МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.21
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Мөнхсоёл: Тавантолгой түлш 8 төрлийн химийн бодисыг зөвшөөрөлгүй ашигласан гэх зөрчил илэрчээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 12 сарын 19-ний өдрийн хуралдаанаар Орчны бохирдлын талаар мэдээлэл сонслоо. 

Энэ үеэр агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах ажлын хэсгийг байгуулжээ. 

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Агаарын бохирдолын асуудал яалт ч үгүй чухал учраас би хэдийгээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн биш ч гэсэн ингээд оролцож байна. Уг асуудлыг иргэд, хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн юу болж байна гээд асууж байгаа юм. Тэгэхээр манай гишүүдийн асууж байгаа, харьяалагдах яамдын хүмүүсийн хариулж байгаа байдлыг харахаар цогц мэдээллийг нийгэм авч чадахгүй байна.

Энэ олон жил агаарын бохирдолыг ярьсаар ирсэн. Гэтэл ярьсаар байгаа хэр нь яагаад үр дүн гарахгүй ухарсаар байна гэх том асуудал гарч ирж байгаа юм. Яагаад энэ асуудал олны анхааралд өртдөг вэ гэвэл мэдээж хүний амь нас, эрүүл мэнд, амьдрах орчин, аюулгүй хотын асуудал хөндөгддөг. Мэдээж нөгөө талдаа шахмал түлш үйлдвэрлэж буй газар ажлын байр бий болгож байгаа гэх мэтчилэн цогц асуудал байна.

Тэгэхээр энийг иргэдэд ойлгомжтой байлгаж, ажлаа үр дүнтэй болгохын тулд үр ашгийн тооцоолол дутагдаад байгаа юм шиг. Өөрөөр хэлбэл, хяналт, дүн шинжилгээ дутаад байгаа юм шиг харагдаж байна. Иймд аливаа ажилдаа шалгуур үзүүлэлт тавиач ээ.

Цаг хугацааны хувьд эрэмбэ дараалал мөн ач холбогдол, хурдын хувьд гээд гэх мэтчилэн үр ашгийн нарийн тооцоолол дутагдаад байна гэж хувьдаа дүгнэж байна. Гишүүд маань ноцтой ноцтой мэдээлэл хэлж байна. Тухайлбал, манай ХҮН намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Золжаргал инженер хүн. Тэрбээр "Тоо худал учраас шийдэл худал гараад байна" гээд хэллээ. Өөрөөр хэлбэл, худал дээр нэмэх нь худал тэнцүү худал гэдэг шиг шийдэл нь буруу гараад байна. 

Үүнийг нотлох нэг баримт байна. Тухайлбал, "Өнөөдөр" сонин дээр нийтлэл гарсан байна. Та бүхэн харсан байх та нартай шууд холбоотой тоо баримт харагдана. Уг нийтлэлд нийслэлд "Суурин харуулууд агаарын чанарын үзүүлэлтийг ташаа мэдээллээд байна" гэжээ. Өөрөөр хэлбэл, монголын тавьсан суурин харуулуудын агаарын чанарын индекс нь 100 айлд 226-г заагаад байхад энэ Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас 100 айлд тавьсан агаарын чанарын индексийг үзүүлж байгаа энэ төхөөрөмж нь 667-г заасан юм байна. Энэ хоёрын индексийн хоорондын зөрүү гэхэд 440 нэгжээр зөрөөд байна гэх мэдээлэл нийтлэлд зураг баримттайгаа явна шүү хүмүүс ээ.

Агаарын бохирдлоос болж хүмүүсийн эрүүл мэнд, амь нас яригдаж байхад албаныхан яасан их хамгаалж байна. Яагаад сэтгүүлчид энэ сэдвийг эрэн сурвалжилж бичээд байна вэ гэхээр ер нь индексийг хэмжсэн хэмжээгүй агаар бохирдоод байна гэдгийг л хөндсөн гэсэн үг шүү. Тэрнээс тэр стандарт уу? Хэн үнэн худал нь бас нөгөө талдаа чухал биш. Би Ж.Золжаргал инженертэй бас санал нэг байна. 

Нөгөөтээгүүр тараасан танилцуулгад чинь Тавантолгой түлшний асуудалд 8 нэр төрлийн химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашиглаж байсан зөрчил илрүүлсэн ба химийн бодисуудыг Эрүүгийн хуулийн 24.3 зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул гэсэн мэдээллийг албаныхан танилцууллаа. Би дандаа тоо баримт, нотолгоон дээр тулгуурлаж иргэдийг төлөөлж яриад байна. Тэгэхээр яагаад ийм хариуцлагагүй байна вэ? Энд хариулт хэн өгөх вэ" хэмээн асуув. 

ШИНЭ МЭДЭЭ