ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хууль

Хууль санаачлагч: УИХ-ын гишүүн А.Бакей, Ж.Батзандан, С.Дэмбэрэл

Хуулийн танилцуулга

                                                Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2013 оны ... дүгээр сарын ...-ны өдөр

Улаанбаатар хот

 

ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРМЫН   ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаанд төрөөс  тавих хяналтын  зарчим,  эрх зүйн үндсийг тогтоож, түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, хяналтын байгууллага, албан тушаалтны нийтлэг эрх, үүргийг тодорхойлох, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай  холбогдсон  харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл. Хяналтыг хэрэгжүүлэх журмын  

                                     тухай хууль тогтоомж

 

2.1. Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль[1], Захиргааны хариуцлагын тухай хууль[2], энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 

 

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

3.1.1.“хяналт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээд холбогдох  хууль тогтоомжид заасан  шаардлагыг хэрхэн сахин биелүүлж байгаа  байдлыг шалгах, үнэлэх, зөвлөн туслах, биелэлтийг нь хангуулах зорилгоор эрх бүхий хяналтын  байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг;

 

3.1.2.“аж ахуйн үйл ажиллагаа” гэж үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх, түүхий эд, бүтээгдэхүүн импортлох, экспортлох, ажил гүйцэтгэхтэй холбоотой иргэн, хуулийн этгээдийн  үйл ажиллагааг;

 

3.1.3.“аж ахуйн үйл ажиллагааны аюулгүй байдал” гэж аж ахуйн үйл ажиллагааны явцад  хүний амь нас, эрүүл мэнд,   нийтийн  ашигтай байдал, хүрээлэн буй орчинд аюул, эрсдэл үүсгэхээс сэргийлэх  нөхцөлийг  бүрдүүлэхийг;

 

3.1.4.“шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдээс аж ахуйн үйл ажиллагаандаа хууль тогтоомжийг хэрхэн сахин биелүүлж байгаа байдлыг хууль, эрх зүйн үндэслэл, журам, арга хэлбэрээр газар дээр нь биечлэн үзлэг хийх, баримт бичигтэй танилцах, бодит нөхцөл, байдлыг үнэлэн тогтооход   чиглэсэн арга хэмжээний цогцолборыг;

3.1.5.“шалгалтын бүртгэл” гэж эрх бүхий байгууллагаас хийсэн шалгалт бүрийг зохих журмын дагуу бүртгэх, шалгагч этгээд шалгалттай холбоотой мэдээллийг шалгалтын нэгдсэн санд оруулахыг;

 

3.1.6.“зөрчил” гэж хуульд захиргааны хариуцлага хүлээлгэхээр заасан  үйлдэл/үйл ажиллагаа/, эс үйлдэхүйг;

 

3.1.7.“зөрчлийг мөрдөн шалгах“ гэж шалгалтын явцад илэрсэн зөрчлийг холбогдох хуульд заасан арга хэлбэр, журмын дагуу мөрдөн нотолж баримтжуулах, учирсан хохирол, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хариуцлага хүлээлгэхэд  чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээний цогцолборыг;

 

3.1.8.“захиргааны хяналт гэж  төрийн   байгууллага, тэдгээрийн ажилтан, албан тушаалтны үйл ажиллагаа нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээ, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаварт нийцэж буй эсэхэд дээд шатны эрх бүхий байгууллагаас доод шатны болон харьяа байгууллагад хийх хяналт шалгалтыг;  

 

3.1.9.“эрсдэл” гэж аж ахуйн үйл ажиллагааны үр дүнд  хувь хүн, хүрээлэн буй орчин, нийгэмд  учруулж болзошгүй   сөрөг үр дагавар, түүний хэмжээ, цар хүрээ, үүсэх магадлалыг;

 

3.1.10.“эрсдэлийн үнэлгээ” гэж эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтээр аж ахуйн үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, үнэлэх цогц үйл явцыг;

 

3.1.11.“хяналтын хуудас” гэж  шалгалтын болон шалгуулагч этгээдийн талаарх ерөнхий мэдээлэл,  хууль, эрх зүйн актаар тогтоосон шаардлагуудаас  аюул, эрсдэлээс хамгаалахад чиглэсэн үзүүлэлтүүдийг  асуулт хэлбэрээр нэгтгэн, түүний  хэрэгжилтийн түвшинг шалгалтаар тогтоох, хууль тогтоомж зөрчигдсөнөөс гарч болох эрсдэлийг үнэлж, тодорхойлох өгөгдлүүд зэргээс бүрдсэн үнэлгээний хуудсыг.

 

4 дүгээр зүйл. Хяналтыг хэрэгжүүлэх журмын  тухай хуулийн үйлчлэх хүрээ

 

4.1.Хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна.

 

4.2.Энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан хяналтын зорилго болон зарчим нь төрөөс аж ахуйн үйл ажиллагаанд тавих  бүх төрлийн хяналтад хамаарна.

 

4.3.Захиргааны хяналттай холбоотой харилцааг Засгийн газрын тухай[3], Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай[4], Засгийн газрын  агентлагийн эрх зүйн байдлын тухай[5],  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай[6], Төрийн болон орон нутгийн өмчийн тухай[7], Төсвийн тухай[8] зэрэг бусад хуулиар тус тус зохицуулна.

 

5 дугаар зүйл. Хяналтын зорилго

 

5.1.Эрх бүхий байгууллагын хяналтын зорилго нь иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн биелэлтийг дэмжин сайжруулах, болзошгүй эрсдэлийг бууруулах замаар нийтийн аюулгүй байдлыг хангахад оршино.

 

6 дугаар  зүйл.Хяналтын зарчим

 

6.1.Хяналт хэрэгжүүлэхэд  дараах зарчмыг баримтална:

 

6.1.1.хяналтыг эрх зүйн  үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх;

6.1.2.хяналт нь хараат бус байх;

6.1.3.хяналтын зарчим, арга хэлбэр, шаардлага болон үйл ажиллагаа нээлттэй, ил тод, мэргэжлийн, үр нөлөөтэй, үр ашигтай байх;

 

6.1.4.шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хамгаалах, хүндэтгэн харилцах;

 

6.1.5.хяналт нь эрсдэлийн үнэлгээнд суурилсан байх ;

6.1.6.хяналтыг хуулиар эрх олгосон хяналтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх;

6.1.7.хяналт нь эдийн засгийн өсөлт, аж ахуйн үйл ажиллагааны хөгжлийг аль болох дэмжихэд чиглэсэн байх;

    

6.1.8.зах зээл өөрөө үр дүнг тооцох боломжтой зүйлд төрөөс  хяналт тавихгүй байх;

6.1.9.хяналтыг давхардуулахгүй байх;

6.1.10.хяналтыг улсын төсөвт орлого бүрдүүлэх арга хэрэгсэл болгохгүй байх;

6.1.11.гэм буруугүйн зарчмыг баримтлах ба шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно;

 

6.1.12.хууль тогтоомжоор тогтоосон шаардлагыг нэг мөр, адил утгаар    тайлбарлан хэрэглэх;

 

6.1.13.хяналтын арга хэлбэр, авах арга хэмжээ нь илэрсэн дутагдал,  зөрчилд тохирсон байх.

 

6.2.Хяналт хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг  улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд хяналтын  үйл ажиллагаатай холбоотой аливаа төлбөрийг шалгуулагч этгээдээс шаардахыг хориглоно.

 

6.3.Хяналтын байгууллагын  үйл ажиллагааны үр дүн нь  дэвшүүлсэн зорилтоо хангаагүй бол хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээнэ.

 

    7 дугаар зүйл.Төрөөс тавих хяналтын чиглэл

 

7.1. Төрөөс аж ахуйн үйл ажиллагаанд тавих хяналтын  чиглэл, хэрэгжүүлэх журмыг гагцхуу хуулиар тогтооно.

 

7.2.Гааль, татвар, банк, санхүү, даатгал, үнэт цаасны арилжаа, байгаль орчин, иргэний нисэх, төмөр замын тээвэр, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, түүнчлэн шударга бус өрсөлдөөнийг хязгаарлахтай холбоотой  хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, шалгалтын арга хэлбэрийг бусад хууль, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт,  Монгол Улсын олон улсын гэрээ, конвенциар  тогтоосон журмыг баримтална.

 

7.3.Төрөөс тавих дараах  чиглэлийн хяналтыг нийтийн аюулгүй байдлын  хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ:

 

7.3.1.хүнсний аюулгүй байдлын хяналт- хүнсний сүлжээнд хамрагдах бүх үйл ажиллагаа, мал, амьтны эрүүл мэнд, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан тэжээлийн аюулгүй байдал, мал, ургамлын хорио цээр, хүнсний экспорт, импорт, таримал ургамлын  аюулгүй байдал;

 

7.3.2.хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт- барилга, байгууламжийн аюулгүй байдал, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээний хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй болон эдгээр үйл ажиллагаанд хэрэглэж буй техникийн ашиглалтын аюулгүй ажиллагаа;

 

7.3.3.нийтийн эрүүл ахуй, эм, эмчилгээний аюулгүй байдлын хяналт- халдвар судлал, хүүхдийн орчны болон нийтийн үйлчилгээний эрүүл ахуй, хүн болон мал, амьтны эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний зах зээл дээрх борлуулалт, худалдаа, тэдгээрийн экспорт, импорт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын  дотоод хяналтын үйл ажиллагаа;

 

            7.3.4.хүрээлэн буй орчны аюулгүй байдлын хяналт- аж ахуйн үйл ажиллагаанаас учирч буй орчны бохирдол, химийн хорт болон аюултай бодисын  аюулгүй байдал, үйлдвэрлэлийн,   барилгын болон аюултай хог хаягдал; 

 

7.3.5.хүнсний бус өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналт.

