МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын гол асуудлын шийдэл байгалийн баялгийн шударга, зөв хуваарилалт
2024.12.30
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Монгол Улсын гол асуудлын шийдэл байгалийн баялгийн шударга, зөв хуваарилалт

Миний амьдралын том боломжууд боловсролоор дамжиж ирсэн. Монгол хүүхэд бүр энэ боломжийг хүртээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж, энэ талаар тодорхой хэмжээнд дуугарч, шүгэл үлээж ирсэн. Бүрэн эрхийн хугацаандаа энэ ажлаа үргэлжлүүлэн, алдаатай бодлогыг засаж, сайжруулахын төлөө зорино. Боловсролын зээлийн сангаар дамжиж, хүүхдүүдэд боловсрол олох боломж нээгддэг. Үүнийг бүрдүүлдэг, татвар төлөгчдийн мөнгө зөв, шударга хуваарилагддаг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллана. Энэ хүрээнд БСШУС-ын Байнгын хорооны дэргэд Боловсролын зээлийн сангийн холбогдох асуудлуудыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллаж байна.

Миний хувьд АНУ-д эдийн засаг, бизнесийн чиглэлээр сурсан. Мэргэшсэн эдийн засагч, банкир хүн. Иймд Монгол Улсаа макро эдийн засаг талаас нь харж, дүгнэж, энэ чиглэлд ахиц гаргахын төлөө ажиллах төлөвлөгөө бий. Манай улс нэг талаас цомхон эдийн засагтай, нөгөө талаас байгалийн баялагт тулгуурласан эдийн засагтай. Цаашдаа ч энэ байдал зонхилно.

Үүнийг макро эдийн засгийн хувьд зөв чиглэлд нь оруулахгүй бол улс төрийн тогтворгүй байдал үргэлжилнэ. Ард түмний бухимдал дуусахгүй. Байгалийн баялгийн шударга хуваарилалтыг хийж чадахгүй. Үүнийг засах ёстой. Цаашдаа төрийн өмчит компаниудын засаглалыг хэрхэн сайжруулах талаар бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй. Үндсэн хуулийн зарчмын хүрээнд энэ салбарт төр гол тоглогч байх шаардлага байна уу, үгүй юу гэдгийг дахиж авч үзэх хэрэгтэй. Үүн дээр нээлттэй либерал бодлого баримтлах ёстой юм. Энэ нь макро эдийн засгийн хүрээнд төрийн оролцоо ямар байхыг тодорхойлно гэсэн үг.

Хувь хүний зүгээс ЁС ЗҮЙ нэн тэргүүнд тавигдах ёстой гэсэн зарчим баримталдаг. Бусдыг төлөөлж шийдвэр гаргаж буй хүнд ашиг, сонирхлын хувьд зөрчил үүсдэг. Тийм учраас ёс зүй маш чухал. Онцгойлон ард түмний мандат авч, тэдний төлөө шийдвэр гаргахаар сонгогдсон УИХ-ын гишүүдэд ёс зүйн асуудал зайлшгүй яригдах ёстой.

Ёс зүйн хэм хэмжээг өндөр түвшинд баримталж чадахгүй бол бусдаас ёс зүй асуух эрхгүй.

Үүнийг парламентын түвшинд ярьж, хэлэлцэхэд гар бие оролцоно. Түүнчлэн уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн гол тулгуур болдог. Салбарын дэд сайдаар гурван жил ажиллаж байсан хүний хувьд, тус салбарт тулгамдаж буй цөөнгүй асуудлыг мэднэ. Тухайлбал, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан томоохон хулгай энэ салбарт гардаг. Иймд уул уурхайн салбарыг нээлттэй, хариуцлагатай болгох зарчмын хүрээнд томоохон шинэчлэл дээр парламентын түвшинд ажиллана.

Авлига, хээл хахуулиар дамжиж, баялгийн дийлэнх хувь хэдхэн хүнд оногдож буй асуудал бол байгалийн баялгийн шударга бус хуваарилалтын үр дагавар. Үүнийг засаж, зөв болгохгүйгээр манай улсын асуудал шийдэгдэхгүй. Үндсэн хуулиар байгалийн баялаг бол төрийн, нийтийн өмч. Хуваарилалт хийх механизм нь “Үндэсний баялгийн сан” юм. Олон улсын жишгээр ч ийм байдаг. Байгалийн баялаг арвинтай маш олон улс орон, ард түмэндээ шударга хуваарилалтыг “Үндэсний баялгийн сан”-гаар дамжуулж, хэрэгжүүлж чадсан.

Иймд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, олон нийтэд байгалийн баялгийн зөв хуваарилалтыг хүргэхэд анхаарч ажиллана. Байгалийн баялаг бол шавхагдаж, хэзээ нэгэн цагт дуусна. Энэ баялаг өнөөдрийн бидэнд цаашлаад ирээдүйд төрөх үр, хүүхдүүдэд маань хамааралтай.

“Үндэсний баялгийн сан” бол монголчуудын баялагтаа эзэн болох цор ганц арга зам. Гэхдээ энэ нь иргэн бүрдээ мөнгө тараах тухай ойлголт огт биш.

“Үндэсний баялгийн сан”-гаараа дамжуулан, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, ая тухтай орон сууцанд амьдрах үндсэн гурван зорилтыг дэвшүүлсэн.Үүнийг уул уурхайн баялгаасаа бий болгох учиртай юм. Ингэснээр эдийн засгаа төрөлжүүлж, чадавхжуулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүд хаалга нээгдэнэ. Байгалийн баялгийн шударга, зөв хуваарилалт манай улсын гол асуудлын шийднэ.

ШИНЭ МЭДЭЭ