Жолооч нар сайдаас терменалын тээвэр дээр зохион байгуулалтыг сайн хийж өгөхыг хүсэв
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2024 оны 12 сарын 16-нд албан томилолттой ажиллалаа. Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн тэргүүлэх бодлогын хүрээнд боомтын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх ажлуудыг анхаарч ажиллахаа тусгасан.
Энэ ажлын хүрээнд Зам, тээврийн сайд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайтын хилийн боомтын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ тус сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт орших “Цагаан хад” сууринд ажиллаж амьдарч буй жолооч тээвэрчидтэй уулзан тулгамдаж буй асуудлыг нь сонсон гарц шийдлийг нь ярилцах "Уулзалтын цаг"-ийг тусгайлан зохион байгуулж ажиллалаа. Гашуунсухайт боомт бол Монгол Улсын нүүрс тээврийн 70 гаруй хувийг дангаараа хариуцдаг чухал бүс нутаг. “Цагаан хад” бол тус боомтыг түшиглэсэн сууршлын бүс. Тиймээс тус сууринд 21 аймаг, 9 дүүргийн 22 мянга гаруй иргэд төвлөрөн ажиллаж амьдардаг, хөдөлгөөнт хүн ам ихтэй бүс нутаг. Үүнээс “Цагаан хад” сууринд олон улсын ачаа тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 870 гаруй аж ахуйн нэгжийн 36 мянга гаруй бүртгэлтэй тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байна.
Хэдийгээр Гашуунсухайт боомтыг түшиглэсэн “Цагаан хад” сууринд 1992 оноос хойш амьдрал буцалсан ч өнөөдрийг хүртэл тус газарт жолооч нарын ажиллах орчин нөхцөл тохь муутай, эрүүл аюулгүй байдал, хүний эрхийн асуудал, цалин хөлсний харилцан адилгүй байдал гээд олон чухал асуудал цэгцрээгүй хэвээрээ байна. Тиймээс Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү уулзалтын цагийг зохион байгуулан ажиллаж байна.
Уулзалтад нүүрс тээврийн жолооч нар болон тус сууринд ажиллаж амьдарч буй иргэдийн төлөөллөөс бүрдсэн 50 гаруй хүн хүрэлцэн ирсэн юм. Албаны хүмүүсээс Зам тээврийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, Гашуунсухайт дахь гаалийн газар, Авто тээврийн үндэсний төв, Боомтын захиргаа хариуцсан удирдлагууд ирж оролцлоо. Мөн ачаа тээврийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй томоохон компани, аж ахуй нэгжийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байв. Уулзалтын эхэнд “С” зөвшөөрлийн бичгийг олгох, нүүрс тээврийн эргэлт, хүлээгдэл чирэгдэлтэй холбогдуулан жолооч нарын санал сэтгэгдлийг сонслоо.
Нүүрс тээвэрлэлтийн жолооч нар сард 1-2 эргэлт хийж байна гэв
Сүүлийн жилүүдэд “Цагаан хад” бүсэд ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж, тээврийн хэрэгслийн тоо өссөөр байна. Тодруулбал, 2021 онд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэдэг 390 аж ахуй нэгж, 23383 тээврийн хэрэгсэл байсан бол 2024 оны хагас жилийн байдлаар 875 ААН, 36026 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл тээвэрлэгч ААН-ийн тоо 2.2 дахин, тээврийн хэрэгслийн тоо 1.5 дахин нэмэгдсэн байна.
Салбарын сайдын энэхүү уулзалт нь “С” зөвшөөрлийн бичгийг зөв, ил тод, нээлттэй олгох, боомтуудын ачаа тээвэрийн үйл ажиллагаанд хүлээгдэл чирэгдэл үүсгэхгүй байх, жигд хуваарилалттай олгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
Уулзалтад оролцож буй жолооч нар “Зам тээврийн сайд биднийг зорин ирж, уулзах ярилцах цаг гаргаж байгаа анхны тохиолдол” гэдгийг онцлоод, санал сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлэв. Жолооч нарын дийлэнх нь эндээ 10 орчим жил ажиллаж байгааг дуулгаад одоо тээвэрт явж буй жолооч нар сард ердөө 1-2 удаа бүтэн тээвэр хийж байна. Ихэнх өдрүүдэд нь цуваанд дугаарлан зогсож байна. Хилийн цаана наана урт дараалад зогсох, олон хоног хүлээх асуудал өнөөдрийг хүртэл цэгцрээгүй. Иймд терменалын тээвэр дээр зохион байгуулалтыг сайн хийж өгөхыг хүсэв.
