ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай

Хууль санаачлагч: Засгийн газар, Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин

Хуулийн танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

 

 

                                                                        Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх

                                                              тухай хуулийн төслийн тухай                                                             

 

Тухайн улсын эрүүгийн эрх зүйн тогтолцооны шударга байдал нь хууль зүйн тогтолцоо нь бүхэлдээ шударга эсэхийг үнэлэх шалгуур болдог. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх  үндэслэл, нөхцөл, журмыг тогтоож, боловсруулсан болно.

 

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд  дараахь  зохицуулалтыг тусгасан:

 

-эрүүгийн  хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичгийг бүрдүүлэх, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан заасан;

 

-цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг албадах, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилгоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтыг оруулсан;

 

-таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд өөрчлөлт оруулж, хэрэглэх үндэслэл журмыг  тогтооcон;

 

-цагдан хорих ажиллагаанд шүүхийн зүгээс шуурхай, хараат бус, хөндлөнгийн хяналт тавих нь энэ үе шатанд дур зоргоор баривчлах, хорих болон зүй бусаар харьцах эрсдлийг арилгах чухал хүчин зүйл учраас яллагдагчид цагдан хорих арга хэмжээ авах эсэхийг хянан шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг хийхээр тусгалаа. Шүүхийн хэлэлцүүлэгт эрхээ хязгаарлуулсан яллагдагч,  түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, прокурор оролцохоор тусгаж өгсөн;

 

-эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг үнэлэх, хадгалах, хамгаалах, хүчингүйд тооцох, түүнчлэн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гомдол хүсэлт гаргах, түүнийг хүлээн авах шийдвэрлэх журмыг тусгасан;

 

-эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэргийн харьяаллыг Эрүүгийн хуулийн тодорхой зарим зүйл, хэсгээр тогтоож байсныг өөрчилж,  гэм буруугаа сайн дураараа хүлээсэн яллагдагч хүсэлт гаргасан нөхцөлд хялбаршуулсан журмаар явуулахаар тусгаж,   энэхүү ажиллагааны явцад яллагдагчийн эдлэх эрх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагаврыг яллагдагчид танилцуулах шаардлагыг  тусгасан;

 

-өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахад түүний хууль ёсны эрх ашгийг хангахад анхаарч, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай богино хугацаанд явуулах боломжийг шүүх хангаж ажиллахаар заасан;

 

-хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнийг явуулах  үндэслэл, журам, онцлог нөхцөлийг заасан. Мөрдөн шалгах тодорхой ажиллагаа тус бүрийг  явуулах журам, зөвшөөрөл авах үндэслэлийг нарийвчлан зааж, шүүхийн  зөвшөөрөл авах шаардлагыг хэрхэн хангах талаар тусгасан;

 

-гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг нууцаар явуулахдаа Гүйцэтгэх ажлын тухай хууль, болон тусгай журмаар зохицуулж, “гүйцэтгэх ажлын хавтаст хэрэг” тусгайлан нээж, хүний эрхэнд зөвшөөрөлгүй халддаг, түүнчлэн цуглуулсан баримт, мэдээллийг нотлох баримтад тооцохгүй байгааг харгалзан үзэж энэ ажиллагааг зөвшөөрөл, хяналтын доор хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу явуулах, ингэснээр цуглуулсан баримт мэдээллийг нотлох баримтад тооцохгүй байхаас хамгаалсан зохицуулалтыг оруулсан;

 

-гэм бурууг нотлох нь прокурорын үүрэг бөгөөд  тухайн этгээдийн гэм буруу нотлох баримтаар үндэслэлтэй, эргэлзээ төрөхөөргүйгээр нотлогдож, гэм буруутай гэж үзсэний дараа ял оноох ажиллагааг эхлүүлдэг  олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн хуулийн төслийн шүүх хуралдааны хэсгийг боловсруулсан;

 

-шүүх хуралдааны ажиллагаа нь эрүүгийн процессын нийтэд илүү нээлттэй байдаг хэсэг тул түүний шударга үр дүнтэй ажиллагаа нь шүүх эрх мэдэлд итгэх олон нийтийн итгэлийг бий болгодог. Иймээс эрх тэгш байх ба шударга шүүхийн зарчмыг хангах үүднээс шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чиг үүргийг тодорхойлж, шүүх ажиллагааны журмыг тогтооcон;

 

-шударга шүүхээр шүүлгэх баталгааг хангах үүднээс хэргээ шүүхэд сонсгож шийдүүлэх, шүүхэд боломжит хугацааны дотор хэргээ шийдүүлэх эрх, гэм буруугүйд тооцогдох эрх, өмгөөлүүлэх эрх зэрэг яллагдагчийн эрхээ эдлэх боломж, нөхцөлийг бүрдүүлсэн зохицуулалт оруулсан болно.

 

Энэхүү хуулийн төсөл боловсруулахад:

 

1/эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажил болон холбогдох байгууллагуудаас гаргасан санал, зөвлөмжийг судалж үндэслэл болгов. Үүнд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэрэгжилтийн төлөв байдлын талаар бүхэлд нь болон хэсэгчлэн Хууль зүйн үндэсний хүрээлэн болон бусад байгууллагаас хийсэн судалгааны бүтээлүүд, хуулийн байгууллагуудаас гаргасан санал, зөвлөмж, тухайлбал, ”Сэжигтнийг баривчлах, сэжигтэн яллагдагчийг цагдан хориход анхаарах асуудал” хуулийн байгууллагуудын хэлэлцүүлгийн материал, “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганаас гарсан зөвлөмжүүд;

 

2/Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ конвенцийг судалж, нийцүүлэх чиглэлээр зохицуулалт тусгав. Тухайлбал, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм,Насанд хүрээгүй хүмүүсийн талаар шүүн таслах ажиллагаа явуулах тухай НҮБ-ын Наад захын жишиг журам, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт;

 

3/бусад орны эрүүгийн процессын хуулийг судалж, харьцуулалт хийж, харгалзан үзлээ. Тухайлбал, ХБНГУ, Украин, Казахстан, ОХУ, БНСУ-ын Эрүүгийн процессын хууль, Киркизстан улсын Эрүүгийн процессын хуулийн төсөл, НҮБ-ийн Эрүүгийн процессын загвар хууль зэрэг болно.

 

Түүнчлэн хуулийн төсөлд 32 байгууллагаас  612 санал ирүүлснийг судалж тусгалаа.

 

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын болон Шүүх, Прокурор, Цагдаа, Тахарын алба, Тагнуулын байгууллага, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны төлөөллөөс  бүрдсэн ажлын хэсэг боловсруулсан болно.

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

 

 

 

 

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00