 

7.4.Төрөөс тавих дараах чиглэлийн хяналтыг энэ хуульд заасан журмын дагуу холбогдох хуульд заасан эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ:

 

7.4.1.галын аюулгүй байдал;

7.4.2.нийгмийн даатгал;

7.4.3.оюуны өмчийн хамгаалал;

7.4.4.соёлын өвийн хамгаалал;

7.4.5.цацрагийн бохирдол;

7.4.6.боловсрол олгох үйл ажиллагаа (боловсрол олгох байгууллагаас  сургалтын хөтөлбөр болон стандартын шаардлагыг хангаж буй байдал);

 

7.5.Эрүүл мэнд, геологи, уул уурхай, барилга, хот байгуулалт, газрын харилцаа, эрчим хүч, харилцаа холбоо, мэдээлэл, автозам, тээврийн салбарт төрийн эрх бүхий  байгууллага хуульд заасан зохицуулалтын арга хэрэгсэлээр дамжуулан хяналтыг хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбарт аж ахуй эрхлэгчийн дотоод хяналт, сонирхогч болон хөндлөнгийн гуравдагч этгээдийн хяналтыг  давхар  хэрэгжүүлнэ. Эдгээр хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

 

7.6.Энэ хуулийн 7.2, 7.3, 7.4-д зааснаас бусад чиглэлээр төрөөс хяналт  тавих шаардлагатай гэж үзвэл дараах журмыг баримтална:

 

7.6.1.шинээр хяналтын чиглэл тогтоох тухай хуулийн төслийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан Зөвлөл дор дурдсан асуудал бүрээр нягтлан үзэх:

 

а)хүний эрүүл мэнд, аюулгүй байдал болон нийтийн ашигтай байдлыг хангахад тухайн шинээр бий болгох хяналтын  чиглэл нь чухал шаардлагатай эсэх, одоо байгаа хяналттай давхардах, уялдах эсэх;

б)тухайн шинээр бий болгох хяналтын  үйл ажиллагаатай холбогдуулан улсын төсвөөс, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд болон хэрэглэгчээс  гарах  бодит зардал;

в)тухайн шинээр бий болгох хяналттай холбоотой зардал болон үр ашгийн харьцуулалт; 

г)өөр арга замаар хууль тогтоомжийн биелэлтийг хянах боломжтой эсэх (сонирхогч этгээдээс эрх зүйн аливаа үйлдэл  хийх,  хууль сахиулах байгууллагын албадлагын үйл ажиллагаа, зөвшөөрөл г.м.).

 

7.6.2.хүний эрүүл мэнд, аюулгүй байдал болон нийтийн ашигтай байдлыг хангахад нэн шаардлагатай, үр ашиг нь гарах зардлаасаа илүү болон биелэлтийг хянах өөр арга зам байхгүй тохиолдолд л Зөвлөл  тухайн чиглэлийн хяналтыг бий болгох тухай дүгнэлт гаргах;

 

7.6.3.Зөвлөл дүгнэлт гаргахдаа сонирхогч талуудтай зөвлөлдөх;

 

7.6.4.шинээр хяналтын чиглэл тогтоох эсэх талаар гаргасан Зөвлөлийн дүгнэлтийг  Засгийн газраар заавал хэлэлцүүлэх;

 

7.6.5.тухайн чиглэлийн хяналтыг бий болгох шаардлагагүй гэсэн дүгнэлтийг хууль санаачлагч хүлээн аваагүй бол хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад энэхүү дүгнэлтийг Засгийн газар заавал танилцуулах.

 

7.7. Хуульд өөрөөр заагаагүй бол шинээр тогтоосон хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан журмыг баримтална.

 

7.8.Энэ хуулийн 7.3.5-д заасан хүнсний бус өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүний жагсаалтыг эрсдэлийн үнэлгээг  үндэслэн энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан Удирдах Зөвлөл тогтооно.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хяналтын үйл ажиллагаа, эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудас 

 

8 дугаар зүйл.Хяналтын үйл ажиллагаа

 

8.1.Хяналтад дараах үйл ажиллагаа хамаарна:

 

8.1.1.мэдээлэл болон зөвлөгөө өгөх;

8.1.2.хяналт шинжилгээ /мониторинг/ болон тандалт судалгаа хийх;

8.1.3.шалгалт хийх;                                       

8.1.4.албадан сахиулах, хариуцлага хүлээлгэх.

 

8.2.Хяналтын үйл ажиллагааны дийлэнх хувийг мэдээлэл болон зөвлөгөө өгөхөд чиглэсэн байна.

 

 9 дүгээр  зүйл. Эрсдэлийн үнэлгээ хийх

                                                                                      

9.1.Иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны улмаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгмийн аюулгүй байдалд учруулж болзошгүй аюул болон түүний хэмжээ, хамрах цар хүрээтэй уялдсан  шалгуур үзүүлэлтийг үндэслэн  хяналтын байгууллага эрсдэлийн үнэлгээ хийнэ.

 

9.2.Иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх журам болон шалгуур үзүүлэлтийг хяналтын чиглэл бүрээр Засгийн газар батална.

 

9.3.Иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны эрсдэлийн түвшинг  бага, дунд, их гэж ангилж, хяналтын байгууллага шалгалтад хамруулах давтамжийг  энэхүү эрсдэлийн түвшинг харгалзан ялгавартай тогтоох ба их  эрсдэлтэй үйл ажиллагаанд хийх хяналтын давтамж, шалгалтын хүрээ нь бага эрсдэлтэйгээс харьцангуй их байна.

 

9.4.Хяналтын байгууллага эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийн дүн шинжилгээ хийх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.

 

9.5.Хяналтын байгууллага энэ хуулийн 9.4-т заасныг хэрэгжүүлэхдээ эрдэм шинжилгээний байгууллага, шинжээч, мэргэжилтнийг оролцуулж болно.

 

 10 дугаар зүйл.Зөвлөгөө өгөх

 

10.1.Зөвлөгөө нь тодорхой асуудлаар нийтлэг мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хүсэлтээр газар дээр нь үйл ажиллагаатай танилцан зөвлөгөө, чиглэл өгөх, шалгалтын явцад хуулийг дагаж мөрдөх болон зөрчлийг арилгах талаар зөвлөгөө өгөх, бичгээр болон амаар гаргасан асуултад тусгайлсан мэдээлэл өгөх хэлбэртэй байж болно.

 

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан нийтлэг мэдээлэл өгөх зөвлөгөөг амаар, бичгээр, хэвлэмэл хуудас (ном, танилцуулга, товхимол хуудас, эмхтгэл, г.м.) болон цахим хэлбэрээр өгч болох ба хүсэлтийн дагуу болон шалгалтын явцад зөвлөгөөг албан бичгээр өгнө. 

 

10.3.Дараах тохиолдолд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хүсэлтээр газар дээр нь үйл ажиллагаатай танилцаж зөвлөгөө өгч болно:

 

10.3.1.үйл ажиллагаагаа эхлүүлэх, шинэчлэх, өргөтгөх;

10.3.2.хууль тогтоомж, техникийн зохицуулалт  өөрчлөгдсөн.

 

10.4.Хяналтын байгууллага аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн  хүсэлт болон нийтлэг асуудлаар төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулна.

 

10.5.Зөвлөгөө нь энгийн, ойлгомжтой, үнэн зөв, хууль зүйн үндэслэлтэй, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх ба зөрчлийг арилгах, үүсэх эрсдэлийг бууруулах, арилгахад чиглэсэн байна.

 

10.6.Хяналтын байгууллагаас нэг асуудал, нэг чиглэлээр өгч байгаа мэдээлэл, зөвлөгөө нь  нэг мөр, адил утга агуулгатай байх ба  энэхүү нийтлэг мэдээлэл, зөвлөгөөг нэгдсэн байдлаар буюу  нэг шугамаар өгөх ба цахим хуудсанд байрлуулна.

 

10.7.Хяналтын байгууллагаас албан бичгээр тусгайлан өгсөн, түүнчлэн нийтэд өгсөн нийтлэг зөвлөгөөг дагаж мөрдсөнөөс сөрөг үр дагавар гарвал аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд нь үүний төлөө хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн зөрчил, үр дагаврыг арилгах талаар хяналтын байгууллага зөвлөмж өгөх үүрэгтэй.

 

11 дүгээр зүйл. Хяналт шинжилгээ болон

                             тандалт судалгаа хийх

 

11.1.Хяналтын байгууллага аж ахуйн үйл ажиллагааны тодорхой чиглэлээр эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээлэл цуглуулах, эрсдэлийг буруулах арга замыг тодорхойлох  зорилгоор хяналт шинжилгээ болон тандалт судалгаа хийж болно.

 

11.2.Хяналтын байгууллага хяналт шинжилгээ болон тандалт судалгааг  захиалгаар эрдэм шинжилгээний байгууллага, мэргэшсэн судлаачдын багаар гүйцэтгүүлж болно.

 

12 дугаар зүйл.Шалгалт

 

12.1.Шалгалтыг хуульд заасан эрх бүхий байгууллагын улсын байцаагч энэ хуульд заасан журмын дагуу хийнэ.

