн бүх хэлбэрийн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, тасалбарын нэгдсэн цахим сүлжээг бий болгох зарчим баримтлана.

 

2.6 Авто замын тээврийн үйлчилгээний үнэ, тариф зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд суурилах ба харин зорчигч үйлчилгээний үнэ тарифыг төрөөс зохицуулах зарчим баримтлана.

 

2.7 Ачаа тээврийн үйл ажиллагааг өмчийн бүх хэлбэрийн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, ачааг төвлөрүүлэх, ангилах, хадгалах, хуваарилах замаар тээврийн зардлыг бууруулах зарчим баримтлана.

 

2.8 Авто замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагаанд тулгуурлан зохион байгуулж хэрэгжүүлнэ.

 

2.9 Нийтийн хэрэгцээний авто зам, замын хөдөлгөөний тухай хууль тогтоомж, стандартаас хэтэрсэн техникийн үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслээр хийгдэх давтамж ихтэй ачааг тусгай зориулалтын авто замаар тээвэрлэх зарчим баримтлана.

 

Гурав. Салбарын эрх зүйн орчин

 

3.1 Авто замын тээврийн салбарын хөгжлийг хангахад шаардлагатай олон улсын конвенцид нэгдэх, хөрш орнуудаар дамжин далайд гарах тээврийн хонгил бий болгох зорилгоор хөрш орнууд болон  далайд гарцгүй орнуудтай идэвхтэй хамтран ажиллана.

 

3.2 Олон улсын тээврийн конвенц /ТИР карнейн конвенц/, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /UNESCAP/, Төв Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /CAREC/, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /SOC/, Их Түмэн санаачлага /GTI/ зэрэг олон улс, бүс нутгийн санаачлагад идэвхтэй оролцож, хөрш орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааны үндсэн дээр дамжин өнгөрөх болон улс хоорондын авто замын тээврийн гэрээг шинэчлэх болон шинээр байгуулна.

 

3.3 Авто замын тээврийн салбарт төрийн үйлчилгээг иргэдэд чиглүүлэн сайжруулж эрх зүйн орчныг шинэчилнэ.

 

3.4 Авто замын тээврийн аюулгүй байдал, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог тодорхойлох “Хотын тээврийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Гүүр” хөтөлбөр шинээр боловсруулна.

 

3.5 Авто замын тээврээс байгаль орчинд нөлөөлөх байдлыг бууруулан, тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг олон улсын түвшинд хүргэн шинэчлэх, аюулгүй байдлыг хангах стандарт, норм, нормативыг шинэчилнэ.

 

3.6 Авто замын тээвэр болон авто замын эрх зүйн нэгдмэл байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

 

 

Дөрөв. Зорчигч тээвэр

 

4.1 Зорчигч тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, зорчигчдод тохилог, аюулгүй тээврийн хэрэгслээр зорчих нөхцлийг бүрдүүлнэ.

 

4.2 Зорчигчдод тээврийн үйлчилгээ үзүүлэх олон улсын жишигт нийцсэн дэд бүтэцтэй байна.

 

4.3 Улс, хот хоорондын зорчигч тээврийн сүлжээг нисэх буудал, төмөр замын вокзал, хотын нийтийн тээврийн сүлжээтэй холбон зангилаа үүсгэж, зорчигч тээврийн нэгдсэн цогц үйлчилгээг хөгжүүлнэ.

 

4.4 Аймаг бүрт зорчигч үйлчилгээний цогцолбор байгуулна.

 

4.5 Улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбар борлуулалтын нэгдсэн сүлжээг бий болгох, борлуулалтыг цахимжуулахад дэвшилтэт технологи ашиглана.

 

4.6 Орон нутагт зорчигч тээврийн үйлчилгээг  шуудангийн үйлчилгээтэй холбон шийдвэрлэнэ.

 

Тав. Ачаа тээвэр

 

5.1 Ачааны дагалдах бичиг ашиглах журам боловсруулж ачаа тээврийн хяналтыг бий болгох, ачаа урсгалын зураглал, статистик мэдээ, мэдээллийг тогтмол гаргаж байх нөхцлийг бүрдүүлнэ.

 

5.2 Хот, тосгоны хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангах сүлжээг бий болгон ачааны төрлөөс хамааруулан хөргөлттэй, дулаан, энгийн агуулах бүхий логистикийн сүлжээг хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулна.

