ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль

Хууль санаачлагч: С.Эрдэнэ, О.Баасанхүү, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, А.Бакей, Ж.Батсуурь, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ

Хуулийн танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

 

Хуулийн төсөл боловсруулсан тухай

 

Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед иргэдийн эрүүл мэндийн төлөөх хариуцлагыг дээшлүүлэхийн зэрэгцээ өнгөрсөн тогтолцооны дэвшилт болох нийт хүн амыг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах зорилгыг хадгалах үүднээс эрүүл мэндийн салбарт хийгдсэн нэг томоохон шинэчлэл нь эрүүл мэндийн нийгмийн даатгалын тогтолцоог цоо шинээр бий болгон хөгжүүлсэн явдал юм. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалд хүн амын дийлэнх хэсэг хамрагдаж 2011 онд 98.6% - д хүрчээ. “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” (ИЭМДТ) хууль 1993 онд батлагдсанаас хойш  нийт 9 удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулж, 1 удаа шинэчлэн найруулсан ба хамгийн сүүлд 2006 онд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуульд оруулсан өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан хэдий ч даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй бөгөөд чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, үүний тулд эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох гэх мэтээр даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна. Иймээс хуульд дахин шинэчилсэн найруулга хийх шаардлагатай гэж үзэж, дараах үндсэн өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан болно. Үүнд:

 

1. Эрүүл мэндийн даатгалыг даатгуулагчийн эрхийг дээдэлдэг, даатгуулагчийг үйл ажиллагааныхаа төвд тавьсан тогтолцоо болгон шинэчилж, орлого бүрдүүлэгч иргэн даатгуулагчдаа үйлчилдэг тэдний өмнө хариуцлага хүлээдэг тайлагнадаг болгохын тулд даатуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхойлж, түүний чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргадаг, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаасаа шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах өөрчлөлтийг төсөлд тусгалаа.

 

2. Эрүүл мэндийн даатгалын үр дүнд түүний удирдлага, зохион байгуулалт, гүйцэтгэх үүргийн хуваагдмал байдал сөргөөр нөлөөлж байнаа тул Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн эрх, үүргийг нэмэгдүүлж, Үндэсний зөвлөл болгох, Эрүүл мэндийн даатгалын байгууллагын чиг үүргийг нарийвчлан зааж бие даалгах замаар түүнийг даатгуулагч иргэний нэрийн өмнөөс эрүүл мэндийн үйлчилгээг идэвхтэй худалдан авагч болгон бэхжүүлэх тухай төсөлд тусгалаа. Өөрөөр хэлбэл, ЭМД-ын Үндэсний зөвлөлийг даатгалын тогтолцооны хувьд удирдах дээд байгууллага болон хөгжүүлэх шаардлагатай байна. Эрүүл мэндийн үйлчилгээг даатгуулагч иргэний нэрийн өмнөөс худалдан авах даатгагч байгууллагын чиг үүргийг нарийвчлан хуульчлан тогтоож хариуцлагын механизмыг тодорхой болгон, ялангуяа өөрийн санхүүгийн цаашдын чадамжийн хүрээнд ажил олгогч болон даатгуулагчийн төлөөллийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр даатгуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээг тодорхойлох, үзүүлэх үйлчилгээний төрлийг тодорхойлох, даатгалын үйлчилгээг чанартай үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагыг сонгох, тэдэнтэй гэрээ хийх болон үйлчилгээний чанарын хяналтыг хангах зэрэг үндсэн чиг үүргийг хуульчлахаар заав. 

 

3. Эрүүл мэндийн даатгалын байгууллага чиг үүргээ бүрэн гүйцэтгэхийн тулд тухайн байгууллагын санхүүгийн болоод хүний нөөцийн асуудлаар өөрөө өөрийгөө удирдах, шийдвэр гаргах бие даасан байдлыг нь хангаж энэ чиглэлээр чадавхжуулах хөгжүүлэх тухай хуулийн төсөлд заасан.

 

Эрүүл мэндийн даатгалын сан нь Засгийн газрын үйл ажиллагаанд шууд зарцуулагдах татварын орлого бус харин даатгуулагчийн эрүүл мэндээс шалтгаалах эрсдлээс хамгаалах зорилготой хамтын мөнгөн хөрөнгө юм. Иймд сангийн удирдлага, менежментийн үндсэн чиг үүрэг нь шимтгэл цуглуулж, хөрөнгө төвлөрүүлэхээс гадна төвлөрүүлсэн хөрөнгийг даатгуулагчдад чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч байхад оршино. Энэ хуулийн төсөл батлагдсанаар даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог төгөлдөржүүлэх, сангийн менежментийг сайжруулах, даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үйлчилсэн, эрүүл мэндийн даатгалын байгууллагыг төлөвшүүлэх боломжтой болно.

 

4. Үйлчилгээ үзүүлэгчийг худалдан авагчаас нь салгаж ашиг сонирхлын зөрчилгүйгээр тусад нь зохион байгуулах зайлшгүй шинэчлэлийг төсөлд тусгасан болно. Ингэснээр ЭМД-ын асуудлаарх шийдвэр гаргах шат дамжлагыг багасгахын дээр эрүүл мэндийн даатгалын байгууллагын чадавх сайжирснаар даатгуулагчийн хэрэгцээнд нь нийцсэн, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөл бүрдэж эрх ашиг нь хамгаалагдах юм.

 

5. Даатгуулагч өвдсөн, үйлчилгээ шаардлагатай үедээ санхүүгийн эрсдэлээс төдийлөн хамгаалагддаггүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ ЭМД-ын үйлчилгээнд оновчтой тусгагдаагүй зэргээс үүдэн иргэний өөрөөсөө төлөх төлбөр нэмэгдэж улмаар ядууралд ороход нөлөөлж байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд ЭМД-д хамрагдах үйлчилгээний нэр төрлийг даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээтэй уялдуулан өргөжүүлж даатгалын зардлын хамралтыг нэмэгдүүлэхээр багцыг тодорхойллоо. Тухайлбал, амбулаторийн үзлэг, оношлогоо, шинжилгээ, эмчилгээ, өдрийн эмчилгээ, үйлчилгээ, доод шатны эмнэлгээс илгээсний үндсэн дээр хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээний төлбөрийн тодорхой хувь хэмжээ, жороор олгох эм зэргийг хамрахаар заалаа.

 

            6. ЭМД-ын нэр хүндэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний чанар, үр дүн, аюулгүй байдал нөлөөлдөг бөгөөд ЭМД-ын санхүүжилтийг үйлчилгээний чанартай уялдуулах хууль эрх зүйн үндэс байгаа ч төдийлөн оновчтой бус, хэрэгжүүлэх тодорхой бодлого байхгүй, салбар хоорондын ажлын уялдаа сул, ЭМД-ын байгууллагын орон тоо, эрх мэдэл, арга зүйн чадамж сул байгаагаас хэрэгжихгүй байгаа байдлыг арилгаж, ЭМД-ын байгууллагаас худалдан авч байгаа тусламж үйлчилгээнийхээ чанарт тавих хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн даатгалаас үйлчилгээ үзүүлэгчид олгох санхүүжилтийг тусламж, үйлчилгээний чанартай уялдуулах тухай тодорхой заав.

 

7. Улсын төсвөөс хавтгайруулан хэт олон даатгуулагчийн шимтгэлийг хариуцаж байгаагаас Засгийн газраас тэдний эрүүл мэндийг хамгаалуулах шимтгэлийн хэмжээг маш бага түвшинд тогтоодогийг өөрчилж, зөвхөн орлого багатай ядуу иргэд, хүүхдүүдийн шимтгэлийг төрөөс хариуцан эдгээр зорилтот бүлэгт улсын төсвийн татаасыг чиглүүлэх, нөгөө талаар шимтгэлийн хэмжээг нь оновчтой болгон нэмэгдүүлэн тогтоох тухай заалтуудыг төсөлд тусгалаа.

