![Ц.Мөнхбат: Адуучин залуус адуун соёлын өв тээгчид болохоо харууллаа](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/05/2088e59e0a1b864e6f3354262dc7e9c32.jpg)
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
2025.02.05
Орон нутгийн хөгжил
Ц.Мөнхбат: Адуучин залуус адуун соёлын өв тээгчид болохоо харууллаа
Дундговь аймаг нь эртнээс 21 аймгаасаа адуугаараа алдартай. Адууны өв соёлыг тээж ирсэн, дуу хуур өв соёлын өлгий нутаг гэж яригддаг. Тиймээс энэхүү эртний адуучин удмын өв соёлоо хадгалж үлдэхийн тулд малчид, адуучдын дунд байнга тэмцээн уралдаан зохион байгуулсаар иржээ.
Үүний нэг нь адуун соёлын өв уламжлалыг залуу үедээ өвлүүлэх, морь уургалах, эмнэг хангал сургах хөдөлгөөнийг аймаг даяараа өрнүүлэх зорилготой “Адуучин” тэмцээн аж. Энэ амралтын өдрүүдэд 2025 оны аварга адуучнаа шалгаруулах “Адуучин” тэмцээн Дундговь аймгийн Дэлгэрцогт, Адаацаг, Сайнцагаан сумын Далай баг, ... зэрэг хэд хэдэн суманд зохион байгуулагдаж, сумынхаа аварга эмнэг хангал булгиулагч, аварга уургач, явган уургалагч... зэрэг олон номинацийн тэргүүнийг шалгаруулжээ. Идэр есийн хүйтэн тачигнасан энэ өдөр адуучин залуус авхаалж самбаа, эр зоригоороо өрсөлдөж адуучин залуусын цог золбоог хол, ойрын зочдод гайхуулж өнжлөө.
Сумнаас шалгарсан аварга адуучид аймгийн аварга адуучин шалгаруулах тэмцээнд оролцох мандатаа авсан юм. Энэхүү тэмцээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж нар хүрэлцэн ирж оролцож, адуучин залуусын ур чадвар, авхаалж самбаа сайн байгааг сайшааж адуучин залууст баяр хүргэлээ.
Монголчууд мориноосоо бууж адуу малаасаа улам бүр холдсон тухай дэл сул яриа үндэслэлгүй, харин ч улс орны хөгжил, ард түмний амьдралын түвшинтэй холбоотойгоор машин тэрэг хөлөглөх болсон ч адуун соёлоосоо огтхон ч холдоогүйг энэ тэмцээн харууллаа. Гишүүд говийн бүсэд аялал жуулчлалыг татах тусгай хөтөлбөрт адууны өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдол бүхий адуучдын авхаалж сорьсон үзүүлбэрийг оруулах бүрэн боломжтойг онцолж байлаа.
ШИНЭ МЭДЭЭ
![](http://enkhamgalan.mn/media/news/106x106/2025/01/31/b4b147bc522828731f1a016bfa72c073.jpeg)
УИХ-ЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ХААЛАА
2025.01.24
![](http://enkhamgalan.mn/media/news/106x106/2024/11/11/7bac375dd340bf17dadcdad7433379af.jpg)
Ц.Мөнхбат: Төсвийг танах шаардлагатай
2024.11.11
![](http://enkhamgalan.mn/media/news/106x106/2024/09/23/e9639a81b0a53323dc6bbb8cccf59846.jpg)
![](http://enkhamgalan.mn/media/news/106x106/2024/08/27/f46ee8b809e9352897a463527a7866d9.jpg)
Агро ХААБ-ын нээлт боллоо
2024.08.27