 

5.3 Аюултай ачаа хадгалах, шилжүүлэн ачих терминалын байршлыг байгаль орчин, аюулгүй байдлыг үндэслэн аюултай ачааны тээврийн стандартыг олон улсын жишигт нийцүүлнэ.

 

5.4 Орон нутгаас түүхий эд, бүтээгдэхүүн, амьд мал, үр тариа тээвэрлэхтэй холбоотой асуудлыг зохицуулах ачаа тээврийн цахим биржииг хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулна.

 

5.5 Хүнсний болон бусад хэмийн тохируулгатай бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд олон улсын стандартад нийцсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

5.6 Ачаа тээврийн үйл ажиллагааг найдвартай, шуурхай, аюулгүйгээр зохион байгуулахад ачааны даатгалын тогтолцоог хувийн хэвшлийн оролцоотойгоор бий болгоно.

5.7 Улс хоорондын ачаа тээврийг хөнгөвчлөх, хил гаалийн үйлчилгээ, шилжүүлэн ачилтыг төвлөрүүлэх, хилийн боомтын нэг цэгийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.

 

 

Зургаа. Хотын тээвэр

 

            6.1 Нийслэлийн нийтийн тээврийн маршрутыг оновчтой болгох, багтаамж ихтэй шинэ төрлийн үйлчилгээг бий болгон нийтийн тээвэрт тулгуурласан тогтолцоог бүрдүүлэх, тасалбарын урьдчилсэн төлбөрт, цахимжсан нэгдсэн ухаалаг тээврийн  тогтолцоог нэвтрүүлнэ.

           

6.2 Хотын “Нийтийн тээврийн нэгдмэл үнийн бодлого” боловсруулан “Урьдчилсан төлбөрт тасалбарын үйлчилгээ”-г бий болгож цахим картын тогтолцоог нэвтрүүлнэ.

 

6.3 Хотын нийтийн тээврийн зах зээлд “хамгийн бага баталгаат орлого”-ын тогтолцоог нэвтрүүлэн зорчигч тээврийн байгууллагуудын ашигт ажиллагааг баталгаажуулна.

 

6.4 Зорчигч тээвэрт байршил зүйн технологи нэвтрүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний цагийн хуваарийг хэрэглэгчдэд шууд хүргэх боломжийг бүрдүүлнэ.

 

6.5 Нийслэлийн ачаа тээврийг хотын логистикийн тогтолцоонд шилжүүлэн хөгжүүлнэ.

 

6.6 Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ачааны төрөлжсөн терминал, логистикийн төвүүдийг байгуулна.

 

Долоо. Дамжин өнгөрөх тээвэр

 

7.1 Дамжин өнгөрүүлэх ачаа тээвэрт байгаль орчин, аюулгүй байдлыг хангах, үндэсний тээвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого баримтлан өөрийн нутгаар дамжин өнгөрүүлэх тээврийг харилцан ашигтай, оролцоог тэнцвэртэй, өмчийн олон хэлбэрийн хамтарсан авто замын тээврийн байгууллагаар гүйцэтгүүлэх бодлого баримтлана.

 

7.2 Бүс нутгийн хэмжээнд идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж хөрш орнуудаар дамжин Төв Азийн бүсийн орнуудтай авто замын тээврээр худалдаа хийхэд олон улсын конвенц, дамжуулах улсын авто замын тээврийн болон замын хөдөлгөөний журамд нийцүүлэх, ижилсүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас техникийн туслалцаа авна.

 

7.3 Дамжин өнгөрөх авто замын тээвэр зохион байгуулах журам, хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгал, тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж мөрдөнө.

 

7.4 Дамжин өнгөрөх тээврийн үндэсний зохицуулагчдын хороо байгуулна.

 

Найм. Уул уурхайн тээвэр

 

8.1 Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн Техник эдийн засгийн үндэслэлд уул уурхайн бүтээгдэхүүнийг зах зээл хүргэх тээвэр, логистикийн дэд бүтэц, тээврийн үйл ажиллагааны зардлыг тусгаж байна.

 

8.2 Уул уурхайн ордын нөөцийн хэмжээ, тээвэрлэлтийн зай, ашиглах хугацааг харгалзан уул уурхайн бүтэээгдэхүүнийг төмөр замын терминал болон хилийн боомт хүртэл тусгай зориулалтын авто замаар тээвэрлэнэ.

 

8.3 Тусгай зориулалтын авто замын стандартыг боловсруулна.