 

ХУУЛЬ САНААЧЛАГЧ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ

 ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

 

 

Нэг. “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

 

Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед иргэдийн эрүүл мэндийн төлөөх хариуцлагыг дээшлүүлэхийн зэрэгцээ өнгөрсөн тогтолцооны дэвшилт болох нийт хүн амыг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах зорилгыг хадгалах үүднээс эрүүл мэндийн салбарт хийгдсэн нэг томоохон шинэчлэл нь эрүүл мэндийн нийгмийн даатгалын тогтолцоог цоо шинээр бий болгон хөгжүүлсэн явдал юм. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалд хүн амын дийлэнх хэсэг хамрагдаж 2011 онд 98.6% - д хүрчээ. “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” (ИЭМДТ) хууль 1993 онд батлагдсанаас хойш  нийт 9 удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулж, 1 удаа шинэчлэн найруулсан ба хамгийн сүүлд 2006 онд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуульд оруулсан өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан хэдий ч даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй бөгөөд чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, үүний тулд эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох гэх мэтээр даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна. Иймээс хуульд дахин шинэчилсэн найруулга хийх шаардлага дараах үндсэн шалтгаануудын улмаас урган гарч байна. Үүнд:

 

Эрүүл мэндийн даатгалыг даатгуулагчийн эрхийг дээдэлдэг, даатгуулагчийг үйл ажиллагааныхаа төвд тавьсан тогтолцоо болгон шинэчлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл ЭМД нь орлого бүрдүүлэгч иргэн даатгуулагчдаа үйлчилдэг тэдний өмнө хариуцлага хүлээдэг тайлагнадаг болгох нь зүйтэй. Үүний тулд юуны өмнө даатуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгон түүний чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргадаг, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаасаа шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах шаардлагатай байна. Үүнтэй уялдаатайгаар хуулийн бүлгүүдийн дэс дарааллийг өөрчлөн найруулах шаардлага байна.

 

Эрүүл мэндийн нийгмийн даатгал үүссэн цагаасаа эхлэн хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг түлхүү хамарч ирсэн ч даатгуулагч өвдсөн, үйлчилгээ шаардлагатай үедээ санхүүгийн эрсдэлээс төдийлөн хамгаалагддаггүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ ЭМД-ын үйлчилгээнд оновчтой тусгагдаагүй зэргээс үүдэн иргэний өөрөөсөө төлөх төлбөр нэмэгдэж улмаар ядууралд ороход нөлөөлж байна. Иймээс ЭМД-д хамрагдах үйлчилгээний нэр төрлийг даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээтэй уялдуулан өргөжүүлж даатгалын зардлын хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

 

            Нөгөө талаар ЭМД-ын нэр хүндэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний чанар, үр дүн, аюулгүй байдал нөлөөлж буйг тэмдэглэх нь зүйтэй. ЭМД-ын санхүүжилтийг үйлчилгээний чанартай уялдуулах хууль эрх зүйн үндэс байгаа ч төдийлөн оновчтой бус, хэрэгжүүлэх тодорхой бодлого байхгүй, салбар хоорондын ажлын уялдаа сул, ЭМД-ын байгууллагын орон тоо, эрх мэдэл, арга зүйн чадамж сул байгаагаас хэрэгжихгүй байна. ЭМД-ын байгууллага нь тусламж үйлчилгээг даатгуулагчийн нэрийн өмнөөс худалдан авах үүргийг гүйцэтгэдэг учраас худалдан авч байгаа тусламж үйлчилгээнийхээ чанарт зайлшгүй хяналт тавьдаг байх ёстой. Иймээс эмнэлгийн үйлчилгээний чанарын асуудалд шинэчлэл хийхэд онцгой анхаарч даатгалын байгууллагын чадавхийг дорвитой дээшлүүлэхээс гадна засгийн газрын болон иргэний нийгмийн (тухайлбал мэргэжлийн холбоод) байгууллагууд хамтран нэгдсэн зохицуулалт, хүчин чармайлтийг хэрэгжүүлэх шаадлага зүй ёсоор тулгарч байна.

 

ЭМД-ын хамралт 2011 онд Хүний хөгжил сангийн хүрээнд 98.6% хүрсэн ч сүүлийн арваад жил аажмаар буурсаар байна. Даатгалд хамрагдах хүн амын бүлгийг дахин эргэж харж өнөөгийн хуулинд тодорхой томъёологдож ороогүй бөгөөд даатгалд хамрагдаагүй иргэдийн дийлэнх хувийг эзэлж буй, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой ядуу иргэд, ажилгүйчүүд, жил бүр өсөн нэмэгдэж буй гадаадын иргэдийн асуудлыг даатгуулагчийн бүлгэд тодорхой тусгаж тэдний төлөх шимтгэлийнх нь асуудлыг шийдвэрлэн эрхийг нь хамгаалах шаардлагатай байна. 

 

Улсын төсвөөс хавтгайруулан хэт олон даатгуулагчийн шимтгэлийг хариуцаж байгаагаас Засгийн газраас тэдний эрүүл мэндийг хамгаалуулах шимтгэлийн хэмжээг маш бага түвшинд тогтоодог. Одоо сард 670 төгрөг (1999-2007 онд 500 төгрөг байсан), жилд 8040 төгрөг байгаа ба 2011 онд төр шимтгэлийг нь хариуцдаг иргэдийн шимтгэлийн орлого эрүүл мэндийн даатгалын сангийн нийт орлогын 12 хувийг бүрдүүлсэн байна. Харин эдгээр иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын 60% -ийг зарцуулжээ. Гэтэл албан секторт ажиллаж байгаа даатгуулагч ба ажил олгогч дунджаар сард 8 мянган төгрөг, жилд 96,000 мянган төгрөг төлж байна. Албан секторын ба бусад даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын санд оруулах хувь нэмэр хэт их ялгаатай байгаа нь даатгуулагчдын дунд тэгш, шударга бус байдлыг бий болгож нөгөө талаар сангийн нийт орлогын бүрдүүлэлт, үйлчилгээг нэмэгдүүлэх зарцуулалтад нөлөөлж байна. Хэдийгээр энэ нь эв санааны нэгдлийн зарчим ч шимтгэлийн хэт тэнцвэрт бус байдал цаашдаа эв санааны нэгдлийн зарчимд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Иймд зөвхөн орлого багатай ядуу иргэд, хүүхдүүдийн шимтгэлийг төрөөс хариуцан эдгээр зорилтот бүлэгт улсын төсвийн татаасыг чиглүүлэх, нөгөө талаар шимтгэлийн хэмжээг нь оновчтой болгон нэмэгдүүлэн тогтоох шаардлагатай байна.

 

Өнөөдөр ЭМД-ын бодлого, төлөвлөлтийн асуудал Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөл, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам /НХХЯ/, Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Сангийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/ зэрэг олон талуудын дунд хуваагдмал байдалтай байгаа ба нэгдсэн удирдлага, зохицуулалтаар дутмаг байна. Ялангуяа ЭМЯ, НХХЯ, НДЕГ-ын хоорондын ажлын чиг үүргийн ялгаа зааг тодорхой бус, уялдаа холбоо сул байгаа нь ЭМД-ын хариуцлагын тогтолцоог сулруулж эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны үр дүн, улмаар даатгуулагчийн сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж байна.

 

Иймээс эрүүл мэндийн үйлчилгээг даатгуулагч иргэний нэрийн өмнөөс худалдан авах даатгагч байгууллагын чиг  үүргийг нарийвчлан хуульчлан тогтоож хариуцлагын механизмыг тодорхой болгох шаардлагатай байна. Үүнд ялангуяа өөрийн санхүүгийн цаашдын чадамжийн хүрээнд ажил олгогч болон даатгуулагчийн төлөөллийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр даатгуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээг тодорхойлох, үзүүлэх үйлчилгээний төрлийг тодорхойлох, даатгалын үйлчилгээг чанартай үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагыг сонгох, тэдэнтэй гэрээ хийх болон үйлчилгээний чанарын хяналтыг хангах зэрэг үндсэн чиг үүргийг хуульчлан оруулах шаардлагатай байна.  Үүний тулд үйлчилгээ үзүүлэгчийг худалдан авагчаас нь салгаж ашиг сонирхлийн зөочилгүйгээр тусад нь зохион байгуулах шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. Ингэснээр ЭМД-ын асуудлаарх шийдвэр гаргах шат дамжлагыг багасгахын дээр эрүүл мэндийн даатгалын байгууллагын чадавхи сайжирснаар даатгуулагчийн хэрэгцээнд нь нийцсэн, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөл бүрдэж эрх ашиг нь хамгаалагдах юм.

