ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Эхэд урамшуулал олгох тухай хууль

Хууль санаачлагч: УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Д.Очирбат, С.Бямбацогт, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн, С.Эрдэнэ

Хуулийн танилцуулга

ЭХЭД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТУХАЙ

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

 

Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

 

            1.1.Хууль зүйн шаардлага:

 

1/ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”; мөн зүйлийн 11-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж тус тус заасан.

 

2/ Монгол Улс 1969 оны 5 дугаар сарын 10-ны өдөр соёрхон баталсан Эхчүүдийг хамгаалах тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 103 дугаар конвенцийн 4.1, 4.2-т “Жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөнд байгаа эмэгтэй мөнгөн болон эмнэлгийн үйлчилгээний тэтгэмж авах эрхтэй. Мөнгөн тэтгэмжийн хэмжээг үндэсний хууль тогтоомжоор тогтоох бөгөөд энэ нь эх, хүүхдийн амьдралын зохистой түвшинд эрүүл, бүрэн бүтэн байдлыг хангахуйц байна” гэж заасан. 

 

3/ УИХ-ын 2008 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4.5-д “Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд нэг удаа 300.0 мянган төгрөг, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой эхэд 500.0 мянга, нэгдүгээр зэргийн одонтой эхэд 1.0 сая төгрөгийн тэтгэмж олгоно” гэж заасан.

 

1.2.Практик шаардлага:

 

Төрөлтөд нийгэм, эдийн засаг, соёлын талаасаа ажил эрхлэлт, орлого, боловсрол, шашин шүтлэг, амьдарч буй байршил, мэдээлэл хүртэх байдал, эрүүл мэнд, хууль тогтоомж, бодлогын хүчин зүйлс нөлөөлж байдаг. Монгол Улсын хүн ам зүйн талаархи зарим судалгаанаас үзэхэд нэг өрхөд дундажаар 2 хүүхэд ногдож, 100 эхэд ногдох төрөлтийн тоо эрс багассан байгаа нь хүн амын амьжиргааны өртөг өндөр, эх хүүхдийг дэмжсэн бодлого оновчгүй байгаатай холбоотой байна. Тухайлбал, улсын хэмжээнд 2011 оны эхний улиралд 15826 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 997 эхээр буюу 5.9 хувиар, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 15881 болж, 994 хүүхдээр буюу 5.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 

            Манай улс 2006 онд Эх хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийн дагуу хүүхэд бүрт сар бүр 3000, улиралд 25000 төгрөг, шинээр төрсөн хүүхдэд 100000 төгрөг олгож байсан нь өрхийн амьжиргаанд бага боловч нэмэр болж, төрөлтийг нэмэгдүүлж байсан. Энэ нь Монгол Улсын хүн амын дундаж өсөлт 1986-2002 оны хооронд 2.8-аас 1.4 хувь болтлоо буурсан байсан бол 2006 оноос төрөлт нэмэгдэж 1000 хүн амд ногдох төрөлт 2005 онд 17.8 байсан бол 2006 онд 19.0, 2007 онд 21.7, 2008 онд 24.0, 2009 онд 25.5 болж нэмэгдсэнээс харагдаж байна. Харин 2009 онд Хүний хөгжил сангийн тухай хуулиар эх, хүүхдийг дэмжсэн дээрх зохицуулалтыг хүчингүй болгосон нь олон өрхийн амьдралд хүндээр туссан байна. Тухайлбал, 2009 онд улсын хэмжээнд 68.735 эх төрсөн бол энэ тоо 2010 онд 62.942 болж 5.792-оор буурсан байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдсэн үзүүлэлт байгаа ч хүн амын насны бүтцийн өөрчлөлт, өрхийн ам бүлийн дундаж хүний тоо зэргээс үзэхэд 2025 он гэхэд хүн амын жилийн дундаж өсөлт 0.9 хувьд хүрч буурах тооцоо гарсан байна[1].

