МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТАНИЛЦ: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал утаанаас салах 5 алхмыг нэрлэв
2024.12.20
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

ТАНИЛЦ: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал утаанаас салах 5 алхмыг нэрлэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /2024.12.19/-ний өдөр хуралдсан. Хуралдаанд Агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргын мэдээллийг сонссон юм. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал байр сууриа илэрхийллээ. 

ХудАЛ тоо

Агаарын бохирдлын 55% нь гэр хорооллоос, тоосонцор ПМ-ын 17% нь гэр хорооллоос гэдэг бол худал тоо. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал дээр Засгийн газраас танилцуулсан мэдээлэлд ингэж танилцуулсан. Худал тоон дээр үндэслэхээр гарах шийдвэр нь худал байж таарна. Нүүрснээс ялгарах утаа өвөл гарч ирдэг. Хэрэв 50% нь л байсан юм бол зун утаа хааччихдаг юм. Худал тооноос болоод гол асуудал нь автомашин юм шиг яриад эхэллээ. Зун машин явдаг ч утаа байдаггүй. Хортой элемент хий бол бий. Гэхдээ бидний салах гээд байгаа "утаа" бол биш!

Худал дүгнэлт хийсэн учраас цахилгаан машиныг татвараас чөлөөлөх асуудал яригдаж байна. Хятадын цахилгаан машиныг утаагаар далимдуулаад дэмжих нь Монголын бодлого биш! Дараагийн асуудал нь хий. Хий хэрэгтэй. Гэхдээ утаагаар дамжуулаад Оросын хийг дэмжих нь Монголын бодлого биш! Монголын төр юм бол монгол маягийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

Дулаан сууц 

Нүүрсэн түлш, хийн түлш, цахилгаан халаалт аль ч тохиолдолд эхлээд байшин дулаан байвал утаа бага гарна, зардал буурна. Хашаандаа дулаан байшин барихад ипотекийн зээл олгоно гэж засгийн газрын хөтөлбөрт тусгасан. Гэхдээ санхүүжилтийн эх үүсвэр тавиагүй. Төсөв дээр зөндөө хэлсэн. Одоо эх үүсвэр гэх юм байхгүй. Уриа л байна.

Хийн түлш 

Хий ашиглах юм бол Монголын хий ашиглана. Савлагаатай пропан-бутан ашиглая гэвэл түүнтэй төстэй ДМЭ гэдэг савлагаат хийг нүүрснээс гаргах техник эдийн засгийн үндэслэл аль 10-аад жилийн өмнө хийгдээд батлагдчихсан. Хэрэв байгалийн хий ашиглах бол Багануурын нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх техник эдийн засгийн үндэслэл бас хэдэн жилийн өмнө батлагдчихсан. Тэднийгээ хэрэгжүүлнэ.

Цахилгаан станц 

Жил бүр 350 тэрбум төгрөгийг шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлтэд татаас болгож ЭТТ гаргадаг. Үүгээр 100 МВт дулааны цахилгаан станц барьж болно. 5 удаа баривал 500 МВт! Гэр хорооллыг бүхлээр нь хангачихаар хэмжээний чадал юм. Хойноос урагш босоо чиглэлд тархсан гэр хорооллын 5 чиглэлд дунд хавьд нь бариад ойр орчимд дулаанд холбож, хол хэсгийг цахилгаанаар халаана.

Шахмал түлш 

Дэгдэмхий багатай нүүрсээр хийсэн түл утаа багатай ч шатахдаа хүчилтөрөгч их шаарддаг тул дутуу шатаж угаарын хий үүсгэдэг. Угаарын хийг зуух яндан сайн бол ховх сороод гадагшлуулна. Гэхдээ монголчуудын хэрэглэдэг зуух яндан ямар билээ, угаарын хий дотогш алдаж олноороо хордож байна. Түлш сайн шаталттай байхын тулд үнслэг багатай байх ёстой. Мидлинг бол үнс ихтэй. Дээрээс нь чийглэг нэмээд тооцвол тал нь шатдаггүй материал гэсэн үг. Тэгэхээр дутуу шатаж угаарын хий гарна. Хагас кокс ч бас дэгдэмхий тортог багатай ч угаартуулах эрсдэл өндөр гэсэн үг. Тиймээс Тавантолгойн баяжуулсан, үнслэг багатай эрчим хүчний нүүрсээр түлш үйлдвэрлэх хэрэгтэй. Шаталт сайн, угаарын хий бага, үнс, тортог ч бага.

Яндангүй бүс 

Гэр хорооллыг хэсэг блокооор нь “яндангүй бүс” болгон зарлаж, тэндээ татаасанд өгдөг мөнгөөрөө цахилгаан станцууд бариад, алхам алхмаар өөрчилье. Яндангүй бүсэд хоёр жилийн дараа нүүрс оруулахгүй гэж зарлах тул оронд нь хүмүүст байшингаа дулаалахад буюу дулаан байшин барихад нэн хөнгөлөлттэй зээл олгоно. Маш бага зардлаар дулаацах нөхцөл бүрдүүлнэ гэсэн үг. Дараа нь цахилгаан халаалт, хийн түлшнээс сонголтоо хийгээд явчихна. Жишээлбэл Гандангийн дэнж байна. Тэнд уламжлалт төрхтэй барилгуудтай, түүхэн бүс байгуулна гээд байгаа. Тэнд байх бүх барилгад Монголын барилгын норм дүрэмд тусгасан дулаан хамгаалалтын шаардлагад нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй байх шаардлагыг тавиад, хэрэгжүүлэх боломжоор хангана гэсэн үг.

ШИНЭ МЭДЭЭ