ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Галт зэвсгийн тухай хууль

Хууль санаачлагч: Засгийн газар

Хуулийн танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

 

Галт зэвсгийн тухай хуулийн төслийн

 талаар /шинэчилсэн найруулга/

 

 

Монгол Улсад 2001 оноос Галт зэвсгийн тухай хуулийг дагаж мөрдөж байгаа бөгөөд зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулж ирсэн билээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2009 онд батлан хамгаалах болон хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзахдаа сум, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисын импорт, борлуулалтыг төвлөрүүлэн тэдгээрийн эргэлтэд тавих хяналтыг чангатгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай чиглэл өгсөн.

 

1. Галт зэвсгийн эргэлт

 

2013 оны байдлаар нийт Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 мянган галт зэвсэг бүртгэлтэй байна. Дээрх галт зэвсгийг зориулалтаар нь авч үзвэл ан агнах 44306, харуул хамгаалалтын 1598, спорт сургалтын 619, үзмэр, урлагийн 260, цуглуулгын 199 ширхэг галт зэвсэг бүртгэгдсэн байна.

 

Монгол Улсын хэмжээнд 2010 онд 40894, 2011 онд 43768, 2012 онд 44764 байгаа нь  жилд дунджаар 2000 орчим галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд шинээр худалдан авч өмчилж, эзэмшиж байгаа ба цаашид галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

 

Галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэхийн хирээр түүнийг эзэмшигчдэд тодорхой шаардлага тавих хэрэгцээ гарч байгаа ба ихэнх улсад галт зэвсгийг иргэний гүйлгээнд хязгаарлагдмал хүрээнд хатуу хяналтын дор зөвхөн эрх бүхий этгээд өмчлөн эзэмшиж, ашигладаг. Галт зэвсэг нь орчин тойрон, бусдад аюул учруулж болох онцгой бараа учраас түүнийг өмчилж байгаа этгээд нь түүнийг ашиглахын тулд зайлшгүй тодорхой сургалтад хамрагдаж галт зэвсэгтэй харилцах наад захын мэдлэгтэй болгох шаардлагатайг судлан үзэж хуулийн төсөлд тусгалаа.

 

2. Галт зэвсгийг зориулалтын бусаар ашиглах

 

Сүүлийн 3 жилийн байдлаар галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг 2010 онд 43, 2011 онд 36, 2012 онд 41, 2013 онд 32 гарсан байгаа нь хэдий их тоо харагдахгүй байгаа боловч үүний цаана нийгэмд учруулах аюул, хор хохирол нь их хэмжээний байх магадлал өндөртэй юм.

 

Цагдаагийн байгууллага галт зэвсгээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн судалгаа гаргах, нөхөн илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа болон алдагдсан галт зэвсгийн тооллого явуулж, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг илрүүлэх, гэрчилгээжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлж байгаа хэдий ч эдгээр ажлын үр дүн иргэдийн аюулгүй байдлын баталгаа болж хараахан чадахгүй байна.

 

Дээрх үндэслэлээр байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах үүднээс Хууль зүйн яам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эрүүгийн цагдаагийн газар хамтран “Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналт” сэдэвт уулзалт ярилцлагыг 2010 онд зохион байгуулсан. Уг уулзалт ярилцлагад галт зэвсэг хэрэглэн үйлдэж буй хүнд гэмт хэргийн тоо, улсын хилээр хууль бусаар оруулж ирэх явдал ихэссэн, галт зэвсэгтэй холбоотой мэдээ баримтыг нэгтгэх байгууллага байхгүй, галт зэвсгийг  хадгалах, авч явах, борлуулах зэрэг зохицуулалт нь бүрхэг,  хариуцлагын хэм хэмжээ сул байгаа талаар шүүмжлэл гарсан бөгөөд эдгээр санал шүүмжлэлийг судлан үзэж уг асуудлыг хуулийн төсөлд тусгалаа.