 

12.2.Энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан шалгалтын ажилд тухайн байгууллагын хяналтын үйл ажиллагааны нийт зардлын гуравны нэгийг зарцуулах ба үүнд энэ хуулийн 36.1.1-д заасан шалгалтын зардал хамаарахгүй.

 

12.3.Зөвхөн шалгалтын явцад илэрсэн зөрчилд захиргааны шийтгэл ногдуулж болно.

 

13 дугаар зүйл.Нэг объект дээр хийх шалгалтын хязгаарлалт 

 

13.1.Хяналтын байгууллагуудаас төлөвлөгөөт  болон төлөвлөгөөт бус шалгалтаар  шалгалтын  нэг объект дээр   хийх нийт шалгалтын хугацаа жилд ажлын  30 өдрөөс дээшгүй байна.

 

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан хугацаанд энэ хуулийн 36.1.1-д заасны  дагуу хийсэн шалгалтын хугацаа  хамаарахгүй.

 

13.3.Энэ хуулийн  13.1-д заасан хяналтын байгууллагаас хэрэгжүүлэх шалгалтын  хугацааг уялдуулах ажлыг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан Зөвлөл хариуцна.

 

14 дүгээр зүйл.Хяналтын хуудас

 

14.1.Хяналтын байгууллага хяналтын чиглэл бүрээр хяналтын хуудас боловсруулж хяналтын үйл ажиллагаанд хэрэглэнэ.

 

14.2. Хяналтын хуудсанд хууль, эрх зүйн актаар тогтоосон шаардлагуудаас  хүний амь, эрүүл мэнд, орчны аюулгүй байдлыг хамгаалах, хангах, тэдгээрээс  шууд нөлөөлөх аюул, эрсдэлээс хамгаалахад чиглэсэн үзүүлэлтүүдийг  тусгасан байх бөгөөд  шалгуулагч этгээдэд ойлгомжтойгоор томьёологдсон, тэдгээрийг  заавал дагаж мөрдөх үүрэгтэйг сануулсан байна.

 

14.3.Хяналтын хуудас бүрийг олон нийтэд нээлттэй болгох ба аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр  хяналтын хуудсыг үнэ төлбөргүй  өгнө.

 

   14.4.Хяналтын хуудас боловсруулах журам, түүний нийтлэг бүтцийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан Зөвлөл батална.

 

         ГУРАВДУГААР БҮЛЭГ

Иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны

хяналттай холбогдсон эрх, үүрэг

 

15 дугаар  зүйл.Иргэн, хуулийн этгээдийн эрх

 

15.1.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдуулан иргэн, хуулийн этгээд дараах эрх эдэлнэ:

 

            15.1.1.хяналт  шалгалттай холбоотой мэдээлэл авах;

            15.1.2.шалгалтын удирдамж, улсын байцаагчийн үнэмлэхийг үзэх;

15.1.3.улсын байцаагч өөрийн бүрэн эрхэд үл хамаарах, эсхүл тухайн шалгалттай холбоогүй асуудлаар баримт, материал шаардвал түүнийг биелүүлэхээс татгалзах;

15.1.4.шалгалтын баримт бичгийн нэг хувийг авах;

            15.1.5.улсын байцаагчийн үйл ажиллагаа болон шалгалтын үр дүнтэй холбогдуулан шалгалтын баримт бичигт холбогдох санал, хүсэлтээ  бичих;

            15.1.6.шалгалтад биечлэн оролцох буюу төлөөлөгчөө оролцуулах, шалгалтад хамаарах асуудлаар тайлбар хийх;

15.1.7.шинжээчийн хийх шалгалтад оролцох, шинжээчид тайлбар гаргах;

15.1.8.шинжээч, эсхүл мэргэжилтний санал, дүгнэлттэй танилцах, нэмэлт тодруулга шаардах;

            15.1.9.шалгалтын дүн, хяналтын байгууллага, улсын байцаагчийн үйлдэл, эс үйлдлийн талаар зохих журмын дагуу гомдол гаргах;

15.1.10.шалгалтын дүн, холбогдох баримт бичиг, тэмдэглэлтэй танилцах;

            15.1.11.хяналтын байгууллагын хууль бус шийдвэр, эсхүл улсын байцаагчийн буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас үүссэн хохирлыг нэхэмжлэх;

            15.1.12.хяналтын хуудсанд ороогүй асуудлаар болон энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шалгалтын нийт  хугацаа хэтэрсэн бол  шалгалт хийлгэхээс татгалзах; 

15.1.13.холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ийнхүү хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх талаар мэдээлэл, зөвлөлгөө, журам, аргачлал, маягтыг  холбогдох байгууллага, улсын   байцаагчаас авах;

            15.1.14.хууль тогтоомжид заасан бусад эрх. 

 

16 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг

 

16.1.Төрийн эрх бүхий байгууллага,  албан тушаалтнаас аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдуулан иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

 

16.1.1. өөрийн үйл ажиллагаандаа хууль болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин биелүүлэх, эрсдэлийг буруулах дотоод хяналтын журам тогтоож ажиллах;

 

            16.1.2.хяналт шалгалтад шаардлагатай баримт, материалыг улсын байцаагчаас шаардсаны дагуу  гаргаж өгөх бөгөөд шалгалт хийх нөхцөл, боломжийг бүрдүүлэх;

            16.1.3.аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхэд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл, худалдааны талбай (лангуу), агуулах, үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэр, үйлчилгээний  болон бусад (оршин суугаа орон сууцны газар талбай хамаарахгүй) газарт улсын байцаагчийг саадгүй нэвтрүүлэх, үзлэг хийлгүүлэх;

 

            16.1.4.шинжээч оролцуулсан шалгалт хийх, бүтээгдэхүүнээс дээж авах боломж, нөхцөлөөр хангах;

            16.1.5.улсын байцаагчийн хүсэлтийн дагуу шалгалттай холбогдсон асуудлаар аман болон бичгээр тайлбар өгөх;

            16.1.6.шалгалтын үед өгөгдсөн мэдээллийн нууцын зэрэглэлийн талаар улсын байцаагчдад мэдээлэл өгөх;

16.1.7.шалгалтын явцад илэрсэн хуульд заасан шаардлага хангаагүйгээс гарсан дутагдал,  зөрчлийг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаарх  хяналтын байгууллага (улсын байцаагч)-аас өгсөн зөвлөгөө,  шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх;

            16.1.8.хуульд тогтоомжид  заасан бусад үүрэг.

 

17 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагаа анхлан эрхэлж буй иргэн,

                             хуулийн этгээдийн тусгайлсан эрх

 

17.1.Бага болон дунд эрсдэлтэй аж ахуйн үйл ажиллагаа анхлан эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхний жилд төлөвлөгөөт шалгалт хийхгүй ба  тэдний хүсэлтээр газар дээр нь зөвлөгөө өгч болно.

 

17.2. Хяналтын байгууллага энэ хуулийн 17.1-д заасан иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр газар дээр нь зөвлөгөө өгөх явцад хүний болон орчны аюулгүй байдалд аюул учруулах онцгой нөхцөл байдал үүссэн бол энэ хуулийн долоодугаар бүлэгт заасны дагуу шалгалт хийж зохих арга хэмжээ авна.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Хяналтын байгууллагын чиг үүрэг,

улсын байцаагчийн эрх,үүрэг

 

18  дугаар  зүйл. Хяналтын байгууллагын чиг үүрэг, хариуцлага

 

18.1.Хяналтыг хуулиар эрх олгогдсон төрийн захиргааны эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.

 

18.2. Хяналтын байгууллага хяналтын үйл ажиллагаатай холбоотой  дараах зохион байгуулалтын чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

18.2.1.тухайн чиглэлийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн шалгалтуудыг уялдуулан төлөвлөж, тухайн жилд хийх хяналтын  төлөвлөгөөг батлуулах;

18.2.2.хяналтын хуудсыг боловсруулах;

18.2.3.хяналт шалгалтын дүнг хэлэлцэх;

18.2.4.эрсдэлийн шалгуур үзүүлэлтийг боловсруулах;

18.2.5.эрсдэлийн үнэлгээг хийх;

18.2.6.хяналтын мэдээллийн санг бүрдүүлэх;

18.2.7.хяналтын чиглэлээрх хууль тогтоомж, техникийн зохицуулалтыг боловсронгуй болгох саналаа эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

18.2.8.төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын харьцааг 5:1 байхаар зохицуулах.

 

18.3.Хяналтын байгууллага үйл ажиллагааны гүйцэтгэлээ тухайн хяналтын чиглэлийг хариуцсан Засгийн газрын гишүүнд, эсхүл тухайн Засгийн газрын гишүүний ахалсан  аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн,  төрийн бус байгууллагын болон холбогдох төрийн байгууллагын төлөөллөөс  бүрдсэн  Зөвлөлд тайлагнана.

 

 18.4.Энэ хуулийн 18.3-т заасан  Засгийн газрын гишүүн, эсхүл Зөвлөл хяналтын байгууллагын хэтийн зорилго болон жилийн үйл ажиллагааны чиглэлийг  тодорхойлж  үйл ажиллагааны гүйцэтгэлийг  дараах үзүүлэлтээр дүгнэнэ:

 

18.4.1.үйл ажиллагааны хэрэгжилт;

18.4.2. гарсан үр дүн;

18.4.3. зорилтыг хангахад  үзүүлсэн  үр нөлөө буюу хяналтыг хэрэгжүүлсэн салбарт эрсдэлийн түвшин  болон зөрчлийн тоо буурсан байдал.

