ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Мөрдөх албаны тухай хууль

Хууль санаачлагч: Засгийн газар, Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин

Хуулийн танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

Мөрдөх албаны тухай хуулийн төслийн талаар

Сүүлийн жилүүдэд хүний наймаа, мөнгө угаах, хар тамхины, албан тушаалын зэрэг зохион байгуулалттай шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг ихээр үйлдэгдэн гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж, энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх арга улам нарийсч, үндэстэн дамнасан шинжтэй болж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрч байгаа боловч зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагуудын чиг үүрэг тус тусдаа, гэмт хэрэгтэй тэмцэх боломж хүний нөөц, санхүү, эдийн засаг, техник хэрэгсэл, бүтэц, зохион байгуулалтын хувьд хангалтгүй байсаар байна.

Иймд цаашид шинэ түвшинд шинэ арга барил, бодлогоор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх шаардлага зүй ёсоор гарч байгаа тул зохион байгуулалттай, үндэстэн дамнасан шинжтэй гэмт хэрэгтэй тэмцэх, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй, бие даасан байгууллагыг байгуулах шаардлагатайг харгалзан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "мөрдөн байцаах, эрүүгийн цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг Мөрдөх алба болгон нэгтгэн зохион байгуулж, мөрдөх албаны дэргэд шүүхийн шинжилгээний бүтцийг бий болгох"-оор зорилт дэвшүүлснийг үндэслэн Мөрдөх албаны тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Энэхүү хуулийн төсөл нь 6 бүлэг, 40 зүйлтэй.

Мөрдөх албаны тухай хуулийн төслийн зорилт нь үндэсний аюулгүй байдлын эсрэг болон зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий Мөрдөх албаны үйл ажиллагааны чиглэл, эрх зүйн үндсийг тогтоож, мөрдөх албанаас бусад байгууллага, албан тушаалтантай харилцах, хамтран ажиллах харилцааг зохицуулахад орших бөгөөд хуулийн төсөлд дараахь зүйлүүдийг тусгасан.

1. Мөрдөх алба нь Монгол Улсын хэмжээнд үндэсний аюулгүй байдал, террор үйлдэх, мөнгө угаах, хүн худалдаалах, мансууруулах бодис худалдаалах, цахим, эдийн засаг, авлига, албан тушаал, соёлын өв, байгалийн тэнцвэрт байдал алдагдуулах зэрэг зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх,

үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлаг байхаар тусгав.

2. Мөрдөх алба нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хүрээнд өөрийн харьяаллын гэмт хэрэгт мөрдөх ажиллагаа явуулахаас гадна шаардлагатай гэж үзвэл бусад байгууллагын, тухайлбал, цагдаагийн байгууллагын харьяаллын гэмт хэргийг прокурорын зөвшөөрлөөр татан авч мөрдөх ажиллагаа явуулах, түүнчлэн гэмт хэрэгтэй тэмцэх ажилдаа мөрдөх нууц ажиллагаа (гүйцэтгэх ажил) явуулах, нууц техник хэрэгсэл, арга ашиглах эрхтэй байхаар төсөлд тусгасан болно.

3. Мөрдөх албаны удирдлага нь дарга, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг хариуцсан Тэргүүн дэд дарга, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хариуцсан дэд дарга, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг хариуцсан дэд даргаас бүрдэхээр тусгаж, дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг тусгав.

4. Мөрдөх албаны ажилтан, түүний эрх зүйн байдлын талаар төсөлд тусгалаа.Мөрдөх албаны ажилтан нь мөрдөгч, шинжээч-мөрдөгч, шинжээч, тусгай ажилтнаас бүрдэх бөгөөд тэдгээрийн эрх зүйн байдлыг Мөрдөх албаны тухай хууль болон Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулахаар хуулийн төсөлд тусгалаа.

Харин Мөрдөх албаны захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн хуулиар зохицуулахаар тусгав.

5. Мөрдөх албаны ажилтны нийгэм, улс төр, эдийн засгийн болон хууль зүйн баталгааны талаар зохицууллаа.

Мөрдөх албаны ажилтан нь хууль сахиулагчид хамаарах бөгөөд түүний нийгмийн баталгаатай холбоотой нийтлэг асуудлууд нь бусад Хууль сахиулах чиг үүрэг бүхий албан хаагчидтай адил байх тул энэхүү нийтлэг асуудлуудыг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулахаар тусгаж, харин Мөрдөх албаны ажилтны чиг үүрэгтэй холбоотой эрх зүйн байдал, нийгмийн баталгааны онцлог зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан болно.

6. Мөрдөх албаны хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаанд иргэд, байгууллага дэмжлэг, туслалцаа үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгалаа.

Мөн Мөрдөх албаны харьяаллын гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн иргэн, байгууллага, албан тушаалтныг урамшуулах эрх зүйн үндэслэлийг тусгасан.

Түүнчлэн Мөрдөх албанаас өөрийн харьяаллын гэмт хэрэгтэй тэмцэх, уг гэмт хэргийг мөрдөх ажиллагааны явцад хийгдэх хууль сахиулах ажиллагаа болон мөрдөх нууц ажиллагааны арга, хэлбэр, тус албаны шүүхийн шинжилгээний нэгж шинжилгээ хийж, дүгнэлт гаргах зэрэг ажиллагааг Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар, Мөрдөх албанаас явуулах хууль сахиулах ажиллагааны үндэслэл, зөвшөөрлийн асуудлыг Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар (Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга), мөн гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээ, түүнийг хэрэглэх үндэслэлийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар, Мөрдөх албаны ажилтны эрх зүйн байдлыг талаархи асуудлыг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тус тус зохицуулахаар хуулийн төслүүдийг багцаар нь боловсрууллаа.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор олон улсын жишгийг судалсан бөгөөд бусад улсын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж байгаа арга хэлбэр, туршлагаас харахад дэлхийн ихэнх улс орнууд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд онцгойлон анхаарч бие даасан, хараат бус Мөрдөх албыг байгуулсан байна.

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий бие даасан бүтцийг бий болгоход улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө нэмж шаардагдах бөгөөд энэхүү зардлын тооцоог тусгайлан гаргаж хуулийн төсөлд хавсаргалаа.

Мөрдөх албаны хуулийн төсөл батлагдсанаар одоо зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэд хэдэн байгууллагын чиг үүрэг нэгтгэгдэн, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд тодорхой ахиц дэвшил гарч, хүний наймаа, мөнгөн угаах, хар тамхины, албан тушаалын зэрэг зохион байгуулалттай шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэргийн илрүүлэлт сайжрах, уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэн хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал хамгаалагдана.

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ 

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00