 

3. Галт зэвсэгтэй холбоотой захиргааны зөрчил

 

Цагдаагийн байгууллага 2013 оны байдлаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй нуугдмал 885 галт зэвсгийг илрүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээгүй, хэв загварыг өөрчилсөн, гэмт хэрэг зөрчил үйлдэхэд ашигласан 257 галт зэвсгийг түр хураан авч, хууль бусаар худалдан борлуулдаг 41 ченжийг илрүүлэн бүртгэл хяналтад авч ажиллаж байна.

 

Үүнээс харахад галт зэвсгийн хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар хийж бэлтгэх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид нь далд байдалд зохион байгуулалтад орж Захиргааны журам зөрчсөн үйлдлүүд гарсаар байна. Иймд энэ асуудлыг анхаарахгүй өнгөрч болохгүй тул хууль бус наймаа, тэдгээртэй тэмцэх, таслан зогсоох, хариуцлагыг чангатгах  зорилгоор хуулийн төсөлд хариуцлагын асуудал тэр дундаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцлийг бий болгохоор хуулийн төсөлд тусгалаа.

 

            4. Бусад зохицуулалтууд

 

Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт байлдааны зориулалттай галт зэвсгийн жагсаалтыг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан байдаг бөгөөд энэ жагсаалтад багтаагүй, жагсаалтаас хасагдсан ямарч төрлийн галт зэвсгийг иргэний зориулалтаар өмчлөн ашиглах эрх нээлттэй байгааг өөрчлөх шаардлагатай байна.

 

 Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийг марк, төрлөөр нь авч үзвэл ихэвчлэн Тоз-8, Сайга, ЗКК-600, Винтов, Карабин, Иж-18 (дробовинк) зэрэг галт зэвсгийг ихэвчлэн ашиглаж байгаа бөгөөд зарим тохиолдолд байлдааны зориулалттай АКМ, Бирдан, Медведь, СКЗ, Марс, Макаров, Маузер гэх мэт галт зэвсгийг өмчилж, эзэмшиж байна.

 

Иймд хуулийн төсөлд галт зэвсгийг техникийн үзүүлэлт болон ашиглаж буй зориулалтаас нь хамаарч иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулагчийн болон цэргийн гэсэн төрөлд ангилсан ба иргэний харуул хамгаалалтын ангилалд хамаарахыг цагдаагийн байгууллага, хууль сахиулагчийн галт зэвсгийн ангилалд хамаарах жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цэргийн зориулалттай галт зэвсгийн жагсаалтыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус баталж байхаар хуулийн төсөлд тусгалаа.

 

Гадаадын иргэн, харъяалалгүй этгээд Монгол Улсад галт зэвсэг өмчлөх, ашиглах нь Монгол Улсын иргэний эрх чөлөөнд халдах магадлалтай гэж үзэж гадаадын иргэн, харъяалалгүй этгээдэд галт зэвсэг өмчлөх, ашиглахыг хориглох талаар хуулийн төсөлд тусгалаа.

 

Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээд нь галт зэвсэг өмчлөх, эзэмших эрхтэй байгаа нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, бусад хуулийн этгээд, байгууллага галт зэвсгийг өмчлөн тэдгээр хуулийн этгээдийн ажилтан, албан тушаалтан галт зэвсгийг чөлөөтэй эзэмших, ашиглах эрхтэй байх нөхцлийг бий болгож байна.

 

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуульд зааснаас бусад тохиолдолд хуулийн этгээд нь галт зэвсэг өмчлөхгүй байх талаар зохицуулалт тусгасан. Хуулийн төсөл батлагдсанаар зөвхөн харуул хамгаалалтын эрх бүхий хуулийн этгээд, түүнчлэн спорт-сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага  хязгаарлагдмал хүрээнд, тодорхой хяналтын дор галт зэвсэг өмчлөх эрхтэй байх юм.

 

Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төв нь нийслэлд нэг байх, салбар байгуулах, тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавьж байхаар тусгалаа.

