2024.12.18
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ж.Энхбаяр: Хүүхдүүд, ахмадууд, жирэмсэн ээжүүд яаралтай хотоос гараарай гэж уриалмаар байна

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд буй. Уг асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Бид 13 дугаар зууны үеийн сууцыг 21 дүгээр зууны хотод тааруулах гэж мухарлаад олон жил явлаа. Энэ ямар ч үр дүн гарахгүй. Нэгэнт шаталт үүсэж л байгаа бол утаа гарч л таарна. Ямар ч гоё зуух тавиад, ямар ч түлш хийгээд нэмэргүй. Улаанбаатар хот, энэ Туулын хөндийн агаарын урсгал болон сэлгэлтийн талаар мэдээлэл өгөх хүн байна уу? 

Би 10 гаруй жилийн өмнө нэг Герман хүнтэй энэ Зайсан толгой дээр гарч байсан. Тухайн үед тэр хүн “Энэ хөндийн салхи эхлээд ууландаа үүсээд уулнаасаа гол руугаа буудаг юм. Ялангуяа зайсан буюу яг салхи үүсэхэд их гол аман дээр та нар байшин барилгын ажил их хийж байгаа юм байна. Улмаар энэ хотын чинь агаар сэлгэлт байхгүй болно. Тэр агаарын урсгалыг та нар хаагаад байн” гэж хэлж байсан. Үүн дээр тооцоо хийсэн зүйл байна уу? 

Би нэг зүйлийг уриалмаар байна. Улаанбаатарын ус, хөрс, агаар бохирдсон байгаа. Тэгэхээр бага насны хүүхэдтэй айл, ахмад настнууд, жирэмсэн эхчүүдээ яаралтай хотоос гараарай гэж зөвлөмөөр байна. Энэ утаа ураг бүрэлдэхэд маш хортойгоор нөлөөлдөг. Ийм түвшинд оччихсон шүү. Эрүүл мэндээ бодоод Дархан, Эрдэнэт, аль эсвэл ах дүүс рүүгээ нүүж, урьдчилан сэргийлээрэй. Төр засгийн зүгээс хамгийн боломжит хувилбараар арга хэмжээ авах болно.  

Ирэх жилдээ нэг багтаж бид нар түлшийг нь нэг өөрчлөөд үзье. Сайн чанарын түлшээр нь хангаад үзье. Утаа нэлээн багасах байх гэхдээ шийдэж чадахгүй байх. Тэгэхээр ямар ч байсан хөгшид, багачуудаа хайрладаг хүмүүс эртхэн хотоос гаргах арга замаа бодоорой гэдгийг бас хэлмээр байгаа юм. 

Нөгөөтээгүүр энэ шилжилт хөдөлгөөнийг зогсоогооч. Хотоос нүүсэн айл өрхөд урамшуулал олгох асуудалд наад мөнгөө зарцуулаач ээ. Түүнчлэн төрийн байгууллагууд болон их дээд сургуулиудыг Улаанбаатараас гаргаач. Хотын хүн болон машин, орон сууцын ачааллыг л багасгаач. Тэгэхгүйгээр хөдөөнөөс гэр хороололд шилжин ирж байгаа өрхүүдийн гэрийг дулаалж, зуухыг солино гэдэг дэндүү хайран. Холбогдох салбарынхан харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй байна” хэмээв. 

ШИНЭ МЭДЭЭ