Одоо Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам 24000 төгрөгийг, иргэнд бүрт хүнийн хөгжил сангаас сар бүр 21000 төгрөгийг олгож байгаа боловч энэ нь иргэдийн ялангуяа эх, хүүхдийн наад захын амьжиргааг хангахад хүрэлцэхгүй байна. Эхчүүд хүүхэд төрүүлэх, асрах, өсгөн хүмүүжүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжоо хязгаарлаж байдаг. Түүнчлэн бага насны хүүхдийн цэцэрлэг, ясли дутагдалтай байгаагаас гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг хослуулах боломж хязгаарлагдмал байна. Үүнээс улбаалан, эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж, асрах хугацаанд ямар нэг цалин орлого байдаггүй нь төрөлт буурах нэг шалтгаан болж байна.

 

“Эхчүүдийг хамгаалах тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 103 дугаар конвенц”-ийн 4 дүгээр зүйлд “жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөнд байгаа эмэгтэй мөнгөн болон эмнэлгийн үйлчилгээний тэтгэмж авах эрхтэй, мөнгөн тэтгэмжийн хэмжээг үндэсний хууль тогтоомжоор тогтоох бөгөөд энэ нь эх, хүүхдийн амьдралын зохистой түвшинд эрүүл, бүрэн бүтэн байдлыг хангахуйц байна” гэж заасан. Манай улсын хувьд Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам 24000 төгрөг олгож байгаа боловч энэ нь дээрх конвенцид мөнгөн тэтгэмжийн хэмжээ эх, хүүхдийн амьдралын зохистой түвшин, эрүүл, бүрэн бүтэн байдлыг хангахуйц байна”  гэсэнтэй нийцээгүй байх бөгөөд иргэдийн ялангуяа эх, хүүхдийн наад захын амьжиргааг хангахад хүрэлцэхгүй байна.

 

Нийгмийн халамжийн зорилтот бүлэгт түлхүү чиглүүлэх бодлогыг хэрэгжүүлэхдээ хүн амын зохистой өсөлтийг нэмэгдүүлэх, хөгжлийг хангах бодлогыг орхигдуулж болохгүй юм. Учир нь сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж байгаа ч хүн амын насны бүтцийн өөрчлөлт, нэг өрхөд ногдож байгаа хүний тоо зэргээс хамааран 2025 он гэхэд хүн амын жилийн дундаж өсөлт 0.9 хувь хүртэл буурах тооцоо гарсныг дээр дурдсан билээ. Нийт хүүхэдтэй өрхийн 76,1 хувийг нь 1-2 хүүхэдтэй өрх эзэлж байна. Эдгээр өрхөд 0-18 насны нийт хүүхдийн 53,6 хувь нь өсч, хүмүүжиж байна. Иймээс хүн амын тогтвортой өсөлт, зохистой бүтцийг хангахын тулд айл өрх бүр 3 ба түүнээс дээш тооны хүүхэд төрүүлж, өсгөхийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн зохистой орчныг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгана.  

 

Дэлхийн олон орны хүн амын хөгжлийн хандлагаас үзвэл, эмэгтэйчүүдийнх нь боловсролын түвшин дээшилж, нийгмийн амьдралд тэдний оролцох идэвхитэй оролцоо нэмэгдэхийн хирээр, хүүхэд төрүүлж, өсгөн гэртээ суух явдал эрс буурч улмаар хүн амын өсөлт нь саарч эхэлдэг нийтлэг үзэгдэл ажиглагддаг билээ. Тус улсын нийгэм, эдийн засаг 1960-аад оноос эрчимтэй хөгжиж, ялангуяа соёл, боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлтүүд дэлхийн улс орнуудын дундаж зарим талаар түүнээс ч өндөр болж ирсэн билээ. Үүний зэрэгцээгээр үйлдвэрлэл, үйлчилгээнд эмэгтэйчүүд улам өргөнөөр татагдан орж, боловсрол, эрүүлийг хамгаалах, үйчилгээний салбарт ажиллагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байсан зэрэг нь хүн амын өсөлтийг саархад нөлөөлсөн гэж үзэх үндэстэй.

Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор тус улсын хүн ам 2373.5 мянга болсон нь 1989 оныхоос нийтдээ 329.5 мянган хүнээр, жилд дунджаар 30.0 мянгаар буюу 1.4 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх 10 жилийн өсөлтийн дундаж хэмжээнээс 14.9 мянган хүнээр буюу 1.1 пунктээр буурсан үзүүлэлт болно. Ийнхүү хүн амын өсөлт 1980 оны дунд үеээс буурч эхэлсэн нь үүний түрүүчийн хэсэгт тэмдэглэсэн хүчин зүйлсээс гадна 1990 оны эхнээс тус улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих болсонтой уялдаатайгаар нийгэм, эдийн засгийн хөгжилд гарсан өөрчлөлт, ард түмний аж байдлын доройтол, ажилгүйдэл газар авч, эрүүл мэндийн үйчилгээг зах зээлийн зарчмын дагуу явуулж эхэлсэний сөрөг үр дагаварын нэг илрэл гэж тайлбарлаж болох юм.

“Эхийн алдар” одонтой эхэд олгож буй тэтгэмж нь ихэнхдээ 40-өөс дээш насны эхчүүдэд олгогдож байгаа бөгөөд нөхөн үржихүйн насны эх, эмэгтэйчүүдийн хувьд олгогдож буй тусламж дэмжлэг байхгүй байгаа нь төрөлт буурах нэг хүчин зүйл болж байна.

Хоёр. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

 

Хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хүрээ, тэтгэмж олгох нөхцөл, тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичиг, түүнийг олгох, тэтгэмжийн хэмжээ, түүнийг олгох хугацаа, тэтгэмжийн сангийн зохион байгуулалт, эх үүсвэр, бүрдүүлэлт, зарцуулалт, тайлагналт, хяналт тавих, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбоотой харилцааг  зохицуулна. Хуулийн төсөл нь нийт 11 зүйлтэй байна.

 

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал

 

Энэхүү хуулийн төсөл батлагдан гарснаар дараахь эерэг үр дагавар үүснэ гэж үзэж байна:

1.             Хүн амын тогтвортой өсөлтийг хангаж, төрөлтийг нэмэгдүүлнэ;

2.             Хүүхдийн амьдрах орчин, нөхцөл дээшилж, сурч боловсрох эрх хангагдана.

3.             Өрх, гэр бүлийн амьжиргааг дээшлүүлж, эхчүүдийн нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэнэ.

 

Дөрөв. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаархи санал

 

Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан бөгөөд уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулж батлуулах шаардлагагүй болно.

 

 

                                                       ТАНИЛЦУУЛГА

 

Эхэд урамшуулал олгох тухай

 хуулийн төслийн талаар

 

Монгол Улсын хүн ам зүйн талаархи зарим судалгаанаас үзэхэд нэг өрхөд дундажаар 2 хүүхэд ногдож, 100 эхэд ногдох төрөлтийн тоо эрс багассан байгаа нь хүн амын амьжиргааны өртөг өндөр, эх хүүхдийг дэмжсэн бодлого оновчгүй байгаатай холбоотой байна. Тухайлбал, 2011 оны эхний улиралд 15826 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 997 эхээр буюу 5.9 хувиар, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 15881 болж, 994 хүүхдээр буюу 5.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 

            Манай улс 2006 онд Эх хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийн дагуу хүүхэд бүрт сар бүр 3000, улиралд 25000 төгрөг, шинээр төрсөн хүүхдэд 100000 төгрөг олгож байсан нь өрхийн амьжиргаанд бага боловч нэмэр болж, төрөлтийг нэмэгдүүлсэн. Харин 2009 онд батлагдсан Хүний хөгжил сангийн тухай хуулиар эх, хүүхдийг дэмжсэн дээрх хуулийг хүчингүй болгосон нь олон өрхийн амьдралд хүндээр туссан байна.