 

18.5. Хяналтын байгууллагын үйл ажиллагааны тайланд дараах зүйлийг тусгана:

 

18.5.1.зөвлөгөө өгөх болон газар дээр нь гүйцэтгэсэн хяналтын төрлүүд, тоо болон үргэлжилсэн хугацаа, зардал зэргийг багтаасан хяналтын үйл ажиллагааны талаарх мэдээлэл;

18.5.2.хэрэгжүүлж байгаа хяналтын чиглэлийн  эрсдэлд хийсэн үнэлгээ;

18.5.3.хамгийн олон давтамжтай зөрчил, зөрчлийн хамрах хүрээ, түүний шалтгаан;

18.5.4.бизнес эрхлэх орчныг сайжруулах талаарх санал, төсөл;

18.5.5.үр дүнгийн үзүүлэлтэд нөлөөлсөн үйл ажиллагааны талаарх мэдээлэл.

 

19 дүгээр зүйл.Улсын байцаагч, түүнд тавих шаардлага

 

19.1.Улсын байцаагчийн албан тушаалд бусад хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан  шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулна:

 

        19.1.1.тухайн хяналтын чиглэлээр дээд боловсролтой,  бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;

        19.1.2.мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, тухайн албан тушаалыг эрхлэх туршлага, ур чадвартай;

        19.1.3.улсын байцаагч бэлтгэх тусгайлсан сургалтад хамрагдаж шалгалт өгч гэрчилгээ авсан.

 

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан шаардлагыг хангаж сонгон шалгаруултад тэнцсэн иргэнийг 1 жил хүртэл хугацаагаар туршилтаар ажиллуулсны дараа улсын байцаагчаар томилно.

 

19.3.Хяналтын байгууллага энэ хуулийн 19.1-д зааснаас өөр нэмэлт шаардлагыг, түүнчлэн дээд шатны улсын байцаагч нарт тавих шаардлагыг тогтоож болно.

 

20 дугаар зүйл. Улсын байцаагчийн нийтлэг үүрэг

 

20.1.Улсын байцаагч дараах нийтлэг үүрэгтэй:

20.1.1.холбогдох хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар  тогтоосон журмын дагуу иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих;

20.1.2.хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд  баримтлах;

20.1.3.өөртэйгээ болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах;

20.1.4.иргэн, хуулийн этгээдийн  хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх;

20.1.5.иргэн, хуулийн этгээдийн хуулиар тогтоосон нууцыг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх;

20.1.6.шалгалтын хүрээнд хамаарах асуудлаар шалгуулагч этгээдэд эрх зүй болон  мэргэжил,  арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;

20.1.7. хууль тогтоомжоор хоёрдмол утга санаатай шаардлага тавигдсан бол  шалгуулагч этгээдийн талд шийдвэрлэх;

20.1.8.иргэн, хуулийн этгээдийн эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагаа нь хууль тогтоомжоор тавигдсан шаардлагыг хангаагүй бол тухайн шаардлагыг дагаж мөрдөхтэй холбогдуулан  зөвлөгөө  өгөх;

20.1.9.хийсэн хяналт, гаргасан дүгнэлт, бичсэн акт, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;

20.1.10.хяналтыг  бүрэн гүйцэд хийх;

           20.1.11. эрүүгийн, захиргааны болон иргэний хэрэг маргаанд шинжээчээр ажиллахгүй байх;

20.1.12.хуульд заасан бусад үүрэг.

 

            21 дүгээр зүйл. Улсын байцаагчийн нийтлэг эрх

 

            21.1.Улсын байцаагч дараах нийтлэг эрхтэй:

21.1.1.хуульд өөрөөр заагаагүй бол шалгалт хийх обьектод саадгүй нэвтрэх;

21.1.2.шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объект, тээврийн хэрэгсэл, ачаа бараа, бусад эд зүйлд  үзлэг хийх;

21.1.3.шаардлагатай мэдээллийг гаргуулан авах, баримт бичгийг хянан үзэх;

21.1.4.шалгуулагч этгээд, түүний төлөөлөгчөөс тайлбар авах;

21.1.5.бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны орчноос дээж авч шинжилгээнд хамруулах, турших, ажлын байранд хэмжилт хийх;

21.1.6.зөрчлийг баримтжуулах зорилгоор   аудио болон видео бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх;

21.1.7.шалгалтын дүнг үндэслэн албан шаардлага, дүгнэлт, акт, шийдвэр, торгууль,  шийтгэвэр болон хуульд заасан  бусад бичиг баримт үйлдэх;

21.1.8.хуульд заасан бусад эрх.

 

            22 дугаар зүйл.Дээд шатны улсын байцаагчийн бүрэн эрх

 

            22.1.Дээд шатны улсын байцаагч энэ хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхээс гадна дараах бүрэн эрхтэй:

 

22.1.1.холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжилтнийг шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

 

22.1.2.энэ хуулийн 43.4-т заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

 22.1.3.ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хор хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

            22.1.4.улсын байцаагчийн үйл ажиллагаа болон шалгалтын шийдвэртэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;

22.1.5.доод шатны улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх;

            22.1.6.өргөдөл, гомдол, мэдээллийг хянан үзэж, тэдгээрт үндэслэн  төлөвлөгөөт бус шалгалт хийх асуудлыг чиглэлийн улсын ерөнхий байцаагчтай, эсхүл тухайн хяналтын байгууллагын удирдлагатай  зөвшилцөн шийдвэрлэх.

 

23 дугаар зүйл.Улсын  байцаагчид хориглох зүйл

 

23.1.Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно: 

            23.1.1.хяналт шалгалтыг хуульд зааснаас бусад тохиолдолд удирдамж, томилолтгүйгээр хийх;

23.1.2.улсын байцаагчийн акт, дүгнэлт, албан шаардлага болон бусад баримт бичгийн хэвлэмэл хуудас, маягтыг дураараа хэвлэн ашиглах, хүчингүй буюу хуурамч хуудас хэрэглэх;

23.1.3.гарын үсэг зурж эцэслэн баталгаажуулаагүй улсын байцаагчийн акт, дүгнэлт, албан шаардлага, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг шалгуулагч иргэн, хуулийн этгээдэд урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах;

23.1.4.гарын үсэг зурж баталгаажуулсан акт, дүгнэлт, албан шаардлага, бусад баримт бичгийг засварлах, өөрчлөх.

 

            24 дүгээр зүйл.Улсын байцаагчийн бүрэн эрхээ

                        хэрэгжүүлэх баталгаа

 

24.1.Улсын байцаагч Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэвэр, тэтгэмжээс гадна дор дурдсан нэмэгдэл баталгаагаар хангагдана:

 

            24.1.1.хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж явахдаа хот, суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон тохиолдолд хувиас гарсан зардлыг тогтоосон журмын дагуу тухайн байгууллага нь нөхөн олгох;

 

            24.1.2.хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж яваад хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны туршид, тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацааны туршид тус тус авах;

 

            24.1.З.албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа болон хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон тохиолдолд түүний албан тушаалын гурван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг хохирогчийн ар гэрт олгох;

 

            24.1.4.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан доромжилсон, гүтгэсэн, дарамталсан, амь нас, эрүүл мэндэд нь бодит аюул заналхийлсэн бол цагдаагийн байгууллагаар аюулгүй байдлаа хангуулах арга хэмжээ авахуулах.

 

24.2.Энэ зүйлийн 24.1.2, 24.1.З-т заасан тэтгэвэр, тэтгэмж болон албан тушаалын цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг улсын төсвөөс олгож, уг хөрөнгийг гэм буруутай этгээдээр  нөхөн төлүүлнэ.

 

ТАВДУГААР БҮЛЭГ.

Хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа

 

25 дугаар зүйл.Хяналтын бүртгэл

 

25.1.Хяналтын байгууллага, албан тушаалтан хийсэн шалгалт бүрийн талаарх  мэдээллийг хяналтын мэдээллийн нэгдсэн санд зохих журмын дагуу бүртгүүлнэ.

 

26 дугаар зүйл.Хяналтын мэдээллийн нэгдсэн сан

 

26.1. Хяналтын  байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, хяналтын төлөвлөгөөг уялдуулан  шалгалтыг  давхардуулахгүй байх, нэг шалгуулагч этгээд дээр хийх нийт шалгалтын хугацааг хэтрүүлэхгүй байх, эрсдэлийн үнэлгээ хийхдээ бусад салбарын эрсдэлийн мэдээллийг ашиглах, хяналтын байгууллагуудын мэдээлэл солилцоог үр дүнтэй болгох  зэрэг  зорилгоор хяналтын мэдээллийн нэгдсэн сан, тогтолцоог байгуулна.

 

26.2.Хяналтын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, оруулах мэдээллийн төрөл, мэдээлэл харилцан солилцох, ашиглах, түүнчлэн мэдээллийн  удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална. 

 

26.3.Хяналтын байгууллага бүр хяналтын мэдээллийн сантай байх бөгөөд хяналтад хамрагдах иргэн, хуулийн этгээдийн талаарх үндсэн мэдээлэл, үйл ажиллагааны чиглэл, түүний эрсдэлийг тооцоход шаардагдах мэдээлэл, хийсэн төлөвлөгөөт болон бусад шалгалтын дүн мэдээ зэрэг мэдээллээс бүрдэнэ.   

 

27 дугаар зүйл.Хяналтын байгууллагуудын  уялдааг хангах

 

27.1.Хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий зөвлөл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд  ажиллана.

