Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцав
2024.12.31
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцав

Засгийн газрын өчигдрийн /2024.12.30/ ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг шинэ жилийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг чиглэлийг өгсөн. Энэ дагуу өнөөдөр УОК-ын шуурхай штабт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

  • Баян-Өлгий аймгийн Сагсай, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутгаар “цагаан зудын”, Увс аймгийн Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг, Ховд аймгийн Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн, Завхан аймгийн Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз, Говь-Алтайн, Хөхморьт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Төв аймгийн Угтаалцайдам, Хэнтий аймгийн Баян-Адрага, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Халхгол сумын нутгаар /11 аймгийн 34 сум/ “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байна.
  • Сарын дунджаар авч үзвэл нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас хүйтэн, зүүн хагаст дунджийн орчим, хур тунадас баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.
  • Түүнчлэн улсын хэмжээд 17,913 өрх , 7.329.400 толгой мал отор, нүүдэл хийж байна. Мөн Гамшгийн онцгой байдал бий болсон тохиолдолд байгууллагуудын харилцан ажиллах ерөнхий төлөвлөгөөний дагуу төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 98 бүлэг, 13,166 алба хаагч бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаар төлөвлөөд байна.

“ШИНЭ ХОРШОО-ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

  • “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөрт хамрагдсан нийт 16,009 малчин өрхийн 13,549 малчдын санал хүсэлтийг авч, 85%-ийн гүйцэтгэлтэйгээр зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнтэй газар дээр нь танилцаж ажилласан байна. Улсын хэмжээнд 6599 шинэ хоршоо байгуулагдаж, 68.500 гишүүн элсээд байна. Өнөөдрийн байдлаар 4877 хоршооны 16.009 малчинд 551.8 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Түүнчлэн зээлд хамрагдсан нийт 16.009 малчны 85 хувиас зээлийн зарцуулалтын талаарх асуумжийг авчээ. Асуумжаар 68.4 хувь нь үржлийн мал худалдан авсан байна. Мөн бусад хувь нь Стандартын шаардлага хангасан малын хашаа, хороо, саравч худалдан авч, шинээр барьсан, Мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулагдсан техник, технологи, тоног төхөөрөмж худалдан авсан, Мах сүү цагаан идээ бэлтгэх, боловсруулах чиглэлийн үйлдвэрлэл эрхэлсэн, Малын тэжээл, тэжээлийн ургамал тариалах, тэжээл үйлдвэрлэлийн цех байгуулсан, Мал бордох чиглэлийн үйл ажиллагаа явуулсан зэргээр зээлээ үр дүнтэй зарцуулсан байна.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт богино хугацааны төлөвлөгөөг боловсруулсан.
  • 2025.01.10-ны өдрөөс “Яндангүй бүс тогтоох” хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
  • Нийслэлийн “Агаарын бохирдолтой тэмцэх газар” сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих ажлыг ДЗДТГ, Цагдаа, Онцгой байдлын байгууллага хамтран зохион байгуулж байна. Мөн агаарын чанарын өдөр тутмын мэдээг нэгтгэн боловсруулж холбогдох удирдлагуудыг мэдээллээр ханган ажиллаж байна.
  • Экологийн цагдаа, Захирагчийн ажлын албаны “Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтэс” хамтран 8 товчоонд хяналт тавин ажиллаж байна.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөл бүхий төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, хороо, цагдаагийн байгууллагыг халаадаг 174 уурын зууханд хяналт шалгалт зохион байгуулсан.
  • Автотээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоодод түүхий нүүрс тээвэрлэсэн 457 автомашинд хяналт тавьж 12,013 тн түүхий нүүрсний дамжин өнгөрснөөс Улаанбаатар хотын түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад 3741 тн нүүрс нэвтэрсэн байна.
  • Зэвсэгт хүчний анги, салбаруудад хадгалж байсан түүхий нүүрсийг агаарын чанарыг сайжруулах бүсээс гаргах ажлыг зохион байгуулжээ.

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ТАЛААР ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

  • Түргэвчилсэн оношилгооны багаж, тоног төхөөрөмж, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  • Угаарын хийн хордлогын шалтгаан, эрсдэлт хүчин зүйл, урт хугацааны үр дагаврыг судлах,
  • Иргэдийн мэдлэг, дадлыг сайжруулах, мэдээлэл, сургалт, сурталчилгааны хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээлэл түгээх сувгийг нэмэгдүүлэх,
  • Угаарын хийн хордлого, химийн бодисын хордлогыг тандан, бүртгэх нэгдсэн программ хангамжтай болох чиглэлд анхаарч ажиллаж байна.
  • Шуурхай штабын удирдлага, ажилтан албан хаагч, харьяа байгууллагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.

Үүнд:

  • Нийслэл, аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд баярын өдрүүдэд хүн амын эрүүл мэндэд анхаарч ажиллах;
  • Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт хийгдээгүй аймаг, орон нутгийн эмнэлгүүдийн мэдээллийг тодорхой болгож, шуурхай шийдвэрлэх;
  • 21 Аймгийн шуурхай штабын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт хийх, шуурхай штабын удирдлагуудыг үүрэг чиглэлээр хангаж ажиллах;
  • Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн яамны ажилтан албан хаагчид орон нутгийн бүх чиглэлийн зам харгуйг цэвэрлэх, давс бодис сайтар цацаж, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

ШИНЭ МЭДЭЭ