Х.Алтанхуяг: Эрүүл мэндийн сайд хортой утааны талаар ард иргэддээ үнэн зөв мэдээлэл өг
2024.12.19
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Х.Алтанхуяг: Эрүүл мэндийн сайд хортой утааны талаар ард иргэддээ үнэн зөв мэдээлэл өг

Нийслэлийн улиг болсон утааны асуудал, иргэдийн амь, нас эрүүл мэндэд заналхийлээд хэрээс хэтэрсэн. Иргэдийнхээ зовлон, нулимсаар хөрөнгөжиж, баяжиж буй хэсэг бүлэг хүмүүсийн “шуналын донг” зогсоож, хазаарлах эрх мэдэлтэй нэгнийг хүлээсээр иргэд цөхөрлөө. Нийслэлийн утааг мэргэжлийн зарим хүмүүс иргэд хордох хэмжээнд хүрээгүй гэж тайлбар хэлдэг. Гэтэл утаа, угаараас болж иргэдийн дотор муухайрч, толгой өвдөх нь наад захын асуудал болсон. Цаашлаад манай улс агаарын бохирдлоос болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийнхээ тоог үнэн зөвөөр нь гаргаж чадахгүй удаж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүл мэндийн сайдад хандан хортой утааны талаар яаралтай мэдэгдэл хийж, ард иргэддээ үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардлаа.

  • Нэгдүгээрт, сайжруулсан түлшинд буй их хэмжээний нүүрстөрөгчөөс угаарын хий маш их гарч байгаа. Энэ үнэн эсэхэд сайдын зүгээс харилт өгөх.
  • Хоёрдугаарт, мидлинг буюу сайжруулсан түлшинд SO2 буюу хортой хүхэрлэг хийн хэмжээ их бий. Үүний хор, хохирлыг бодитоор мэдээлэх.
  • Гуравдугаарт, барьцалдуулагчид химийн ямар хор давхар шатаж гарч буйг иргэддээ хариуцлагатайгаар үнэнээр нь мэдээлэл өгөхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас шаардлаа.

Тэрээр, өнгөрсөн парламентын хугацаанд энэ асуудлаар удаа дараа байр сууриа илэрхийлдэг байсан. Тодруулбал, УИХ-ын чуулганы 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаан дээр нийслэлийн түгжрэл, утаа шийдэгдэхгүй байгаа нь бодлого байхгүйгээс болж байгаа гэдгийг тодорхой хэлж байлаа.

Тэрээр сүүлийн үед яригдаж буй Хөгжлийн банкны хэрэгт дахин хэрэг үүсгэхээр болсон мэдээлэлд дараах байр суурийг илэрхийлсэн. Би УИХ дээр ард түмний ахуй амьжиргаа, улс орны эрх ашиг тусгаар тогтнолын талаар өөрийнхөө үзэл, бодлыг чөлөөтэй хэлдэг. Энэ нь эрх баригчдад таалагддаггүй учраас надад Хөгжлийн банкны гэх хэрэгт, хэрэг үүсгэж гурван жил шалгасны эцэст хоёр шүүхээр цагаатгасан. Харин энэ удаа дахин дээрх хэрэгт холбогдолтой хэмээн үзэж, хэрэг үүсгэсэн нь намайг дуугүй байлгах зорилготой “дарамтлах” гэсэн нэг хэлбэр. Ингэж, хааж, боогоод байвал улс орны эрх ашгийн төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч яах вэ гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