МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БАГШИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЦАГ НЬ ИРСЭН!
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа
2024.12.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

БАГШИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЦАГ НЬ ИРСЭН!

Боловсрол бол улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын түлхүүр. Тийм ч учраас аливаа улс орны хөгжил дэвшлийг ард иргэдийнх нь боловсролын түвшин, хувь хүний хөгжил, амьдралын чанараар нь үнэлдэг.

Нэг ёсондоо, сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаардаг жамтай. Иймд, Монгол Улсын хамгийн том, хамгийн чухал бас хамгийн их засвар, шинэчлэл, зоригтой шийдэл хэрэгтэй салбар гэж тодотгож болох юм. Түүнчлэн байнгын тордож, тойглож, салхи оруулж, шинэчилж онцгойлон анхаарах ёстой ч салбар. Гэвч өнгөрсөн хугацаанд үүнийг орхигдуулсаар ирсэн нь нууц биш. Чанартай боловсрол гэдэг нь чанартай багшийн асуудал. Тиймээс багш нараа чадваржуулж, чанаржуулахын тулд нэн тэргүүнд тэдгээр хүмүүсийнхээ нийгмийн асуудалд анхаарах зайлшгүй шаардлага бий!

Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар мандаж, эрдэм боловсрол, эрүүл бие, саруул ухаантай иргэд эх орны хөгжлийг урагшлуулна 

Миний хувьд боловсролын салбарыг төлөөлж парламентын танхимд орж ирсэн. УИХ-ын гишүүн болохоосоо ч өмнө багш нарынхаа дуу хоолойг төрд хүргэх “гүүр” нь болж, төр засгийн түвшинд зохих шаардлагуудыг тавьж ирсэн. Иймд парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаанд баримтлах гол бодлого хийгээд зарчим бол эрүүл мэнд, боловсролын салбарын эмч, багш ажилчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тухай асуудалд онцгойлон анхаарч, дараах чиглэлд ажиллахаар зэхэж байна. Тухайлбал,

  • Нэгдүгээрт, Боловсролын ерөнхий хууль батлагдаад удаагүй байна. Уг хуулийн 13.3.6-д 15 жил тасралтгүй ажилласан багш ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн их дээд сургуульд эрэлттэй тэргүүлэх мэргэжлээр сургана гэж заасан байдаг. Тасралтгүй буюу эрэлттэй тэргүүлэх мэргэжлээр гэдгийг хасах буюу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг санаачилсан бөгөөд ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Бум-Очир нарын гишүүд багтсан.
  • Хоёрдугаарт, Н.Учрал гишүүний санаачилсан багшийн хөгжлийг дэмжих тухай хууль байгаа. Уг хуульд багшийн нийгмийн асуудлыг орхигдуулсан тал бий. Тиймээс багшийн нийгмийн асуудлыг тусгайлан нэмж оруулахын сацуу тодорхой хэд, хэдэн заалт нэмэх талаар хууль санаачлагчтай ярилцсан. Гэх мэтчлэн эдгээр ажлууд маань эхнээсээ хийгдээд явж байна.

Багш, ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулахын төлөө, иргэндээ ээлтэй эрх зүйн орчныг бий болгоход фокуслана!