 

27.2.Энэ хуулийн 27.1-д заасан зөвлөлийг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахлах ба зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга батална.

 

27.3.Зөвлөлийн үйл ажиллагаа нь ил тод байна. 

 

28 дугаар  зүйл.Зөвлөлийн чиг үүрэг

 

28.1.Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

28.1.1.энэ хуулийн хэрэгжилтийг холбогдох хяналтын байгууллагуудаар  нэгдмэл, жигд байдлаар хангуулах;

28.1.2.хяналтын байгууллагаас хийх хяналтын төлөвлөгөөг хянан уялдуулах, давхардлыг багасгах;

28.1.3. хяналтын үйл ажиллагааны талаарх хяналтын байгууллагын мэдээллийн сан бүрдүүлэх  нэгдсэн арга зүйгээр хангах, хяналтын мэдээллийн  нэгдсэн сангийн удирдлагыг энэ хуулийн 26.2-т заасан журмын дагуу хэрэгжүүлэх;

28.1.4. хяналтын тайланг нэгтгэж үр дүнг олон нийтэд мэдээлэх;

28.1.5.иргэн, хуулийн этгээдийн гомдол, хүсэлт, мэдээллээр шалгалт хийх, хяналт тавихтай холбоотой аргачлалыг хяналтын байгууллагуудад өгөх замаар гомдол гаргагч, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч болон төрийн зохицуулалтын тэнцвэрт байдлыг хангах;

28.1.6.хяналтын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санал бодлыг тандах зорилгоор санал асуулга явуулах;

28.1.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

28.2.Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, шийдвэрийн төсөл боловсруулах, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахад туслалцаа үзүүлэх, хяналтын байгууллагуудын шалгалтын төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийх үүрэг бүхий Зөвлөлийн ажлын алба Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллана.

 

28.3.Хяналтын байгууллагууд шалгалтаа харилцан уялдаатай, давхардалгүй, аж ахуйн үйл ажиллагаанд аль болох дарамт учруулахгүй байхаар төлөвлөж, хяналт хийх   аргачлалын талаар зөвлөгөө, туслалцаа харилцан үзүүлэх, хяналт болон эрсдлийн үнэлгээтэй холбогдсон мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллана.

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Нийтийн аюулгүй байдлын хяналтын асуудал

эрхэлсэн төрийн захиргааны  байгууллагын

 чиг үүрэг, удирдлагын  тогтолцоо

 

29 дүгээр зүйл. Нийтийн аюулгүй байдлын хяналтын

                           асуудал эрхэлсэн төрийн захиргааны  

                           байгууллагын  үндсэн  чиг үүрэг   

 

29.1. Нийтийн аюулгүй байдлын хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага /цаашид “нэгдсэн хяналтын байгууллага” гэх/-ын үндсэн чиг үүрэг нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан хяналтыг хэрэгжүүлэх замаар иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны улмаас хүний амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, хууль тогтоомжийг сахин мөрдүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг, зөвлөгөө, туслалцаа үзүүлэхэд оршино.

 

30 дугаар зүйл.Нэгдсэн хяналтын байгууллагын  бүрэн эрх

 

30.1.Нэгдсэн хяналтын байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

30.1.1.хяналт шалгалт хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийг албадан сахиулах арга хэмжээг хослуулан хэрэгжүүлэх замаар хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах стратеги, төлөвлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх;

 

30.1.2.эрсдэлд  үндэслэсэн   хяналтын тогтолцоо, стратегийг тодорхойлох;

30.1.3.эрхлэх асуудлын хүрээнд холбогдох яам, төрийн байгууллагатай хамтран ажиллах;

30.1.4.хяналтын чиглэл тус бүрээр хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, техникийн ерөнхий шаардлага, эрсдэлийн ангиллыг харгалзан хяналт шалгалт хийх стандарт, хяналтын хуудас  батлах;

30.1.5.эрсдэлийг удирдан зохицуулах талаар олон нийтэд мэдээлж, тэдний мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх;

30.1.6.өөрийн үйл ажиллагааг дэвшүүлсэн зорилт, хүрсэн үр дүнтэй уялдуулан тогтмол шинжлэн  дүгнэх;

30.1.7.байгууллагын зорилт, үйл ажиллагаа болон гүйцэтгэлийн үнэлгээ нь ил тод байх;

30.1.8.хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээд, бусад байгууллагатай  хамтран ажиллах, тэдгээрээс санал, хүсэлтийг  хүлээн авах;

30.1.9.байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах, хяналтын мэргэшсэн ажилтан бэлтгэх, давтан сургах, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах;

30.1.10.орон нутаг дахь хяналтын байгууллагыг мэргэжил, арга зүй, зохион  байгуулалтын  удирдлагаар хангах;

30.1.11.улсын байцаагч энэ хуульд заасан үүргээ биелүүлэхэд дагаж мөрдөх, үйл ажиллагааны аргачлал, дэс дараа, горимыг тогтоож, алба хаагч тохиромжтой шийдвэр гаргахад туслах, тодорхой ажиллагааны баримт бичгүүдийг хөтлөх журам, тэдгээрийн загварыг тусгасан  дотоод журам батлах;

30.1.12.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

30.2.Хяналтын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж болон эрх зүйн бусад акт, энэ хуульд заасан журам, заавар нь олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байна.

 

31 дүгээр зүйл.Нэгдсэн хяналтын байгууллагын

                   Удирдах зөвлөл

 

31.1.Нэгдсэн хяналтын асуудал эрхэлсэн  Засгийн газрын гишүүнээр ахлуулсан Удирдах зөвлөл ажиллах бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй байна:

 

31.1.1. эрүүл мэнд, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, хөдөлмөр, барилга, эдийн засгийн хөгжлийг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл, энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан Зөвлөлийн дарга болон нийслэлийн Засаг дарга;

 

31.1.2. Нэгдсэн хяналтын төв байгууллагын дарга, захиргааны нэгжийн дарга;

31.1.3.уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн  төлөөлөл;

 

31.1.4.хүрээлэн буй орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл.

 

31.2.Удирдах зөвлөлийн ажлын зохион байгууллалтын үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Гишүүдийн ердийн олонх хүрэлцэн  ирснээр хуралдааныг  хүчинтэйд тооцно.

 

31.3.Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм болон хуралдааны  дэгийг  Удирдах зөвлөл хуралдаанаараа батална.

 

31.4.Удирдах зөвлөл дараах асуудлыг өөрийн бүрэн  эрхийн хүрээнд шийдвэрлэнэ:

 

31.4.1.бүх түвшний улсын  байцаагчийн ажлын байрны тодорхойлолт болон нэмэлт шалгуурыг  батлах;

31.4.2.Нэгдсэн хяналтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөө, төсвийн зарцуулалтын төлөвлөгөө батлах;

31.4.3.Нэгдсэн хяналтын байгууллагын гүйцэтгэлийн тайланг  хэлэлцэх, батлах;

31.4.4.Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.

 

31.5.Нэгдсэн хяналтын төв байгууллагын  удирдлага нь Удирдах зөвлөлд ажлаа тайлагнаж,  хариуцлага хүлээнэ.

 

31.6.Удирдах зөвлөл нь Нэгдсэн хяналтын байгууллагын стратеги зорилт болон жил тутмын үйл ажиллагааны чиглэлийг  тодорхойлж энэ хуулийн 18.4-д заасан  үзүүлэлтээр  гүйцэтгэлийг дүгнэнэ.

 

31.7.Энэ хуулийн 31.6-д заасан гүйцэтгэлийн үнэлгээг улиралд нэг удаа хийж, Удирдах зөвлөлөөр батлах бөгөөд гарсан үр дүнгийн талаар тайлан гаргаж олон нийтэд мэдээлнэ. Шаардлагатай бол гүйцэтгэлийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэж  болно.

 

31.8.Удирдах зөвлөл нь нэгдсэн хяналтын байгууллагын эрхлэх хяналттай холбоотой асуудлаар   аймгийн Засаг дарга болон орон нутгийн холбогдох  байгууллагын төлөөлөгчдийг хуралд оролцуулж тухайн орон нутгийн анхаарах, шийдвэрлэх асуудлаар чиглэл өгч болно.

 

  32 дугаар зүйл.Нэгдсэн хяналтын байгууллагын удирдлага

                                         

32.1.Нэгдсэн хяналтын байгууллага  нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд улсын төсвөөс санхүүжнэ.

 

32.2.Нэгдсэн хяналтын байгууллага нь хяналтын болон захиргааны нэгжтэй  байна. Нэгдсэн хяналтын байгууллагын дэргэд улсын байцаагчийг бэлтгэх сургалтын төв болон  нэгдсэн  лаборатори ажиллана. Лабораторийн ажиллах журмыг энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан Удирдах зөвлөл батална.

 

32.3. Нэгдсэн хяналтын төв байгууллагын даргыг  төрийн, эсхүл  хувийн хэвшилд 100-гаас доошгүй  ажиллагчидтай байгууллагыг  таваас  доошгүй жил удирдаж байсан туршлагатай Монгол Улсын иргэнийг  Төрийн албаны тухай хуульд заасан журмын  дагуу сонгон шалгаруулж, Удирдах Зөвлөлийн саналыг үндэслэн  Засгийн газар томилно. Нэгдсэн хяналтын төв байгууллагын дарга хяналтын үйл ажиллагаанд оролцохгүй.