 

8.4 Тусгай зориулалтын авто замыг төлөвлөхдөө тухайн бүс нутаг дахь бусад ордуудын байршлыг харгалзан чиглэлийг оновчтой тогтоох, тээврийн хэрэгслийн сонголт, тээвэр гүйцэтгэхэд хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжинэ.

 

8.5 Уул уурхайн бүтээгдэхүүнд сав баглаа боодол, битүүмжлэл хийн байгаль орчин сөрөг нөлөөгүйгээр тээврийг гүйцэтгэнэ.

 

8.6 Уул уурхайн тээвэрт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах тогтолцоог бүрдүүлнэ.

8.7 Хилийн боомтын нэгдсэн захиргаатай хамтран улс хоорондын уул уурхайн тээвэр зохион байгуулалтыг цахимжуулна.

 

8.8 Байгалийн цогцолбор, дархан цаазат газрын аюулгүй байдал, амьтан ургамлын аймагт үзүүлэх нөлөөллийг харгалзан терминал, логистик төв, хилийн шилжүүлэн ачилтыг байршлыг сонгоно.

 

Ес. Авто замын тээврийн аюулгүй байдал

 

9.1 Авто замын тээврийн аюулгүй ажиллагаа нь үндэсний аюулгүй байдал ба ашиг сонирхол авто замын тээврийн салбарт илэрхийлэгдэн баталгаажиж, ард иргэд, эд хөрөнгө болон хүрээлэн буй орчинд учруулах хор уршиг, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, ослоос үүдэх хохирлыг бууруулахад чиглэгдэнэ.

 

9.2 Зам тээврийн ослын шалтгааныг хөндлөнгийн экспертийн дүгнэлт, шинжилгээгээр тогтоох эрх зүйн орчинг бүрдүүнэ.

 

9.3 Авто замын тээврийн салбарт олон улсын тэргүүлэх жишигт нийцсэн аюулгүй ажиллагааны шаардлага, хяналтын тогтолцоог бүрдүүлнэ.

 

9.4 Аюулгүй байдлын зарчимд үндэслэн зорчигч тээврийн үйл ажиллагааг хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, иргэдийн оролцоотойгоор хянах, түүнд үнэлгээ өгөх механизмыг бүрдүүлнэ.

 

9.5 Авто замын тээврийн үндэсний стандартыг шинэчлэн боловсруулах буюу олон улс, бүс нутгийн болон гадаад улсын тэргүүлэх дэвшилтэт стандартыг үндэсний стандарт болгож хэрэглэнэ.

           

9.6 Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 2012-2020 онд хангахад баримтлах үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлнэ.

9.7 Хөдөлгөөний аюулгүй байдлын менежмент”-ийг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ. Үүнд:

- Аюулгүй зам, орчин

- Аюулгүй тээврийн хэрэгсэл

- Хөдөлгөөнд  оролцогчдод зориулсан үйл ажиллагаа

- Ослын дараахь тусламж, үйлчилгээ 

9.8 Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын нэгдсэн тогтолцоог улсын хэмжээнд зохион байгуулж хөгжүүлнэ.

9.9 Авто замын тээврийн үйл ажиллагаанд цаг уурын мэдээлэл, замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг шуурхай хүргэх тогтолцоог бүрдүүлнэ.

 

9.10 Авто замын тээврийн үйл ажиллагааны аюулгүй байдал, бүртгэл, мэдээллийн дараах санг бүрдүүлж Авто замын тээврийн бодлого хэрэгжүүлэгч байгууллага хөтөлнө. Үүнд:

-       тээврийн хэрэгслийн бүртгэлийн сан;

-       тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн сан;

-       авто үйлчилгээний мэдээллийн сан;

-       мэргэжсэн жолоочийн мэдээллийн сан;

-       хяналт, шалгалт, осол зөрчлийн сан;

-       зорчигч, ачааны терминал, логистик төвийн мэдээллийн сан;

-       даатгалын мэдээллийн сан;

-       тээвэрлэлтийн зорчигч болон ачаа урсгалын мэдээллийн сан;

-       аюултай ачааны тээвэрлэлтийн мэдээллийн сан;

-       авто замын тээврийн хэрэгслээс ялгарах агаар бохирдуулах бодис, хог хаягдлын мэдээллийн сан

 

9.11 Авто замын тээврийн ухаалаг системийг бүрдүүлэхэд шаардагдах мэдээлэл цуглуулах, хадгалах, түгээх хяналтын төхөөрөмжүүдийн стандартыг нэвтрүүлнэ.

