МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Батлут: Төр хяналтаа тавьж чадахгүй юм бол утааг бууруулна гэж мөрөөдөх хэрэггүй
2024.12.19
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

УИХ-ын гишүүн Д.Батлут: Төр хяналтаа тавьж чадахгүй юм бол утааг бууруулна гэж мөрөөдөх хэрэггүй

Утааг бууруулах чиглэлд  МУ-ын Ерөнхийлөгч үүрэг өгсөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Батлут байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ:

Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад бид 2018 он руу ухарсан мэт санагдаж байна. Зургаан жилийн өмнө 22-ын товчоо руу дөхөхөд л хоолой хорсож, нүд аргадаг, хөмөрсөн тогоо шиг хар утаа хотыг бүрхдэг байлаа. Өнөөдөр яг энэ байдалдаа буцаад ирчихлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий сайдаар ажиллах үедээ утааг бууруулах маш оновчтой бөгөөд үр дүнтэй шийдлийг нэвтрүүлсэн. Шахмал түлшийг нэвтрүүлж эхэлсэн 2019 оны үед агаарын бохирдлын хэмжээ 40-50 хувь буурч Монголчууд бидэнд анх удаа “Утаагүй болно”гэсэн итгэл үнэмшил төрж байлаа. Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн жилүүдэд зөвхөн нийслэлийн төсвөөс 2021 онд 30.9 тэрбум, 2022 онд 34.5 тэрбум, 2023 онд 39.2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Жил ирэх тусам төсөв нэмэгдсэн хэдий ч жил ирэх тусам утаа л нэмэгдлээ.

Утааг 50 хувь бууруулж чадсан У.Хүрэлсүхийн Засгийн Газрын үед ямар байв? Шахмал түлшийг боловсруулах тодорхой стандарттай, түүхий нүүрсээс бүрэн татгалзаж, үүнд төр өөрөө хяналт тавьж чаддаг байлаа. Одоо ямар болов? “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй түлш стандарт шаардлагад нийцэхгүй, чийгшил өндөр, хатаалт стандартдаа хүрэхгүй байгааг удирдлагууд нь хүлээн зөвшөөрчихлөө. Төрийн хяналт, хариуцлага дутуугийн илрэл бол энэ.  Түүхий нүүрс Улаанбаатарын бүх постуудаар чөлөөтэй нэвтэрч байна. Энэ бол бас л төрийн хяналт, хариуцлага дутуугийн илрэл. Шахмал түлш хортой, шахмал түлш угаартуулдаг зэргээр нийгмийн сүлжээнд явж буй сөрөг ойлголтууд нь иргэдийг буцаад түүхий нүүрсээ хэрэглэх, юу дуртайгаа түлэх шийдвэрт хүргэж байна. Энэ бол шахмал түлшийг хэрэглэх зарчмыг буруу мөрдөж, энэ талын мэдээллээр иргэдээ бүрэн хангаж чадаагүйн илрэл.  

Нэмээд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын байгууллагыг 2023 онд татан буулгасан. Шийдэл гаргах, хяналт тавих, сайжруулах ёстой байгууллагуудаа татан буулгачихаар хэн хяналт тавьж, хэн сайжруулах юм бэ? Энэ бол цэвэр системийн алдаа. Алдаа хаана байгааг бид мэдсээр байж засаж залруулахгүй явсаар байвал хэдэн их наяд төгрөг зүгээр л салхинд хийсэх нь. Өндөр дүнтэй төсөв тавихаасаа урьтаж, эхлээд төрийн хяналтаа сайжруулах хэрэгтэй. Энэ утаа гэнэт үүссэн зүйл биш, “Хяналт сул, Хариуцлагагүйн утаа” гэлээ. Тэрээр өөрийн санаачилсан “Эрдэнэт”ШУТП-аараа дамжуулан  малын өөх тос, хаягдал цаасыг ашиглан утаагүй, шаталт сайтай түлшийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэх туршилтыг Эрдэнэт хотдоо хийж буй юм. 

ШИНЭ МЭДЭЭ