 

32.4.Нэгдсэн хяналтын байгууллагын хяналтын нэгжийн даргыг хяналтын байгууллагад таваас доошгүй жил ажиллаж байгаа албан хаагчдаас холбогдох хууль тогтоомжийн  дагуу сонгон шалгаруулна. 

 

32.5.Энэ хуулийн 32.4-т заасны дагуу  сонгон шалгарсан этгээдийн талаар   Удирдах зөвлөлийн саналыг үндэслэн  Нэгдсэн хяналтын төв байгууллагын дарга томилно.

 

32.6.Нэгдсэн  хяналтын  байгууллагын  албан хаагч төрийн тусгай албан хаагч байх бөгөөд тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс, туслах түшмэлийн ангилалтай байна. Албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, цол, түүнд нэмэгдэл олгох журмыг Засгийн газрын  өргөн мэдүүлснээр Улсын  Их Хурал батална.

 

33 дугаар зүйл. Нэгдсэн хяналтын байгууллагын

                              хяналтын  нэгжийн бүтэц

 

33.1.Нэгдсэн хяналтын төв байгууллагын хяналтын нэгжийн бүтэц нь чиглэлийн улсын ерөнхий байцаагчаар ахлуулсан хяналтын  газруудад  хуваагдана.

 

33.2.Орон нутаг дахь нэгдсэн хяналтын байгууллагын хяналтын нэгжид  чиглэлийн улсын ахлах байцаагчаар ахлуулсан  улсын байцаагчид  ажиллах ба аймаг, нийслэл дэх нэгдсэн  хяналтын байгууллагын  дарга нь хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй.  

 

ДОЛООДУГААР БҮЛЭГ

Шалгалт

 

34 дүгээр зүйл.Шалгалтын төрөл

 

34.1.Хяналтын эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлэх шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн  шалгалт болон хил дээрх  үзлэг шалгалт  гэж ангилна.

 

35 дугаар зүйл.Төлөвлөгөөт  шалгалт

 

            35.1.Хяналтын байгууллага эрсдэлийн үнэлгээг харгалзан  дараа жилд хийх шалгалтын төлөвлөгөөний төслийг 11 дүгээр  сарын 01-ний өдрийн дотор боловсруулж энэ хуулийн 27 дугаар  зүйлд заасан Зөвлөлд хүргүүлнэ.

 

35.2.Зөвлөл  энэ хуулийн 35.1-д заасан шалгалтын төлөвлөгөөний төслийг 12 дугаар сарын 1-ний дотор хянан уялдуулж  саналаа хяналтын байгууллагад хүргүүлнэ. Хяналтын байгууллага энэхүү саналын дагуу шалгалтын жилийн төлөвлөөөг 12 дугаар сарын 20-ны дотор баталж нийтэд мэдээлнэ.

 

35.3.Хяналтын байгууллага төлөвлөгөөт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд ажлын  таваас доошгүй өдрийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана.

 

35.4.Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 7 өдрөөс илүүгүй байх бөгөөд энэхүү хугацаанд шинжилгээний болон шалгалтын дүн гарах хугацаа хамаарахгүй. Хяналтын байгууллага  эрсдэлийн үнэлгээ, аж ахуйн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, хэмжээг харгалзан    ажлын 7 өдөрт багтаан ангилал тус бүрээр өөр өөрөөр тогтоож болно.

 

35.5.Шалгалтын дүнг шалгалт дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор  гаргана. Шалгалтын явцад шинжилгээ хийсэн ба шалгалт дуусахаас өмнө хариу гараагүй бол  шалгалтын дүнг гаргах хугацааг шинжилгээний дүн гарсан өдрөөс хойш тооцно.

 

35.6.Төлөвлөгөөт шалгалт хийхэд тухайн шалгуулагч этгээдийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулах бөгөөд тухайн албан тушаалтан ирээгүй, эсхүл шалгалт хийхэд байлцахаас татгалзсан  нь уг шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй.

 

35.7.Төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан шинээр байгуулагдсан  аж ахуйн нэгж, байгууллага, иргэний аж ахуйн үйл ажиллагааны эрсдэлийн түвшинг тогтоож, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ.

 

 

36 дугаар зүйл.Төлөвлөгөөт бус шалгалт

 

36.1.Төлөвлөгөөт бус шалгалтыг дараах үндэслэлээр хийнэ:

 

36.1.1.осол аваар, нийтийг хамарсан халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд болон шууд бусаар хор хохирол учруулсан, учруулж болзошгүй тохиолдолд;

36.1.2.энэ хуулийн 36.1.1-т заасан  асуудлаар ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийг хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагч үндэслэлтэй гэж үзсэн;

36.1.3. энэ хуулийн 10, 11, 17-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад болон өөр чиглэлийн шалгалтаар  энэ хуулийн 36.1.1-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд.

           

            36.2.Энэхүү хуулийн 36.1-д заасан асуудлаар хийх шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжийн хүрээнд  хяналтын хуудсаар  гүйцэтгэнэ.

 

36.3.Төлөвлөгөөт бус шалгалтыг ажлын  таван өдрийн дотор эхлүүлнэ.

 

36.4.Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын долоон өдрөөс илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан Зөвлөл нь эрсдэлийн үнэлгээ, аж ахуйн үйл ажиллагааны цар хүрээ, хэмжээг харгалзан  ангилж, дээр заасан хугацаанд багтаан ангилал тус бүрээр өөр өөрөөр тогтоож болно.

 

36.5.Шалгалтын дүнг ажлын таван өдрийн дотор гаргана. Шалгалтын явцад шинжилгээ хийсэн ба шалгалт дуусахаас өмнө хариу гараагүй бол  шалгалтын дүн гаргах хугацааг шинжилгээний дүн гарсан өдрөөс хойш тооцно.

 

36.6.Энэ хуулийн  36.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус  шалгалт явуулахыг хориглоно.

 

37  дугаар зүйл.Гүйцэтгэлийн шалгалт

 

37.1.Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна.

 

37.2.Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтаар илэрсэн дутагдал, түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар өгсөн албан шаардлагын хүрээнд хийнэ.

 

37.3.Хяналтын байгууллагаас гаргасан албан шаардлагын биелэлтийг хэрхэн хангасан талаар шалгуулагч этгээдээс ирүүлсэн хариуг үндэслэн гүйцэтгэлийн шалгалт хийх эсэхийг ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж, шалгалтыг хэрэгжүүлнэ.

 

37.4.Дараах тохиолдолд гүйцэтгэлийн шалгалтыг албан шаардлагын хариуг хүлээн авснаас хойш ажлын таван  өдрийн дотор заавал биечлэн хэрэгжүүлнэ:

 

37.4.1.үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоосон;

37.4.2.эд зүйлийг битүүмжилсэн;

37.4.3.биечлэн шалгахгүйгээр  бодит байдлыг тогтоох  боломжгүй тохиолдолд.

 

37.5.Гүйцэтгэлийн шалгалт хийхдээ шалгуулагч этгээдэд ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.

 

37.6.Хяналтын байгууллага зөрчил, түүнийг арилтал гүйцэтгэлийн шалгалтыг хэд хэдэн удаа хийж болно.

 

37.7.Гүйцэтгэлийн шалгалтад ашигласан хяналтын хуудасны мэдээллийг тухай  бүр мэдээллийн  санд бүртгэнэ.

 

38 дугаар зүйл.Хил дээрх үзлэг шалгалт

 

38.1. Холбогдох хууль тогтоомжид заасан эд зүйл, бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед эрсдэлийн шалгуур үзүүлэлтийг  баримтлан хяналтын хуудсаар  хуульд заасан үзлэг шалгалтанд хамруулна.

 

39 дүгээр зүйл.Шалгалтын үйл ажиллагааны  үе шат

 

39.1.Шалгалтын үйл ажиллагаа нь дараах үе шаттай байна:

 

38.1.1.шалгалтанд бэлтгэх;

            38.1.2.шалгалтыг эхлэх;

            38.1.3 шалгалтыг гүйцэтгэх;

            38.1.4.шалгалтыг дүгнэх, тайлагнах.

 

40 дугаар зүйл.Шалгалтанд бэлтгэх

 

40.1.Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг эрх бүхий албан тушаалтны  баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана:

 

            40.1.1.он, сар, өдөр, удирдамжийн нэгдсэн дугаар;

40.1.2.шалгалтын  үндэслэл;

40.1.3.шалгалтын төрөл;

40.1.4.шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр;

            40.1.5.шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч;

40.1.6.шалгалт эхлэх болон дуусах  хугацаа;

40.1.7.өмнө нь хийсэн шалгалтын талаарх мэдээлэл.

 

40.2.Шалгалтын удирдамжийг  хяналтын байгууллагын үйл ажиллагааны дүрэм, журамд заасан эрх бүхий албан тушаалтан батална.

 

40.3.Хуульд заасан үндэслэл болон хил, гүний хяналтын бүсэд хийх үзлэг  шалгалтыг удирдамжгүй хийнэ.

 

40.3.Шалгалт хийх улсын байцаагч хяналтын мэдээллийн нэгдсэн сангаас шалгалтад хамрагдах иргэн, хуулийн этгээдэд өмнө нь хийсэн шалгалтын түүхийг судалсан байна.

 

40.4.Төлөвлөгөөт шалгалтад хамрагдах иргэн, хуулийн этгээдэд  шалгалт хийх тухай мэдэгдэх хуудсыг удирдамж, хяналтын хуудасны хамт хүргүүлнэ.

