МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.19
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Д.Бум-Очир: Сурагчдын үзэж байгаа хичээлийн тоог цөөлөх бодлого яамнаас гаргах уу

УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын байнгын хорооны өчигдрийн /2024.12.18/ хуралдаанаар боловсролын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ерөнхий мэдээлэл, түүнчлэн боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Бум-Очир байр сууриа илэрхийлэн асуулт асуув. 

Тэрбээр “Нэгдүгээрт, хөтөлбөр төлөвлөгөө шинэчлэгдэж, эхний ээлжинд бага ангийн туршилтын сургалтын төлөвлөгөө явж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан нэг асуулт байна. Бага ангийн туршилтын төлөвлөгөөний загвар ирээд батлагджээ. Дунд анги болон ахлах ангийнхан хийгдээгүй байгаа гэж ойлгох уу? Бас үзэж танилцмаар санагдаж байна. Бага ангийнх дээр бол есөн хичээл байгаагаас дотор нь компьютерийн ухаан гэж байна. Ер нь бол миний асуух гээд байгаа гол зүйл бол хичээлийн тоо юм. Тэгэхээр энийг бол бид нар их олон удаа ярьсан. Бүгдээрээ мэдэж байгаа. Манайх бол хамгийн олон хичээлтэй улс орон хараахан биш гэдгийг. Гэхдээ манайх бол олон хичээл заадаг улсдаа орно. Дундажаас дээгүүр ч байж мэднэ. Тэгэхээр цаашдаа бид ер нь энэ хүүхдүүдийн үзэж байгаа хичээлийн тоог цөөлөх тийм бодлого яамнаас барих уу? Тийм боломж бий юу? 

Хоёрдугаарт, нэгэнт хөтөлбөр төлөвлөгөө ярьж байгаа учраас агуулгын давхардлыг арилгах, эсхүл агуулгыг илүү товч тодорхой болгох байдлаар зохион байгуулах боломж юу байна? Миний ойлгосноор тодорхой хэмжээгээр агуулгын давхардал байгаад байх шиг. Энэ бол мөн хөтөлбөр, төлөвлөгөө сурах бичигтэй хамаатай зүйл болж хувирах болов уу гэж бодож байна. 

Дараагийн нэг зүйл бол юу вэ гэхээр энэ хөдөө орон нутагт ялангуяа суман дээр багш нарын долоо хоногийн хичээл заах 19 цаг хүрэхгүй байгаа. Өнөөдөр МУБИС-ынхантай бид нар өглөө уулзсан. Хос мэргэжлийн код яамнаас гаргах ёстой. Жишээлбэл, хими, биологийн багшийг зэрэг бэлдэхдээ 5 эсвэл 6 жилээр сурах боломжийг бүрдүүлэх нь чухал. Тэгэхээр энэ хос мэргэжилтэй багш нар маань хөдөө орон нутагт, ялангуяа ажиллавал тэр 19 цаг нь хүргээд ажиллах боломжтой болох юм биш үү? Тэгэхээр яамнаас хос мэргэжлийн индекс гэж ойрдоо гарах уу? Энэ дээр одоо ажиллаж байгаа юу? Гэдэг ийм асуудал байна. 

Дөрөвдүгээрт, сурагчдын хичээл гурван улиралтай болгочихсон. Үүний ашиг тус харагдаж байна уу? Маш их хэл ам дагуулсан. Одоо бол багш нар гурав байх шаардлага байгаа юм уу, үгүй юм уу гэдэг ийм зүйл яриад байгаа. Үүн дээр хариулт авъя” хэмээв. 

ШИНЭ МЭДЭЭ