 

Үүний зэрэгцээ эрүүл мэндийн даатгалын байгууллага чиг үүргээ бүрэн гүйцэтгэхийн тулд тухайн байгууллагын санхүүгийн болоод хүний нөөцийн асуудлаар өөрөө өөрийгөө удирдах, шийдвэр гаргах бие даасан байдлыг нь хангаж энэ чиглэлээр чадавхжуулах хөгжүүлэх шаардлагатай байна. Эрүүл мэндийн даатгалын сан нь Засгийн газрын үйл ажиллагаанд шууд зарцуулагдах татварын орлого бус харин даатгуулагчийн эрүүл мэндээс шалтгаалах эрсдлээс хамгаалах зорилготой хамтын мөнгөн хөрөнгө юм. Иймд сангийн удирдлага, менежментийн үндсэн чиг үүрэг нь шимтгэл цуглуулж, хөрөнгө төвлөрүүлэхээс гадна төвлөрүүлсэн хөрөнгийг даатгуулагчдад чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч байхад оршино. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавих замаар идэвхтэй худалдан авах чадавхыг хангалттай сайн бүрдүүлэн хөгжүүлээгүй байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийг бэхжүүлэн, эрх үүргийг нь нэмэгдүүлж, даатгалын харилцаанд оролцогч талуудын хамтын удирдлагын зарчмын дагуу эрүүл мэндийн нийгмийн даатгалын бодлогын болон удирдлагын асуудлуудыг шийдвэрлэж байх Үндэсний зөвлөл болгон хөгжүүлэх нь чухал байна.  Өөрөөр хэлбэл ЭМД-ын Үндэсний зөвлөлийг даатгалын тогтолцооны хувьд удирдах дээд байгууллага болон хөгжүүлэх шаардлагатай байна.

 

Энэ бүх шаардлагуудаас үүдэн даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог төгөлдөржүүлэх, сангийн менежментийг сайжруулах, даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үйлчилсэн, эрүүл мэндийн даатгалын байгууллагыг төлөвшүүлэх үүднээс “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.

 

“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа дараах зарчмыг баримталсан. Үүнд:

 

1.    Хуулийн зорилтыг даатгуулагч иргэнийн эрх түүнд үзүүлэх үйлчилгээний чанар, даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлуудад чиглүүлэх.

2.    Даатгуулагчийн эрх, үүргийг нарийвчлан зааж, эрхийг хангах;

3.    Эрүүл мэндийн нийгмийн даатгалын үндсэн зарчмыг даатгалын үйл ажиллагааны цөм болгон хуульчлах.

4.    Даатгуулагчийн бүлгийг шимтгэл төлөх чадвараар нь тодорхойлох, төрөөс шимтгэлийг нь хариуцан төлөх даатгуулагчийг оновчтой тодорхойлох, төлөх шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх;

5.    Эрүүл мэндийн даатгалын багцыг тусламж, үйлчилгээний нэр, төрөл, хэлбэрээр нь тодорхойлох, өргөжүүлж даатгуулагчийн төлөх төлбөрийг бууруулах, хэрэгцээт үйлчилгээгээ авах эрхийг хэрэгжүүлэх;

6.    Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн эрх, үүргийг нэмэгдүүлж, Үндэсний зөвлөл болгох, Эрүүл мэндийн даатгалын байгууллагын чиг үүргийг нарийвчлан зааж бие даалгах замаар түүнийг даатгуулагч иргэний нэрийн өмнөөс эрүүл мэндийн үйлчилгээг идэвхтэй худалдан авагч болгон бэхжүүлэх;

7.    ЭМД-ын сангийн удирдлага, зарцуулалтыг оновчтой, боловсронгуй болгох, санхүүгийн болоод хүний нөөц, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг хангаж даатгагч үүргээ хэрэгжүүлэх эрх мэдлийг олгох;

8.    Эрүүл мэндийн даатгалаас үйлчилгээ үзүүлэгчид олгох санхүүжилтийг тусламж, үйлчилгээний чанартай уялдуулах,

9.    Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулах.  

10. Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, даатгуулагчид өгөх мэдээллийг сайжруулах;

11. Даатгалын харилцаанд оролцогч эрүүл мэндийн байгууллага, даатгуулагч, даатгалын байгууллагын хүлээх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох.

 

Хоёр. “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

 

Шинэчлэн найруулсан “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-аар Монгол улсын иргэдийн даатгалд бүрэн хамруулж, тэдний даатгалаас төлөх эрүүл мэндийн зардлын хэмжээг нэмэгдүүлэх, өвчлөлөөс үүдэлтэй эрүүл мэндийн зардлын улмаас ядууралд оруулахгүй байх, хэрэгцээт чанартай үйлчилгээгээ авах байдлыг хангахын тулд эрүүл мэндийн нийгмийн даатгалын хамрах хүрээг тогтоох, эрүүл мэндийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлэх, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон эрх зүйн харилцааг зохицуулна.

 

 “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл нь 8 бүлэг 27 зүйлтэй байна. Үүнд:

 

1.     Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, нэр томьёо, эрүүл мэндийн нийгмийн даатгалын зарчим, хэлбэрийг тусгана. 

2.     Хоёрдугаар бүлэгт эрүүл мэндийн нийгмийн даатгалд хамрагдах хүн амын бүлэг, даатгуулагчийн эрх, үүргийг тусгана.

3.     Гуравдугаар бүлэгт эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ, төлөх журам, даатгалын гэрчилгээ, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг оруулна.     

4.     Дөрөвдүгээр бүлэгт даатгалын гэрээ байгуулах, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр, зардлыг нөхөн төлүүлэх тухай тусгана.  

5.     Тавдугаар бүлэгт эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл, түүний эрх үүрэг, даатгалын байгууллага, түүний удирдлага, чиг үүрэг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрх, үүргийг хамарна. 

6.     Зургадугаар бүлэгт  эрүүл мэндийн даатгалын сан, сангийн зарцуулалт, орлого, зарлагын төсөв батлах, тайлан тэнцэл гаргах, даатгалын мэдээллийн сангийн талаар тусгана.

7.     Долдугаар бүлэгт даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналт, хариуцлага, эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт, эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг хамарна.

8.     Наймдугаар зүйлд нийгмийн даатгалын хуулиар зохицуулах хэсэг болон хууль хүчин төгөлдөр болох асуудлуудыг тусгана. 

 

 

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн үр дагавар

 

“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсанаар нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарахгүй. Харин урт болон богино хугацаанд дараахь эерэг үр дүн гарна. Үүнд:

 

1.    Иргэд шаардлагатай үедээ хэрэгцээт үйлчилгээг авч хүн амын эрүүл мэндийн байдал сайжирснаар урт хугацаанд нийгэмд авчрах эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ.    

2.    Хүн амыг эрүүл мэндийн үйлчилгээний зардлаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалснаар ядуурлыг бууруулна.

3.    Эмнэлгийн шаардлагагүй хэвтэлтийн тоо цөөрнө.

4.    Эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэгсдийн тоо нэмэгдэнэ.

5.    Иргэд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг илүү ойлгож даатгалд хамрагдах сонирхол нэмэгдэн, бүх нийтээр даатгуулж, даатгалын сангийн орлого нэмэгдэнэ.

6.    Даатгалаар санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг чанартай үзүүлэх үүрэг хариуцлага сайжирна.

7.    Эрүүл мэндийн даатгалын сангийн төлөвлөлт, зарцуулалтыг оновчтой болгох замаар эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд даатгалын эзлэх хувийг нэмэгдүүлнэ.

8.    Эрүүл мэндийн даатгалын байгууллага, ЭМД-ын Сангийн бие даасан байдал хангагдаж  эрүүл мэндийн даатгалын бодлого, хэрэгжилт, даатгалын харилцаанд оролцогч талуудын чиг үүрэг тодорхой болж ажлын уялдаа холбоо сайжирна. 

9.    Эрүүл мэндийн даатгалын бие даасан байдлыг хангахад хүн хүчний болоод санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд ЭМД-ын үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогоос үйл ажиллагаанд зарцуулах хувь хэмжээг ихэсгэх замаар шийдэж болно. Түүнчлэн, ЭМД-ын байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд гадаад эх үүсвэрийг дайчлах боломжтой хэмээн үзэж байна.

 

 

 

 

Дөрөв. Хуулийн төсөл нь бусад хуультай хэрхэн уялдах, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар

 

“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн шинэтгэлийн бодлогод бүрэн нийцэж байгаа болно.

 

“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсанаар дараах хууль тогтоомжийн холбогдох зүйл, заалтад өөрчлөлт орно.

 

Үүнд:  Нийгмийн даатгалын тухай хууль; Эрүүл мэндийн тухай хууль болно.

