“Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог сайжруулах” ажлын хэсгийн гишүүд ХХААХҮЯ-нд ажиллалаа
2025.02.11
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог сайжруулах” ажлын хэсгийн гишүүд ХХААХҮЯ-нд ажиллалаа

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан нарын бүрэлдэхүүнтэй “Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсонгуй болгох асуудлын судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өнөөдөр /2025.02.11/ ажиллалаа.

Тэднийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр болон холбогдох байгууллагуудын удирдлагууд угтан авч Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулж буй Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцуулав.

ХХААХҮ-ийн яамны холбогдох газрын дарга нар Засгийн газрын бодлого, шийдвэр, 2024-2028 онд хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгч, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын хангах талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо. Хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд “Хүнсний хувьсгал” хөтөлбөр үр дүнд хүрч, “АТАР-4” аян хэрэгжиж эхэлснийг сайд Ж.Энхбаяр онцолж, хөдөө аж ахуйн салбарт эрс өөрчлөлт гарч, эрүүл аюулгүй хүнс хэрэглэх бололцоо бүрдэх талаар УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн “Монгол Улсын 3.5 сая иргэний хүнсний эрүүл, аюулгүйн байдал маш чухал. Тиймээс 70 гаруй сая малаа хэрхэн эрүүл өсгөх вэ, үр тариа, хүнсний бүтээгдэхүүнээ эрүүл хөрсөнд тарьж, ургуулж, хурааж авах нь нэн тэргүүний асуудал болж байгаа” хэмээн онцоллоо. 

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан “Бид хүнсний аюулгүй байдлыг хангах лаборатриудыг чадавхжуулах зайлшгүй шаардлагатай болсон байна. Олон улсад эм болон хүнсний аюулгүй байдлын тусгай агентлаг байдаг. Манай улсад энэ тогтолцоо алдагдсан. Тиймээс нэн тэргүүнд үүнд анхаарах ёстой” хэмээн мэдэгдлээ.

ШИНЭ МЭДЭЭ