 

Арав. Техник, технологийн бодлого

 

10.1 Монгол Улсын авто замын тээвэрт ашиглах тээврийн хэрэгсэл нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, техникийн аюулгүй байдлыг хангасан байна.

 

10.2 Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, техникийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгоход хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.

 

10.3 Авто замын тээврийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор тээврийн хэрэгслийн импортыг худалдааны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бодлого баримтлана.

 

10.4 Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл болон эдэлгээний явцад гарах хаягдлыг байгаль орчинд халгүй аргаар устгах, дахин боловсруулах, түүхий эд ангийг ялгах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

 

10.5 Авто үйлчилгээний байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд чанарын баталгаат тогтолцоог бий болгоно.

 

10.6 Авто үйлчилгээний нэгдсэн сүлжээг орон нутагт үе шаттайгаар байгуулж дуусгана.

 

10.7 Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, хэрэгцээг харгалзан шатахуун түгээх үйлчилгээний байршлыг тогтоож, импортын болон үйлдвэрлэсэн, шатахууны чанарыг үе шаттайгаар Евро стандартанд хүргэнэ.

 

10.8 Авто замын тээврийн үйлчилгээг хэрэглэгчдэд чиглүүлэн ачаа болон зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах бололцоог бүрдүүлэх зорилгоор байршил зүйн технологийг нэвтрүүлэхийг дэмжинэ.

 

10.9 Хотын зорчигч тээвэрт хүрээлэн буй орчинд ээлтэй цахилгаан, хийн түлш бүхий тээврийн хэрэгсэл ашиглахыг дэмжинэ.

 

10.10 Авто замын тээврийн салбарын бүтээгдэхүүнийн лаборатори, баталгаажуулалт, хяналтын албадыг бэхжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.

 

10.11 Авто замын тээврийн салбарын баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох замаар бүтээгдэхүүний аюулгүй байдал, баталгаажуулалтад тавих шаардлагыг өндөржүүлнэ.

 

 

Арван нэг. Авто зам

 

11.1 Авто замын сүлжээ төлөвлөлтийг тээврийн урсгалын ирээдүйн таамаглал, хүн амын нутагшил, аялал жуулчлалын бүс, үйлдвэржилтийн төлөвлөлттэй уялдуулан төлөвлөнө.

 

11.2 Олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээний дагуу зорчигч, тээвэрчдийн амрах үйлчилгээний цогцолборыг байгуулна.

 

11.3 Хурдны авто замын барилга, байгууламж, авто замын тэмдэг, тэмдэглээ болон авто замын дагуух үйлчилгээний стандартыг боловсруулна.

 

11.4 Авто зам хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, холбогдох газруудаар батлуулах, мөн аймаг бүрийг орон нутгийн автозамын ерөнхий төлөвлөгөөтэй болоход мэргэжлийн арга зүйгээр дэмжлэг үзүүлнэ.

 

11.5 Аймгийн төвүүдийг нийслэлтэй, Азийн авто замын сүлжээний АН-3, АН-4, АН-32 чиглэлд холбогдох хатуу хучилттай авто зам барих ажлыг эрчимжүүлнэ.

 

11.6 Олон улс, улсын чанартай авто замын байгууламжийн бэлэн байдлыг ханган, авто замын тээврийн хөдөлгөөний аюулгүй, осолгүй зорчих нөхцлийг бүрдүүлнэ.

 

11.7 Авто зам, замын байгууламжийг барьж байгуулахдаа гадаадын дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж зэрлэг ан амьтад, орон нутгийн иргэд, малын шилжилт хөдөлгөөнийг хангах гарц гаргах боломжийг бүрдүүлнэ.

 

Арван хоёр.  Удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчний бодлого

 

12.1 Авто замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийг авто замын тээврийн үйл ажиллагаанд нийцүүлэн шинэчилнэ.

 

12.2 Улс хооронд, хот хооронд, орон нутгийн тээврийг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, тээврийн болон техникийн хяналт тавих, бүртгэл, статистик тоо, мэдээг нэгтгэх, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах авто замын тээврийн бодлого хэрэгжүүлэгч нэгжийг байгуулна.