Багш сайн байж гэмээ нь хүүхдийн хэрхэн хөгжих тухай асуудал яригдана. Өнөөдрийн нийгэмд багшийн цалин бага учраас сонгож суралцсан мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж, амьдралаа дээшлүүлэхийн тулд аргагүйн эрхэнд гадаад улсыг зорьж буйг хэн хэнгүй л мэдэж байгаа. Ажиллах хүчний хомсдолоос гарахын тулд нэн түрүүнд багш нарын нийгмийн баталгааг сайжруулах зүй ёсны шаардлага байна. Ингэж гэмээ нь салбарт тулгамдаад буй дараа дараагийн асуудлууд яригдана. Багшийн нийгмийн баталгаа хэр зэрэг сайн байна, төдий чинээгээр багшийн хомсдол үүсэхгүй. Ер нь сүүлийн жилүүдэд багшлах боловсон хүчин юуны учраас хомсдох болов! Багш гэх үнэ цэнтэй мэргэжлийг эзэмшсэн чадварлаг залуус олон мянгаараа байна. Тэгвэл нэн тэргүүнд эдгээр хүмүүсээ салбарт нь эргүүлэн татах, ёс суртахуун, сэтгэл зүрхний боловсрол өндөртэй хүүхдүүдийг ахлах сургуулиас нь эхлэн тусгайлан бэлдэх бодлого үгүйлэгдэж буй. Тухайлбал, та 10 жил тогтвортой ажилласан нөхцөлд байр орон сууцаар хангагдана, 15 жил ажиллавал төрийн өмчийн их дээд сургуульд хүүхдээ үнэ төлбөргүй сургана гэхчлэн бүгд тодорхой байвал зохино. Тодорхой байснаар тухайн хүн ирээдүйдээ итгэлтэйн дээр зорилготой, амбицтай ч байх юм.

Боловсролын салбарын хүртээмжийн тухай асуудал. Цэцэрлэг болон ЕБС нь хүүхдүүдэд хүртээмжтэй буюу хүүхдийн тоо норм, стандартад нийцсэн байх ёстой. Гэтэл өнөөдрийн нөхцөлд багш хүүхэд бүртэй тулж ажиллах боломж нь хумигдмал байна. Учир нь нэг ангийн 40-60 хүүхдэд 40 минут хичээл орж байхад тухайн хүүхдэд ямар хэмжээний мэдлэг олгох вэ! Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад 20 хүүхэдтэй ангид 2-3 багш ажилладаг. Манайх шиг нэг ангид 60 хүүхэд хашчихаад, эргээд тэр хүүхдүүдээсээ боловсрол нэхэх нь утгагүй. Яг үнэндээ багш 60 хүүхдээ ямар нэг эрсдэлд оруулчихгүйхэн шиг хараад л сууж байгаа нь нууц биш. Тиймээс боловсролын салбарын чанар, хүртээмж хоорондоо нь салшгүй холбоотой. Сүүлийн үед байшин барилга, зам, гүүрт хөрөнгө хаяж, хүн рүү чиглэсэн бодлогыг орхигдуулсан. Өмнөх парламентын үед ч энд тэндхийн эрээвэр, хураавар мега төслүүд ярж ирсэн ч иргэдийн ахуй амьдралд үр өгөөж өгсөн нь цөөн харагддаг. Бид нэг л  зүйлийг ойлгох хэрэгтэй. Эдгээр том мега төслүүдийг хүн л хийнэ. Тэгтэл хүн нь хөгжөөгүй, боловсроогүй байхад томоохон төслүүд нь яаж урагшлах вэ! Иймд боловсрол, эрүүл мэндийн салбартаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр анхаарах хандуулж реформ хийх цаг нь ирсэн.

 ТӨР ТҮВШИН, ТҮМЭН ОЛОН АМГАЛАН БАЙХ УЧИРТАЙ!

Монгол Улсын парламент төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан, ард түмнийхээ санал бодлыг сайн судалж, шинжлэх ухаанчаар асуудалд хандаж, хүн төвтэй байгаасай гэж хүсдэг. Яахав гишүүнээр ажилласан хугацаанд анзаарагдсан зүйл нь аливаа хуулийн төслийг хэлэлцэх процесс маш хурдан өрнөж байх шиг. Тиймээс энэ тал дээр засаж сайжруулах зүйлс ажиглагдсан. Мэдээж бүх зүйл төгс төгөлдөр байхгүй нь ойлгомжтой. Ер нь болохгүй асуудлуудад гишүүд дор бүрнээ хяналтаа тавиад, зарчмын байр сууриа тухай бүрт нь илэрхийлээд явах ёстой. Миний хувьд цаашид “шударга, зөв” байх ёстой гэдэг үзэл бодолдоо хатуу зогсож, улс орон, ард түмний эрх ашиг ямагт нэгдүгээрт байх зарчмаа мөрдөөд явна.

ШИНЭ МЭДЭЭ