 

41 дүгээр зүйл.Шалгалтыг эхлэх

 

            41.1.Шалгалтын үйл ажиллагаа нь  шалгуулагч этгээдийн эрх бүхий албан тушаалтанд шалгалт хийх үндэслэл, бүрэлдэхүүнийг танилцуулж, улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлснээр  эхэлнэ.

 

                        41.2.Шалгалтын ажлын хэсгийн ахлагч улсын байцаагчдыг хяналт шалгалт явуулах чиглэлийг нь харгалзан хуваарилж, шалгалт хийх хугацааг улсын байцаагч тус бүрээр тогтоож шалгалтыг тухайн шалгуулагч этгээдийн аж ахуйн үйл ажиллагаанд аль болох нөлөөлөхөөргүй зохион байгуулна.

 

41.3.Шалгалтын үйл ажиллагаанд удирдамжид заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс бусад хүнийг оролцуулахыг хориглоно.

 

  41.4.Улсын байцаагч нь шалгалтад шаардлагатай баримт бичгийг шалгуулагч этгээдийн  эрх бүхий албан тушаалтнаар  гарын үсэг зуруулан хүлээн авч, шалгалт дууссаны дараа тэмдэглэл үйлдэн  албан ёсоор хүлээлгэж өгөх ба нотлох баримт болгохоор хувилж авч болно. 

 

42 дугаар зүйл.Шалгалт хийх

 

42.1Шалгалтыг хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд, удирдамжид заасан хугацаанд  бүрэн гүйцэд хийнэ.

 

42.2.Улсын байцаагч хяналтын хуудсанд заасан асуултуудын дагуу бодит байдлыг газар дээр нь нарийвчлан шалгасны үндсэн дээр хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг үнэлнэ.

 

42.3.Улсын байцаагч хяналтын хуудасны шаардлага хангаагүй асуулт тус бүрээр илэрсэн дутагдлыг бичиж, тэдгээрийг арилгах, үүсч болзошгүй эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, бууруулах  талаар зөвлөмж бичнэ.

 

42.4.Шаардлагатай бол шалгалтын явцад ажлын байранд хэмжилт хийж, холбогдох журмын дагуу дээж авч шинжилгээнд хамруулна.

 

42.5.Шалгалтын явцад шалгасан баримт, материал эргэлзээ төрүүлбэл түүнийг заавал магадлан шалгаж үнэн зөв эсэхийг тогтоох ба илэрсэн зөрчлийг хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан нотлох бөгөөд нотолгоо нь хуулийн дагуу үнэн зөв байна.

 

42.6.Шалгалтын явцад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулыг таслан зогсоох зорилгоор эд зүйлийг битүүмжилж болно. Битүүмжлэлийг лац, ломбо, тэмдэг тавих, зураасаар тэмдэглэх, гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг боломжтой хэлбэрээр бэхжүүлнэ.

 

42.7.Улсын байцаагч шалгуулагч этгээдээс  авсан шинжилгээний дээж, нотлох баримтын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хариуцна. 

 

42.8.Улсын байцаагч шалгалтыг гүйцэтгэх явцад болон шалгалт дууссаны дараа холбогдох хууль тогтоомж, заавал дагаж мөрдөх техникийн зохицуулалтыг  тайлбарлан таниулах,  зөрчлийг арилгах, эрсдэлийг бууруулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө.

 

42.9.Шалгалтын явцад шалгуулагч этгээдийн албан тушаалтан, ажилтан  шалгалтын ажилд саад учруулах, шаардлагатай баримт, материалыг гаргаж өгөхгүй байх  нь  шалгалт явуулахгүй буюу хойшлуулах үндэслэл болохгүй бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж,  шалгалтын материалд хавсаргана.

 

42.10.Шалгалтын явцад  мэргэжлийн байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж болно.

 

42.11.Шалгалтын явцад хяналтын өөр чиглэлд хамаарах энэ хуулийн 36.1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл  удирдамж баталсан болон холбогдох хяналтын чиглэлийн эрх бүхий улсын байцаагчид танилцуулна.

 

            43 дугаар зүйл. Шинжилгээнд дээж авах

 

   43.1.Бүтээгдэхүүний аюулгүй байдлыг биет байдлаас нь тодорхойлох боломжгүй бол  шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж /цаашид “дээж” гэх/ авч болох ба улсын байцаагч тусгайлан акт бичиж  дараах зүйлийг тусгана:

 

43.1.1.дээж авах тухай акт бичсэн он, сар, өдөр, газар;

43.1.2.шалгуулагч этгээдийн нэр, хаяг;

43.1.3.дээж авахад байлцсан шалгуулагч этгээдийн төлөөлөгчийн нэр, албан тушаал;

43.1.4.дээж авсан улсын байцаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал;

43.1.5.дээж авах үндэслэл, шаардлага;

43.1.6.импортолсон(экспортлосон) улс болон үйлдвэрлэгчийн нэр;

43.1.7.дээж авсан хугацаа, бүтээгдэхүүний нэр, төрөл, савлалт, цувралын дугаар, үйлдвэрлэсэн болон хадгалалтын дуусах хугацаа, нийт импортолсон болон дээж авсан тоо хэмжээ, дээжийн үнэ.

 

43.2.Энэ хуулийн 43.1-д заасан актыг гурван хувь үйлдэх бөгөөд шалгуулагч этгээд болон итгэмжлэгдсэн лабораторид тус тус нэг хувийг өгч, үлдэх хувийг шалгалтын хувийн хэрэгт хавсаргана.

 

43.3.Улсын байцаагч холбогдох журмын дагуу дээж авч тухайн дээжийн бүрэн бүтэн байдал, ариун чанар, хадгалалт болон тээвэрлэлт, температурын горимыг хангана. Дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журмыг  хяналтын байгууллагын дарга  батална.

 

43.4.Шалгуулагч этгээд дээж авах явцад байлцаж санал, гомдол гаргах эрхтэй.

 

43.5.Бүтээгдэхүүний дээж, загвар авснаар шалгуулагч этгээдийн үйлдвэрлэлийн горимын хэвийн үйл ажиллагаа алдагдах тохиолдолд түүнийг шинжилсэний дараа буцаан олгоно.

 

43.6.Хяналтын байгууллага шинжилгээнд авах дээжийн үнийг  төлөх бөгөөд улсын байцаагчаас тухайн бүтээгдэхүүнийг худалдан авсан баримтыг үндэслэн тухайн шалгуулагч этгээдэд дээжийн үнийг шилжүүлнэ. Дээж худалдан авах болон  төлбөр тооцоо хийх журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

43.7.Шинжилгээний дүнгээр дээж нь хууль тогтоомж, стандартад заасан шаардлагыг хангаагүй, эсхүл тухайн бүтээгдэхүүнд давтан шинжилгээ хийсэн, хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт гарсан тохиолдолд шинжилгээний төлбөрийг шалгуулагч  этгээдээс гаргуулна.

 

43.8.Шалгуулагч этгээд өөрийн магадлан итгэмжлэгдсэн лабораторитой бөгөөд  шалгалтын хугацаанд тухайн бүтээгдэхүүний  аюулгүй байдлыг тодорхойлох боломжтой бол бүтээгдэхүүний дээжийг энэхүү лабораторт шинжлүүлж болно.

 

43.9.Хил дээрх хорио цээрийн хяналтад энэ зүйлийн 43.6, 43.7 дахь хэсэг хамаарахгүй бөгөөд шинжилгээний төлбөрийг шалгуулагч этгээд  хариуцна.

 

43.10.Магадлан итгэмжлэгдсэн лабораториос хийсэн шинжилгээний дүн, төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлтийг хяналтын бусад байгууллага харилцан хүлээн зөвшөөрнө.

 

44 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааг түр зогсоох

 

44.1.Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол  аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, худалдаа, барилга, байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг улсын байцаагч бүхэлд нь буюу хэсэгчилэн түр зогсооно.

 

44.2.Улсын байцаагч энэ хуулийн 44.1-д заасны дагуу үйл ажиллагааг түр зогсоохдоо зөвхөн хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой хор уршиг учруулсан буюу учруулах бүрэн боломжтой тухайн хэсгийг нь зогсооно.  

 

44.3.Түр зогсоосон барилга байгууламж, тоног төхөөрөмжийг битүүмжлэхдээ лацдах, тамга, тэмдэг дардас дарах, тэмдэглэгээ тавих, зураг авах, видео бичлэг хийх зэрэг болон бусад зөвшөөрөгдсөн аргыг хэрэглэнэ.

 

44.4.Энэ хуулийн 44.1-д заасан аж ахуйн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрт огноо, шийдвэрийн дугаар, хяналтын байгууллага, албан тушаалтны нэр, аж ахуй эрхлэгчийн нэр, үйл ажиллагааг нь түр зогсоох үндэслэл, түр зогсоох, битүүмжлэх үйлчилгээ, эд зүйл, барилга, байгууламжийн, тоног төхөөрөмжийн нэр, тоо хэмжээ,  зөрчлийг арилгуулах талаар авах арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх хугацааг тус тус заана. 

 
            44.5.Аж ахуйн үйл ажиллагааг түр зогсоосон, эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасан улсын байцаагч энэ тухайгаа шийдвэр гаргаснаас хойш 24 цагийн дотор дээд шатны албан тушаалтанд мэдэгдэнэ.

 

44.6.Шалгуулагч этгээд энэ хуулийн 44.4-т заасан шийдвэрийн талаар давж заалдах гомдол гаргасан бол дээд шатны албан тушаалтан уг гомдлыг  ажлын 3 өдрийн  дотор хянан шийдвэрлэнэ. 