 

12.3 Авто замын тээврийн салбарыг нэгдсэн удирдлагаар хангахад мэдээлэл харилцаа холбооны технологи ашиглан мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн нэгдсэн сүлжээг улс орны хэмжээнд байгуулна.

 

12.4 Улс хооронд болон дамжин өнгөрүүлэх тээврийн зах зээлд үндэсний компанийн өрсөлдөх чадварыг сайжруулан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ.

 

12.5 Авто замын тээврийн салбарт хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх талаар дараах бодлогыг баримтлана. Үүнд:

 

12.5.1 Авто замын тээврийн үндсэн мэргэжлийн жолооч, инженер техникийн ажилтан, тээвэр зохион байгуулагч болон бусад мэргэжлийн ажилтныг чанартай бэлтгэхэд мэргэжлийн холбоодыг татан оролцуулах;

 

12.5.2 Авто замын тээврийн салбарт мэргэжилтэй ажилчид бэлтгэх мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв байгуулах;

 

12.5.3 Дотоодын тээврийн сургалтын байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн төвлөрүүлж сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг идэвхжүүлэх;

 

12.6 Жолооч бэлтгэх дамжаа, сургалтын чанарыг сайжруулахад төрөөс анхаарч сургалтын бодлого, стандартыг шинэчилнэ.

 

12.7 Жолооч болон тээврийн хэрэгслийн бүртгэлийн тогтолцоог шинэчлэн статистик мэдээ, мэдээллийг цахимжуулна.

 

12.8 Жолоочийн ур чадварыг байнга дээшлүүлэх, тээврийн хэрэгсэлдээ дасах аюулгүй жолоодлогын төвийн сүлжээг байгуулна.

 

Арван гурав. Бодлогын хэрэгжилтийн үр дүн

 

13.1 Хатуу хучилттай авто замын хэмжээ нэмэгдсэнээр авто замын тээврийн хэрэгслийн эдэлгээ уртасч өртөг хямдарна.

 

13.2 Авто зам дагуух орон нутгийн оршин суугчид эдийн засгийн харилцаанд орох боломж нээгдэж, бараа, үйлчилгээний үнэ тогтворжино.

 

13.3 Бүх төрлийн үйлчилгээ түргэн шуурхай саадгүй хүргэх, ажлын байр шинээр нэмэгдэх замаар ядуурлыг  бууруулах нөхцөл бүрдэнэ.

 

13.4 Зорчигч тээврийн хүртээмж нэмэгдэн аюулгүй байдал хангагдана.

 

13.5 Бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож, жилийн аль ч улиралд аюулгүй чөлөөтэй зорчих нөхцөл бүрдэнэ.

 

13.6 Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ төрлийг оновчтой сонгох, нийтийн тээвэрт тулгуурласан тээврийг хөгжүүлэх замаар хүртээмж нэмэгдэнэ.

 

13.7 Үр ашигтай, уян хатан нэгдсэн тарифын бодлого бүхий тогтолцоо бүрдэнэ.

 

13.8 Тээврийн хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, эко авто замын тээврийн хэрэгслээс бүрдсэн автопарктай болно.

 

13.9 Авто замын тээврийн салбарт мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдэнэ.

 

13.10 Авто замын сүлжээ өргөжин тэлж, авто замын тээврийн үйлчилгээ сайжирснаар авто замын тээврийн өрсөлдөх чадвар дээшилнэ.

 

13.11 Дамжин өнгөрөх авто замын тээвэр хөгжинө.

 

13.12 Үндэсний авто замын тээврийн байгууллагуудын өрсөлдөх чадвар нэмэгдэн дамжин өнгөрөх тээврийн үйлчилгээний экспортоос олох орлого 2 дахин нэмэгдэнэ.

 

13.13 Авто замын тээврийн зуучийн үйлчилгээ эрхлэх нөхцөл бүрдэж, хот хоорондын тээврийн байгууллагын ашигт ажиллагаа нэмэгдэнэ.

 

13.14 Авто замын тээврийн үйл ажиллагаанд даатгалын иж бүрэн үйлчилгээ нэвтэрнэ.

 

13.15 Уул уурхайн салбарын хөгжилд нийцсэн, байгаль орчинд ээлтэй олон улсын стандарт хангасан  авто замын тээврийн үйлчилгээ бий болно.

 

13.16 “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого”-ыг мөрдөн ажиллаж, биелэлтийг хоёр жил тутам гаргаж, Улсын Их Хуралд танилцуулна.

 

 

----- о О о -----

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00