ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хууль

Хууль санаачлагч: УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г. Батхүү

Хуулийн танилцуулга

ТӨСВИЙН АЛБАНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

            Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

            Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах дараах хууль зүйн болон практик шаардлага байна. Үүнд:

            1.Монгол Улсын Үндсэн Хуулийн 25 дугаар зүйлд Улсын Их Хурал “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг нийгмийн бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлж, засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах” онцгой бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Засгийн газрын боловсруулсан улсын төсвийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналтай холбоотой тооцоо, өөрчлөлтийг Засгийн газар /Сангийн яам/ хийдэг. Засгийн газраас нэгэнт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр Засгийн газрын байгууллага ийнхүү ажиллаж, түүнийг нь Улсын Их Хурал баталж байгаа нь Үндсэн хуульд заасан дээрх онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд гажуудал үүсгэж байна. Нөгөө талаас Засгийн газрын өргөн барьсан төсвийн төслийг тооцоо судалгаагүйгээр батлах, оруулж ирсэн төсвийн төсөлд тооцоо судалгаа муутайгаар ихээхэн өөрчлөлт оруулдаг, төсөвт тодотгол хийх нэрээр нэг жилд төсвийг олон дахин баталдаг,  батлагдсан төсвийг хэрхэн зарцуулж байгаад парламентаас тавих хяналтын цогц механизм бүрдээгүй зэрэг анхаарч авч үзэхээр асуудал нэлээд байна.  

       2.Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “Улсын төсвийн бодлого нь эдийн засгийн өсөлт болон төсөв санхүүгийн тогтвортой, тэнцвэрт байдлыг бататгаж, санхүүгийн эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх чиглэлд оновчтой хуваарилах замаар хүн амын бодит орлого, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бодит салбарын хөгжлийг дэмжихэд бүрэн чиглэнэ. Төсвийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлоготой уялдуулан боловсруулж, хэрэгжүүлж байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох” тухай тодорхой дурдсан байна.

        3.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.3, 39.4 дэх хэсэгт Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дэргэд Улсын Их Хурлаар төсвийн төсөл хэлэлцэх, төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах, бодлогын зөвлөмж гаргах, дүн шинжилгээ хийх нэгжийг ажиллуулна. Нэгж нь Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд байна гэж заасан.

            4.Парламентын засаглал хөгжсөн дэлхийн нилээд оронд парламентыг Засгийн газраас хараат бус мэдээлэл судалгаа шинжилгээгээр хангах бие даасан нэгж ажилладаг, үйл ажиллагааг тусгай хуулиар зохицуулдаг байна.  

            Хоер. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа            

 

            Төсвийн албаны тухай хуулийн төсөл нь 4 бүлэг, 12 зүйлтэй байна.

            Төслийн 1 дүгээр бүлэгт хуулийн зорилт, холбогдох хууль тогтоомжийг заасан нийтлэг үндэслэлийг, 2 дугаар бүлэгт төсвийн албаны бүрэн эрх,  бусад байгууллагатай харилцах талаар, 3 дугаар бүлэг тус албаны бүтэц, зохион байгуулалт, удирдлагын хэм хэмжээг, 4 дүгээр бүлэгт албаны санхүүжилт, нягтлан бодох бүртгэлийн талаарх зохицуулалтыг тусгах болно.

            Гурав. Хуулийн төсөл батлагдсанаар үүсэх нийгэм,

                         эдийн засгийн үр дагавар

 

    Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан төсвийн төслийг парламентын түвшинд тооцоо судалгаатай нягтлан үзэж, сайжруулах, чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодоор хэлэлцүүлэх чадавхийг дээшлүүлэх, төсвийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд тавих хяналтыг бусад улсын парламентад мөрддөг хэм хэмжээнд хүргэх бололцоотой болох юм.   

      Засгийн газар, орон нутаг, төсвийн ерөнхийлөн захирагчид аль болох их төсөв батлуулах зорилготой байдаг бол Улсын Их Хурал, ард түмний татвар, байгалийн баялгийн үр дүнгээр бий болсон хязгаарлагдмал нөөцийг аль болох хэмнэлттэй, оновчтой, зүй зохистой хуваарилж, зарцуулахад илүү анхаарал, санаачилгатай ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Улсын Их Хурал энэхүү зорилго, зорилтдоо хүрэхэд нь Төсвийн албаны хийсэн судалгаа, шинжилгээ бодит дэмжлэг болно гэж үзэж байна.

      Төсвийн албаны тухай хууль батлагдсанаар улсын төсвөөс нэмэгдэл хөрөнгө, эх үүсвэр шаардагдахгүй болно.  

            Дөрөв. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан цаашид шинээр

                        боловсруулах буюу нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох

                         хуулийн төслийн талаар 

 

      Энэ хуулийн төслийг батлахтай холбогдуулан Төсвийн тухай, Төрийн албаны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тус тус өөрчлөлт оруулах шаардлагатай болно.

                                                           

 --------- о0о --------   

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00