 

Галт зэвсгийн тухай хуулийн 15.1-д “Хуулийн этгээд нь нийтэд худалдах зорилгоор галт зэвсэг болон сумыг улсын хилээр оруулахдаа үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тусгайлан зөвшөөрөл авсан байх бөгөөд түүнийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно. Сонгон шалгаруулалтын журмыг хууль зүйн болон үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заасан. Энэ талаар үйлдвэр худалдааны сайд болон холбогдох байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг бүхэлд нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх хүрээнд хамруулах нь зүйтэй гэж үзэн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгалаа.

 

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны “Шүүхийн шинжилгээний үндэсний төв байгуулах тухай” 63 дугаар тогтоолын дагуу криминалистик шинжилгээний алба нь цагдаагийн байгууллагын бүтцээс гарч бие даан үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд галт зэвсгийн хонгио ба хошууны мэдээллийн сан нь уг байгууллагад төвлөрч байгаатай холбогдуулан холбогдох зохицуулалтыг шинээр тусгав.

 

Түүнчлэн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор галт зэвсэг түүнтэй адилтгах хэрэгслийг хэн хэрхэн худалдах, эзэмших талаарх зохицуулалт байхгүй байсныг хуулийн төсөлд эдгээр хэрэгслийн жагсаалтыг хууль зүйн сайд баталдаг байхаар хуулийн төсөлд шинээр тусгалаа.

 

Хуулийн төсөлд иргэний болон харуул хамгаалалтын галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг цагдаагийн төв байгууллагын дарга, хууль сахиулагчийн галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цэргийн зориулалтай галт зэвсэг, сумны жагсаалтыг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус баталдаг байхаар хуулийн төсөлд тусгалаа.

 

Спорт, сургалтын үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд галт зэвсэг эзэмших, хадгалах журмыг спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй, галт зэвсэг, өмчлөх, эзэмших, ашиглахад харшлах өвчний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй, Галт зэвсгийн үнэмлэх олгохтой холбогдон гарах шууд зардлын хэмжээ, түүнийг төлөх журмыг сангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран, галт зэвсгийг нийтэд худалдах импортлох хуулийн этгээдийг сонгон шалгаруулах журам, импортлох галт зэвсэг, сумны тоо хэмжээг тогтоох, галт зэвсгийн тооллого явуулах журам, хураагдсан галт зэвсэг, сумыг устгах, худалдах, шилжүүлэх журам зэрэг асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байхаар тусгалаа.      

 

Мөн түүнчлэн иргэдийг галт зэвсэг эзэмшүүлэх сургалтад хамруулах заавар, хөтөлбөр, галт зэвсгийн үнэмлэхийн загвар, үнэмлэх олгох журам, Төвд худалдах галт зэвсгийн дэлгэрэнгүй бүртгэлийн загвар, галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журмыг гаалийн ерөнхий газрын даргатай хамтран, улсын хилээр оруулах, гаргах зөвшөөрлийн хуудасны загварыг цагдаагийн төв байгууллагын дарга баталж байхаар төсөлд тусгалаа.

 

5. Холбогдох бусад хууль

 

Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор Бууны албан татварын тухай хуулийг өөрчлөн найруулж Галт зэвсгийн албан татварын тухай хууль болгон шинэчлэн найрууллаа. Энэ хуулийн төсөлд иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөлд байгаа галт зэвсгийн татвар нь ойролцоогоор жилд 4000 төгрөг байсныг ихэсгэн 10000 төгрөгөөс 35000 төгрөг байхаар ялгамжтай тогтоосон.

 

Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн 185, 186 дугаар зүйлд  ангийн буунаас бусад галт зэвсэг  хууль бусаар хийж олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, авч явсан, борлуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсныг  өөрчлөн галт зэвсэг хууль бусаар олж авсан, ашигласан зэрэг эрүүгийн хуульд заасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Галт зэвсэг импортлох нийтэд худалдаалахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болгох тухай  хуулийн төслийг тус тус боловсрууллаа.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00