 

 

2012 оны ... дугаар                                                                                   Улаанбаатар хот

 сарын ... ны өдөр                                                                                        төрийн ордон

 

ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ

(Шинэчилсэн найруулга)

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

 

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол улсын иргэний эрүүл мэндийн зардалд даатгалаас төлөх хэмжээг нэмэгдүүлэх болон шаардлагатай үед хэрэгцээт үйлчилгээгээ авахад гарах гэнэтийн зардлын улмаас ядууралд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд  эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж шимтгэл төлөх, эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах,  даатгуулагчийн эрхийг хамгаалан түүнд эрүүл мэндийн хэрэгцээнд нь нийцсэн, чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг үзүүлэхтэй холбогдсон даатгалын болон тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, иргэн, төр, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулна.  

 

 

2 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж

 

2.1. Иргэний эрүүл мэндийн нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

 

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

3.1.1. “даатгуулагч” гэж хуулийн үндсэн дээр эрүүл мэндийн даатгалын санд өөрөө эсвэл түүний нэрийн өмнөөс тогтмол шимтгэл төлж, эрүүл мэндээ хамгаалах, ядууралд өртөхөд хүргэж болзошгүй эрүүл мэндийн эрсдэл, өвчлөлтэй холбоотой гарах зардлаа хуваалцахаар даатгуулсан иргэнийг;

3.1.2. “эрүүл мэндийн даатгалын байгууллага” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх бие даасан хараат бус ажиллахаар энэ хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийг;

3.1.3. “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч” гэж эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн мэргэжилтэн буюу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн санг;

3.1.4. “эрүүл мэндийн  даатгалын шимтгэл” гэж  иргэн эрүүл мэндийн нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор  өөрөө болон түүний нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд тогтмол хугацаанд заавал төлөх урьдчилсан төлбөрийг;

3.1.5. “эрүүл мэндийн  даатгалын сан” гэж даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах, даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг;

3.1.6. “эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багц” гэж даатгуулагчид зайлшгүй хэрэгцээтэй, даатгуулагчийн эрүүл мэндэд үзүүлэх үр дүн нь батлагдсан тэгш, хүртээмжтэй үзүүлэх урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх болон жороор олгох эмийг хамарсан эмнэлгийн тусламж авах бодит хэрэгцээг ханган энэ хуульд заасан нөхцөлийн дагуу үзүүлэх цогц тусламж, үйлчилгээг;

3.1.7. “худалдан авах” эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн нэрийн өмнөөс түүнд хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон гэрээ байгуулах, гэрээнд заасан тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг арга зүйн дагуу хянах үйл ажиллагааг;

3.1.8. “ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчтэй хийх гэрээ” гэж эрүүл мэндийн даатгалын байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, эрүүл мэндийн мэргэжилтэн, эмийн сан бусад байгууллагатай байгуулсан гэрээг;

3.1.9. “төлбөрийн арга” гэж эрүүл мэндийн даатгалын байгууллага эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас тусламж, үйлчилгээ худалдан авахад баримтлах тооцооны тогтолцоог;

3.1.10. ”эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гэрээний дагуу даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх мөнгөн хөрөнгийг;

3.1.11. “орлого” гэж хувь хүний авсан хандив тусламжаас бусад бүх төрлийн орлогыг /цалин, хөлс, ашиг, үндсэн хөрөнгө, урамшуулал, тэтгэвэр, гэх мэт/

 

 

4 дүгээр зүйл. Эрүүл мэндийн даатгал, түүний  хэлбэр

 

4.1. Эрүүл мэндийн даатгал нь заавал даатгал, сайн дурын нэмэлт даатгал гэсэн хэлбэртэй байна.

4.2. Эрүүл мэндийн заавал даатгал /цаашид заавал даатгал гэх/ нь төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу  даатгалын шимтгэл төлж, даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлж даатгуулагчид эрүүл мэндийн хэрэгцээт тусламж, үйлчилгээг тэгш хүргэх нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн.

4.3. Эрүүл мэндийн заавал даатгалын үйл ажиллагааг эрүүл мэндийн нийгмийн даатгалын байгууллага /цаашид эрүүл мэндийн даатгалын байгууллага гэх/ эрхэлнэ.

4.4. Эрүүл мэндийн сайн дурын нэмэлт даатгалын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн даатгалын байгууллага эрхэлж болно.

4.5. Эрүүл мэндийн сайн дурын нэмэлт даатгалтай холбоотой харилцааг Даатгалын тухай хуулиар зохицуулна.

 

5 дугаар зүйл. Эрүүл мэндийн заавал даатгалын зарчим

 

5.1. Иргэн бүрийг хамарсан байна.

            5.2. Иргэд төлбөрийн чадвартаа үндэслэгдсэн шимтгэлтийг төлж эрүүл мэндийн бодит хэрэгцээгээр тусламж үйлчилгээг хүртэх эв санааны нэгдлийг хангана.

            5.3. Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багц нь даатгуулагчийн эрхийг дээдэлсэн, түүний эрүүл мэндийн бодит хэрэгцээнд нь нийцсэн, чанартай, аюулгүй байна.   

5.4. Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багц нь бүх даатгуулагчид тэгш, хүртээмжтэй байна.

 

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

ДААТГУУЛАГЧ, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

 

6 дугаар зүйл. Эрүүл мэндийн нийгмийн даатгалд хамрагдах хүн амын бүлэг

 

6.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон албан ёсоор амьдарч байгаа дор дурьдсан бүх иргэн эрүүл мэндийн даатгалд заавал  даатгуулна:

 

6.1.1. аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан;

6.1.2. хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн;

6.1.3. малчин;

6.1.3а. бүртгэлтэй ажилгүй иргэн;

6.1.4. их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч;

6.1.5. хүүхдээ 2 /ихэр бол З/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/;

6.1.6. хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч;

6.1.7. тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн;

6.1.8.  ялтан;

6.1.9. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн;

6.1.10. энэ хуулийн 6.1.5-6.1.9-д заасан иргэний 18 хүртэлх насны хүүхэд;

6.1.11. энэ хуулийн 6.1.10-д зааснаас бусад иргэний 18 хүртэлх насны хүүхэд;

6.1.12. энэ хуулийн 6.1.1–6.1.11-т зааснаас бусад иргэн.

 

6.2. Монгол улсад тогтмол буюу 6-аас дээш сар хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын ажилчид эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна. Олон улсын хууль болон Засгийн газрын хууль, шийдвэрт заасан тохиолдлууд энд хамаарахгүй байж болно. 

 

6.3. Тодорхой хөдөлмөр эрхлээгүй гадаадын иргэн, харьяалалгүй хүн эрүүл мэндийн даатгалд сайн дураар даатгуулна.

 

 

7 дугаар зүйл. Даатгуулагчийн эрх, үүрэг

 

7.1. Даатгуулагч нь дараах эрх, үүрэгтэй:

7.1.1. эрүүл мэндийн тэгш, аюулгүй, чанартай, хувь хүний эрүүл мэндийн бодит хэрэгцээндээ тохирсон, энэ хуульд заасан тусламж, үйлчилгээ авах;

7.1.2. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй болон зохистой байдлыг нь үндэслэн өмчийн бүх хэлбэрийн, гэрээ байгуулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас даатгуулагч шатлал дотроо сонгох, доод шатны эмнэлгийн байгууллагын илгээснээр тусламж, үйлчилгээ авах. Яаралтай тусламж үзүүлэхэд энэ заалт хамаарахгүй;

7.1.3. даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас  тусламж, үйлчилгээ, мэдээлэл авах;

7.1.4. даатгалын байгууллагаас даатгалын болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар холбогдох мэдээлэл авах;

7.1.5. шаардлагатай үедээ цаг тухайд нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эрүүл мэндийн даатгалын байгууллагад итгэх

7.1.6. энэ хуулийн зохицуулалтай холбоотой эрүүл мэндийн даатгалын байгууллагын аливаа шийдвэрийн талаар Үндэсний зөвлөл болон мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг эрх бүхий хуулийн этгээдийн шийдвэр гарсаны дараа шүүхэд хандах эрхтэйгээр гомдол гарган шийдвэрлүүлэх;

7.1.7. хууль, тогтоомжид заасны дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ авах;

7.1.8. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

 

7.2. Даатгуулагчийн эрхийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч болон эрүүл мэндийн даатгалын байгууллага зөрчвөл энэ хуульд заасны дагуу зөрчигчийн зардлаар эрхийг нь сэргээнэ.  

