Б.Батцэцэг: Монгол, Туркийн харилцааны түвшин шат ахиж, Стратегийн түншлэлд хүрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ удаагийн айлчлалаар Монгол, Туркийн харилцааны түвшин шат ахиж, стратегийн түншлэлд хүрлээ хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцоллоо.
Засгийн газар хоорондын 5, байгууллага хоорондын 6 баримт бичгийг байгуулан, хамтын ажиллагаагаа бэхжүүлЭВ.
Тодруулбал,
- Анагаахын шинжлэх ухааны салбарт, эрүүл мэндийн байгууллагын харилцааг бэхжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, оношилгооны болон бусад дэвшилтэт технологийг ашиглахад туршлага солилцох боломжтой боллоо.
- Боловсролын салбарт багш, оюутан солилцох, мэргэжилтнүүд мэдээлэл, туршлагаа хуваалцаж хамтарсан төсөл, судалгаа хэрэгжүүлэхээр тогтов.
- Соёл, спортын салбарт биеийн тамир, спортын байгууллагын харилцааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулахаар болов.
- Байгаль орчны салбарт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамтрах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд БНТУ-ын дэвшилтэт арга барил, туршлагыг нэвтрүүлэх, байгалийн цогцолборт газруудын менежментийн хүрээнд туршлага хуваалцахаар тохиролцлоо.
- Уул уурхайн салбарт, нүүрс боловсруулах технологи, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр мэдлэг, технологи, туршлага, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов.
- Зам тээврийн салбарт төмөр замын ачаа тээврийн шинэ урсгалыг нээх боломжийг судлах, төмөр замын бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт хамтран ажиллах, олон улсын коридоруудыг ашиглах, хөгжүүлэхэд мэдээлэл туршлага, солилцохоор тогтлоо
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
Монгол, Туркийн ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн шинэ хуудсыг нээж, хоёр орны харилцаа Стратегийн түншлэлд хүрлээ
Нэгдүгээрт, Монгол Улсын гадаад харилцаа тэлж байгаа тухай бид сүүлийн жилүүдэд ярьж байгаа. Тэр дундаа манай харилцаа хоёр урсгалтай болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ихэвчлэн гадагшаа чиглэсэн айлчлалуудыг хийдэг байсан. Хоёр урсгалтай гэдэг нь айлаас манайд зочид олноор ирж байгаа гэсэн үг. Айлчлал нь харилцааны хамгийн "оргил" хэсэг байдаг. Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй төрийн айлчлал нь тухайн улстай олон сэдвээр хэдэн ч жил ажиллаж болдог. Эцсийн шатандаа тохироод төгсгөлийн баримт бичгийг байгуулах, тэр дундаа харилцааныхаа түвшнийг ахиулах асуудал байдаг. Харилцааны түвшнийг ахиулж стратегийн түншлэлд хүрч байгаа нь энэ айлчлалын амин чухал зүйл. Дэлхийн бүхий л улс оронд Стратегийн түншлэлд хүрлээ гэдэг нь зөвхөн нэг стандартаар явдаг. Тиймээс хоёр улсын харилцаа улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг гээд бүхий л салбарт хамтын ажиллагаа гүнзгийрч байна гэж ойлгох хэрэгтэй. Бид суурь баримт бичгүүдээ байгуулчихсан байсан. 55 жилийн хугацаанд бид харилцаагаа үргэлж хөгжүүлсэн. Тэр дундаа өнөөдөр хамгийн оргил үе, өндөр түвшиндээ хүрлээ хэмээн харж байна. Бид эрх зүйн орчноо бүрдүүлчихлээ. Манай хоёр улсын хооронд харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх өргөн боломж, үүд хаалга, эрх зүйн орчин бүрдсэн.
Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн айлчлал өөрийн гэсэн хэв маяг, зохион байгуулалт өндөр түвшинд хийгддэг болсон. Өндөр хөгжсөн орнууд хүртэл манайхаас суралцдаг, манайхыг даган дуурайдаг. Айлчилсан ерөнхийлөгч нар эргээд манай ерөнхийлөгчийг уралдаад авдаг болж байна. Өөрөөр хэлбэл, бид айлын стандартыг эвдэх түвшинд хүрч байгаа. Тухайлбал, энэхүү айлчлалын хүрээнд Туркийн Ерөнхийлөгч энэ жилдээ Монгол Улсад хариу айлчлал хийхээ илэрхийлсэн. Ийм богино хугацаанд хариу айлчлал хийж буй нь өөрөө асар чухал. Өөрөөр хэлбэл бидний дээр дурдсан зүйлсийг урагшлуулахад илүү "хурд" нэмнэ. Тиймээс хамтын ажиллагааг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд манай холбогдох яамд болон ЗГ маш хурдтай ажиллах ёстой. Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан манай улсад түрүүлж айлчилж энэ айлчлалын бэлтгэлийг хангана. Энэ үеэр ямар баримт бичгүүд зурах вэ, ямар арга хэмжээнүүд зохион байгуулах вэ гэдгийг яриад эхэлчихсэн. Нэг ёсондоо, Туркийн Ерөнхийлөгчийн төрийн айлчлал Монголд хэрэгжүүлэх бэлтгэл ажил эхэлсэн гэж ойлгож болно. Энэ айлчлалын хүрээнд түүх соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, боловсрол, эрүүл мэндийн салбарт нэлээдгүй олон ажлуудыг хийхээр тохирсон. Мөн Монгол Улсын зөөлөн хүчний бодлогыг урлаг, соёлоор дамжуулан эх орноо сурталчлах ажлыг хийж буй. Мөн хоёр талаас анх удаагаа өндөр түвшинд маш олон хүний бүрэлдэхүүнтэй бизнес форумыг зохион байгууллаа.
Хоёрдугаарт, Монгол Улсад хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа нь маш эмзэг асуудал. Бид хүнд сорилттой тулгарч байгаа. Энэ хүрээнд 120-оод сая ам.долларын өртөг бүхий хавдрын эмнэлгийг хамтарч байгуулна. Мөн Монголын ЗГ-аас дэвшүүлж байгаа 14 мега төслийг судалж үзэж, Туркийн компаниудыг оруулъя гэдэг саналыг ч тавьсан. Түүнчлэн соёл, хүмүүнлэг, боловсролын чиглэлээр цөөнгүй зүйлсийг ярилаа. Харилцан соёлын төв байгуулах талаар ч ярилцав. Ийн тус айлчлалыг товч дүгнэхэд маш өндөр итгэлцэлд бие биенээ ойлгосон, найрсаг уур амьсгал бүхий үр дүнтэй айлчлал боллоо.