ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Улс төрийн намын тухай хууль

Хууль санаачлагч: УИХ-ынгишүүн С.Баярцогт

Хуулийн танилцуулга

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Улс төрийн намын тухай хуулийн 4.1-д зааснаар нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл бөгөөд сонгуулийн хууль тогтоомжид заасны дагуу сонгуульд нэр дэвшүүлж, сонгуулийн үр дүнд байгуулагдах байгууллагад олонхийг бүрдүүлэн, улс төрийн мөрийн хөтөлбөрөө улсын хэмжээнд болон орон нутагт хэрэгжүүлдэг.

Өөрөөр хэлбэл нам нь нийтийн эрхзүйн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг субьект бөгөөд намын бодлого шийдвэр нь улсын болон орон нутгийн хэмжээний шийдвэр болон хэрэгжих боломжтой байдаг.

Энэ утгаараа тухайн намыг төлөөлөн төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын гишүүнд сонгогдсон, түүнчлэн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид сонгогдсон нь намын гишүүн нь намынхаа төз болоод орон нутгийн байгууллагын удирдах байгууллагад зайлшгүй гишүүнчлэлтэй байж, тухайн намын бодлого, шийдвэр гаргахад оролцож байх шаардлагатай.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт " Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 10/нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, ... байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй..., 14/Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, эрхтэй..." гэж заасан.

Нам нь бие даасан хуулийн этгээдийн хувьд дотооддоо асуудлаа шийдвэрлэх эрхтэй хэдий ч хууль зөрчин намын гишүүний буюу Монгол Улсын иргэний эрхийг зөрчвөл эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа намын гишүүн шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжийг Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 9 дэх заалтыг өөрчилж, Үндсэн хуульд нийцүүлэх зайлшгүй шаардлагатай.

 

Үүнээс гадна нам нь нийтийн эрхзүйн этгээд, бодлого шийдвэр нь улсын болон орон нутгийн хэмжээний шийдвэр болох боломжтой утгаараа түүний үйл ажиллагаа Үндсэн хууль, бусад хуульд нийцсэн байх ёстой. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтад "...Нам... хуулийг дээдлэн биелүүлнэ." гэж заасан байдаг.

Хоёр. Хуулийн төслөөр зохицуулах харилцаа, хамрах хүрээ, төслийн бүтэц

Хуулийн төсөл нь Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийг хамрах ба уг зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулна.

Хуулийн төслөөр төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын гишүүн, түүнчлэн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улсын болон орон нутгийн хэмжзэний намын байгууллагын гишүүн байх харилцааг зохицуулна.

Түүнчлэн намын үйл ажиллагааны явцад түүний гишүүний хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдвөл хэрхэн сэргээх асуудлыг Үндсэн хуульд нийцүүлж буюу шударга ёсны баталгаа болсон шүүхээр шийдвэрлүүлэх асуудлыг зохицуулна.

Гүрав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, эрхзүйн дагаварын талаар

Хуулийн төсөл батлагдсанаар эдийн засгийн хувьд ямар нэг зардал гарахгүй. Харин улсын болон орон нутгийн түвшний шийдвэр гаргагчид тухайн намын төв болон орон нутгийн удирдах байгууллагын гишүүн байж, намын шийдвэрийг нийтийн эрх ашигтай уялдуулан улсын болон орон нутгийн хэмжээнд шийдвэрлүүлэх боломжтой болно.

Түүнчлэн намын шийдвэр, үйл ажиллагаа хуулийн хяналтад байх асуудал бүрэн шийдэгдэнэ.

Дөрөв. Хуулийн төсөл нь бусад хууль тогтоомжтой хэрхэн уялдах талаар

Хуулийн төсөл нь Үндсэн хуульд нийцэн гарч байгаа бөгөөд Улс төрийн намын тухай хуулийн бусад заалтад нийцэж байгаа болно.

 

 

 

ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧЛАГЧ

 

 

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй.

1      дүгээр зүйлээр Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсгийг өөрчлөн найруулж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүн нь улс төрийн намын гишүүн бол тухайн намын Улс төрийн намын тухай хуулийн 13.1, 13.3-т заасан намын байгууллагын гишүүн байх асуудлыг зохицуулсан.

2      дугаар зүйлээр Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлд 13.10- 13.12 гэсэн хэсэг нэмж байгаа.

2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төрийн намын гишүүн бол тухайн намын Улс төрийн намын тухай хуулийн 13.8-д заасан намын орон нутгийн төлөөллийн байгууллагын гишүүн байх асуудлыг зохицуулсан бөгөөд 2, 3 дахь хэсгээр намын хяналтын байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааг зохицуулснаас гадна намын хяналтын байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль зөрчсөн нь намын гишүүн, намын эрх бүхий албан тушаалтан, намын бусад байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухай маргааныг шүүх шийдвэрлэхээр тусгасан болно.

ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧЛАГЧ

Өргөн барьсан

2015-06-04

Батлагдсан эсэх

Хэлэлцэж байгаа
2015-06-04