 

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

 

ДААТГУУЛАГЧИЙН ТӨЛӨХ ШИМТГЭЛ,  ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

 

8 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ, төлөх журам

 

8.1. Энэ хуулийн 6.1-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл /цаашид шимтгэл гэх/-ийг эрүүл мэндийн даатгалын байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл дараах байдлаар тогтооно:

 

8.1.1. энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тэнцвэрт байдал, Засгийн газрын төсвийн хязгаарын хүрээнд багтаан жилийн эцэст;

8.1.2. энэ хуулийн 6.1.1-д зааснаас бусад даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан жилийн эцэст;

 

8.2  Даатгуулагч шимтгэлээ дараах журмаар даатгалын санд төлнө:

8.2.1. энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувийг эрүүл мэндийн даатгалын байгууллагын гаргасан заавар, журмын дагуу ажил олгогчоос;

8.2.2. энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.1.12, 6.2-т заасан даатгуулагч өөрөө;

8.2.3. энэ хуулийн 6.1.4-т заасан даатгуулагчийн төлөх шимтгэлийг тухайн жилийн сургалтын төлбөрт оруулан тооцож сургалтын байгууллагын захиргаанаас;

8.2.4. энэ хуулийн 6.1.3а, 6.1.5- 6.1.10-д заасан даатгуулагчийн шимтгэлийг тухайн сард нь багтаан улсын төсвөөс;

8.2.5. энэ хуулийн 6.1.11-д заасан даатгуулагчийн шимтгэлийг түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчаас;

8.2.6. энэ хуулийн 6.1.8-д заасан даатгуулагчийн шимтгэлийг хорих байгууллага тус тус хариуцаж нийгмийн даатгалын санд шилжүүлнэ.

 

8.3. Энэ хуулийн 6.1.3, 6.1.4, 6.1.12-д заасан даатгуулагч шимтгэлээ жилээр, бусад даатгуулагч сар бүр төлнө.

 

8.4. Нийгмийн даатгалын байгууллага энэ хуулийн 6.2-т заасан даатгуулагч, 8.2.3-д заасан байгууллагатай шимтгэл төлөлтийн гэрээ байгуулна.  

 

8.5. Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын хамралт, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагын үр ашгийг сайжруулах зорилгоор бусад журам гаргаж болно.

 

9 дүгээр зүйл. Даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ

 

9.1. Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчид эрүүл мэндээ даатгуулсныг нь гэрчлэх даатгалын гэрчилгээ олгоно.

 

9.2. Даатгалын гэрчилгээ нь нэг талаас даатгуулагч эрүүл мэндээ даатгуулсныг, нөгөө талаас эрүүл мэндийн даатгалын байгууллага тухайн даатгуулагчийг даатгалд даатгасныг гэрчлэх албан ёсны баримт бичиг болно.

 

 

10 дугаар зүйл. Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

 

10.1. Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багц нь дараах зарчмуудад үндэслэгдэнэ:

-   Үр дүн нь шинжлэх ухаанаар нотлогдсон;

-   Зардлын хувьд үр дүнтэй;

 

Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багц нь биетээр үзүүлэх дараах тусламж, үйлчилгээг хамарна:

 

10.1.1. амбулаторийн үзлэг, оношлогоо, шинжилгээ, эмчилгээ; 

10.1.2. өдрийн эмчилгээ, үйлчилгээ;

10.1.3. доод шатны эмнэлгээс илгээсний үндсэн дээр хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ;

10.1.4. хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ;

10.1.5. сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ;

10.1.6. өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээний төлбөрийн тодорхой хувь хэмжээ;

10.1.7. жороор олгох эм;

 

Дээрх тусламж, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй журмыг Үндэсний зөвлөл батална.   

 

10.2. Энэ хуулийн 10.1-д заасан эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний нэр, төрөл, хэлбэр нь хариуцлага, тэгш байдал, үр дүнгийн хувьд даатгуулагчийн хэрэгцээг хангах баталгаатай байна. Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвлөлдөж боловсруулсан эрүүл мэндийн даатгалын байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно.  

10.3. Даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний үр дүн нь шинжлэх ухаанаар батлагдсан, тухайн тохиолдолдоо  тохирсон, зардлын хувьд үр дүнтэй байна.

10.4. Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээг түүний чанар, аюулгүй байдал, үр дүн зэрэг тодорхой үзүүлэлтүүдийг харгалзан даатгалын байгууллагаас сонгосон, тухайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл бүхий өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ. Тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгох шалгуур, журмыг Үндэсний зөвлөл батална.

10.5. Энэ хуулийн 10.1-д заасан тусламж, үйлчилгээний багцын зардлын даатгалын сангаас санхүүжүүлэх хэмжээг эрүүл мэндийн даатгалын байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно.

10.6. Энэ хуулийн 10.1-д заасан тусламж, үйлчилгээний багцын зардлыг санхүүжүүлэх төлбөрийн аргыг эрүүл мэндийн даатгалын байгууллагаас эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн боловсруулсан саналыг үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно.

10.7. Даатгуулагчид хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг хэтрүүлэн хэрэглүүлэх буюу шаардлагагүй эмчилгээ, лавлагаа тусламж, эм олгохыг хориглоно.   

 

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ТӨЛБӨР

 

11 дүгээр зүйл. Эрүүл мэндийн байгууллагатай хийх гэрээ

 

11.1. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь шударга, ил тод байх зарчмын үндсэн дээр даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцыг түүний эрүүл мэндийн хэрэгцээний дагуу үзүүлэхээр сонгосон хангалттай тооны эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь тусламж үйлчилгээ үзүүлэгчид болон бусад байгууллагатай тогтоосон харилцаа, үндсэн хөрөнгө, хандив тусламж, ашиг сонирхлын зөрчлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллээ эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргаж өгнө.  

11.2. Эрүүл мэндийн байгууллагатай байгуулах гэрээгээр эрүүл мэндийн байгууллага даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцад орсон тусламж, үйлчилгээг үзүүлэх, даатгалын байгууллагаас тухайн тусламж, үйлчилгээний даатгуулагч хуульд заасан шууд төлөх хамтарсан төлбөр, амь насанд аюул учирсан үед гэрээ байгуулаагүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчээс авсан яаралтай тусламжийн зардлаас бусад зардлын төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлөх үүргийг хүлээнэ.

11.3. Эрүүл мэндийн байгууллагатай байгуулах гэрээнд даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр, төрөл, тоо, чанарын шаардлага, үр дүн, даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн үзүүлэлтүүд, даатгалын сангаас төлөх эмчилгээний төлбөрийн дээд хязгаар болон талуудын хүлээх үүрэг хариуцлага, гэрээний нөхцөл, удирдлагын болон төлбөрийн шаардлага, журам, төлбөр хийх өдөр, хугацаа зэргийг тодорхой тусгасан байна.

11.4. Энэ хуульд заагаагүй төлбөрийг даатгуулагчаас нэхэмжилсэн эрүүл мэндийн байгууллагын гэрээг цуцална. 

 

12 дугаар зүйл. Даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр

 

12.1. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авахдаа гэрээнд заасны дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад сарын дундаж санхүүжилтийн  70 хүртэл хувийг урьдчилан төлөх ба үлдсэн хувийг  тусламж, үйлчилгээний чанарыг харгалзан, гүйцэтгэлээр дараа сарын 25-ны дотор тооцон олгоно.

12.2. Энэ хуулийн 6.1.3а, 6.1.5-6.1.10-д зааснаас бусад  даатгуулагч нь аймаг, дүүргийн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд энэ хуулийн 14.8.8-д заасан зардлын 10 хувийг, улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд 15 хувийг тус тус өөрөө хариуцна.

12.3. Даатгуулагч энэ хуулийн 10.1-д заагаагүй болон даатгуулсан эсэхээс үл хамааран төрөөс төлбөрийг нь хариуцахаар холбогдох хууль тогтоомжид зааснаас бусад тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг өөрөө хариуцна. Даатгуулагч өөрөө төлсөн төлбөрийн баримтыг эрүүл мэндийн байгууллагаас шаардан нэхэмжлэх эрхтэй. 

12.4. Даатгуулагч Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө.

 

13 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх

 

13.1. Дараах зардлыг дор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:

 

13.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь гэм хор учирсан

даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм хор учруулсан буруутай этгээдээр эрүүл мэндийн  даатгалын байгууллагад;

13.1.2. эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

үзүүлэгч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас эмчилгээний болон тарилгын дараах хүндрэл гарсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь эрүүл мэндийн даатгалын сангаас авсан зардлаа  даатгуулагчид;

 

13.1.3. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага

даатгуулагчийн хэвтэн эмчлүүлэх үед зайлшгүй шаардлагаар өвчний түүхэнд бичигдсэн эм, тариаг өөрөөр нь олуулж хэрэглэсэн бол уг эм, тарианы үнийг зах зээлийн дундаж үнээр тооцон даатгуулагчид эргүүлэн олгоно.

