ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль

Хууль санаачлагч: Засгийн газар, Сангийн сайд Ч.Улаан

Хуулийн танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн

 шинэчилсэн найруулгын төсөл

 

Монгол Улсын Их Хурлын  2012 оны 09 сарын 18 өдрийн 37 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн “Ажилтай, орлоготой Монгол хүн” гэсэн 1 дүгээр бүлэгт тусгагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж,  бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх” зорилтын хүрээнд Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас бизнесийг дэмжсэн татварын 2 дахь үе шатны шинэчлэлийг хийх, уул уурхайн салбарын түүхий эдэд нэмүү өртөг шингээх бодлого хэрэгжүүлэн хагас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортолж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг  татварын бодлогоор хөхиүлэн дэмжих, сэргээгдэх эрчим хүчний бодлогыг татварын орчноор хөхиүлэн  дэмжиж гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгагдсан болно.

 

Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үндсэн зорилго, салбарын үйл ажиллагаанд тавигдсан зорилтыг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор бизнесийг дэмжсэн татварын 2 дахь үе шатны шинэчлэлийг хийж, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг  бий болгох зайлшгүй шаардлагатай байна.

 

Монгол Улсад 2007 онд хэрэгжүүлсэн татварын 1 дэх шатны шинэчлэлийн хүрээнд дөрвөн “10”-ын зарчмыг нэвтрүүлсэн нь тухайн үеийн нөхцөл, шаардлагыг харгалзсан, эдийн засгийн огцом өсөлтийг дэмжсэн, цагаа олсон оновчтой шийдэл байсан. Нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хирээр татварын хууль тогтоомжийн зарим зүйл, заалт шинээр гарч ирж буй нөхцөл, шаардлага, харилцааг зохицуулахад учир дутагдалтай болж ойлголтын зөрүү үүсч, уялдаа холбоогүй болох, улмаар татвар төлөгч, татварын албаны хооронд маргаан гарах асуудал ихсэх хандлагатай байна.Татварын маргаан таслах зөвлөлд сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2008-2012 онд шийдвэрлэгдсэн судалгаанаас үзэхэд 274 татвар төлөгчид хамаарах 726,135.2 сая төгрөгийн маргааныг шийдвэрлэснээс татвар төлөгчийн талд 66.8%-ийг нь шийдвэрлэсэн дүн мэдээ гарсан бол Дэлхийн банкнаас хийгдсэн Бизнес эрхлэлтийн судалгаагаар татварын дарамтын хувьд манай улс 2012 онд 65 дугаар байранд орж байсан бол, 2013 онд 70 дугаар байранд орж ухарсан үзүүлэлт гарчээ.

 

1990 оноос хойш батлагдсан татварын хууль болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг судлан үзэхэд татварын төрлийн хувьд давхардсан тоогоор нийт 101 төрлийн хууль батлагдснаас 46 төрлийн хууль нь хүчингүй буюу үйлчлэл нь дуусгавар болж, 55 төрлийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Татварын хуульд нийтдээ 232 удаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 668 төрлийн нэмэлт, өөрчлөлт оруулсаны 53% нь Улсын тэмдэгтийн хурамаажийн хувь хэмжээг өөрчилсөн өөрчлөлт, 22% нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой өөрчлөлт эзэлж байгаа нь татварын тэгш, шударга, тогтвортой байх зарчмыг үндсэнд нь алдагдуулсан гэж үзэж болохоор дүр зураг гарч байна. Түүнчлэн, зарим салбарын хууль тогтоомжоор татварын харилцааг зохицуулж, агуулгын хувьд давхардал үүсгэж байгаа нь иргэд, аж ахуй нэгжийн төрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг бууруулан, хүнд суртлыг бий болгож, татвар төлөгчийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байгаа юм.

Иймд Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан татварын 2 дахь үе шатны шинэчлэлийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  боловсруулан танилцуулж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр татварын энгийн ойлгомжтой байх зарчмын хүрээнд нэр томъёоны хувьд хоёрдмол агуулга бүхий зарим нэр томъёо, тухайлбал, бараа, ажил, үйлчилгээ зэргийг нэг мөр оновчтой тодорхойлох, албан татвар төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг инфляци, эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлыг электрон хэлбэрээр гүйцэтгэх үндэслэл, зохицуулалт, хариуцлагатай холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэхээр тусгалаа.

 

            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудтай нийцүүлэн боловсруулсан бөгөөд хуулийн төсөл батлагдснаар татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчим бүрэн хангагдаж, олон улсын жишигт нийцсэн, оновчтой, тогтвортой татварын орчинг бий болно гэж үзэж байна.

 

 

САНГИЙН ЯАМ

 

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00