 

45 дугаар  зүйл.Зөрчлийг мөрдөн  шалгах

 

45.1. Зөрчлийг    шалгах, тогтоох, нотлох, шийтгэл ногдуулахад чиглэсэн улсын байцаагчийн бүрэн эрх, ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.

           

            45.2.Шалгалтаар илэрсэн зөрчил нь тухайн  хяналтын байгууллага, улсын байцаагчийн эрх хэмжээ, харьяаллын асуудал мөн эсэх, хангалттай нотлох баримт байгаа эсэхийг  тогтоож, зөрчлийг холбогдох хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ.

 

            45.3.Зөрчил болох нь нотлогдвол захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна. Хэрэв гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл харьяа нэгжийн удирдлагад танилцуулж, прокурорын байгууллагаар хянуулан, харьяалах хэрэг бүртгэх, мөрдөн байцаах газарт холбогдох нотлох баримтын хамт шилжүүлнэ.

 

            45.4.Зөрчлийг хянан шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай бол зөрчлийг илэрмэгц газар дээр нь шийдвэрлэж, арилгуулах арга хэмжээ авна.

 

            45.5.Улсын байцаагч зөрчлийн тухай тэмдэглэл үйлдэх, фото зураг авах, аудио болон видео бичлэг хийх, ул мөрнөөс хэв, хэлбэр авах,  үзлэг, туршилт хийх, зөрчил гаргагчаас тайлбар авах, баримт бичиг, тодорхойлолт гаргуулах зэрэг хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглаж захиргааны зөрчлийг нотлох ажиллагаа явуулна.

 

45.6.Улсын байцаагч нь шалгалтын үеэр тусгай нарийн мэргэжил, мэдлэг шаардсан асуудлаар мэргэжлийн байгууллагад хандаж, дүгнэлт гаргуулж болно.

 

46 дугаар зүйл.Улсын байцаагчийн гаргах шийдвэр

 

46.1.Улсын байцаагч дараах шийдвэрийг гаргана:


                        46.1.1.энэ хуулийн 44.1-д заасан тохиолдолд аж ахуйн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргах;

            46.1.2.аюулгүй байдлын шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн, бусад эд зүйлсийг худалдах, борлуулахыг  хориглох, устгах  тухай шийдвэр гаргаж, энэ тухай олон нийтэд мэдээлэх;

            46.1.3.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналаа зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад тавих;

            46.1.4.хуульд заасан тохиолдолд захиргааны  шийтгэл ногдуулах;

            46.1.5.шалгалтын явцад учирч болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах;

46.1.6.өмнө нь өгөгдсөн зөвлөмжийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй бол өөрийн зүгээс арилгах боломж олгох зорилгоор холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан  тушаалтанд бичгээр албан шаардлага өгөх;

            46.1.7.захиргааны зөрчил илэрсэн, түүнчлэн ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хор хохирол учирсан тохиолдолд шалгалтын материал,  холбогдох баримт бичгийг прокурорт шилжүүлэх.

 

            46.2.Улсын байцаагч үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх бөгөөд гаргасан шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн, тэдгээрт үндэслэсэн байна.

 

47 дугаар  зүйл.Шалгалтыг дүгнэх, тайлагнах

 

47.1.Улсын байцаагч шалгалтын явцад хянагдсан баримт бичиг, нөхцөл байдал, шинжилгээний хариуг хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон  шаардлага, үзүүлэлттэй харьцуулан дүгнэж шалгалтын танилцуулга бичнэ.

 

47.2.Хэрэв шалгалтыг ажлын хэсэг байгуулан хийж байгаа тохиолдолд ажлын хэсгийн  ахлагч улсын байцаагчдаас ирүүлсэн хяналт шалгалтын явцад авагдсан мэдээ, материалыг нэгтгэн судалж, тэдгээрийн уялдаа холбоог сайтар тогтоосны үндсэн дээр  шалгалтын дүнг гаргана.

 

47.3.Шалгалтын дүнгийн материалд удирдамж, хяналтын хуудас, мэдэгдэх хуудас, тайлан, зөвлөмж,  албан шаардлага, дүгнэлт, акт, торгууль, шийтгэвэр, зөрчлийн тэмдэглэл орно.

 

47.4.Шалгалт дууссаны дараа ажлын гурван өдрийн дотор хяналтын хуудасны  нэг хувийг шалгуулагч этгээдэд хүргүүлнэ.

 

47.5.Шалгалтын дүн эцэслэн гарсны дараа улсын байцаагч шалгалтын материалыг архивын нэгж болгон байгууллагын архивт хүлээлгэн өгөх ба улсын байцаагч бүр хяналт шалгалтын тухай мэдээллээ хяналт шалгалтын объект бүрээр бүртгэлийн нэгдсэн санд оруулна.

 

47.6.Улсын байцаагчийн  албан шаардлагаар өгөгдсөн хугацаатай үүрэг, даалгаврын хугацаа дуусмагц шалгалт хийсэн улсын байцаагч хэрэгжилтийг бичгээр авч гүйцэтгэлийн шалгалт хийх, өмнө нь авсан захиргааны арга хэмжээг өөрчлөх  эсэхийг шийдвэрлэнэ

 

47.7.Гомдол, мэдээллээр  шалгалт хийхдээ гомдол гаргагч болон шалгуулагч этгээдээс  тайлбар авч, гарсан шийдвэрийн хувийг холбогдох бүх талуудад хүргүүлнэ.

 

47.8.Хяналтын байгууллага хийсэн шалгалтынхаа дүнг эцэслэн гаргасны дараа ажлын таван өдрийн дотор шалгуулагч этгээдэд танилцуулах ба хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол шаардлагатай сэрэмжлүүлэг, мэдээллийг олон нийтэд хүргэнэ.

 

48 дугаар зүйл.  Шалгалтын шийдвэрийн талаар гомдол гаргах

 

48.1.Улсын байцаагчийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэр нь шалгуулсан иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзвэл түүнийг хүлээн авснаас, эсхүл мэдснээс хойш 15 хоногийн дотор тухайн улсын байцаагчийг харьяалах дээд шатны улсын байцаачид давж заалдах гомдол гаргаж болно.

 

48.2. Улсын байцаагчийн тавьсан торгууль, шийтгэвэрийг хууль зөрчсөн гэж үзвэл торгууль, шийтгэврийн хуудсыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тухайн улсын байцаагчийн харьяалах дээд шатны улсын байцаачид давж заалдах гомдол гаргана.

 

48.3.Дээд шатны улсын байцаагч нь энэ хуулийн 48.1-д заасан гомдлын дагуу   доод шатны улсын байцаагчийн үйл ажиллагаа, гаргасан захиргааны акт, шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг ажлын 10 өдрийн  дотор хянаж, уг шийдвэр, захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох, хэвээр үлдээх, захиргааны зохих акт гаргахыг тухайн улсын байцаагчид даалгах талаар шийдвэр гаргана.

 

48.4.Үйл ажиллагааг нь түр зогсоосон, эд хөрөнгийг нь битүүмжилсэн улсын байцаагчийн  шийдвэрийн талаар шалгуулагч этгээдээс  гаргасан гомдлыг дээд шатны  улсын байцаагч ажлын гурван өдрийн  дотор хянан үзэж улсын байцаагчийн шийдвэрийг түтгэлзүүлэх  эсэхийг   шийдвэрлэж,  шалгах асуудлаар холбогдох улсын байцаагчийг дахин томилон ажиллуулж болно.

 

  48.5.Гомдолд дурдсан шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байх хангалттай үндэслэл байгаа, эсхүл тухайн шийдвэрийг биелүүлснээр үлэмж хэмжээний хохирол учрахаар бол дээд шатны улсын байцаагч уг шийдвэрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болно.

 

48.6.Хяналтын байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаар гомдол гаргасан нь гомдол гаргагчаас тэрхүү шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

 

  48.7.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь  хяналтын төв болон орон нутаг дахь  хяналтын байгууллагад нэг асуудлаар зэрэг гомдол гаргасан тохиолдолд  хяналтыг хэрэгжүүлэх анхан шатны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэнэ.

 

48.8.Дээд шатны улсын байцаагчийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд гомдлоо  гаргана.

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

 

49 дүгээр зүйл. Хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага,

                                     албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага

                       

49.1.Хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн бол тэдгээрт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

50 дугаар зүйл. Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хууль тогтоомж

                                 зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 

50.1.Шалгуулагч иргэн, хуулийн этгээд нь хууль тогтоомжоор тогтоосон шаардлага хангаагүй дутагдал, зөрчил арилгуулах тухай зөвлөгөө, албан шаардлагыг давтан биелүүлээгүй бол хяналтын байгууллага, улсын байцаагч нь шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

50.2. Хяналтыг хэрэгжүүлэх журмын  тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

 

50.2.1.хяналт шалгалтаас зайлсхийсэн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоогоос ес дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

50.2.2.хяналтын байгууллага, улсын байцаагчийн албан даалгавар, шаардлага, акт, дүгнэлтийг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

50.2.3.дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

50.2.4.хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн, гэмтээсэн, засварласан, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн иргэн, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

 

50.3.Гэм буруутай этгээдэд энэ зүйлийн 50.2-т заасан захиргааны шийтгэл ногдуулсан нь хууль тогтоомжид заасан бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

51 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

51.1.Энэ хуулийг 2013 оны ... дүгээр сарын ....ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

Гарын үсэг

 

 

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00