 

 

ТАВДУГААР БҮЛЭГ

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО

 

14 дүгээр зүйл. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл

 

14.1. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл /цаашид “Үндэсний зөвлөл” гэх/ байна.

 

14.2. Үндэсний зөвлөл нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн талуудаас бүрдэнэ. Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их Хуралд тайлагнана. Үндэсний зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурал батална.

 

14.3. Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд дахин нэг удаа улиран томилогдож болно. Улсын Их Хурал нь Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилохдоо хүйсийн болон бусад тэгш байдлын үзүүлэлтийг хангахын зэрэгцээ ашиг сонирхлын зөрчилгүй байдлыг харгалзана. Үндэсний Зөвлөлийн гишүүд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж жил бүр улсын Ерөнхий аудиторт тайлагнана. 

 

Үндэсний зөвлөл дараах бүрэлдэхүүнтэй байна:

 

1/ Засгийн газрыг төлөөлж сангийн, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас дээд түвшний шийдвэр гаргагч тус бүр нэг хүн;

2/ Даатгуулагчийг төлөөлж 3 хүн;

3/ Ажил олгогчийг төлөөлж 3 хүн;

 

14.4. Үндэсний зөвлөлд даатгагч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч, үйлчлүүлэгч, эмнэлгийн мэргэжлийн холбоодыг төлөөлсөн саналаа танилцуулах эрхтэй тус бүр нэг хүн байна. Эдгээр гишүүд нь шийдвэр гаргахад санал өгөх эрхгүй. 

   

14.5. Үндэсний зөвлөлийн гишүүн нь бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд бичгээр хэдийд ч мэдэгдэж болох ба дараах тохиолдолд гишүүнийг зөвхөн Улсын Их Хурал үүрэгт ажлаас чөлөөлнө:

а. үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон;

б. залилан, шударга бус үйлдэл болон ёс суртахууны доголдолтой холбоотой асуудлаар буруутгагдсан;

в.Монгол улсын болон бусад хуулиар өрөнд орсон, өрөө төлөөгүй;  дампуурсан нь шүүхээр тогтоогдсон буюу зарлагдсан,   

 г. Зүй бус үйлдэл гаргасан буюу:

-   бичгээр мэдэгдсэн тодорхой шалтгаангүйгээр 3 удаа дараалж хурал тасалсан;

-   төлөөлж байгаа тал нь эргүүлэн татсан;

Үндэсний зөвлөлийн гишүүн нас барсан, халагдсан болон бусад шалтгааны улмаас хугацаанаасаа өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн бол холбогдох тал нь тухайн гишүүнийг орлох шаардлага хангасан хүнийг томилно. Томилогдсон хүн нь орлох болсон өмнөх гишүүнийхээ бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллана.       

Улсын Их Хурал нь гуравны хоёроос доошгүй тооны Үндэсний зөвлөлийн гишүүдийн бичгээр гаргасан тодорхой шалтгаан бүхий хүсэлтийн улмаас тус зөвлөлийн даргыг ажлаас нь чөлөөлж болно. 

14.6. Үндэсний зөвлөлийн дэд даргыг гурван тал зөвшилцөж аль нэг талын төлөөллөөс  2  жилийн хугацаагаар ээлжлэн Үндэсний зөвлөлийн дарга томилно.

 

14.7. Үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг эрүүл мэндийн даатгалын байгууллага гүйцэтгэнэ.

 

14.8. Үндэсний зөвлөл дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

 

14.8.1. Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал түүнийг санхүүжүүлэх эх үүсвэрийн төсвийг батлах;

14.8.2. Энэ хуулийн 8.1-д заасан шимтгэл, улсын төсвөөс олгох санхүүжилт болон даатгуулагчийн төлөх хамтарсан төлбөрийн хэмжээг тогтоох;

14.8.3. Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний багц, эрүүл мэндийн байгууллагыг сонгох, гэрээний агуулга, гэрээ байгуулсан талуудын арбитрын асуудал, тусламж, үйлчилгээний чанар, үр ашиг, төлбөрийн арга болон тариф, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид хяналт үнэлгээ хийх зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авахтай холбоотой асуудлуудаар шийдвэр гаргах;

14.8.4. Эрүүл мэндийн даатгалын төв болон орон нутгийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, удирдлага, чиг үүрэг, зорилго, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар шийдвэр гаргах;

14.8.5. Иргэний эрүүл мэндийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн биелэлт, эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны болон удирдлагын зардлыг хянах;

14.8.6. Даатгуулагчид үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүн нь дараах нөхцөл байдалд хүрэхээс урьдчилан сэргийлж хяналт тавих:

-        хүн амын ядуу, эмзэг бүлгийн даатгуулагчийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг хязгаарлах;

-        даатгуулагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэт их буюу бага хүртэх;

-        эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчээс шаардлагагүй оношлогоо,

эмчилгээг үзүүлэх;

-        шаардлагагүй эм, жор бичих;

-        лавлагаа тусламжийн зохисгүй байдал.    

14.8.7. Өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох асуудлаар зөвлөмж, шийдвэр гаргах; 

14.8.8. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллага, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх, дээрх асуудлаар санал боловсруулж, эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх;

14.8.9. даатгал, болон нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгчидтэй холбогдсон асуудлаар энэ хуулийн 24.4-т заасан мэргэжлийн байгууллага, мэргэжилтнийг оролцуулсан байнгын болон түр ажиллагаатай ажлын хэсэг байгуулах;    

14.8.10. Даатгуулагчийн болон эрүүл мэндийн байгууллагуудын өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүрэг бүхий зөвлөлийг байгуулах;  

 

14.9. Үндэсний зөвлөл нь тогтмол хуралдах ба улирал бүр заавал, шаардлагатай тохиолдолд дарга буюу гишүүдийн гуравны нэгийн болон Эрүүл мэндийн даатгалын байгууллагын даргын саналаар хуралдана. Хурлыг саналын эрхтэй гишүүдийн 50-иас дээш хувийн ирцтэйгээр хуралдуулна. Шийдвэрийг Үндэсний зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхиор гаргана.

 

15 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын байгууллага, түүний удирдлага

 

15.1. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн даатгалын төв байгууллага /Эрүүл мэндийн нийгмийн даатгалын газар/, орон нутгийн салбар /хэлтэс/, нэгж /байцаагч/-ээс бүрдэнэ.

15.2. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн дагуу байгууулагдсан хараат бус, бие даасан хуулийн этгээд байна. Орон нутгийн салбар, нэгж нь эрүүл мэндийн даатгалын дээд шатны байгууллагын удирдлага дор ажиллана.

15.3. Эрүүл мэндийн даатгалын төв байгууллагын даргыг Үндэсний зөвлөл томилж, чөлөөлнө. Эрүүл мэндийн даатгалын байгууллагын дарга нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол улсын иргэн байна.

            15.4. Орон нутгийн салбар, нэгжийн даргыг эрүүл мэндийн даатгалын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан албан хаагчдаас эрүүл мэндийн даатгалын төв байгууллагын дарга томилно.

15.5. Эрүүл мэндийн даатгалын төв болон орон нутгийн байгууллагын дарга нь эрүүл мэндийн хувийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай ямар нэг холбоогүй иргэн байна.   