Мөн богины эргэлттэй жолооч нар ачаа тээвэр 5 хоног алдах тохиолдол их гарч байна. Үүнээс болоод сард 1-2 рэйс хийх, цалин бага авах, ажлаа орхих, зарим нь автомашинаа зараад буцах асуудлууд үүсэж байна. Гэтэл терминалын жолооч нар өндөр цалин авдаг. Жолооч нарыг яавал жигд ажлын байртай, цалинтай байлгах вэ? гэдэг асуудлыг хөндөв. Мөн “С” зөвшөөрлийн бичгийг АТҮТ хариуцан ажиллаж болох уу? Хуваарилалтыг нь зөв зохион байгуулж, жигд олгож өгөөсэй гэсэн хүсэлтийг дайв.
Цөөнгүй жолооч нар хүний эрхийн асуудлаар санал хэллээ. “Цагаан хад”-ны амьдрал Хятадын “дүрэм”-ээр амьдардаг болсоор удаж байна. Боомт хариуцсан дарга нар нь ажлаа мэддэггүй. Жолооч нартай харилцдаггүй. Мөн энд монгол хүний эрх ноцтой хохирсоор байна.
Монгол жолооч нарыг хэн дуртай нь зодож дээрэлхэж байна. Хүний эрхийг хамгаалах байгууллагыг “Цагаан хад”-д байгуулж өгөөч. Монгол хүний амь нас улам бүр үнэгүйдэж байна. Нөхцөл байдал хүндрээд байна гэв.
Нөгөөтэйгүүр “Тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын тал хувь нь жолооч нартай хөдөлмөрийн гэрээ хийдэггүй. Ажиллаж амьдрах орчин нөхцөлд нь анхаардаггүй. Асуудлыг нь шийдвэрлэж өгдөггүй. Тухайлбал, зарим компанийн жолооч нар өдрийн 3 хоолтой тээвэрт явж байхад зарим нь хоолны мөнгөггүй, амрах байргүй, машиндаа амьдраад явж байна. Энэ асуудалд анхаарал хандуулж өгөөч? гэж байлаа. Нийгмийн хариуцлагатай компанийг бодлогоор дэмжиж ажиллана гэв
Уулзалтын төгсгөлд, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан байр сууриа илэрхийллээ. Тэрээр Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомттой танилцах мөн “Цагаан хад” суурьшлын бүсийн иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулах, тэр дундаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад олгодог “С” зөвшөөрлийн бичгийг цаашид ажлын үзүүлэлт, ажилчдын хөдөлмөрийн гэрээтэй нь уялдуулан олгох тухай санал солилцлоо.
Мөн ачаа тээвэрт явдаг бүртгэлтэй автомашин, жолооч нарынхаа тоог тус бүрт нь нарийвчлан гаргана. Тэр дундаа “Цагаан хад” бүсэд үйл ажиллагаа явуулж буй компаниудын хөдөлмөрийн гэрээ, цалин хөлсний нөхцөлд байдалд анхаарал хандуулж дахин судалгаа явуулна гэдгийг онцоллоо. Цаашид нийгмийн хариуцлагатай компанид нь давуу эрх олгож, улсыг хохироодоггүй, жолооч тээвэрчдийнхээ ажил амьдралд анхаарал хандуулдаг байгууллагыг нь бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.
Сайд Б.Дэлгэрсайхан “Миний бие энэ удаа Хятадын талаас нүүрс тээвэрчдийн маршруттай танилцаад, машинтай орж ирлээ. Жолооч нарын урт дараалал үүсгэж буй шалтгаан, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Тээвэрчдэд тулгамдаж буй асуудлыг өөрсдөөс нь сонслоо. Уулзалтаар хэлэлцсэн эдгээр асуудалд шат дараатай анхаарч ажиллана. Улсын төлөө, хүний төлөө холбогдох газруудтай хамтарч асуудлыг шийдэхын төлөө ажиллах болно гэв.