 

Одоо Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам 24000 төгрөгийг, иргэнд бүрт хүүнийн хөгжил сангаас сар бүр 21000 төгрөгийг олгож байгаа боловч энэ нь иргэдийн ялангуяа эх хүүхдийн наад захын амьжиргааг хангахад хүрэлцэхгүй байгаа бөгөөд эхчүүд хүүхэд төрүүлж хүүхдээ асрах хугацаанд ямар нэг цалин орлого байдаггүй нь эмэгтэйчүүд хүүхдээ өөрөө өсгөн хүмүүжүүлэх  боломжийг хязгаарлаж байдаг.

Иймд эхчүүдийг дэмжих, хүн амын тогтвортой өсөлт, зохистой бүтцийг хангахын тулд айл өрх бүр 3 ба түүнээс дээш тооны хүүхэд төрүүлж, өсгөхийг урамшуулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн зохистой орчныг бүрдүүлэхтэй зорилгоор Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг боловсруулсан болно.

 

Хуулийн төслөөр 3 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлэн, хүүхдийнхээ наад захын хэрэгцээг ханган өсгөн хүмүүжүүлж байгаа эхчүүдэд сар бүр урамшуулал олгох эрх зүйн зохицуулалтыг дээрх хуулийн төсөлд тусгалаа. Хуулийн төсөлд 0-16 насны 3 буюу түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд сар бүр хөдөлмөрийн хөслний доод хэмжээний тодорхой хувиар урамшуулал олгож байхаар хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал, 3 хүүхэдтэй эхчүүдэд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар урамшуулал олгох зэргээр 8, түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор төсөлд заасан.

 

Түүнчлэн эхчүүд хуулийн төсөлд заасан урамшуулалыг авахын тулд хүүхдээ эсэн мэнд бойжуулсан өсгөн хүмүүжүүлж байх, 6-16 насны хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд суралцуулдаг байх гэсэн нөхцөлийг хангасан байх шаардлагатай бөгөөд хуулийн төсөлд урамшуулалыг олгох, урамшууллыг авахад бүрдүүлэх баримт бичиг, урамшууллыг олгхо санхүүжилт зэрэг зохицуулалтыг тусгалаа.

 

Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл батлагдснаар төрөлт нэмэгдэж, хүн амын тогтвортой өсөлтийг хангах, өрхийн амьжиргааны түвшин дээшилж, улмаар хүүхдийн амьдрах орчин, нөхцөл сайжирах  зэрэг олон эерэг үр нөлөө гарна гэж хууль санаачлагчийн зүгээс тооцоолж байна. Хуулийн төсөлтэй холбогдон улсын төсвөөс нэмж шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж хавсаргасан болно.

 

 

 

 

ХУУЛЬ САНААЧЛАГЧ

 

ЭХЭД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТУХАЙ

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦОО

 

 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2011 оны 1 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140.400 төгрөг байхаар тогтоосон.

 

Хүүхдийн тоо /0-16 насны/

Олгох хэмжээ

Олгох хэмжээ /төгрөгөөр/

3 дахь хүүхэд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх

70.200

4 дэх хүүхэд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувьтай тэнцэх

105.300

5 дахь хүүхэд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх

140.400

6 дахь хүүхэд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх

175.500

7 дахь хүүхэд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх

210.600

8 ба түүнээс дээш хүүхэд

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх

280.800

 

Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүн гараагүй байгаатай холбогдуулан 0-16 насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй эхийн тоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Үндэсний статистикийн хорооноос албан ёсоор тодорхой гараагүй байна. Одоо байгаа статистик тоо мэдээнээс харахад, 16 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо Монгол Улсын хэмжээнд 24.146[2] байна.

           

Тэгвэл энэхүү тоог 0-16 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эхэд олгох тэтгэмжийн хувиар бодож үзвэл, сарын 2.542.573.800 төгрөг, жилийн 30.510.885.600  төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гарч байна.

 

24.146*105.300=2.542.573.800 /сард/

 

2.542.573.800*12=30.510.885.600 /жилд/

 

 

Өргөн барьсан

2015-06-04

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
2015-06-04