 

            16 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын байгууллагын чиг үүрэг

 

16.1. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

16.1.1. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

16.1.2.   эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын тэнцвэрийг хангаж ажиллах;

16.1.3. эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, хөндлөнгийн байгууллага, шинжээчийн болон аудитын тайлангууд, санхүүгийн удирдлагын тогтолцоонд гарсан доголдлыг засах чиглэлээр авсан арга хэмжээний талаар Үндэсний зөвлөл болон Засгийн газрын санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

16.1.4. энэ хуулийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхээр явуулсан үйл ажиллагаа, түүний үр дүн, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, даатгуулагчид үзүүлэх үйлчилгээний чанар үр дүнгийн талаар Үндэсний зөвлөлд тайлагнах;

16.1.5. эрүүл мэндийн даатгалын асуудлаар ялангуяа эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлох, хамралтыг нэмэгдүүлэх, тусламж, үйлчилгээний багцыг тогтоох, төлбөрийн арга ба тариф, даатгуулагчийн хүртэх тусламж үйлчилгээний аюулгүй баталгаат байдал, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах арга хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчийг сонгох, гэрээлэх, үр ашгийг хангах чиглэлээр холбогдох  дүрэм, журмыг боловсруулах, шийдвэрлүүлэх;         

16.1.6. даатгалын гэрээний болон гэрчилгээний загварыг батлах;

16.1.7. эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох;

16.1.8. Үндэсний  зөвлөл болон бусад эрх бүхий этгээдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай мэдээ, тооцоо, судалгаагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;

16.1.9. эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэх, даатгалын үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний багц, тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүн, өртөг, зардал, эрүүл мэндийн даатгалын байгууллагын дотоод зохион байгуулалт болон удирдлагын тогтолцооны талаар тооцоо, судалгаа хийж, санал боловсруулан Үндэсний зөвлөлөөр шийдвэрлүүлэх;

16.1.10. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

 

16.2. Үндэсний зөвлөлийн шийдвэр, Эрүүл мэндийн даатгалын төв байгууллагаас гаргасан удирдамж, зааврын дагуу аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн даатгалын байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

16.2.1. эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн байгууллагыг сонгох;

16.2.2. төв байгууллагаас гаргасан загварыг үндэслэл болгон даатгуулагчийг төлөөлж эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих, дүгнэх;

16.2.3. даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар,  гүйцэтгэлд хяналт тавих эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад тусламж, үйлчилгээний чанар, зүй зохисыг дээшлүүлэх болон удирдлагын талаар зөвлөмж, заавар өгөх;

16.2.4. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад гэрээнд заасны дагуу тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийг хянах, олгох;

16.2.5. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, даатгуулагчийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;

16.2.6. эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээлэх болон гэрээг хэрэгжүүлэх хүрээнд даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;

16.2.7. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

 

 

17 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрх, үүрэг

 

17.1. Даатгалын байгууллагын сонгосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь дараах эрх, үүрэгтэй байна:

 

17.1.1. эрүүл мэндийн даатгалын байгууллагаас энэ хуулийн 10.1-д заасан тусламж, үйлчилгээг даатгуулагчид үзүүлсэн зардлын төлбөрийг нэхэмжлэх,

17.1.2. эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулахад шаардагдах шалгуур болон холбогдох журмын талаар мэдээлэл авах;    

17.1.3. эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулах  асуудлаар хэлэлцэн зөвшилцөх, гэрээнд боломжит заалтыг оруулах, хэрэгжилтийг ханган ажиллах,

17.1.4. эрүүл мэндийн даатгалын байгууллагын гаргасан шийдвэр тухайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн бол холбогдох асуудлаар эрүүл мэндийн байгууллагуудын хөндлөнгийн нийгэмлэг, зөвлөл болон арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргах;      

17.1.5. даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай үзүүлэх, гэрээнд заагдсан холбогдох мэдээллээр хангах,

17.1.6. даатгуулагчийн нэр, хаяг болон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэр, төрөл, хэлбэр, тоо хэмжээ, зардал, огноо болон бусад мэдээллийг бүртгэх, хадгалах, гэрээнд заагдсны дагуу эрүүл мэндийн даатгалын байгууллагад мэдээлэх,

17.1.7. эрүүл мэндийн даатгалын байгууллагаас авах санхүүжилт, нөхөн төлбөрийн тайлан тооцоо, дагалдах баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх,

17.1.8. Үндэсний зөвлөлөөс баталсан заавар журмыг хэрэгжүүлэн эмнэлзүйн судалгаа шинжилгээнд өвчтөний нууцлалыг хадгалах зарчмыг чанд мөрдөх, чанарын баталгаажилтын хөтөлбөр, өвчтөний эрүүл мэндийн үйлчилгээ ашиглалтын хяналт, эрүүл мэндийн технологийн үнэлгээнд оролцох  

17.1.9. хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг.

 

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН

 

18 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр

 

18.1. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

 

18.1.1. даатгуулагчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл;

18.1.2. ажил олгогчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл;

18.1.3. төр даатгалыг нь хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл;

18.1.4. хуулийн дагуу хүний хөгжлийн сангаас төлсөн төлбөр;

18.1.5. сангийн чөлөөт үлдэгдэл болон эрсдэлийн нөөцийг хадгалуулсны хүү;

18.1.6. эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хэтрүүлсэнд  ногдуулсан алданги;

18.1.8. бусад эх үүсвэр.

 

18.2. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого бүх төрлийн татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.

18.3. Эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл цуглуулж төвлөрүүлэх үйл ажиллагааг  нийгмийн даатгалын байгууллага гүйцэтгэх бөгөөд үүнтэй холбоотой харилцааг Нийгмийн даатгалын ерөнхий  хууль, тогтоомжоор зохицуулна.

18.4. Төвлөрүүлсэн хөрөнгийг сарын бүрийн 25-ны дотор эрүүл мэндийн  даатгалын санд шилжүүлнэ.

 

 

19 дүгээр зүйл. Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт

 

19.1. Эрүүл мэндийн даатгалын сангаас дор дурдсан зардлыг санхүүжүүлнэ:

 

19.1.1. даатгуулагчдад үзүүлэх эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардал;

19.1.2. эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа, шимтгэл хураахтай холбоотой зардал;

19.1.3. иргэдийг даатгалд хамруулах, тусламж үйлчилгээг худалдан авахтай холбоотой судалгаа, мэдээлэл, сурталчилгааны  зардал;

19.1.4. энэ хуулийн 14.7, 19.2, 19.3 дахь хэсэгт тус тус заасан зардал. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх судалгаа шинжилгээ, эрүүл мэндийн технологийн үнэлгээ болон эмнэл зүйн удирдамж боловсруулах зардал;    

 

19.2. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн  орлогын 10 хүртэл хувьтай тэнцэх хөрөнгийг болзошгүй эрсдлийн нөөцөд үлдээнэ. Болзошгүй эрсдлийн нөөц нь тухайн жилийн зардлын 15% хувиас хэтрэхгүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн жилийн зардал нь орлогоос давсан тохиолдолд болзошгүй эрсдлийн нөөцөөс санхүүжүүлнэ. 

19.3. Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, эрсдэлийн нөөцийг төрийн сан, банкинд хадгалуулах, зарцуулах алдагдлаас сэргийлэх, алдагдалд орсон нөхцөлд хэрэгжүүлэх арга хэмжээний журмыг Засгийн газрын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл батална.

19.4. Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх болон шимтгэл хураах зорилгоор эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн орлогын 5-аас илүүгүй хувийг зарцуулна.

 

20 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын төсвийг батлах, тайлан тэнцэл гаргах

 

20.1. Эрүүл мэндийн даатгалын сангийн жилийн орлого, зарлагын төсвийг Үндэсний зөвлөл баталж, тухайн жилийн Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулиар зохицуулна.

20.2. Эрүүл мэндийн даатгалын төв байгууллага нь эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төслийг энэ болон бусад холбогдох хуульд нийцүүлэн боловсруулж Үндэсний зөвлөлд хүргүүлнэ. Үндэсний зөвлөлөөс төсвийн төслийг батлан, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

20.3. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төслийг улсын төсвийн төслийн хамт Засгийн газарт мэдүүлнэ.

20.4.  Эрүүл мэндийн даатгалын төв байгууллага нь эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагад хяналт тавьж, тайланг дор дурдсан хугацаанд улирал, жилээр нэгтгэн гаргаж Үндэсний зөвлөл болон Ерөнхий сайдад тайлагнаж байна:

 

20.4.1. зарлагын тайланг аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн даатгалын байгууллага тухайн улирлын дараа сарын 25-ны дотор эрүүл мэндийн даатгалын төв байгууллагад тус тус ирүүлнэ;

20.4.2. эрүүл мэндийн даатгалын төв байгууллага нь сангийн улирлын нэгдсэн тайланг дараа улирлын хоёр дахь сарын 10-ны дотор, жилийн эцсийнхийг дараа оны 2 дугаар сарын 25-ны дотор тус тус нэгтгэн санал, дүгнэлтийн хамт Үндэсний зөвлөл болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  ирүүлнэ;

20.4.3. эрүүл мэндийн даатгалын төв байгууллага нь улирлын тайланг дараагийн улирлын сүүлийн сарын 10-ны дотор, жилийн тайланг дараагийн жилийн 1 дүгээр улиралд багтааж Үндэсний зөвлөлд хүргүүлнэ.

