ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль

Хууль санаачлагч: УИХ-ын гишүүн А.Бакей, Ж.Батсуурь

Хуулийн танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

 

Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалт, тусгай шаардлагуудыг үндэслэн Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөл, уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газраас боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9 дэх хэсэгтзаасны дагуу өргөн барьсан хуулийн төсөл, уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дөрвөн үе шаттайгаар хэлэлцдэг бөгөөд дөрөв дэх үе шатанд хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн зүйл заалт бүрийг уншин сонсгож тус бүрээр нь санал хурааж баталдаг.

Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр байнгын хороо, нам эвслийн бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны зүгээс зардлыг нэмэгдүүлэх саналуудыг гаргадаг бөгөөд энэ нь Засгийн газраас өргөн барьсан төсвийн зардал ихээр нэмэгдэх, нөгөө талаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын дагуу төсвийн алдагдлыг ДНБ-ний 2 хувьд барихын тулд төсвийн орлогыг үндэслэлгүйгээр нэмэн батлах нийтлэг тохиолдолд гарч байна. Ийнхүү үндэслэлгүй нэмсэн орлого нь төсвийн гүйцэтгэлийн явцад биелэхгүй байдалд хүрч байна. Энэ тохиолдолд төсвийн орлогын тасалдлыг нөхөхийн тулд төсвийн зарлагыг бууруулах замаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцүүлэн дахин дахин төсвийн тодотгол хийх шаардлагыг дагуулж байна.

Иймд Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн нийт тэнцвэржүүлсэн орлого, зарлага, хөрөнгө оруулалт болон тэнцвэржүүлсэн тэнцэлийн хэмжээг Улсын Их хурлаар хэлэлцүүлэх үедээ нэмэгдүүлэхгүй, хэлэлцүүлгийн явцад зөвхөн дотор нь зохицуулалт хийдэг байх хуулийн зохицуулалт хийх шаардлага үүсч байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн ажилтай орлоготой монгол хүн хэсэгт “Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагыг өсгөхгүй, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг хуульчлах” гэж заасан нь хуульд нэмэлт оруулах үндэслэл болж байна.

Дээрх шаардлагыг хангахын тулд Улсын Их Хурлаас өргөн барьсан төсвийн төсөлд тусгагдсан төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, хөрөнгө оруулалт, тэнцвэржүүлсэн тэнцэлийн хэмжээг нэгдүгээр хэлэлцүүлэг хийх үед зөвшөөрөх бөгөөд хоёр ба гуравдугаар хэлэлцүүлэгээр Төсвийн байнгын хороо нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр зөвшөөрсөн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээг өөрчлөхгүйгээр байнгын хороодоос ирсэн саналыг нэгтгэн санал хурааж, нэгдсэн чуулганаар хэлэлцүүлдэг байх болно.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, хөрөнгө оруулалт, тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээ төсвийн хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөхгүй бөгөөд ингэснээр төсвийн зарлагын тэлэлттэй уялдуулан төсвийн орлогыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх явдал үгүй болж, төлөвлөлт, гүйцэтгэлийн зөрүү багасах болно.

--- oOo ---

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00