ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль

Хууль санаачлагч: Засгийн газар. Барилга хот байгуулалтын яамны сайд Ц.Баярсайхан

Хуулийн танилцуулга

“ХОТЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

 

            Улсын Их Хурлын ““Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр” батлах тухай” 2010 оны 36 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт болон “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 125.1-д “Хотыг дахин хөгжүүлэх тухай  хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх” гэж заасныг  үндэслэн “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төсөл,  үзэл баримтлалын төслийг боловсруулав.

 

Нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан хот, суурины экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, орон зайн төлөвлөлт, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, үүргийн бүсчлэлийг оновчтой болгох, газар ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хот, суурины барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлага, тэдгээрийн хоорондын харилцаа, хяналтын тогтолцоог нарийвчлан тогтоож, бусад хуулиудтай уялдуулан хуульчлах шаардлагыг харгалзан үзсэнээс гадна гадаадын хөгжингүй орнууд, тухайлбал Япон Улс, БНСУ, ХБНГУ-ын  хотыг дахин хөгжүүлэхтэй холбоотой хуулиудыг судлан үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулахад ашигласан.

 

              “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төсөл нь 8 бүлэг, 28 зүйлтэй байна.

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:  Нийтлэг үндэслэл

Нэгдүгээр бүлэгт хуулийн төслийн нийтлэг үндэслэлийг тусгана. Үүнд хуулийн төслийн зорилт,  хот, тосгоныг дахин хөгжүүлэхтэй холбогдолтой хууль тогтоомжууд, хуулийн нэр  томъёоны тодорхойлолт, мөн хот, тосгоныг дахин хөгжүүлэхэд баримтлах зарчмыг тусгаж өгнө.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ: Хот, тосгоныг дахин хөгжүүлэх талаархи төрийн болон орон нутгийн байгууллагуудын бүрэн эрх

Хоёрдугаар бүлэгт хот, тосгоныг дахин хөгжүүлэх талаархи төрийн болон орон нутгийн байгууллагуудын бүрэн эрхийг тодорхойлно.

 

Энэ бүлгээр Улсын Их Хурал, Засгийн газар, Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг зохицуулна.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ: Хот, тосгоныг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийг хангах

Гуравдугаар бүлэгт хот, тосгоныг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны төрөл, хот, тосгоныг дахин хөгжүүлэх төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч, төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны дарааллыг төрөл тус бүрээр тодорхойлж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, төсөл болон сонгосон талбайд тавигдах шаардлага, хот, тосгоныг дахин хөгжүүлэх ажлын санхүүжилтийн талаар тусгаж өгнө.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: Төсөлд оролцогч талуудын эрх, үүрэг

Дөрөвдүгээр бүлэгт  төсөлд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлно.

 

Энэ бүлгээр иргэдийн болон хэрэгжүүлэгчийн оролцоо, тэдгээрийн эрх, үүргийг тодорхойлж, төсөлд оролцогч талуудын хооронд байгуулах гэрээний талаар тусгаж өгнө.

 

ТАВДУГААР БҮЛЭГ: Сонгосон талбай дахь үл хөдлөх хөрөнгө, түүний эрхийг шилжүүлэх

Тавдугаар бүлэгт хот, тосгоныг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр сонгосон талбайд байгаа үл хөдлөх хөрөнгө, түүний эрхийг шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгана.

 

Энэ бүлгээр Хот, тосгоныг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь үл хөдлөх хөрөнгө эзэмшигч, өмчлөгчийн үл  хөдлөх хөрөнгө, түүний эрхийг шилжүүлэх харилцааг зохицуулна.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ: Хяналтын тогтолцоо

Зургадугаар бүлэгт хот, тосгоныг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хяналтын тогтолцооны талаар тусгана.

 

Энэ бүлгээр хот, тосгоныг дахин хөгжүүлэх төслийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороотой холбоотой харилцааг зохицуулна.

 

ДОЛДУГААР БҮЛЭГ: Хот, тосгоныг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хязгаарлалт

Долдугаар бүлэгт Хот, тосгоныг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжээгүй иргэн, хуулийн этгээдийг хотыг дахин хөгжүүлэх төсөлд хамруулах талаар тохиролцох, тохиролцоонд хүрээгүй тохиолдолд төрөөс үзүүлэх үйлчилгээг хязгаарлах, шүүхийн шийдвэрээр нөхөх олговортойгоор чөлөөлөх талаарх тусгана.

 

Энэ бүлгээр  хот, тосгоныг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хязгаарлалтын талаарх харилцааг зохицуулна.

 

НАЙМДУГААР БҮЛЭГ: Хариуцлага

Наймдугаар бүлэгт Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбоотой харилцааг тодорхойлно.

 

Хууль шинээр боловсруулагдсантай холбогдуулж Хот байгуулалтын тухай, Газрын тухай  хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулна.

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00