 

20.5. Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтын тайланд Аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

 

20.6. Тайланг олон нийт мэдээлэл авах боломжтойгоор эрүүл мэндийн даатгалын төв байгууллагын болон Засгийн газрын вэб хуудаст бүрэн эхээр нь байршуулна.   

 

21 дүгээр зүйл. Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн сан

 

21.1. Эрүүл мэндийн даатгалын  байгууллага нь даатгуулагч, шимтгэл төлөлт, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сан (цаашид мэдээллийн цахим сан гэх)-тай байна. Мэдээллийн цахим сангийн дүрмийг Үндэсний зөвлөл батална.

21.2. Мэдээллийн цахим сан нь эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага, үйл ажиллагааны талаарх мэдээллийг агуулах ба даатгалын сангийн үйл ажиллагаа болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд статистик аргуудыг ашиглан дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлсэн байна.

21.3. Мэдээллийн цахим сан нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай мэдээлэл солилцох ба тусламж, үйлчилгээний чанар, гүйцэтгэлийн талаарх мэдээллийг агуулна.

21.4. Мэдээллийн цахим сан нь эрүүл мэндийн даатгалын байгууллагаас сонгосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын жагсаалт, байршил, шатлал, үзүүлж буй тусламж, үйлчилгээний тоо, чанарын баталгаажилтын талаарх мэдээллийг агуулна. 

 

 

 

 

 

ДОЛДУГААР БҮЛЭГ
 

ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ЧАНАРЫН ХЯНАЛТ, БАТАЛГААЖИЛТ, ХАРИУЦЛАГА

 

22 дугаар зүйл. Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр ашгийн хяналт

 

22.1. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, үр ашгийг сайжруулах, хангах үндэсний болон орон нутгийн стратегийг боловсруулна. Стратегит эмнэл зүйн удирдамж, заавар хэрэгжүүлэх, тусламж үйлчилгээний чанар, үр ашигтай холбоотой нийтлэг болон өвөрмөц тулгамдсан асуудлуудын талаарх жилийн тайлан гаргах болон оновчтой үр дүнтэй арга хэрэгсэл (тухайлбал тэргүүн туршлага)-ийг нэвтрүүлэх мөн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг жишиж харьцуулах асуудлыг тус бүр багтаасан байна.

22.2.   Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд хийсэн бүх гэрээнд тусламж үйлчилгээний чанар, үр ашгийг хэмжих шалгуур үзүүлэлтүүд болон өвчтөний аюулгүй байдал, чанар, үр ашгийг дээшлүүлэх, үр дүнг тайлагнах үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн урамшууллын арга хэлбэрүүдийг тусгасан байна.

22.3. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт тавих, чанар, аюулгүй байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх нэгжтэй байна. 

22.4. Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт тавигдах шаардлага, хяналтын журмыг Үндэсний зөвлөл батална.

22.5. Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын талаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, даатгуулагчийн эрхийг хамгаалах арга хэмжээ авна.

22.6. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо,  шинжээч, даатгуулагч, хамтрагч талуудын мэргэжлийн чадавхыг ашиглана. Эдгээр байгууллага, холбоод, шинжээчид, хамтрагч талууд нь эрх ашгийн зөрчилгүй байна.   

            22.7. Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд үүссэн тусламж, үйлчилгээний чанартай холбоотой гарсан маргаан, ноцтой доголдол, зөрчлийг мэргэжлийн хяналтын байгууллагад хандах, холбогдох мэргэжлийн нийгэмлэг, шинжээч, даатгуулагч, хамтрагч талуудын төлөөллөөс бүрдсэн чанарын хяналт шалгалтын баг томилон ажиллуулах замаар шийдвэрлэнэ. Чанарын хяналт шалгалтын багийн ажиллах журмыг Үндэсний зөвлөл батална.

22.8. Эрүүл мэндийн даатгалын төв байгууллага жил тутам тусламж үйлчилгээний чанарын талаарх үндэсний тайланг бэлтгэж олон нийтэд танилцуулах ба аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд тайлагнана.  

 

 

 

 

23 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт

 

23.1. Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны тайланг жил бүр, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн тайланг улирал бүр авч хэлэлцэн холбогдох асуудлаар шийдвэр гаргана.

23.2. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь санхүү болон үйл ажиллагааны гүйцэтгэлийн дотоод хяналтын нэгжтэй байх ба дотоод хяналтын үйл ажиллагааны үлгэрчилсэн журмыг холбогдох хууль, журмын дагуу боловсруулж, мөрдөнө.

23.3.Эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд төрийн болон хөндлөнгийн аудитын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина. 

23.4. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, тогтоомжийн биелэлтэд  иргэний нийгэм хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлж болно.

 

24 дүгээр зүйл. Эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 

24.1. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг Үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын байгууллага, түүний салбар нэгж, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ.

24.2. Аж ахуйн нэгж, байгууллага, ерөнхий менежер эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг энэ хууль болон даатгалын гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй бол уг шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих хураамжийн 0.3 хувьтай тэнцэх алданги төлнө.

24.3. Хэрэв хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан нь тогтоогдсон бол гэм буруутай этгээдээр нуусан, бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна.

24.4. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад төлөх төлбөрийн нэхэмжлэлийг зайлшгүй нарийвчлан шалгах шаардлага гарсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 14-өөс дээш хоногоор хугацаа хожимдуулсан бол уг төлбөрийг нөхөн төлүүлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг төлнө. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь төлбөрийг хойшлуулах болсон шалтгаанаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад мэдэгдэнэ.

24.5. Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 8.3.6-д заасан байгууллагын холбогдох албан тушаалтан үүргээ биелүүлээгүй бол эрүүл мэндийн даатгалын байцаагч шимтгэлийг нөхөн төлүүлж, буруутай албан тушаалтныг 10000-50000, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулна

24.6. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага даатгуулагчид санаатайгаар хэрэгцээт тусламж үйлчилгээг үзүүлэлгүй хайхрамжгүй хандсан, цаг тухайд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч холбогдох байгууллагад шилжүүлээгүй, өвчин, эмгэгийн оношлогоо эмчилгээний удирдамжийг ноцтой зөрчиж даатгуулагчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нь эрүүл мэндийн даатгалын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон тохиолдолд гарсан зардлыг тус байгууллагаар төлүүлж 250000-500000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах ба шаардлагатай тохиолдолд шүүхэд хандана.  

24.7. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага даатгуулагчаас хууль бус төлбөр авсан, эм тариа, ороох, боох материал хувиас нь гаргуулж, төлбөрийг хийгээгүй, хэвтэж эмчлүүлэх хугацаанд лабораторийн шинжилгээг төлбөртэй хийж даатгуулагчийг хохироосон нь тогтоогдвол албан тушаалтанг 30000-50000, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. Хэрэв тухайн жилийн хугацаанд ийм үйлдэл дахин давтагдвал тухайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг даатгалын гэрээнд заасны дагуу бууруулна.  

24.8. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, дээд байгууллагын тогтоол, шийдвэр, эрүүл мэндийн даатгалын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй бол байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

24.9. Хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр эрүүл мэндийн нийгмийн даатгалын санг хохироосон нь байцаагчийн шалгалтаар тогтоогдвол хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг 30000-40000, албан тушаалтныг 50000-70000, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. Санаатайгаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн төлбөр нэхэмжлэх үйлдэл давтагдвал тухайн эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтныг ажлаас халах, цаашид эрүүл мэндийн байгууллага болон эрүүл мэндийн даатгалын байгууллага хооронд байгуулсан гэрээг цуцлах, улмаар тухайн эмнэлгийн эзэн эсхүл менежертэй эрүүл мэндийн даатгалын байгууллага дахин гэрээ хийхгүй байх шийтгэл ногдуулна.       

 

 

НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД

 

25 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалд хамрагдах, шимтгэл төлөх, даатгалын сангаас даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон бусад харилцааг зохицуулах

 

25.1. Эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг тогтоох, шимтгэл төлөх, даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээ, тэдгээрийн гүйцэтгэлд хяналт тавих, хариуцлага тооцохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна.

 

26 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

 

26.1. Энэ хуулийн хэрэгжилт нь хуулийг хэрэгжүүлэхээр тусад нь гаргасан дүрэм журмаар хангагдана.

 

 

ГАРЫН ҮСЭГ

 

 

 

 

 

Өргөн барьсан

0000-00-00

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
0000-00-00